| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/0045/э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2017-03-14 |
| Зүйл хэсэг | 192.1., |
| Улсын яллагч | Ц.Идэрмөнх |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э-цэцэг даргалж
Нарийн бичгийн дарга Н.Хулан
Улсын яллагч Ц.Идэрмөнх
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Сарантуул
Шүүгдэгч Т.А-, Г.С- нарыг оролцуулан Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Т-ын А-, Б овгийн Г-ийн С- нарт холбогдох 201601000522 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ** аймгийн ** сумын ** баг ** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овгийн Т-ын А- /Регистрийн дугаар УП********/
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ** аймгийн ** сумын ** баг ** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Б овгийн Г-ийн С- /Регистрийн дугаар ФА***********/.
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар.
1. Шүүгдэгч Т.А- нь Г.С-тай бүлэглэн 2016 оны 06, 07 дугаар саруудад нийт 4 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
Ганцаараа 2016 оны 08 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис өвс гэх нэршилтэй 105 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2016 оны 06 дугаар сараас 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл тус сумын Баянзамын 7-34 тоот гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Г.С- нь Т.А-тай бүлэглэн 2016 оны 06, 07 дугаар саруудад нийт 4 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Т.А- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 11 дүгээр сараас хойш энэ хэрэгт холбогдоод явж байгаадаа маш их харамсаж байна. Улаанбаатар хотод тусгай тасгаар шалгагдаж байхдаа энэ ургамлын нөлөө, хор уршгийг маш сайн ойлгосон. Би Ардчилсан намаас нэр дэвшигч Д.А- гэж хүний сонгуулийн сурталчилгааны ажилд ажиллаж байхдаа найз С-тай Говил багт сонгуулийн сурталчилгааны материал тарааж яваад Говил багийн эцсийн буудлаас хойш байдаг айлуудын ойролцоох жалганд таван салаа хэлбэртэй өвс ургасан байхыг хараад зулгааж авсан.Тэр өвсөө гэрийнхээ ойролцоо эзэнгүй хашаанд хатаагаад яаж хэрэглэхээ мэдэхгүй болохоор С- бид хоёр зажилж үзсэн чинь ямар нэг өөрчлөлт гараагүй. Тэгэхээр нь өвсөө цаасанд ороогоод татаж үзсэн чинь толгой эргээд манараад, инээд хүрээд байсан. Ингээд энэ өвсийг 4 удаа явж түүсэн, нэг удаа ганцаараа түүсэн. Одоо дахин ийм хэрэг үйлдэхгүй. Надад хөнгөн ял өгнө үү, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэв.
2. Шүүгдэгч Г.С- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 06 дугаар сараас 07 сарын үед манай аав сонгуулийн ажилд хэдэн хүн хариуцаад ажиллуулж байсан. Тэр ажилд нь Т.А- бид 2 туслахаар Говил багт ширээ сандал зөөх ажилтай гээд очсон.Тэгээд ганц 2 айлаар материал тарааж, цаашаа төв замаа дагаж явж байхад гудамжинд тэр өвс байсан. Анх удаа бол яаж хэрэглэхээ мэдэхгүй, сонирхоод л авч байсан. Ийм үйлдэл хийсэндээ маш их харамсаж байна. Ард нь ийм зүйл болдог гэж сайн мэдээгүй байсан. Энэ хэрэгт орооцолдоод бүгдийг маш сайн ухаарлаа. 08 дугаар сараас хойш би хэрэглээгүй. Биеийн эсэргүүцэл болохгүй, харшиж байсан.Тиймээс би хэрэглээгүй, хаясан байсан. Одоо гэр бүл эцэг эхийгээ хэцүү байдалд оруулсан байгаа болохоор эргээд би нийгэмшиж, эцэг эхийнхээ ачийг хариулмаар байна. Энэ хэргийг нийгмээс тусгаарлахгүйгээр шийдэж өгөөч гэж хүсч байна гэв.
3. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17 талд/
4. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Т.А-, Б.Э нарыг мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20 талд/
5. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-27 талд/
6. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эд зүйл хүлээн авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 28 тал/
7. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 29-30 талд/
8. Гэрч Б.Эрдэний “ 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн найзууд болох С-, А- нарын хамт А-ынд гэрийн тавилга буулгасан. А-ын гэрийн ажлыг хийж дуусгаад бид 3 хотын төв рүү орж 2.5 литрийн 2 сав пиво аваад 9 давхар байрны 8 давхарт гарч байгаад уусан. 21 цагийн орчим Тайгер бааранд орж үйлчлүүлсэн. А- бид 2 тамхи татах гээд баарнаас гарсан. Тамхи татаж байсан чинь А- өмсөж байсан хүрэмнийхээ халааснаас цагаан өнгийн гялгар ууттай зүйл гаргаад ирсэн. Тэгснээ энэ өвс мансуурдаг өвс байгаа юм татах уу? гэсэн. Тэгэхээр нь нэг нэгийг ороож байгаад татсан. Өвсөө татаж дуусаад бааранд эргэж ороод бүжиг хийж байгаад хүнтэй маргасан. Түүнээс болоод цагдаагийн ажилтнууд ирээд А- бид хоёрыг эрүүлжүүлэх байр руу авч явсан. Эрүүлжүүлэх байранд ирээд бид нарын биеэс эд зүйлийг гаргасан чинь А-ын биеэс нөгөө өвс гараад ирсэн. Цагдаагийн газар байж байхад А- би С-тай 4 удаа, ганцаараа 1 удаа Говил руу явж түүсэн гэж ярьж байсан. Яг хаана хадгалдаг талаараа хэлээгүй. Тэр өдөр л А- мансууруулдаг өвс татаж үзэх үү гээд гаргаад ирсэн” гэсэн мэдүүлэг. / х/х-ийн 31-32 тал/
9. Гэрч Ж.Э-ын ...Би Орхон аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт хөдөлгөөнт эргүүлийн цагдаагаар ажилладаг. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дэд ахлагч Э-батын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад орой 23 цаг 15 минутын орчим цагдаагийн газрын жижүүрийн албанаас Тайгер бааранд зодуулсан хүн байна гэх дуудлага ирээд очиход Э-, А- гэх залуучууд архи уусан байдалтай байсан бөгөөд өөрсдөө дуудлага өгсөн гэх боловч бааранд үйлчлүүлж байсан хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд байсан. Эдгээр хүмүүсийг саатуулах байранд авч ирээд журмын дагуу биед нь үзлэг хийхэд А-ын биеэс цагаан өнгөтэй нунтагласан өвс мэт зүйл гарч ирсэн. Тэгэхээр нь юу болохыг асуухад мансууруулдаг өвс кани гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 тал/
10. Гэрч Б.Г-ийн...Говил багийн гэр хорооллын эцсийн буудлаас хойш байх гэр хорооллын иргэдэд яриа хийх гээд тэнд ширээ сандал машинаас буулгах, зөөх хэрэг гарсан. Тэгэхээр нь өөрийн хүү С-ыг дуудаад Говилд хүрээд ир гэсэн чинь өөрийн найз А- гэдэг залууг дагуулж ирсэн. Тэр 2 ширээ сандал буулгаж тус болж байгаад явсан. Ширээ сандал машинаас буулгаж өгсөн газар нь Говил багийн гэр хороолол дунд юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 тал/
11. Гэрч Н.Т- ... 2016 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны цагдаагийн үүрэг гүйцэтгэж байхад хөдөлгөөнт эргүүлийн цагдаа Ж.Э- бусдын амгалан тайван байдал алдагдуулсан зөрчилтэйгөөр А-, Э- гэх 2 залууг саатуулах байранд авч ирсэн. Саатуулах байрны журмын дагуу дээрх 2 иргэний биед болон өмсч яваа хувцсанд үзлэг хийхэд А-ын биеэс цагаан өнгийн ууттай нунтагласан өвс мэт зүйл гарч ирсэн. Юу болох талаар асуухад мансууруулах өвс гэж хэлсэн. Дэд ахлагч Ж.Э--Очир энэ талаар цагдаагийн газрын жижүүрт мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 тал/
12. Гэрч А.Оюунболдын... Эрүүгийн 201614000522 тоот хэрэгт яллагдагчаар татагдсан Г.С- нь Т.А-, Б.Э- нараас тусдаа сүүлд хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагад хүргэгдэж ирсэн. Г.С-ыг цагдаагийн байгууллагад хүргэгдэж ирэх үед мансууруулах бодис шалгаж тогтоодог тест дууссан байсан учир урьдчилсан байдлаар тестээр шалгаж чадаагүй юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 тал/
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчингийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 9662 дугаартай шинжээчийн
-Шинжилгээнд ирүүлсэн цайвар ногоон өнгийн ургамал мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн
- Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэсэн дүгнэлт /хх-ийн 48 тал/
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхмандахын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 9661 дугаартай шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн Б.Э-ий биеэс авсан гэх шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, Т.А-ын биеэс авсан гэх шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ тус тус сэтгэцэд нөлөөт бодис илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг гэсэн дүгнэлт /хх-ийн 50-51 тал/,
15. Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Т.А- нь Г.С-тай бүлэглэн 2016 оны 06, 07 дугаар саруудад нийт 4 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
Ганцаараа 2016 оны 08 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис өвс гэх нэршилтэй 105 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, 2016 оны 06 дугаар сараас 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянзамын 7-34 тоот гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан,
Шүүгдэгч Г.Сэрэглэнтамир нь Т.А-тай бүлэглэн 2016 оны 06, 07 дугаар саруудад нийт 4 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Э-, Ж.Э-, Б.Г-, Н.Т- нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол тэмдэглэл, хураан авсан эд зүйлд шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн дүгнэлтүүд, Т.А-, Г.С- нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.А-, Г.С- нарт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй,тэдэнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.А-, Г.С- нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэхийн зэрэгцээ тэдний хувийн байдлыг харгалзан хорих ялыг сонгон хэрэглэж, ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 104 грамм каннабис гэх ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. .
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Т-ын А-ыг /УП********/, Бага тугтан овгийн Г-ийн С-тай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, дангаараа дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий каннабис өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, шүүгдэгч Г.С-ыг Т.А-тай бүлэглэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Т.А-ыг 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.С-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан 1 жил 10 сарын, шүүгдэгч Г.С-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эрүүгийн 201614000522 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 104 грамм каннабис гэх ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.А-, Г.С- нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан 1 жил 10 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар,, шүүгдэгч Г.С-т оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ялтан Т.А-, Г.С- нарт хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А-, Г.С- нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ