Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 110/ШШ2018/0043

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн оршин суугч Яайн Сийн нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох;

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын албан тушаалд ажиллуулахыг ажил олгогчид даалгах, 2012 оны 10 дугаар сарын 01-ээс 2018 оны 03 дугаар сарын 06-ны хүртэлх 5 жил 5 сарын цалин хөлсний нөхөн олговор 69850755 төгрөг тус газрын санхүүгээс гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.С, хариуцагч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Я.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Я.С би Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар захирамжаар тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч юм. Би аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байхад буюу 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар миний албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тогтоолыг 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гарган хяналтын прокурор баталгаажуулсан юм. Надад холбогдох хэрэг 3 жил 11 сар мөрдөн байцаалтаар шалгагдан Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 5/121 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болсон юм. Уг тогтоолын тогтоох хэсгийн 3-т яллагдагч Я.Сийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай гэжээ. Я.С би эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолтой танилцаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Төрийн албаны зөвлөлд удаа дараа гомдол гаргасан юм. Ингээд сүүлд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.2.4-т заасныг үндэслэн Я.С намайг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилоогүй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад томилохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад даалгаж өгөх, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны санхүүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор 2016 оны 07 дугаар сарын 20-оос эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ыг хүртэл цалин хөлс 4,476,612 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлд 447661 төгрөгийг нийгмийн даатгалын байгууллагад төлж өгөхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан юм. Я.С миний нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 370 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн юм. Уг 370 тоот тогтоолын үндэслэн хэсэгт ...эндээс үзвэл Я.Сийн ажиллаж байсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс өөрчлөн байгуулагдаж, эрхэлж байсан албан тушаал /ажлын байр/ нь үгүй болсон байх тул дээрх 2 байгууллагын аль нэгний даргаар Я.Сийг томилон ажиллуулах эрх зүйн боломжгүй болсон байна. Өөрөөр хэлбэл албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн тогтоолын үйлчлэл уг тогтоолын агуулгаар түр хугацаагаар боловч бодит байдал дээр 3 жил 11 сарын хугацаагаар хэрэгжсэн, Я.Сийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргээ биелүүлэх эрх сэргэсэн хэдий ч тус хэлтэс өөрчлөгдөж, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болсон, уг өөрчлөн байгуулагдсан хэлтэст үргэлжлэн ажиллах эсэхтэй холбогдох маргаан нь энэ маргаанд хамаарахгүй бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан өөр харилцаагаар зохицуулагдахаар байна гэжээ. Я.С надад Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, 24 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх, 25 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, 26 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах зэрэг үйл баримт болоогүй юм. Өөрөөр хэлбэл ажил ологчоос энэ талаар ямар нэгэн эрхийн акт буюу захирамж, тушаал одоо хүртэл гараагүй байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана, 27.2.1-т энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх, 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал ажлын байрны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна, 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан байна. Ингэхээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу Я.С намайг ажилтай болгох асуудлыг шийдвэрлэн намайг цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах, өөрөөр хэлбэл ажлын байраар хангах үүргийг ажил олгогч хүлээж байгаа юм.

 

Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нэгдэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалын хавсралтаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан байна. Уг тушаалын хавсралтаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийт орон тоог 45-аар тогтоосон,үүнд дарга, дэд дарга /нийгмийн халамжийн асуудал хариуцна/, Захиргаа хяналтын хэлтэст 10, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст 5, Нийгмийн халамжийн хэлтэст 9, сум хариуцсан мэргэжилтэн 19 гэсэн орон тоотой байна. Тус газрын дарга Б.Сы асуудлаар иргэн Я.С би Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Харин К.Самарханы ажиллаж буй тус газрын дэд даргын албан тушаал нь дээд газрын шийдвэрээр шинээр бий болсон, ТЗ-8 ангиллын орон тоо юм. Уг орон тоонд ажиллаж буй К.Самархан нь одоо хүртэл төрийн албаны мэргэшлийн сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн жинхэнэ албан хаагч биш, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, өөрөөр хэлбэл тэрээр албан тушаалд түр хугацаагаар ажиллаж байгаа юм. Харин Я.С би тус байгууллагад 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 4 жил тасралтгүй төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн захиргааны албан хаагч юм. Миний бие ТЗ-9-ээр цалин хөлс авч байсан хүн ба маргаан бүхий албан тушаал нь ТЗ-8-ийн албан тушаал байгаа.Би Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар хангагдах ёстой гэж үзэж байна. Ингэхээр Я.С миний урьд ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын орон тоо хасагдсан ч гэсэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.2.3, 27.2.4-д зааснаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын албан тушаалд үргэлжлэн ажиллах эрхтэй гэж үзэж байна.

 

Хамгийн сүүлд хэлэхэд миний бие 59 настай, ирэх жил өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа бөгөөд төрд 28 жил ажилласан хүн байгаа. Мөн миний бие Монгол улсын төлөө амьдарлаа зориулан явж байгаа хүн учраас өндөр насны тэтгэвэрт гарахдаа зохих хэмжээний тэтгэмж авах шаардлагатай байна. Хоёрдугаарт, нэгэнт намайг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй учраас цаашид энэхүү албан тушаалд 1 жил, 1 сар ч гэсэн ажиллах ёстой гэж бодож байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ Өршөөл үзүүлэх тухай хуультай холбон тайлбарлаж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт өршөөлд хамрагдсан зөндөө олон хүмүүс ажиллаж байгаа. Өршөөл үзүүлэх тухай хууль нь өөрөө иргэнд нэг удаа боломж олгож байгаа хууль юм. Төрийн хөрөнгийг завшсан байвал 2012-2016 намайг шийтгэх байсан, сүүлд би ядарсандаа Өршөөлийн тухай хуульд хамрагдсан байгаа гэдгийг хэлье. Төрийн албаны тухай хуулийн ялтай байдал нь дуусаагүй хүнд төрийн албан тушаал эрхлэхийг хориглосон зохицуулалт 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчингүй болсон юм. Харин энэхүү маргааныг шүүх Төрийн албаны тухай хуулийн дээр дурдсан заалтын дагуу шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд миний хувьд тухайн байгууллагад мэдлэг, боловсролоороо орсон хүн байгаа. Одоо толгойгоо хөл болгоод хөлөө толгой болгоод гармааргүй байна. Тухайн байгууллагад шинээр зөндөө олон хүн авсан. Хариуцагч намайг өөрт нь хандаж, өргөдөл, хүсэлт гаргаагүй гэж хэлж байна. Гэхдээ хандсан ч гэсэн хариуцагч сайн дураар намайг ажилд авахгүй нь мэдээжийн хэрэг юм. Тийм учраас би эрхээ хамгаалуулах ёстой, би тухайн байгууллагад очоод олон жил ажиллах шаардлага байхгүй, ирэх жил хуулийн дагуу тэтгэвэрт явна. Иймд өнөөдөр захиргааны хэргийн шүүх миний зөрчигдсөн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалж өгнө гэдэгт итгэж байна. Цалин хөлсний хувьд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх цалин хөлсийг гаргасан байсан. Харин үүнээс хойш өнөөдөр хүртэл би нэг ч төгрөгийн цалин хөлс аваагүй байгаа. Энэ нь надаас шалтгаалаагүй, хөдөлмөр хийх боломжийг хуулиар хязгаарласан.

 

Одоо Я.С намайг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын албан тушаалд ажиллуулахыг ажил олгогчид даалгах, 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 5 жил, 5 сард ноогдох цалин хөлсний нөхөн олговор 69850755 төгрөгийг тус газрын санхүүгээс нөхөн гаргуулах, ажилгүй 5 жил, 5 сарын хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Иймд уг нэхэмжлэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Я. С нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргаар тухайн үед ажиллаж байсан төрсөн зээ ах нь болох С. Хабылын 242 дугаар захирамжаар томилогдон ажилд орсон байдаг. Я.С нь энэ ажлыг хийж байх хугацаандаа Халамжийн хэлтэст ажиллаж байсан Х.Алтансум, багийн Засаг дарга Х.Берикбол нарын хамт хүүхдийн мөнгө ашигласан хэрэгт холбогдон гэм буруутайд тооцогдон, хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэгсэхгүй болсон. Дараа нь Асрамжийн газрын эрхлэгчээр ажиллуулсан төрсөн хүргэн нь болох О.Файзолын хамт улсын өмч хөрөнгийг ашиглаж завшсан нийт 63,370,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь шалгагдаж тогтоогдсон үед Я.С нь прокурор, цагдаад Хийсэн хэргээ хүлээж байна, учирсан хохирлыг төлж өгөх болно. Гэмшиж байгаа тул намайг өршөөлд хамруулан ялаас хэлтрүүлэн өгнө үү гэж бичиж хүсэлт гаргасан байдаг. Аймгийн прокуророос Я.Сийн үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамруулж, ялаас өршөөн хэлтрүүлсэн байна. Өршөөлийн тухай хуулийн 7 дугаар зүйл болон 10 дугаар зүйлд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа,учруулсан хохирлыг нөхөн төлөхөөр амлаж, өршөөлд хамруулахыг бичгээр хүссэн тохиолдолд өршөөлд хамруулахыг тодорхой заасан ба учруулсан хохирлыг төлөхгүй, гэм буруугаа хүлээхгүй бол шүүхээр гэм бурууг тогтоолгох тухай эрхийг нь заасан байна. Өршөөлд хамрагдан ялаас хэлтрүүлэгдсэн Я.С нь хохирсон гэж цалин нэхэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ичих нүүргүй, зальтай этгээд байх нь тодорхой бөгөөд харин ч манай байгууллага Я.Сээс хохирлоо нэхсэн нэхэмжлэлээ шүүхэд гаргачихсан байгаа. Нэхэмжлэгч нь надад ямар ч гэм буруу байхгүй, би хэлмэгдсэн тул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллах ба ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг авна гэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг хариуцагчаар тогтоолгох хүсэлттэй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ нэхэмжлэлийг нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхүүд бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүх 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 370 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байгаа. Я.Сийг дахин Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллуулах боломжгүй гэдгийг шийдвэрлэчихсэн бөгөөд үүгээр Я.С нь ажил, цалин нэхэмжлэх эрхгүй гэдэг нь нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтан нь шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авч ажиллуулсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн авах, шимтгэлийг тооцуулж төлүүлэх эрхтэй болохыг хуульчилж өгсөн байдаг. Я.С нь шүүхийн шийдвэрээр өмнө нь эрхэлж байсан ажилдаа эргэн ороогүй болохоор цалин хөлс нөхөн төлүүлэх эрхгүй болсон байгаа. Я.Сийг ажиллуулах түүний мэргэжилд тохирох ажил байхгүй, орон тоо бүтэц үгүй байна.

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан ба дэд даргын орон тоо нь урьд огт байгаагүй шинээр батлагдсан орон тоо тул төрийн албаны холбогдох хуулийн дагуу К.Самарханыг авч ажиллуулсан болно. К.Самархан нь дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, төрийн албанд 8 жил ажилласан, төрийн албаны шалгалтыг 2012 оны 06 дугаар сард өгч, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тангараг өргөсөн мэргэшсэн төрийн албан хаагч юм. Гэхдээ К.Самархан нь төрийн албанд ажиллаж байгаад өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажлаасаа халагдсан учраас Төрийн албаны салбар зөвлөлд хандсан ба энэ асуудал шийдвэрлэгдээгүй явж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хүн 2012 онд төрийн албаны шалгалт өгч, тангараг өргөсөн, нэхэмжлэгч Я.Стэй адилхан хүн байгаа гэдгийг хэлье. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан хоёр хэлтсийг нэгтгэж, газар байгуулахдаа тухайн хэлтсүүдэд ажиллаж байсан зарим орон тоо хасагдсан, зарим нь шинээр нэмэгдсэн ба шинээр нэмэгдсэн орон тооны нэг нь дэд даргын орон тоо байгаа. Төрийн албаны салбар зөвлөл 2017 оны 11 дүгээр сард манай аймагт байгуулагдсан учраас өчигдрийн байдлаар хоёр дахь удаагийн шалгалтыг зохион байгуулж байгаа. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт зааснаар тухайн орон тоонд ажиллах ёстой гэж маргаж байна. Нэхэмжлэгч Я.С нь 2008-2012 он хүртэл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан ба 2012 онд тухайн хоёр хэлтсийг Засгийн газрын 32 дугаартай тогтоолоор тусгаарласан байдаг. Харин нэхэмжлэгч тухайн үед хоёр хэлтсийн аль нэгэнд томилогдоогүй, дараа нь уг хоёр хэлтсийг нэгтгэж газар байгуулахад нэхэмжлэгч мөн адилхан ажиллаж байгаагүй тул түүнийг маргаан бүхий орон тоонд томилох боломжгүй юм. Нэхэмжлэгч урьд нь хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед мэргэжилтэн зэрэг гүйцэтгэх албан тушаал эрхэлж байсан бол энэ хүний асуудлыг би хариуцах ёстой байсан байх. Гэхдээ нэхэмжлэгч хэлтсийн даргаар ажиллаж байсан тул би үүнийг хариуцаж цалин хөлс олгох субъект биш байна. Харин нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан дээр 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 4,176,612 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас өөрөө татгалзсан байгаа. Өөрөөр хэлбэл тухайн цалин хөлсний мөнгө надад олгогдохгүй юм байна гэдгийг нэхэмжлэгч өөрөө ойлгож татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн цалин хөлсийг шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан би биш, дээд шатны байгууллага юм. Мөн нэхэмжлэгчийг К.Самарханы оронд авч ажиллуулах боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь үгүй болсон болохыг шүүх тогтоосон байгаа. Хэрэв нэхэмжлэгч өршөөлд хамрагдаагүй байвал шүүхэд ирэх нь тодорхой асуудал байгаа юм. Тийм учраас нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байр үгүй болсон, 2012 оноос хойш өнөөдөр хүртэл 6 жилийн турш Хөдөлмөр, халамжийн газар, хэлтсийн ямар нэгэн орон тоонд ажиллаж байгаагүй тул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын орон тоонд авч ажиллуулах боломжгүй, түүнийг томилох хууль, эрх зүйн үндэслэл ч байхгүй, мөн цалин хөлс нөхөж олгох боломжгүй гэдгийг хэлье. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5/21 тоот тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улмаар анхны ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдсан нь энэ албан тушаал хаших ёс зүйгүй болно.

 

Иймд Я.Сийн гаргасан нэхэмжлэлийг хангах боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Сийг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 242 дугаар захирамжаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилсон, үүний дараа түүнийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа нийгмийн халамжийн сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг /хэргийн дугаар 201204000315/ үүсгэн шалгаж, уг хэрэгтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчаас 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол гаргасныг үндэслэн аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаар захирамжаар Я.Сийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн байна. Улмаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5/29 дүгээр тогтоолоор Я.Сийн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дах хэсэгт заасан үйлдэл, холбогдлыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5/121 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Я.Сэд холбогдох 201204000315 дугаартай эрүүгийн хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, уг тогтоолын 3 дах заалтаар Я.Сийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн мөрдөн байцаагчийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгожээ.

 

Үүний дараа нэхэмжлэгч Я.С нь уг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тогтоол хүчингүй болсон гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,уг албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс 4476612 төгрөг гаргуулах , нийгмийн даатгалын шимтгэлд 447661 төгрөг төлөхийн даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх ба 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаар үлдсэн шаардлагыг нь тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 293 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Мөн нэхэмжлэгч Я.С нь дээрх аймгийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 458 дугаар Албан тушаалыг биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулахаар тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 49 дүгээр шийдвэрээр уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба эдгээр үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдож байна.

 

Я.Сийн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн тогтоол, аймгийн Засаг даргын 458 дугаар захирамж үйлчилж байх хугацаанд Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс гэж өөрчилж, 2012 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хэлтсийг байгуулж, улмаар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор дээрх 2 хэлтсийн чиг үүрэг, үйлчилгээг нэгтгэх замаар тус аймгийн Засаг даргын дэргэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар гэсэн хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаал нь үгүй болж тус хэлтэс нь дээрх байдлаар өөрчлөн зохион байгуулагдаж, энэхүү өөрчлөн байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалд[2] зааснаар тус газарт дарга 1, дэд дарга 1, хэлтсийн дарга 3, мэргэжилтнүүд 21, сум хариуцсан мэргэжилтэн 19, нийт 45 орон тоотой байхаар баталжээ.

 

Нэхэмжлэгч Я.С нь энэхүү аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн тогтоол 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүчингүй болсноор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргээ биелүүлэх эрх сэргэсэн хэдий ч тус хэлтэс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөн байгуулагдсанаар өмнө нь эрхэлж байсан хэлтсийн даргын ажлын байр үгүй болсон ба Төрийн албаны тухай хуулийн 23,24,25,26 дугаар зүйлд зааснаар намайг төрийн албанаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй тул мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4-т зааснаар дэд даргын орон тоонд үргэлжлэн ажиллах эрхтэй, ажил олгогч ажлын байраар хангах үүрэгтэй гэж тодорхойлсон байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг хуульчилсан ба 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах-аар, 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр, ажил, албан тушаал шилжих,... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгох-оор тус тус зохицуулсан.

 

Эдгээрээс үзэхэд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн тохиолдолд үргэлжлүүлэн ажиллуулах, сонгон шалгаруулж томилох, өөр ажил, албан тушаалд шилжих зэрэг нэмэгдэл баталгааг бүтцийн өөрчлөлтөд орохоос өмнөх байгууллагад ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчид эдлүүлэхээр зохицуулсан, ингэхдээ орон тоо цөөрсөн тохиолдолд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг сонгон шалгаруулж авахаар, орон тоо хасагдсан тохиолдолд мэргэжил, мэргэшлийн дагуу шилжүүлэхээр заасан байна.

 

Гэтэл нэхэмжлэгч Я.Сийн аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн захиргааны актын үйлчлэл 2016 оны 12 дугаар сарын 15-ыг хүртэл үргэлжлэн хэрэгжсэн байх ба энэ хугацаанд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байр үгүй болсон, мөн Я.С нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөн зохион байгуулагдахаас өмнөх 2012 оны 09 дүгээр сарын 15-аас 2016 оны 08 дугаар сарын 03-ыг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байгаагүйгээс гадна маргаан бүхий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын ажлын байрны тодорхойлолтод заасан нийгмийн ажилтан, эдийн засагч, нягтлан бодогч гэсэн мэргэжлийн шаардлагыг нэхэмжлэгч хангахгүй байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[3] тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3,27.2.4-т зааснаар нэхэмжлэгчийг тухайн орон тоонд томилохыг даалгах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Үүнээс гадна энэхүү дэд даргын орон тоо нь Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын Нэг-ийн 2т Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн захиргааны болон төрийн тусгай албаны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, түүнээс дээших бусад албан тушаал хамаарна гэж зааснаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд хамаарах, мөн өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан 2 хэлтсийн бүтцэд байгаагүй[4], шинээр бий болсон сул орон тоо юм .

 

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйл болон дээрх журмаар зохицуулсан ба хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д ...сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллага ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн,мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө гэж заасан.

 

Ийнхүү нөхөхдөө Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын Гурав-ын 14-ийн а/-д зааснаар томилох эрх бүхий этгээд нь ...тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас ...2-оос доошгүй хүнийг шалгаруулж,Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөх-өөр, ингэж нөхөх боломжгүй тохиолдолд 14-ийн б/-д зааснаар...Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавих шаардлагыг харгалзан 2-оос доошгүй иргэнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн уг орон тоог нөхөх-өөр, дээрх байдлаар нөхөх боломжгүй тохиолдолд 14-ийн в/-д зааснаар ...уг ажлын байранд ажиллах удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд ирүүлэх-ээр тус тус зохицуулсан.

 

Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаал болох аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын сул орон тоог томилох эрх бүхий этгээд нь хуульд заасан журмын дагуу шалгаруулалтаар дээрх дарааллаар нөхөхөөр зохицуулсан тул нэхэмжлэгч Я.Сийг тухайн орон тоонд шууд томилохыг даалгах үндэслэлгүй, энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх үндсэн зарчим, 4.2.4-т заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчим болон 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалттай нийцэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгах, мөн хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн тус газрын дэд даргын албан тушаалд ажиллуулахыг ажил олгогчид даалгах, 2012 оны 10 дугаар сарын 01-ээс 2018 оны 03 дугаар сарын 06-ны хүртэлх 5 жил 5 сарын цалин хөлсний нөхөн олговор 69850755 төгрөг тус газрын санхүүгээс гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэхийг ажил олгогчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэд даргын албан тушаалд ажиллуулахыг ажил олгогчид даалгах, 2012 оны 10 дугаар сарын 01-ээс 2018 оны 03 дугаар сарын 06-ны хүртэлх 5 жил 5 сарын цалин хөлсний нөхөн олговор 69850755 төгрөг тус газрын санхүүгээс гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг шилжүүлэхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 6, 16-17, 27-30, 146, 183, 184, 187, 191-194, 202-209, 210-212-р хуудас

 

 

 

[2] Хэргийн 178-179-р хуудас

 

[3]Хэргийн 249-253 /1-р хавтас/, 15-р хуудас /2-р хавтас/

 

[4]Хэргийн 172-173, 174-176-р хуудас