| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 220/2020/0533/Э |
| Дугаар | 675 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 675
2020 5 26 2020/ДШМ/675
Ш.О, О.Г, А.А, Б.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Уянга,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1378 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ганзоригийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 37 дугаартай эсэргүүцлээр Ш.О О.Г, А.А, Б.Б нарт холбогдох 2006014220737 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Ш-ийн О, 1976 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../;
2. Б овгийн О-ын Г, 1992 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, эгчийн хамт Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар баг, Хөшөөт, Цавхангай хорооны 1 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Полирас ... дугаар байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....................../;
3. И овгийн А-ын А, 1994 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... банкинд хамгаалагч ажилтай, ам бүл 3, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, 10 дугаар баг, Ялалт гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................../;
4. Е овгийн Б-ын Б, 1986 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “...” клубт менежер ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо,... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................../;
Яллагдагч Ш.О, О.Г нар бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” бааранд иргэн Ш.Алтанзагастай маргалдан нүүрэн хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
яллагдагч А.А, Б.Б нар бүлэглэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Венус” бааранд иргэн О.Гтай маргалдаж, улмаар цохиж зодон түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ш.О, О.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, А.А, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хохирогч Ш.Алтанзагас, шүүгдэгч Б.Б нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14, 6.15 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлүүдтэй холбоотой ажиллагаанууд байгаа нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, хэргийг прокурорт буцаан нэмэлт мөрдөн шалгах зайлшгүй хийгдэх ажиллагаа гэж үзэж байна. Хохирогч Ш.Алтанзагас нь хэрэг үйлдэх явцад биедээ хүндэвтэр гэмтэл авсан нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхойлогддог. Гэтэл уг дүгнэлт үзлэг хийгдсэний дараа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хохирогч дахин мэс засал буюу хагалгаанд “ЭМЖЖ” эмнэлэгт ороод одоо хүртэл биеийн байдал нь сайжрахгүй байгаа зэрэг байдлууд байсаар байх тул шинжээчийн нэмэлт буюу комиссын дүгнэлт гараагүйг шийдвэрлүүлэх.
Яллагдагч Б.Бийг А.А гэгчтэй бүлэглэн О.Гын биед “хөнгөн гэмтэл” учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн атлаа Б.Бийн биед “хүндэвтэр” зэргийн гэмтэл учирсныг тогтоосон 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт байсаар байхад яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, зүгээр л орхигдуулсан байх юм. Дээрх байдлуудаас харахад оролцогч нарын эрхийг зөрчсөн байдал тодорхой байх тул шүүхийн хэлэлцүүлэг товлон зарлаж өгнө үү” гэжээ.
Шүүхээс өмгөөлөгч С.Чулуунбаатарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт үндэслэлтэй байна гэж үзлээ. Хавтас хэрэгт Б.Бийн биед гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, Ш.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалган тогтоож ирүүлсний дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Б.Бийн биед учирсан хүндэвтэр, Ш.Оын биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хэн, хэзээ, хаана учруулсан болохыг шалгаагүй байна. Мөн хохирогч Ш.Алтанзагасын эрүүл мэндэд учирсан гэмтэлд нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна гээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Ганзориг бичсэн эсэргүүцэлдээ: “Хавтас хэрэгт Б.Бэд учирсан гэмтэлтэй холбоотой дараах нотлох баримт авагджээ. Үүнд, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн “Б.Бийн биед 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр үзлэг хийхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд авахуулсан гэх рентген зураг болон ямар нэгэн шинжилгээ байхгүй байсан болно. Б.Бийн гэх дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн баруун гарын сарвууны рентген зураг болон сиди-г дахин уншуулсан хариунд баруун гарын чигчий хурууны шивнүүр яс хугарсан гэсэн хариу ирүүлэв. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно” гэсэн 3030 дугаартай шинжээчийн дүгнэлт,
Хохирогч Б.Бийн “...манай найз Ш.Алтанзагасыг Ш.Отай зууралдаад байж байхаар нь би очиж салгаж авсан. Ш.Алтанзагасын хамраас маш их цус гарсан байсан. Би О.Г гэх залуутай харилцан зодолдох явцад миний баруун гар хавдсан байсан бөгөөд би гараа тулсан байна гэж бодож байсан. Хэлтэс дээр ирсэн байхад 103-ын эмч нар үзээд Алтанзагасыг Гэмтэл согог судлалын төв рүү явуулсан. Гэмтэл согог судлалын төв дээр очоод Алтанзагасыг үзүүлж байхад би гараа үзүүлэхэд миний гарын яс хугарсан байсан тул гипс тавиулсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд Гэмтэл согог судлалын төвд авахуулсан зураг хэрэгтэй гэсэн бөгөөд Гэмтэл согог судлалын төвөөс очиж зургаа авахаар эргээд очиход шинжээч эмч маань ажилтай гадуур яваад байсан тул эхний дүгнэлт гаргахаас өмнө үзүүлж чадаагүй дүгнэлт гаргасан байсан. ...Миний гарыг хэн нэгэн цохиж зодоогүй бөгөөд энэ бүх асуудал болсны дараа харахад ийм болсон байсан. ...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Есөнтөмөрийн “...А миний урд яваад баар руу орсон. Бааранд ороход баарны ажилтан эрэгтэй нь О.Г гэх хүний дээр гарсан байдалтай зодолдож байсан. Би очоод салгаад, эхнэр нь болох Алтанзагас нь хамарнаас нь маш их цус гарсан байдалтай байхаар нь очиж тусалсан. Энэ үед А нь цагдаад дуудлага өгсөн бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг,
Дээрх нотлох баримтуудаар Б.Б нь бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэх явцад өөрийнх нь биед “баруун гарын чигчий хурууны шивнүүр ясны хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдээгүй байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй болно.
Хавтас хэрэгт Ш.Оын биед учирсан гэмтэлтэй холбоотой дараах нотлох баримт хэрэгт авагджээ. Үүнд:
Хохирогч О.Гын “...би тэнд байсан ажилтан эмэгтэй болох Ш.Алтанзагас нь найз Оын дээр нь гараад дарсан байхаар нь нүүрэн хэсэгт нь гараараа нэг л удаа цохисон. ...тэр хүмүүс хаалгаа цоожилсон, мөн гар утаснууд булааж авсан болохоор уур хүрсэн. Гарч гүйгээд эргээд ороод ирэхэд Оыг боосон байхаар нь уур хүрээд нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ш.Алтанзагасын “...Ш.О нь миний нүүрэн хэсэгт цохисон, би зөрүүлээд цохисон бөгөөд гэмтэл учруулаагүй байх. ...тэр хоёр залуу гарахаар явсан байсан бөгөөд Г араас нь гараад, О мөн гарах гэхээр нь би гаргалгүй буйдан дээр дараад байж байхад О.Г гаднаас эргэж орж ирээд шууд намайг цохисон” гэх мэдүүлэг,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Ш.Оын биед гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлт,
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ш.Оын гарт нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон боловч тэрээр уг гэмтлийг хохирогч Ш.Алтанзагастай маргалдан, улмаар нүүрэн хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж байхдаа авсан нь тогтоогдсон тул түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдээгүй байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй болно.
Иймд Б.Б болон Ш.О нарын биед учирсан гэмтлүүдийг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцох үндэслэлгүй байна.
Мөн хохирогч Ш.Алтанзагас нь шүүх эмнэлэгт үзүүлсний дараа буюу шинжээчийн дүгнэлт гарсны дараа хамарт учирсан гэмтлээ эмчлүүлэхээр мэс заслын эмчилгээ хийлгэсэн байдаг. Хохирогчийн мэс засал хийлгэсэн байдал нь гэмт хэргийн улмаас хамарт учирсан гэмтлээ эмчлүүлэхээр хийлгэсэн эмчилгээ бөгөөд энэхүү байдал нь түүний биед учирсан гэмтлийн талаар дахин нэмэлт шинжилгээ хийлгэх үндэслэл болохгүй билээ. Хэрэв гэмтлийн зэрэгтэй байна гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар шүүхээс шинжээч томилж болно.
Шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалттай зөрчилдөж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн” гэжээ.
Прокурор Д.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч Ш.Алтанзагасын биед хүнд гэмтэл учирсан гэж үзэх боломжгүй. Хүнд гэмтэл гэдэгт амь насанд аюултай эсэх, эрүүл мэнд сарнисан хугацаа, үлдэц хор уршиг, хөдөлмөрийн чадвар алдалт зэргийг тогтоосон дүгнэлт гарна. Одоогийн байдлаар хохирогч Ш.Алтанзагасад амь насанд аюултай байдал тогтоогдоогүй. Надаас 4 дүгээр сарын 7-ны өдөр ирж яллах дүгнэлт гардаж авахдаа хамартаа мэс засал хийлгэсэн байдалтай орж ирсэн. Эрүүл мэнд сарнисан байдал ажиглагдаагүй. Ийм учраас дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзсэн. Энэ хэрэг нь 5 хүний дунд болсон маргаан юм. 2 хүнд нь хүндэвтэр зэргийн гэмтэл, 2 хүнд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Ш.О болон Б.Б нарт гэмтлийн зэрэг тогтоогдсон хэдий ч нийгэмд аюултай хор уршиг учраагүй, гэмт хэргийн улмаас өөрсдөдөө учруулсан гэмтэл гэж тогтоогдсон учир яллагдагчаар татаагүй. Яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг бүрэн шийдэх боломжтой гэж үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллагдагч Ш.О, О.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад, яллагдагч А.А, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Яллагдагч Ш.О, О.Г, А.А, Б.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн үндэслэл нь зөв боловч агуулгын хувьд нэмэлт оруулж, прокурорын эсэргүүцлийн “Б.Б болон Ш.О нарын биед учирсан гэмтлүүдийг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцох үндэслэлгүй” гэсэн хэсгийг хүлээн авах нь зүйтэй.
Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.” гэж заасан байхад яллагдагч нарын гэмт хэрэгт хэрхэн оролцсон оролцоог нарийвчлан шалгаж тогтоогоогүй, хэн ямар үйлдэл хийсэн талаарх хэргийн үйл баримт тодорхойгүй байхад яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, яллагдагч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг нарийвчлан шалгаж, тогтоосны эцэст, тэдний үйлдэл, оролцоо бүрт хууль зүйн үндэслэлтэй, бодитой дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хамтран оролцох хэлбэрийг зөв тогтоож, яллагдагчаар татах нь зүйтэй.
Ш.О, О.Г, А.А, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн үйл баримт тодорхой бус, хэргийн зүйлчлэл тохирч байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж шүүх шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ганзоригийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 37 дугаартай эсэргүүцлийн “Б.Б болон Ш.О нарын биед учирсан гэмтлүүдийг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцох үндэслэлгүй” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1378 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ганзоригийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 37 дугаартай эсэргүүцлийн “Б.Б болон Ш.О нарын биед учирсан гэмтлүүдийг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцох үндэслэлгүй” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ