| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2020/02610/И |
| Дугаар | 184/ШШ2020/02994 |
| Огноо | 2020-10-01 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2020/02994
| 2020 10 01 | 184/ШШ2020/02994 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ..... дүгээр хороо, Москва гудамж, 143 дугаар байр, ...... тоот хаягт оршин суух Галаа овогт Б.....ийн Л /регистрийн дугаар:......../ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говьсүмбэр аймаг, ш..... сум, .... дүгээр баг, .... дугаар байр, .... тоот хаягт оршин суух Жагар овогт Ц.....ын Б /регистрийн дугаар:ХЗ...../ холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Ц.Б танилцаж, 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр охин Ц...г төрүүлсэн.Тэр үеэс хойш охин Л.Ц нь миний асрамжинд өсч торнисон. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй. Өөрийн охин Л.Ц-ийг Ц.Б-ийн охин мөн болохыг тогтоож өгнө үү...Охин Л.Ц эрүүл өсөн бойжиж байгаа. Одоо 2 нас 2 сартай. Би одоо хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч байна гэв.
Хариуцагч Ц.Б шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б миний бие нь Б.Лхамсүрэнтэй харьцаатай байсан...Би 3 хүүхэдтэй хүн. Цалин багатай. Би цалингаас өөр орлого байхгүй шинжилгээний дүгнэлтээр биологийн эцэг байх магадлал 99,99 хувь байна гэж гарсан байсан. Гэхдээ би шүүхээс гарсан шийдвэрийг дагана гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Лхамсүрэн нь хариуцагч Ц.Бт холбогдуулан Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: нэхэмжлэгч Б.Лхамсүрэн, хариуцагч Ц.Б нар нь 2015 онд танилцсан ба 2018 оны 08 дугаар сарын 24-нд охин Л.Цыг төрүүлсэн болох нь: ..... дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа талаарх эмчийн болон хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-3-6/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б нь охин Л.Ц...ыг өөрийн хүүхэд биш гэж маргасан ба нэхэмжлэгч Б.Лхамсүрэнгээс, шинжээч томилуулж хүүхдийн эцэг мөн эсэх талаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасанг шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШЗ2020/08939 дугаар захирамжаар хангаж, 2018 оны 08 дугаар сарын 24-нд төрсөн Л.Цын төрсөн буюу биологийн эцэг нь Ц.Б мөн эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3816 тоот дүгнэлтээр Ц.Б нь Л.Цын биологийн эцэг байх магадлал нь 99,99 хувьтай байна гэсэн ба энэ дүгнэлтэд хариуцагч маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно гэж заасан.
Иймд 2018 оны 08 дугаар сарын 24-нд төрсөн Л.Ц төрсөн буюу биологийн эцэг нь хариуцагч Ц.Б мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заасны дагуу хариуцагчаас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч эцэг Ц.Быг хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд эх Б.Лхамсүрэн нь саад болохгүй байхыг дурдав.
Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.
Хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг дараах байдлаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлэгийг гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор заасан.
Иймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б....аас нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар зүйлийн 135.2.8 д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 24-нд төрсөн Л.Ц....ын төрсөн буюу биологийн эцэг нь хариуцагч Ц.Б мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 24-нд төрсөн охин Л.Цыг /регистрийн дугаар: ..../ 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж овогт Ц.Б /регистрийн дугаар:...../ сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б....аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Л улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,030 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б....аас улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг Б.Л, эх Ц.Б нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ