Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0454

 

Н.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Н.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С

Нэхэмжлэгч: Н.Ц

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн иргэдийн Нийтийн Хурал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: С.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05, 06 дугаар тогтоолуудыг хүчингүй болгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн засаг дарга нарыг томилох тухай” захирамжийн “Уртбулаг” багийн Засаг дарга С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С, хариуцагч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээд С.Б, түүний өмгөөлөгч Э.Т.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 119/2026/0019/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 32 дугаар зүйлийн 32.3, 32.6, 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.5.2, 56.6 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Н.Ц-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаартай Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай тогтоол, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар Багийн Засаг дарга нарыг томилох тухай захирамжийн С.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Ж.С нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: "... Н.Ц-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн нийтийн хурал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг 2026 оны 05 дугаар сарын 29-ны өдөр гардаж аваад дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

НЭГ. САНАЛЫН ЗӨРҮҮНД ҮНДЭСЛЭЛГҮЙ ДҮГНЭЛТ ХИЙСЭН ТАЛААР

Орхон аймгийн, Баян-Өндөр сумын Уртбулаг багийн Засаг даргын сонгуульд Н.Ц, С.Б нар нэр дэвшиж, 323 иргэн санал өгснөөс С.Б 165 хүний санал, Н.Ц 155 хүний санал авч, 3 санал хүчингүйд тооцогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтаар өөр багийн 12 иргэн санал өгсөн болох нь нотлогддог. Нэхэмжлэгч талаас өөр багийн 12 иргэн санал өгсөн, энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн, тухайн 12 иргэн хэнд санал өгсөн нь тодорхойгүй гэж маргасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс 12 иргэн хэнд санал өгсөн нь тодорхойгүй байхад саналын тоонд ижил нөлөөлөх, саналын тооны зөрүүнд нөлөөлөхгүй... гэх ойлгомжгүй, тодорхойгүй дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Тухайн багт харьяалалгүй 12 иргэн багийн иргэдийн нийтийн хуралд оролцож санал өгсөн нь санал хураалтын үр дүнд нөлөө үзүүлэх юм. Тодруулбал Уртбулаг багт харьяалалгүй 12 иргэн багийн иргэдийн нийтийн хуралд оролцож санал өгсөн нь хоёр нэр дэвшигчийн саналын зөрүүнээс их юм.

ХОЁРДУГААРТ: БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ИРЦИЙН БҮРТГЭЛ ДЭЭР ХИЙГДСЭН ДУГААРЫГ ДУГУЙЛСАН ТЭМДЭГЛЭЛИЙН ТАЛААР ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ ДҮГНЭЛТ ХИЙГЭЭГҮЙ ТАЛААР:

Анхан шатны шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийн зүгээс багийн иргэдийн нийтийн хурлын ирцийн бүртгэл дээр хийгдсэн дугаарыг дугуйлсан тэмдэглэл нь багийн иргэдийн нийтийн Хурлын даргыг сонгох саналын хуудас авч санал өгсөн иргэдийг, түүний урд хийсэн тэмдэглэл нь багийн засаг даргыг сонгох саналд өгсөн иргэдийг тус тус тэмдэглэсэн тэмдэглэгээ юм, өөр багийн харьяалалтай иргэдийн 4 хүн нь ямар нэгэн байдлаар санал хураалтад оролцоогүй, огт тэмдэглээгүй гэж маргасан... байдаг. Нэгдүгээрт тус ирцийн бүртгэлийн тэмдэглэгээ нь зарим иргэний нэрний өмнө хийгдээгүй, эсвэл дараа нь хийгдсэн, тэмдэглэгээ хийгдээгүй орхигдсон байж болзошгүй талаар нэхэмжлэгч талаас тайлбарладаг боловч анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй гуравдагч этгээдийн тайлбарыг зөв мэтээр нэг талыг баримтлан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдийн тайлбартай холбогдуулан тус тэмдэглэгээг шууд үнэлэхэд эргэлзээтэй учир нь 288 иргэн нэрийн өмнө л тэмдэглэгээ хийгдсэн байдаг гэж маргасан гэтэл анхан шатны шүүхээс талуудын маргаагүй асуудлаар тооллогын комисс тогтоолоор 320 хүчинтэй саналын хуудас, санал өгсөн гэх тэмдэглэлээр 288 хүн хоёрын хоорондын зөрүү 32 хүний саналын хуудас зэрэг нь саналын тоонд ижил нөлөөлөх, саналын тооны зөрүүнд нөлөөлөхгүй гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Талууд 32 хүний саналын зөрүүний талаар огт маргаагүй юм. Гуравдугаарт шүүхийн дүгнээд байгаагаар саналын хуудас, саналын тоо, санал өгсөн иргэдийн тоо зөрүүтэй байхад энэ талаар огт дүгнэлт хийлгүй С.Б олонхын санал авч багийн засаг даргад уламжилсан маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн дүгнээд байгаагаар Санал өгсөн иргэдийн тоо, саналын хуудас зөрүүтэй байгаа бол энэ нь бас сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр байна. Цаашлаад хоёр нэр дэвшигч нарын саналын дүн 10 хүний саналаар зөрүүтэй байгаа энэ нөхцөлд тухайн багт харьяалалгүй 12 иргэн хуралд оролцож санал өгсөн нь санал хураалтын үр дүнд ижил нөлөөлнө, огт нөлөөлөхгүй гэж дүгнэсэн анхан шатны шатны шүүхийн шийдвэрт огт үндэслэлгүй болсон байна.

ГУРАВДУГААРТ: ТООЛЛОГЫН КОМИССЫН ТОГТООЛЫН ТАЛААР ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ ДҮГНЭЛТ ХИЙГЭЭГҮЙ ТАЛААР:

Тооллогын комиссын тогтоол албан ёсоор баталгаажиж гараагүй байхад иргэдийн нийтийн хурлын дарга тогтоол гаргасан нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх гарын үсэг зураагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            1. Нэхэмжлэгч Н.Ц Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай”, 06 дугаар “Хурлын зөвлөл байгуулах тухай” тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 06 дугаар “Хурлын зөвлөл байгуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжийн Уртбулаг багийн Засаг дарга С.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.

            2. Анхан шатны шүүх шийдвэртээ “...Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-д “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж зааснаар багийн Засаг даргад нэр дэвшигч С.Б иргэдийн олонх буюу 165 иргэний саналыг авсан болохыг тооллогын комиссын гишүүнээр ажилласан гэрч М.У-ын “...тооллогын комисс Засаг даргад санал өгсөн иргэдийн саналын хуудсыг тоолж байхад С.Б-д санал өгсөн хуудсыг засаж байсныг болиулсан ... саналын хуудсаар С.Б олонхын санал авч тооллогын комиссын тогтоол гарахад тооллогын комиссын дарга Ж.Г гэдэг хүн гарын үсэг зураагүй ...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна..., ...Тодруулбал, Уртбулаг багийн Засаг даргад нэр дэвшигч нар нь санал хураалтад оролцсон 323 иргэдийн олонх буюу 50+1 хувь санал авсан тохиолдолд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-т заасан “... Хуралд оролцсон иргэдийн ... олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэсэн шаардлагыг хангасан байна ... Урт булаг багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолыг тооллогын комиссын гишүүд бүрэн гарын үсэг зураагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй ... Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно” гэж зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 05 дугаартай ”Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг үндэслэн Баян-Өндөр сумын Засаг даргын ... Б/05 дугаар ... захирамжаар Уртбулаг багийн Засаг даргаар С.Б-ыг томилсон захиргааны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            3. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... 323 иргэн санал өгснөөс С.Б 165 хүний санал, Н.Ц 155 хүний санал авч, 3 санал хүчингүйд тооцогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтаар өөр багийн 12 иргэн санал өгсөн болох нь нотлогддог, нэхэмжлэгч талаас өөр багийн 12 иргэн санал өгсөн, энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн, тухайн 12 иргэн хэнд санал өгсөн нь тодорхойгүй гэж маргахад ... анхан шатны шүүхээс 12 иргэн хэнд санал өгсөн нь тодорхойгүй байхад ... саналын тоонд ижил нөлөөлөх, саналын тооны зөрүүнд нөлөөлөхгүй ... гэх ойлгомжгүй, тодорхойгүй дүгнэлтийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. ...тухайн багт харьяалалгүй 12 иргэн багийн иргэдийн нийтийн хуралд оролцож санал өгсөн нь санал хураалтын үр дүнд нөлөө үзүүлэх юм. ...Тодруулбал Уртбулаг багт харьяалалгүй 12 иргэн багийн иргэдийн нийтийн хуралд оролцож санал өгсөн нь хоёр нэр дэвшигчийн саналын зөрүүнээс их юм ... талууд 32 хүний саналын зөрүүний талаар огт маргаагүй ... цаашлаад хоёр нэр дэвшигч нарын саналын дүн 10 хүний саналаар зөрүүтэй байгаа энэ нөхцөлд тухайн багт харьяалалгүй 12 иргэн хуралд оролцож санал өгсөн нь санал хураалтын үр дүнд ижил нөлөөлнө, огт нөлөөлөхгүй гэж дүгнэсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр огт үндэслэлгүй болсон байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх гомдлыг гаргажээ.

            4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулгаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

            5. Монгол улсын засаг захиргаа. нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гэж зааснаар тухайн багийн иргэдийн нийтийн хуралдаанд тухайн багийн харьяалалтай иргэд оролцож, асуудал санаачлах, асуудал шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, шийдвэрийг тайлбарлан таниулах, хурлын хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох, хуралдааны дэгийг сахих зэрэг эрх, үүрэгтэй оролцохоор зохицуулжээ.

            6. Уртбулаг багийн Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох сонгууль хурлын дэгийн дагуу явагдсан байх бөгөөд хурлын тэмдэглэлээс үзэхэд тухайн үед өөр багийн иргэдтэй холбоотой асуулт хариулт, маргаан гараагүй байна. Өөрөөр хэлбэл хурлын дэгийн дагуу нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийн нэрсийн дарааллаар санал хураалт явагджээ. 

            7. Хэрэгт авагдсан баримтаар Уртбулаг багийн Засаг даргын сонгуульд өөр багийн 12 иргэн оролцож санал өгсөн болох нь улсын бүртгэлийн байгууллагын шүүхэд ирүүлсэн баримтаар нотлогддог бөгөөд хэргийн оролцогч талууд энэ талаар маргаагүй, анхан шатны шүүхээс үгүйсгээгүй байна.

            8. Гэхдээ уг санал хураалтад оролцсон өөр багийн 12 иргэн Уртбулаг багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшигч С.Бд саналаа өгсөн болохыг холбогдох баримтаар нотлоогүй, нотлох боломжгүй энэ тохиолдолд санал хураалтын үр дүнд шууд нөлөөлсөн гэж үзэх нь учир дутагдалтай.

            9. Тодруулбал тухайн өөр багийн 12 иргэн сонгуулийн санал хураалтад оролцож, саналын хуудсаар нууцаар санал өгөхдөө нэр дэвшигч нарын хэнд нь ч саналаа өгсөн байх боломжтой байхаас гадна нэр дэвшигч С.Б-той тодорхой нөхцөлөөр /саналаа худалдах г.м/ санал өгөх талаар тохиролцсон болох нь холбогдох нотлох баримтаар тогтоогдсон энэ тохиолдолд санал хураалтын үр дүнд нөлөөлсөн гэж үзэх боломжтой юм.

            10. Нөгөө талаас тухайн өөр багийн 12 иргэн Уртбулаг багийн Засаг даргын сонгуульд оролцож хэн нэг нэр дэвшигчид санал өгснийг зөвтгөх боломжгүй бөгөөд сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах эрх бүхий этгээдүүд болох иргэдийн нийтийн зөвлөл, тооллогын комиссын гишүүдийн зүгээс сонгуульд санал өгөх эрхтэй, санал өгөхөөр оролцож байгаа Уртбулаг багийн иргэдийн иргэний үнэмлэх, холбогдох баримт, Уртбулаг багийн иргэдийн хүн амын судалгаа зэрэгт үндэслэж нэрсийн жагсаалт гаргаж тухай багийн Засаг дарга болон иргэдийн Нийтийн Хурлын даргын сонгуулийг явуулаагүй буруутай гэж дүгнэхээр байна.

11. Өөрөөр хэлбэл сонгууль зохион байгуулах эрх бүхий этгээдүүд сонгууль зохион байгуулж санал хураалт явагдахаас өмнө өөр багийн гэх 12 иргэн Уртбулаг багт харьяалалтай эсэхийг нягтлан шалгасны дараа сонгуулийн санал хураалтад оролцуулах эсэхээ шийдвэрлэх боломжтой байсан гэж дүгнэхээр байна.

12.  Дээрхээс дүгнэхэд: Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2-д “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56 дугаар зүйлийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно” гэж тус тус зааснаар Уртбулаг багийн Засаг даргад нэр дэвшигч С.Б иргэдийн олонхын буюу 165 иргэний саналыг авсан үндэслэлээр түүнийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэдийн нийтийн Хурлын 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолоор багийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан болон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/05 дугаар “Багийн Засаг дарга нарыг томилох тухай” захирамжийн Уртбулаг багийн Засаг дарга С.Быг томилсон нь тухайн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн нэхэмжлэгч Н.Ц-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 119/ШШ2026/0033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.                 

 

 

 

ШҮҮГЧ                                                      А.САРАНГЭРЭЛ

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                       Л.ОДБААТАР