Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2016/0955/з |
Дугаар | 301 |
Огноо | 2017-09-20 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 301
Х.Ө-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа, нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Баттөгс, И.Энх-Очир, хариуцагчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, Ц.Цэрэнжаргал нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0400 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0451 дүгээр магадлалтай, Х.Ө-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч Х.Ө-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 128/ШШ2017/400 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4, 160 дугаар зүйлийн 160.3, 163 дугаар зүйлийн 163.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Х.Ө-ын “Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 22, 23 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0451 дүгээр магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/400 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х.Ө хяналтын журмаар гаргасан гомдолдоо: нэхэмжлэгч Х.Ө би нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 400 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 451 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлж дүгнээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
1. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулах тухай” 62 дугаар тогтоолоор Х.Ө намайг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэснийг Захиргааны хэргийн шүүхээс хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон.
Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь дахин 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн нэрийн жагсаалтаас хасах тухай” 22 дугаар, “дахин сонгууль явуулах тухай” 23 дугаар тогтоолуудыг гаргаж иргэдийн төлөөлөгч Х.Ө намайг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх үнэлж, дүгнээгүйд гомдолтой байна.
Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь 22 дугаар тогтоолоо гаргахдаа нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар зөрчлийг хэрэгсэхгүй болгосон магадлалыг үндэслэж шийдвэрлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “ардчилсан ёс, хууль дээдлэх, шударга ёсны зарчим”, 16 дугаар зүйлийн 9-д заасан “иргэний төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх”, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4 дэх заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр болж Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч Х.Ө миний эрхийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.
2. Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар, “дахин сонгууль явуулах тухай” 23 дугаар тогтоолуудыг гаргахдаа хууль бус бүрэлдэхүүнтэй гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүх дүгнээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна. Сонгуулийн хороо нь нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр байна. Тодруулбал, Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороог Бат-Өлзий, Мэндсайхан, Амартүвшин, Батцэцэг, Энх-Очир, Эрхэмбаяр, Наранчимэг, Шинэ-Оргил, Цэнд-Очир гэсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй томилсон байна.
Харин Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэлээс үзэхэд “О.Бат-Өлзий, Ч.Мэндсайхан, Э.Энх-Очир, Н.Шинэгэрэл, Цэнд-Очир, Д.Жаргалсайхан, И.Баттөгс” гэсэн хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж шийдвэр гаргасан байгаа бөгөөд Д.Жаргалсайхан, И.Баттөгс нар нь сонгуулийн хорооны гишүүн биш болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Ийнхүү нийтдээ 5 гишүүн хуралдаж шийдвэр гаргасан байна. Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь 6 ба түүнээс дээш тооны ирцтэй байж шийдвэр хуульд нийцсэн хүчин төгөлдөр байхаар байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуралдахдаа нэгдүгээрт ирц хүрээгүй, хоёрдугаарт хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж шийдвэр гаргасан тул тус хурлаас гаргасан аливаа шийдвэр, тогтоол нь хүчин төгөлдөр бус, эрх зүйн үйлчлэлгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар, “дахин сонгууль явуулах тухай” 23 тогтоолуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхэд энэ үндэслэлээр мөн бичгээр гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан “гомдлын хүрээнд хянах” үүргээ биелүүлээгүй, ямар ч дүгнэлт гаргаагүйд гомдолтой байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:
“Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй гэж маргаж байх боловч энэ нь сонгуулийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан тусгайлсан хэм хэмжээний хүрээнд гаргасан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны байгууллага нь өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар захиргааны үйл ажиллагаа явуулах эрх хэмжээ нь тусгайлсан хуулиар зохицуулагддаг бөгөөд харин захиргааны байгууллага нь захиргааны акт гаргах үйл ажиллагаа, үйл явцдаа Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой.
Гэтэл анхан шатны шүүх сонгуулийн үйл ажиллагааг нарийвлан зохицуулсан тусгайлсан хэм хэмжээний хүрээнд гаргасан маргаан гэж хэт явцууруулж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэж байгаад гомдолтой байна.
Шүүхийн энэхүү дүгнэлт нь
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан “бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж оролцоог хангах” гэсэн тусгай зарчим, мөн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасныг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн, шинээр батлагдсан Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан, зарчмын шинжтэй ололтоос ухарсан шийдвэр боллоо.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1-28.1.6-т заасан заалтуудын алинд нь ч хамаарахгүй байна. Иймд сонгуулийн байгууллага нь бусдын эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 28.1-т зааснаас бусад тохиолдолд заавал оролцоог нь хангаж, сонсох ажиллагаа явуулах зохицуулалтай байна.
Түүнчлэн Монгол ардын намаас Х.Ө намайг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасуулахаар өргөдөл гаргасан байх бөгөөд тус өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой хангалттай хугацаа байсаар байтал надад огт мэдэгдэж, оролцоог хангах ажиллагаа хийгээгүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхэд бичгээр энэ үндэслэлээр гомдол гаргасан байхад мөн огт үнэлэлт, дүгнэлт гаргаагүйд гомдолтой байна.
4. Мөн шүүх Сонгуулийн хорооны Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.18 “захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуульд заасныг баримтлана” гэх заалт, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс ... хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно” гэсэн заалтыг зөрчиж, зөрчил гарсан гэх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 6 сарын дараа 2017 оны 4 дүгээр сарын 10-нд хариуцлагад татсан хууль зөрчсөн үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна
Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 400 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 451 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3, 159.4, 160 дугаар зүйлийн 160.3, 163 дугаар зүйлийн 163.2-т заасныг тус тус зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаар тогтоолоор “...Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар магадлалаар нэр дэвшигч Х.Ө нь Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон тул ... нэрийн жагсаалтаас /хасч/, ... сонгуулийн дүнгээс нэр дэвшигч Х.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгож...”, мөн өдрийн 23 дугаар тогтоолоор “... хууль тогтоомж зөрчсөн нь шүүхээр тогтоогдож, нэрийн жагсаалтаас хасагдан, төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болсон тул ... 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах”-аар тус тус шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс уг тогтоолуудыг “хууль бус” гэж маргасан үндэслэлээ “... зөрчлийг хэрэгсэхгүй болгосон магадлалыг үндэслэж ... шийдвэр гаргасан”, “...захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй” гэх зэргээр тайлбарлажээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар магадлалаар “... Баянзүрх дүүргийн 19 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Ө нь ... Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5.10, 70.5.16 дахь заалтыг тус тус зөрчсөн... /боловч/ хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг захиргааны хариуцлагаас чөлөөлж ...” шийдвэрлэсэн, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг захиргааны хэргийн шүүх дахин нотлохгүй тул “зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэж үзэх үндэслэлтэй, энэ үндэслэлээр гарсан маргаан бүхий захиргааны актууд Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн... 70.1, ...70.5.10, ... 70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 159.3-т “сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно”, 159.4-т “орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно”, 160 дугаар зүйлийн 160.3-т “сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явагдана” гэсэнтэй тус тус нийцсэн, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй, зөв байна.
Иймд, нэхэмжлэгч Х.Ө-ын “...зөрчлийг хэрэгсэхгүй болгосон магадлалыг үндэслэсэн нь ... хууль бус” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгчээс “... захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй” гэх боловч “хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хууль зөрчсөн нь тогтоогдсон”, энэ тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтуудын дагуу сонгуулийн байгууллагаас маргаан бүхий захиргааны актуудыг зайлшгүй гаргах үндэслэл болж байх тул шүүхийн шийдвэрийн үндсэн дээр гарч буй захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан “сонсох ажиллагаа” шаардахгүй болно.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар магадлал гарснаар үүсэх хууль зүйн үр дагаварыг Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3, 159.4, 160 дугаар зүйлийн 160.3-т тодорхой журамласан, үүнийг нэхэмжлэгч Х.Ө мэдээгүй гэх үндэслэлгүй, дээрх хуулийн заалтын дагуу “нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах”, “сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгох”, “дахин сонгууль явуулах” эсэх нь хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны үзэмжээр шийдвэрлэгдэх, “бүрэн эрх”-ийн асуудал биш, заавал биелүүлэх шинжтэй зохицуулалт байх тул энэ тохиолдолд хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо Х.Ө-ын нэрийг “нэрийн жагсаалтаас хасах эсэх” талаар түүнтэй биечлэн уулзах, саналыг сонсох, тайлбар авсан байхыг шаардахгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “оролцогчийг сонсох” зохицуулалтын агуулгыг “... акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох” гэж тодорхойлсноос үзэхэд уг зохицуулалт нь шүүхийн шийдвэрийн улмаас заавал гаргах шаардлагатай болсон, үр дагавар нь илэрхий, оролцогчийн тайлбар, хүсэлтээр өөрчлөгдөх боломжгүй захиргааны акт гаргасан тухайн тохиолдолд хамаарахааргүй байна.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... хариуцагч /маргаан бүхий тогтоолуудыг/ ... хууль бус бүрэлдэхүүнтэй гаргасан” гэх боловч энэ талаар нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй, анхан шатны шүүхэд маргаагүй байх тул анхан шатны шүүхэд хэлэлцээгүй асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авахгүй.
Эдгээр үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 128/ШШ2017/0400 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2017/0451 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Ө-ын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА