Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Ш.Насанжаргал,

Хохирогч Кэйл Патрик /Keil Patrick/-ийн өмгөөлөгч Г.Төгсбаяр /ҮД: 1985/

Шүүгдэгч Ц.Даваажамц, түүний өмгөөлөгч Ш.Болдбаатар /ҮД: 1499/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их-Тугчин овгийн Цэрэнбатын Даваажамцад холбогдох эрүүгийн 201625022887 дугаар хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ-ын 5 дугаар гудамжны 29 тоотод оршин суудаг, урьд нь ял шййтгэгдэж байгаагүй, Ихтугчин овогт Цэрэнбатын Даваажамц /РД: ОЕ92042210/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Даваажамц нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, "Ардчиллын ордон"-ы баруун талд Герман улсын иргэн Кэйл Патрикийг явж байхад нь амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан "Нэксус 6Пи" маркийн гар утсыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Даваажамц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 11 дүгээр сарын 28-ны орой ажлаа тараад ангийнхаа хоёр хүүхэдтэй 11 дүгээр хороололд уулзсан. Би тэр хоёрыг автобусанд суулгаж өгөөд Төв номын сан руу алхсан. Явах замдаа Герман улсын иргэнтэй тааралдсан. Би бага зэрэг уусан байсан тул түүнийг мөрлөөд өнгөрсөн. Тэгэхэд хохирогч над руу муухай харсан. Дараа нь хохирогчтой ноцолдож байхад түүний гар утас газар унасан. Би хохирогчийг яаж цохисон гэдгээ санахгүй байна. Ноцолдож байхад гэмтэл авсан байх. Дараа нь би хохирогчийн газар унасан гар утсыг аваад явсан гэв.

 

Шүүгдэгч Ц.Даваажамц нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр "Наран туул" зах очиж өмнө барааг нь зөөж өгч байгаад танилцсан гутал зардаг Эрдэнэбаатар ахын ачааг агуулахаас гаргаж байрлуулж өгөөд өдөржин Эрдэнэбаатар ахын хамт гутал зарж 19 цагийн үед захаас гарсан. Захаас гараад 11 дүгээр хорооллын автобусны буудлын орчим ангийнхаа Ганзориг, Ёншохой нартай тааралдаж 11 дүгээр хорооллын нэрийг нь мэдэхгүй пабад сууж ганц пиво ууж байгаад 22 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэгээд бид нөгөө хоёрыг 100 айлын автобусны буудал дээрээс унаанд суулгаж өгчихөөд өөрөө Төв номын сан руу алхсан. Төв шуудангийн замын урд талд явж байхад  гадаад эрэгтэй хүнийг санаандгүй мөрлөчихсөн чинь надруу муухай харахаар нь би буцаж очоод “чи надруу яагаад муухай хараад байгаа юм бэ?" гэж гар руу нь цохисон. Тэгээд энгэрээс нь зуураад авсан чинь хүзүүний ороолт нь гарт орооцолдчихоор нь гараа авах гээд зууралдсан чинь нөгөө гадаад хүний гар утас нь машины зам руу үсрээд явчихаар нь авч халаасандаа хийгээд сандрахдаа Төв номын сан руу гүйсэн. Тэгээд би буцаж номын сангийн өмнөөс жижиг тэргэнд сууж гэртээ харьсан. Би гар утсыг нь гэртээ нилээн хэд хоног байлгаж байгаад өөрийн төрсөн ах Даваадоржид "ийм утас олсон юмаа" "та кодыг нь гаргаад өгөөч гэсэн чинь "манай ах Даваадорж "би хүний утасны кодыг гаргаж өгөхгүй, хүнд нь аваачиж өг" гээд байсан. Уг утас нь өнөөдрийг хүртэл гэрт байсан. Би хоолойнд нь ямар нэг хурц үзүүртэй зүйл тулгаагүй. Би нүүр ам руу нь цохиогүй, бид хоёр  зууралдаж байхдаа цасан дээр хальтирч газар унасан...” гэсэн мэдүүлэг. /хх 30-32 дугаар хуудас/,

 

Хохирогч Кэйл Патрик /Keil Patrick/ нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 22 цаг 55 минутын орчим 1 дүгээр сургуулийн урдуур яваад Ардчилалын ордны баруун талын явган хүний замаар ганцаараа харих гээд явж байхад миний урдаас нэг хүн алхаад ирж байсан. Би зам тавьж өгөөд явган хүний замынхаа баруун тал руу шахаад явахад тэр хүн над руу шахаад өөдөөс ирэнгүүтээ зүүн мөрийг мөрлөсөн. Би ямар нэг асуудал үүсгэхгүй гэж бодоод чигээрээ алхаад явсан. Тэгсэн чинь тэр залуу миний ардаас ирээд ширүүн яриад юм шаардаад байхаар нь би монгол хэлээр "яасан бэ" гэж хэлчихээд эргээд явах гэтэл миний араас хүзүүний ороолт татаад хоолой боохоор нь би тавиулах гэж их хичээсэн, мөн гайхсан. Тэр залуу миний ороолтноос барьчихаад хоёр тийшээ намайг савчуулаад байсан, зам хальтиргаатай байсан, би төв шуудангийн тийшээ явбал хүн ихтэй учраас туслалцаа хүсэх гэж төв шуудангийн тийшээ явах гэж хичээсэн. Намайг ерөөсөө тавихгүй ороолтноос зуурчихаад байсан, би өмнөөс нь ноцолдож төв шуудан руу татаад байсан чинь нөгөө хүн илт догшин болж байгаа нь мэдэгдэж намайг "ална шүү" гэж орилж эхэлсэн. Тэгээд би миний амь насанд аюултай байдал болж байгаа учраас амь насныхаа эсрэг ямар нэг үйлдэл хийх ёстой юм байна гэж бодоод тэр залуугийн нүүр рүү нь цохьсон байж магадгүй. Сайн санахгүй байна, тэр хүнээс хурдан холдож амиа аврах бодолтой байсан. Энэ мөчид тэр залуу гартаа бал атгачихаад хүзүүний ороолтоор хоолой боож "ална шүү" гээд байсан. Тэр үед миний хоолой боогдож ухаан алдаж эхэлсэн, энэ үед тэр залуу миний нүүр рүү нэгээс хоёр удаа гараараа цохьсон. Би тэгээд эргэлдсэн шиг санаж байна, эргэлдэж байгаад хальтирч тэр залуугийн дээрээс дарж унасан. Тэр үедээ би тэр залууг дээрээс нь дарж байгаад зугтах гэж оролдсон чинь намайг барьж аваад газар унагаасан....Энэ үед их хүчтэй унасан чинь миний гар утас халааснаас унахдаа машин зам руу унасан, тэр үед нөгөө залуу босоод миний утасны араас гүйж утас аваад ертөнцийн зүгээр урд зүг рүү гүйгээд явчихсан…” гэсэн мэдүүлэг /хх 32-33 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Даваадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ажлаасаа ирчихээд байж байхад 22 цаг өнгөрч байсан болов уу дүү Даваажамц гэрт ирэхдээ "ах гар утас олсон" гэчихсэн хар өнгийн корпустай Нексус маркийн гар утас үзүүлээд "та кодыг нь гаргаад өгөөч" гэхээр нь би өөрийнхөө сим хийж үзсэн чинь өмнөөс код нэхээд байхаар нь дүүдээ наад утасны чинь код гарахгүй юм байна, тэр хүний код нь байж нээгдэх юм байна гэж хэлээд буцаагаад өгсөн. Тэр утас манай гэрт байж л байсан…” гэсэн мэдүүлэг / хх 36 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ¹16182 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

1. Patrick-ын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, баруун чихэнд зулгаралт, дээд, доод уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Шинжээч Д.Мөнхбат...” гэжээ /хх 38 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор: “...Ардчилалын ордны байр, Эйр Маркет билетийн кассны камерын хяналтын бичлэгийг хуулбарлан авсан 2 ширхэг сидиг эд мөрийн баримтаар хавсаргахаар тогтов...” гэжээ. /хх 15 дугаар хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Ардчилсан намын төв байрны ертөнцийн зүгээр баруун талыг харуулсан үзэгдэх орчин хязгаарлагдмал бүдэгхэн шөнийн нийт 01 минут 02 секунд бичлэг байх бөгөөд камерын цагаар 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 11 цаг 58 минут 03 секундэд Ардчилсан намын төв байрны хохирогч ертөнцийн зүгээр урд талаас явган хүний замаар хойш алхаж 11 цаг 58 минут 25 секундэд сэжигтэй этгээд хохирогчийн өөдөөс явж байв. 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 11 цаг 58 минут 35 секундэд сэжигтэй этгээд хохирогчийг мөрлөж байгаа мэт дүрс харагдаж, 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 11 цаг 58 минуг 44 секундэд сэжигтэй этгээд нь хохирогчийн араас ирээд барьж байгаа мэт дүрс харагдах ба 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 11 цаг 58 минут 51 секундэд сэжигтэй этгээд нь хохирогчийг гараараа хоолойн тус газраас нь барьж байгаа мэт дүрс харагдаж 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 12 цаг 03 минут 40 секунд, 12 цаг 03 минут 43 секундэд сэжигтэй этгээд ертөнцийн зүгээр хойд талаас урагш явган хүний зам дагаад гүйж байгаа дүрс, 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 12 цаг 03 минут 47 секундэд сэжигтэй этгээд явган хүний замаас баруун тийш салаад цасан дундуур гүйж байгаа, 2016 оны 11 сарын 28-ны өдрийн 12 цаг 03 минут 55 секундэд явган хүний замаас баруун тийш салаад цасан дундуур гүйж байгаад ертөнцийн зүгээр урд зүг рүү гүйж байгаад баруун тийш эргээд явж байгаа дүрс харагдах ба бичлэгт өөр ямар нэгэн ач холбогдол бүхий зүйл байхгүй байв…” гэжээ /хх 17-24 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: “...Хар өнгийн ардаа “Nexus” гэсэн бичигтэй, арын доод хэсэгт “HUAWEI CE 0168” гэсэн бичигтэйхар өнгийн гэртэй гар утас 1 ширхэгийг хураан авав...эд зүйл хураалгасан Ц.Даваажамц ...” гэжээ /хх 25 дугаар хуудас/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 26/, орчуулагч томилсон тогтоол /хх 28/, орчуулагч Г.Уянгын мэдүүлэг /хх 29/, гэрч Д.Оюуны мэдүүлэг /хх 35/, эд зүйлийн үнэлгээ /хх 51/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 50/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Улаанбаатар хотын банк дахь 2617002285 дугаартай дансанд хохирлын мөнгө байршуулсан тухай банкны баримт /хх 77/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Даваажамц нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, "Ардчиллын ордон"-ы баруун талд Герман улсын иргэн Кэйл Патрик /Keil Patrick/-ийг явж байхад нь мөрлөж, хоолойн ороолтыг татаж зууралдан улмаар нүүрэн тус газар нь цохих зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн бие махбодид нь тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамар, баруун чихэнд зулгаралт, дээд, доод уруулын дотор салстад шарх гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулан "Нэксус 6Пи" маркийн гар утсыг нь дээрэмдэн авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Даваажамцын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хохирогч Кэйл Патрик /Keil Patrick/, гэрч Ц.Даваадорж нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн ¹16182 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Ц.Даваажамцыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон шүүхээс бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож тус зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Ц.Даваажамцыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирлоо сайн дураараа төлж гэм хорыг арилгасан, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Даваажамц нь 3 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Даваажамц нь мөрдөн байцаалтын явцад хохирогч Кэйл Патрик  /Keil Patrick/-т эмчилгээний зардалд 250.000 төгрөгийг төлсөн бөгөөд уг мөнгө нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617002285 дугаартай дансанд байршиж байгаа бөгөөд үүнийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:     

            1. Их-Тугчин овгийн Цэрэнбатын Даваажамцыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ц.Даваажамцыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваажамцад оногдуулсан 3 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Даваажамцын цагдан хоригдсон 03 /гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Даваажамц нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болох бичлэг бүхий 2 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Даваажамцад оногдуулсан 3 /гурав/ жил 06 /зургаа/  сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хариуцуулсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Кэйл Патрик /Keil Patrick/ нь өмгөөлөгчид төлөх өмгөөллийн хөлсөө нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Даваажамцад урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН