| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2020/04035/И |
| Дугаар | 184/ШШ2020/03351 |
| Огноо | 2020-11-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2020/03351
| 2020 11 03 | 184/ШШ2020/03351 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: - хаягт оршин суух - овогт С.Я-ийн /регистрийн дугаар:-/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: - тоот хаягт оршин суух -овогт Э.А-д/регистрийн дугаар:-/ холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мягмаржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Э.А- той 2013 онд танилцаад 2014 оны 03 дугаар сарын 17-ний өдөр хүү А.Э-ыг төрүүлсэн. Хүүхэд гараад удаагүй байхад Э.А ямар ч хэл сураггүй явж хүү бид 2 үлдсэн. Би ганцаараа хүү А.Э-ыг 6 нас хүртэл өсгөж бойжуулж байна. Хурим хийх байсан боловч хүү бид 2 дээр ирээгүй дахин уулзаагүй. Ямар нэгэн муудалцах зүйл болоогүй хааяа манай аавынд ирдэг байсан. Э.А-ийг өөрийнхөө хажуу айлын эмэгтэйтэй хамт амьдарч хүүхэдтэй болж байгаа тухай найз нөхдөөсөө сонссон. Э.А бид 2 гэрлэлтээ бүртгүүлж амжаагүй байсан ч хүүхдээ эцгээр нь овоглосон. Хүүхэд маань одоо 1 дүгээр ангид сурдаг. Хүүхдээ харж ханддаггүй, эцэг, хүү гэдгээ ч мэддэггүй. Хүүхдээ асууж хаяа нэг ярьдаг. Мөнгө төгрөгийн туслалцаа авах талаар хэлсэн боловч нэг ч удаа мөнгө төгрөг үзүүлж байгаагүй тул одоо хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч Э.А- шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Э.А- би 2013 онд С.Я-тай танилцан дотносож бидний дундаас 2014.03.17-ны өдөр хүү А.Э- төрсөн. А.Э- нь Э.А- миний төрсөн хүү мөн тул хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.Шүүх хурлыг намайг эзгүйд хийж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Я нь хариуцагч Э.А-д холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Э.А-, С.Я нар нь 2013 оноос хамтран амьдарсан ба 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүү А.Э-ыг төрүүлсэн болох нь:-дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа болон сургуульд суралцаж байгаа талаарх эмчийн, сургуулийн тодорхойлолт, С.Я-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.А-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зохигч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Тэрээр Э.А-, С.Я нар нь хувийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй боловч хариуцагч Э.А- нь хүү А.Э-ыг өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан, өөрийн хүүхэд биш гэдэгт маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заажээ.
Иймд хариуцагчаас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч эцэг Э.А-ийг хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд эх С.Я нь саад болохгүй байхыг дурдав.
Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасан тул нэхэмжлэгч С.Я-гийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,030 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулж түүнд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлгийг гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор заасан.
Иймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.А-оос нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар зүйлийн 135.2.8 д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2014 оны 03 дугаар сарын 17-нд төрсөн хүү А.Э-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг - овогт Э.А-оор /регистрийн дугаар:-/ сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Э.А-оос гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Я-гийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,030 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулж түүнд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.А-оос улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг Э.А-, эх С.Я нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ