| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 114/2025/0052/З |
| Дугаар | 221/МА2026/0493 |
| Огноо | 2026-07-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2026/0493
Д.Оийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х
Нэхэмжлэгч: Д.О
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/16 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Г.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 114/2025/0052/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2026/16 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 56 дугаар зүйлийн 56.1, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Авто замын тухай хуулийн 28.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газраас 68.2 м.кв газар нь Дархан сумын 14 дүгээр багийн 2 дугаар хорооллын Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто замын хойд талын явган замын хөвөөтэй давхацсан болохыг тогтоож, мөн багийн 3 дугаар хороолол, Ардын хувьсгалын өргөн чөлөө 2 дугаар гудамж 202 тоотод байрлах 4505701344 нэгж талбарын дугаар бүхий 2200 м.кв газраас давхцалтай 68.2 м.кв хэмжээтэй газрыг нөхөн олгож шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
2.1. “...Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т “Д.Оээс тус эзэмшлийн газар дээрээ архитектур төлөвлөлтийн даалгаврынхаа дагуу барьж байгуулахаар төлөвлөж буй барилгаа барих гэтэл барилгын барилгажих талбайн хэмжээ нь 68.2 м.кв-аар багасаж, энэ талбайн хэмжээгээр 3 дугаар хорооллын шинэ авто замын явган хүний замын хэсэг газартай давхацсан байна” гэжээ.
Нэхэмжлэгч Д.От гаргаж өгсөн аймгийн Ерөнхий архитекторын 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Архитектор төлөвлөлтийн даалгавраар түүний эзэмшлийн нийтийн орон сууцны зориулалттай 2200 м.кв газрын 1800 м.кв талбай нь барилгажих талбай байхаар баталж өгсөн.
Мөн Монгол Улсын зөвлөх архитектор шинжээч Д.Ц-гийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "Шинжээчийн дүгнэлт"-д "Д.О-ийн газар дээр огт барилга барьж болохгүй гэсэн үг биш юм. Маргаан бүхий газрын зүүн талд баригдсан өрхийн эмнэлгийн барилга нь мөн адил урд талынхаа автозамын дагуух явган замаас дөнгөж 3.8 м-ийн зайд байгаа нь мөн автозамын улаан шугам зөрчиж баригдсан байна. Ийнхүү уг гудамжны улаан шугамыг хатуу баримтлах асуудалд аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын алба төдийлөн ач холбогдол өгөөгүй, гудамжны улаан шугам нэгэнт алдагдсан тул Д.Оийн газар дээр уг өрхийн эмнэлэгтэй нэг шугамд зэрэгцүүлэн орон сууц, үйлчилгээний барилга барихад татгалзах үндэслэлгүй юм" гэсэн.
Хэргийн материалын 77 дугаар хуудсанд байгаа зургаас харахад давхцал бүхий 68.2 м.кв газар болох авто замын хөвөөний шороо нь уртаашаа байрлалтайгаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газар руу орсон байх бөгөөд хамгийн бага хэсэгтээ 1 см, хамгийн өргөн хэсэгтээ 50 см газар орсон байгаа. Энэ нь 1800 м.кв барилгажих талбайд ямар нэг байдлаар саад болохгүй бөгөөд талууд харилцан тохиролцож барилгын ажлыг эхлүүлж, үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах" нь газар эзэмшигчийн эрх болохыг заасан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг гэрээнд заасны дагуу газар эзэмшигчийг газраа эзэмшиж, ашиглахыг дэмжиж байгаа бөгөөд үүссэн нөхцөл байдал нь газраа зориулалтын дагуу ашиглахад саад учруулахгүй гэж үзэж байна.
2. Аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01-А/29 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Автозамын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 49 дүгээр тушаалаар батлагдсан "Авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх ашиглалтад авах журам"-ын 4.1-д заасныг тус тус үндэслэн Аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжих "Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах ажлыг зохион байгуулах аж ахуйн нэгж, байгууллага болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилогдсон, 2020 онд батлагдсан Дархан хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тус хорооллын зам тусгагдсаны дагуу Аймгийн төвийн доторх хатуу хучилттай авто зам ажлын багц-1 төсөл хэрэгжиж улмаар 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар уг 2, 3 дугаар хорооллын авто замын ажил хийгдэж бүрэн дуусаж 2025 оны 12 сард ашиглалтад оруулж, геодезийн гүйцэтгэлийн зураг төслийг "Гео од” ХХК гүйцэтгэж 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 51 дүгээр геодезийн ажлыг хүлээлцэх актыг үйлдэж баталгаажуулсан. Энэхүү зам нь Улаанбаатар хот ру гардаг замын эрчмийг бууруулах зорилгоор нийтийн эрх ашгийг хангах үүднээс хийгдсэн бүтээн байгуулалтын томоохон ажил юм. Нийтийн эрх ашиг гэдэг нь тодорхой нэг хүний бус, харин нийгэм, улс орон, иргэдийн нийтлэг сайн сайхан байдал, аюулгүй байдал, хэв журам, тогтвортой хөгжлийг хангах ашиг сонирхлыг хэлдэг. Нэхэмжлэгчийн хувьд түүний эзэмшлийн нийт 2200 м.кв талбайн барилгажих 1800 м.кв талбайд нөлөө үзүүлээгүй, түүний эрх ашиг сонирхлыг ноцтой хөндөөгүй энэ үед нийтийн эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрийг хүндэтгэх харилцан тохиролцох боломжтой юм. Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 114/ШШ2026/0016 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд “Эзэмшлийн газар дээгүүр авто зам барилга байгууламж барьсан захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасны дагуу тогтоолгож, нөхөн газар олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
3. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01-А/133 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 3-р хорооллын нутаг дэвсгэрт иргэн Ж.М-гээс иргэн Д.О-т нэгж талбарын 4505701344 дугаар бүхий нийтийн орон сууцны зориулалттай 2200 мкв газрыг 15 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлжээ. 2020 оны байдлаар тухайн газрын хаяг Дархан сумын 14 дүгээр баг 3 дугаар хороолол Ардын хувьсгалын өргөн чөлөө 2-202 болсон бөгөөд 2025 онд 2200 мкв газрынхаа зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт гаргаж үйлчилгээтэй орон сууцны зориулалт болгон өөрчилжээ.
4. Анхан шатны шүүх шийдвэртээ “...Улмаар Д.О-ээс эзэмшлийн газар дээрээ архитектур төлөвлөлтийн даалгаврынхаа дагуу барьж байгуулахаар төлөвлөж буй барилгаа барих гэтэл барилгын барилгажих талбайн хэмжээ нь 68.2 м.кв-аар багасаж, энэ талбайн хэмжээгээр 3 дугаар хорооллын шинэ авто замын явган хүний замын хэсэг газартай давхацсан байна ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар шинжээч томилогдсон ба нэхэмжлэгчийн кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа эзэмшил газрын зургийг Google Earth зурагтай давхцуулсан байдал болон Монгол улсын зөвлөх архитектор Д.Ц-гийн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд ... Д.О-ийн эзэмших эрх бүхий газар нь тус багийн 2 дугаар хорооллын хатуу хучилттай авто замтай 68.2 мкв хэмжээгээр давхцалтай байгаа тогтоогдож байх бөгөөд ... энэ давхцалын талаар талууд маргаагүй ... сүүлд авто зам баригдсанаар зам дагуух явган замын хөвөөтэй Д.О-ийн эзэмшлийн 68.2 мкв газар давхацсан байх тул захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдлоо...” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, үндэслэлтэй байна.
5. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” эрхтэй, мөн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, 42.2-т Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргана”, 42.3-т “Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна” гэж хуульд зохицуулжээ.
6. Дээрх хуулийн зохицуулалтаар 2018 онд газар эзэмших эрх нь нэгэнтээ үүссэн нэхэмжлэгч Д.Оийн эзэмшлийн газрын 68.2 мкв газар дээгүүр улсын чанартай авто зам барих тохиолдолд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг дарга газар эзэмшигч Д.О-тэй гэрээ байгуулан түүний эзэмшлийн газартай давхцуулан авто зам барьсан 68.2 мкв газрын хэмжээгээр нөхөн олговор олгох, эсхүл уг хэмжээгээр газрыг солих байтал хариуцагч захиргааны байгууллагаас хуульд зааснаар газар эзэмшигч Д.О-тэй гэрээ байгуулах, нөхөн олговор олгох, газрыг солих зэрэг хуульд заасан ажиллагааг огт хийлгүйгээр түүний эзэмшлийн газартай давхцуулан улсын чанартай авто зам барьсан нь түүний эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.
7. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн зүгээс 2024 онд авто замын зураг батлагдсанаас хойш хариуцагч талтай газрын давхцалын талаар үүсэн нөхцөл байдлыг зохицуулах талаар албан бичгээр болон биечлэн удаа дараа уулзаж байсан бөгөөд “...үндсэндээ 6 метр газар хойшоогоо сунгахад л барилгажих талбайдаа багтахаар байгаа юм ... би огт хууль бус зүйлийг төрийн байгууллагаас хүсээгүй ...зөвхөн өөрийн хууль ёсны дагуу хүчин төгөлдөр эзэмшиж байгаа газраа зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаж өгөхийг л хүсээд байгаа юм” гэх агуулгаар харилцан тохиролцохыг хүссэн байхад хариуцагчийн зүгээс уг хүсэлтийг үл тоомсорлож, дураараа аашлан, нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцуулан авто зам барьж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчжээ.
8. Зүй нь дээрх нөхцөлд хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар нэхэмжлэгчид барилгажих талбайг хангалттай олгох үүднээс эзэмшлийн газраас нь хойшоо 6 метр сунгах боломжтой эсэх, хэрвээ боломжтой гэж үзвэл авто замтай давхцал бүхий 68.2 мкв газрыг нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын хойно сольж өгөх байдлаар нэхэмжлэгчийг хохиролгүй болгох боломжтой байсан.
9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг хохироохгүйгээр холбогдох хуульд заасны дагуу хуульд заасан арга хэрэгслээр нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхцуулан улсын чанартай авто зам барьсан газрын давхцалын асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан бөгөөд хариуцагч, түүний төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгчийн газрыг зориулалтын дагуу ашиглуулах хүсэл зориггүй, хууль зөрчсөн үйлдлээ үгүйсгэсэн тайлбаруудыг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж байсан гэж дүгнэхээр байна.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолдоо: “... шинжээчийн дүгнэлтэд Д.О-ийн газар дээр огт барилга барьж болохгүй гэсэн үг биш юм, ...давхцал бүхий 68.2 мкв газар болох авто замын хөвөөний шороо нь уртаашаа байрлалтайгаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газар руу орсон байх бөгөөд хамгийн бага хэсэгтээ 1 см хамгийн өргөн хэсэгтээ 50 см газар орсон байна, ...энэ нь 1800 мкв барилгажих талбайд ямар нэг байдлаар саад болохгүй, ...нийтийн эрх ашиг гэдэг нь тодорхой нэг хүний бус, харин нийгэм, улс орон, иргэдийн нийтлэг сайн сайхан байдал, аюулгүй байдал, хэв журам, тогтвортой хөгжлийг хангах ашиг сонирхлыг хэлдэг ... харилцан тохиролцох боломжтой юм” гэх давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах агуулга, хууль зүйн үндэслэлийн талаар тусгаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 114/ШШ2026/0016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР