| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2020/03732/И |
| Дугаар | 184/ШШ2020/03036 |
| Огноо | 2020-10-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2020/03036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... дугаар хороо, Тахилт .... дугаар гудамж, .... тоот хаягт оршин суух Х овогт Б.О /регистрийн дугаар:..../ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Б... сум, .... дугаар баг, .... гэх газарт оршин суух Э овогт Н.Б /регистрийн дугаар:..../ холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Н.Б танилцаж улмаар 2012 оноос хойш хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү Б.Т төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Б.Т миний асрамжинд өсч торнисон. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүү маань эцгээрээ овоглодог. Хүү Б.Т нь энэ жил 3 дугаар ангид сурч байгаа бөгөөд хичээлийн хэрэгсэл, өдөр өнжүүлэх болон бусад зардлууд өсөж байгаа бөгөөд хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд хүү Б.Тт эцэг Н.Б тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Н.Б шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн эцэг мөн эсэх дээр маргаан байхгүй. Тиймээс шинжээч томилуулах шаардлагагүй. 2012 онд төрсөн хүү Б.Т...ийг эх Б.О асрамжинд үлдээнэ. Тиймээс асрамж дээр маргаан байхгүй. Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Н.Б холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: нэхэмжлэгч Б.О, хариуцагч Н.Б нар нь 2008 онд танилцсан ба 2012 оны 11 дүгээр сарын 19-нд хүү Б.Тийг төрүүлсэн болох нь: 844118 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа талаарх эмчийн болон хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх3-6/
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заасны дагуу хариуцагчаас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч эцэг Н.Б хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд эх Б.О нь саад болохгүй байхыг дурдав.
Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.
Хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг дараах байдлаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул түүний төлсөн 37030 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно гэж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлэгийг гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор заасан.
Иймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 135 дугаар зүйлийн 135.2.8 д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2012 оны 11 дүгээр сарын 19-нд төрсөн хүү Б.Тийг /регистрийн дугаар:______1/ 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Элжигэн овогт Н.Б...р /регистрийн дугаар:......./ сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Н.Б...с гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.О улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,030 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Б улсын тэмдэгтийн хураамжид 37,030 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг Н.Б, эх Б.О нар нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ