Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 110/ШШ2018/0069

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 8 дугаар багийн оршин суугч Д Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дугаартай Д.Тыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Д.Тыг Улаанхус сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга,хот байгуулалтын газрын дарга К.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлийн талаар гаргасан тайлбарын агуулга:

 

Миний бие Улаанхус сумын газрын даамлаар 2010 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа. Дараа нь бүтцийн өөрчлөлтөөр бүх сумдын газрын даамлыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын харьяанд шилжүүлэн томилсон бөгөөд намайг тус газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар Улаанхус сум хариуцсан газрын даамлаар томилсон юм.

 

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх нь хөндөгдөж буй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох буюу сонсох ажиллагаа хийх үүрэгтэй билээ. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаас маргаан бүхий тушаалд тусгагдсан үндэслэлүүдээр ажлаас халах шийдвэр гаргах гэж буй тухай надад мэдэгдэж, тайлбар аваагүй.

 

Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон сонсох ажиллагаа нь захиргааны байгууллага шийдвэр гаргахаас өмнө шийдвэр гаргах үндэслэл, нөхцөл байдлын талаар шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчид мэдэгдэж, түүнээс тайлбар, санал авч, тус саналыг шийдвэр гаргахад харгалзан үзэх буюу санал, тайлбар авсны үндсэн дээр шийдвэр гаргах явдал байдаг. Өөрөөр хэлбэл, дарааллын хувьд сонсох ажиллагааг хэрэгжүүлсний дараа шийдвэр гаргах ёстой бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27.3 дахь хэсэгт зааснаар намайг ажлаас чөлөөлөх талаар надад мэдэгдэж, тайлбар авсны дараа ямар шийдвэр гаргахаа шийдвэрлэх ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулах, 7 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагааны үед гарсан саналыг тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй боловч тус ажиллагаануудыг хийгээгүй юм.

 

Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахад Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтыг үндэслэл болгожээ. Хуулийн тус заалтад мөн хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж болох тухай заасан. Гэтэл тус хуулийн ямар заалтыг, яаж зөрчсөнийг тодорхойлоогүй.

 

Нөгөөтэйгүүр, тушаалын үндэслэлдээ хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн гэх боловч ямар хөдөлмөрийн сахилгыг давтан гаргасныг тушаалын үндэслэлдээ тодорхой тусгаагүй.

 

Би уг тушаалд даргын зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хот руу явсан гэсэн шалтгаанаар намайг нэг жилийн хугацаанд төрийн албанд орох эрхгүйгээр халсныг эс зөвшөөрч байна. Энэ үндэслэлийн хувьд, газрын дарга К.Баас чөлөө авсан, тухайн үед өөрөө намайг явж ирэхийг зөвшөөрсөн болно.

 

Үүнд, Монгол С ХХК-иас ирүүлсэн сургалт зохион байгуулах талаарх удирдамжийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр аймагт болсон сургалт дуусаж байгаа үед аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад танилцуулж, манай сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Есерхантай хамт даргын өрөөнд ороод сургалтад оролцох болсон гэж чөлөө өгөхийг хүсэхэд, К.Б дарга томилолт, замын зардал манай байгууллагаас гарахгүйгээр тухайн байгууллага бүх зардлыг өөрсдөө хариуцвал очоод ирээрэй гэж зөвшөөрөл олгосон. Иймээс 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажлаа зохион байгуулаад 05 дугаар сарын 24-ний өдөр хот руу явсан болно.

 

Тушаал дээр хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, ажлын байранд архи ууж цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авагдсан зэргийг тусгасан. Энэ талаар тайлбар хэлэхэд, ажлын бус цагаар оройн 20:00 цагийн үед Хөх-хөтөл багаас малчин иргэн ирж, ...Хөх-хөтөл баг руу явж байна газрын гэрчилгээг гаргаад өгөөч, би маргааш банкнаас зээл авна... гэсэн. Тэгээд би бага зэрэг пиво уусан байсан ба малчны хүсэлтийн дагуу орой ажилдаа очоод газрын гэрчилгээг авч гарахад цагдаа нар байсан. Тухайн цагдаа нар ...чи орой юу хийж байгаа вэ, машин дотор халамцуу хүмүүс байна... гэж намайг тагнаад байхаар нь би тэд нарыг эсэргүүцсэн байсан. Үүнийг цагдаа нартай хэрүүл маргаан хийсэн гэж намайг 200,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Энэ шалтгааныг би хэлэхэд, ажил олгогчоос ямар ч байсан ажлын байранд согтуу очсон учраас чиний цалин хөлсийг 6 сарын хугацаагаар 20 хувь бууруулна гэсэн. Түүнээс биш хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан талаар тодорхой заагаагүй, энэ асуудлаар ёс зүйн хорооны хуралд оруулсан асуудал байхгүй. Үүнийг тушаал дээр нэмж өгсөн нь буруу гэж бодож байна.

 

Би даргын чөлөөгөөр Улаанбаатар хотод очиж, 2 өдөр сургалтад суугаад ажлын 7, юм уу 8 хоног байсан нь үнэн. Гэхдээ үүнийг би ажил тасалсан гэж үзэхгүй байна. Тухайн компаниас зохион байгуулсан бүх сургалтад суугаад газрын даамал нь ямар ажлыг яаж төлөвлөж байна, GPS багажийг тарааж өгөөд түүнийг хэрхэн ашиглах, яаж хэмжилт авах талаар сургалтад оролцож байгаа малчин иргэд, байгаль орчны улсын байцаагч, хамгаалагч нарт зааж өгч, амжилттай суралцаж ирсэн болно.

 

2018 оны 06 дугаар сарын цалингаас 8 хоногийн цалинг хассан учраас цалин бууруулах арга хэмжээ авсан байх гэж бодоод явж байсан. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр болсон хуралдаанд би оролцсон. Тухайн хурал намайг ажлаас халах асуудлыг хэлэлцсэн хурал биш гэж бодож байна.

 

Миний хувьд ажлын тайлангаа 2018 оны 07 дугаар сарын 17-нд хүргэж өгнө гэсэн хүсэлт гаргасан байгаа. Энэ баримтыг надад хүчээр бичүүлж авсан. Чи зүгээр ажил таслаад зөвшөөрөлгүй явсан гэдгийг надад бичээд өгчих, ярилцаж байгаад дахиад чамайг ажилд томилох асуудлыг хэлэлцэнэ гэж надад хэлсэн. Геодезийн цэг, тэмдгийн талаар хоёр тайлан үлдсэн байсан. Үүнийг 07 дугаар 17-ны өдөр хүртэл өгөх шаардлагатай байсан ба би тайлангаа өгнө гэж бичсэн байгаа. Түүнээс биш өөрийн хүсэлтээр ажлаас гарна гэсэн бичиг өгөөгүй болно.

 

Иймд, дээрх үндэслэлээр маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэж байгаа тул Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дугаартай Д.Тыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас нэхэмжлэлийн үндэслэлийн талаар гаргасан тайлбарын агуулга:

 

Удаа дараа сахилгын зөрчил гаргаж архи ууж танхайрсан, Цагдаагийн байгууллагын шаардлага, зөрчлөө хүлээн зөвшөөрч өөрийн гаргасан хүсэлт, Төрийн албаны хуулийн холбогдох зүйлийг үндэслэн Улаанхус сумын газрын даамлаар ажиллаж байсан Д.Тыг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас нь халсан. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох үйл ажиллагаа явуулсан.

 

Ажлаас халагдсан үндсэн шалтгаан нь нэхэмжлэгч удаа дараа хууль зөрчсөн, сахилгын арга хэмжээ авагдаж байсан. Тухайн арга хэмжээ авах бүрд нэхэмжлэгч өөрөө хууль зөрчсөнөө, арга хэмжээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулдаг. Сүүлд ажил таслаад явсан ба үүнийг нэхэмжлэгч би даргаас чөлөө авсан гэж хэлж байна.

 

Чөлөө авах асуудал манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд зааснаар албан ёсны хүсэлт гаргах ёстой, чөлөө олгох тохиолдолд энэ талаар мэдэгдэх хуудас өгөх ёстой.

 

Монгол С компаниас сургалтын талаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт албан журмаар ирүүлсэн ямар нэгэн албан тоот байхгүй бөгөөд уг сургалт нь манай байгууллагын ажилд огт хамаагүй, хувийн компанийн асуудал юм.

 

Хувийн компани нь төрийн байгууллагуудыг дуудаж сургалт зохион байгуулаад байдаг ч асуудал биш. Уг сургалтад мэргэжилтнүүд болон сумдын газрын даамлууд оролцоогүй болно. Д.Т нь албан ёсоор бичгээр хүсэлт гаргаагүй ба амаар Улаанбаатар хотод явах чөлөө олгохыг хүссэн бөгөөд Улаанхус, Цэнгэл суманд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хяналт, шалгалт болон цаг үеийн төлөвлөгөөт ажлаар явах гэж байгааг мэдэгдээд, тухайн сумын ард иргэдэд аймгийн радиогоор зарлагдсаныг хэлээд чөлөө олгоогүй. Хэлтсийн дарга Ж.Естай ч ажлаар суманд очихыг мэдэгдсэн. Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Естайгаар ахалсан ажлын хэсэг Цэнгэл суманд ажиллаад 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанхус суманд ажлаар очиход Д.Т нь Улаанбаатар хотод явсныг мэдсэн болно. Д.Т нь 5 дугаар сарын цалинг авсны дараа 5 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажлын байранд байгаагүй, тасалсан ажлын 8 хоногийн цалинг 6 дугаар сарын цалингаас хасаж тооцсон болно.

 

Нэхэмжлэгч тухайн үед чөлөө авах хүсэлтээ амаар хэлсэн, гэхдээ чөлөө өгч болохгүйг нэхэмжлэгчийн өөрт нь хэлсэн. Явж болохгүй гэдгийг утсаар удаа дараа ярьсан. Д.Т нь өөр хүнээр түүнд чөлөө олгохыг хэлүүлсэн, бүр Казакстан улсаас хүртэл хүн яриулж чөлөө олгохыг хүсэж байсан. Би тухайн үед чөлөө олгоогүй ч дур мэдэн явчихсан байна.

 

Нэхэмжлэгчийн хувийн компанийн ажлаар сургалтад явсан нь бидний, төрийн байгууллагын ажилд огт холбоогүй зүйл, хувийн компани төрийн албан хаагчийг дуудаж сургалт явуулах эрхтэй этгээд биш байгаа. Тийм учраас 7 хоног ажлаас тасалсан албан тушаалтанд зохих хариуцлагыг би хүлээлгэсэн. Мөн Д.Т нь манай байгууллагын мэдэлд шилжихээс өмнө ч гэсэн удаа дараа арга хэмжээ авагдаж байсан байна. Өөрөөр хэлбэл, 2017 онд 2 удаа, 2018 онд ч 2 удаа шат дараалсан арга хэмжээ авагдаж байсан байна. Эдгээр арга хэмжээ болгонд өөрийн гарын үсгээ үлдээж байсан. Сүүлд гаргасан зөрчлийн талаар 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Би даргын зөвшөөрөлгүйгээр Улаанбаатар хотод явсан буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 07 дугаар сарын 17-нд ажлаа, тайлангаа өгч ажлаас өөрийн санал гаргаж ирж, хүлээлгэх болно... гэж гарын баримт бичиж өгч өөрийн буруугаа хүлээн зөвшөөрөөд явж байгаа юм. Сахилгын шийтгэл ногдуулсан хугацааны хувьд хуульд зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор арга хэмжээ авахаар хуульчилсан байдаг.

 

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нэг сар байгаа. Би 07 дугаар сарын 02-ны өдөр хурал хийж, захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн оролцоог хангасан бөгөөд энэ өдөр тушаалаа гаргах ёстой байсан боловч нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн саналыг харгалзаад, хугацааны талаар санал гаргахаар нь өөрийнх нь гараар нь бичүүлж авсан.

 

Нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ирэх ёстой байсан боловч ирээгүй 17-ны өдөр ирсэн ба тухайн өдөр тушаал гаргасан асуудал байгаа. Тухайн үед Д.Т нь бидэнд юу гэж хэлсэн бэ гэвэл Улсын их баяр наадам болох гэж байна. Мөн Улаанхус сум үүсч хөгжсөний түүхт ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа учраас надад 17-ны өдөр хүртэл хугацаа өгөөч, баярын комисст ажиллаж байна гэсэн.

 

Тэгвэл хүсэлтээ албан ёсоор бичгээр гаргаж өг гэхэд, албан ёсоор бичгээр гаргаж өгсөн. Тийм учраас зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор арга хэмжээ авсан гэж үзэж байгаа. Нөгөө талаар Засгийн газраас хариуцлага, сахилга баттай холбоотой 258 дугаартай тогтоол гарсан ба үүнтэй холбогдуулан байгууллагуудад хөдөлмөрийн дотоод журмыг өөрчлөхийг даалгасан байдаг. Уг тогтоолын дагуу хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулж ажлын байранд архидан согтуурах зэрэг зөрчил гаргавал ажлаас шууд халахаар зохицуулсан байгаа. Гэхдээ би нэхэмжлэгчийн өөрт нь боломж олгож, таны удаа дараа гаргасан давтан зөрчил байгаа, төрийн алба тасралтгүй үргэлжилж байх ёстой. Нэгэнт ийм олон арга хэмжээ авагдсан учраас 1 жил чөлөө аваарай, би танд ингэж туслах боломжтой гэдгийг хэлсэн. Түүний эхнэрийн бичсэн уучилж өгөөч ээ гэсэн мессеж миний утаст байж л байгаа. Эхнэр, хүүхдийн асуудлыг харгалзан үзээд ийм боломж гаргая та бодоод 1 жилийн дараа засарч ирээрэй гэж хэлсэн. Тийм учраас миний гаргасан шийдвэр хүчин төгөлдөр байна гэдгийг хэлээд Д.Тыг ажлаас халсан хүчин төгөлдөр тушаалыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

 

Манай байгууллагын өмнөх хөдөлмөрийн дотоод журам болон одоо мөрдөж буй шинэ дотоод журмын агуулга, зохицуулах зүйл нь ижилхэн байгаа. Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Естай нь даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг сумдад ажиллах талаар газрын даамлуудад утсаар болон биечлэн мэдэгдэж тодорхой мэдээлэл өгсөн байна. Үүний дотор нэхэмжлэгч Д.Тад албан ёсоор өөрөө биечлэн мэдэгдсэн гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Нэхэмжлэгч Д.Т нь даргаас чөлөө авч өгөөч гэж хэлтсийн даргаас ч гуйсан байна.

 

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хамтран холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг танилцуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх чиглэлээр нээлттэй хаалганы өдөрлөг явуулах гэж байгаа талаар олон нийтийн радиогоор зар өгсөн байсныг нэхэмжлэгч мэдэж байгаа мөртлөө манай байгууллагад ямар ч холбоогүй хувийн компанийн урилгаар Улаанбаатар хотод явж иргэдийг чирэгдүүлсэн асуудал байгаа. Хэрвээ тухайн компаниас явуулах сургалтад заавал оролцох шаардлагатай байвал бидэнд мэдэгдэх ёстой, уг сургалтад Улаанхус сумын газрын даамлаас бусад сумын нэг ч газрын даамал очоогүй байгаа.

 

Харин нэхэмжлэгч Д.Т нь даргын дэргэдэх зөвлөлийн хурлын үеэр ажлаа хүлээлгэж өгнө гэдгийг өөрөө сайн дураар бичиж өгсөн ба энд ямар нэгэн дарамт шахалт, зүй бус нөлөөлөл байгаагүй, сонсох ажиллагаа явуулсан, энэ бүхнийг зөвлөлийн хурлын гишүүд гэрчийн мэдүүлэг өгөхдөө нотолж өгсөн байна. Тийм учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд зүй бус нөлөөлсөн гэх ойлголтыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч буруугаар тайлбарлаж байна гэж үзэж байна. Бид нар нэхэмжлэгчийн эрхийг бүрэн хангаж, санал, хүсэлтийг хүлээн авч олон удаа харж үзсэн гэдгийг хэлмээр байна. Нэхэмжлэгч удаа дараа зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрч, дахин зөрчил гаргахгүй гэж тухай бүр бичиг өгсөн мөртлөө дахин зөрчил гаргасан учраас арга хэмжээ тооцохоос өөр аргагүй болсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлийн талаар гаргасан тайлбарын агуулга:

 

Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дугаартай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдийг тус тус баримтлан ажлаас чөлөөлсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 13, 15 дугаар зүйлүүд нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогчийн эрх зүйн байдлын талаар зохицуулсан. Гэтэл хуулийн дээрх заалтуудыг ажилтныг ажлаас халсан тушаалд баримталж байгаа нь ойлгомжгүй, зөвхөн оролцогчийн эрхийг хангах хуулийн зохицуулалтыг ажлаас халах тушаалд баримталсан нь хуульд нийцээгүй байна.

 

Энэхүү маргаан нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т огт холбоогүй, зөвхөн 26 дугаар зүйлийн 26.1.3-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахтай холбоотой маргааныг хэлэлцэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна.

 

Тушаалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн дагуу шат дараалан арга хэмжээ авагдсан, ажлын байранд архи ууж, танхайрсан цагдаагийн байгууллагаас торгуулийн арга хэмжээ авагдсан, даргын чөлөөгүйгээр ажил тасалж Улаанбаатар хот руу явсан зэрэг зөрчлүүдийг гаргасан учраас Д.Тад ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан гэж хариуцагч тайлбарласан.

 

Эхний зөрчилд холбогдуулан тайлбар хэлэхэд, эхлээд удаа дараа гэдэг асуудлыг тодруулах ёстой. Хэрэгт авагдсан Д.Тад ногдуулсан сахилгын шийтгэл, цагдаагийн байгууллагаас авсан арга хэмжээ зэргээс харахад удаа дараа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан мэт харагдаж байгаа. Тэгэхээр 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/19 дугаартай сахилгын арга хэмжээ авсан тушаал байдаг ба уг тушаалыг Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын дарга гаргасан байхыг шүүх анхаарах нь зүйтэй. Дээрээс нь энэ тушаалыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга гаргаагүй учраас удаа дараа гэж үзэх боломжтой юу гэдэгт дүгнэлт хийх ёстой байгаа. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д ...Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна... гэж заасан ба Д.Тын өмнөх зөрчилд Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын дарга сахилгын зөрчил оногдуулсан болохоос биш аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь сахилгын шийтгэл оногдуулаагүй байна. Тийм учраас удаа дараа гэдэгт хамаарахгүй гэж үзэх нэг үндэслэл гарч ирсэн байгаа.

 

Хоёр дахь үндэслэл нь, газрын даамлын албан тушаал нь тухайн үед Засаг даргын Тамгын газрын албан тушаалд хамрагддаг байсан ба томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга байсан гэдгийг давхар хэлье. Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д ...Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно... гэж заасан байгаа. 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш ажлаас халагдах хугацаа буюу 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд нэг жил өнгөрсөн байна. Тэгэхээр сахилгын шийтгэлгүйд тооцогдож байгаа. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөн шийтгэл авагдсан бөгөөд энэ шийтгэлийг бас Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Хонырат ногдуулсан байдаг.

 

Шийтгэл оногдуулсан шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-д заасныг баримтлаад сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Үүнээс харахад нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй гэсэн хуулийн зохицуулалтыг ажил олгогч зөрчсөн гэж үзэхээр байна. Яагаад гэвэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулснаараа нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй гэснийг ноцтой зөрчсөн байна. Харин нэхэмжлэгч архи ууж танхайрсан, цагдаагийн байгууллагаас торгуулийн арга хэмжээ авагдсан гэх зөрчлийн тухайд авч үзвэл, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/18 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын тушаалаар авагдсан арга хэмжээ байдаг. Хариуцагчаас нэхэмжлэгчийг архи ууж, танхайрсан гэх цагдаагийн албан хаагчийн мэдэгдлийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр арга хэмжээ тооцсон байхад энэ асуудлаар дахин арга хэмжээ авсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

 

Гурав дахь гол үндэслэл нь ажил тасалсан гэх асуудал байгаа. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд болон тайлбараас харахад нэхэмжлэгч ажил тасалсан мэт, таслаагүй мэт нотлох баримтын хүрээнд тэнцүүхэн харагдаж байна. Өмгөөлөгчийн хувьд энэ байдлын талаар ямар дүгнэлт хийж байгаа вэ гэвэл нэг дэх дүгнэлт нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 404 дугаартай албан бичгээс үзэхэд ажил тасалсан гэх явдлыг хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж хатуу зохицуулсан байгаа. Тэгэхээр 05 дугаар сарын 29-ний өдөр зөрчлийг илрүүлсэн бол 06 дугаар сарын 29-ний дотор арга хэмжээ авах ёстой байжээ.

 

Тухайн үед нэхэмжлэгч буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж хэлээгүй байх ба мөн гарын баримт өгөхдөө Улаанбаатар хот руу явахдаа бичгээр хүсэлт гаргаагүй нь миний буруу болжээ гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан болохоос ажил тасалсан гэдэг асуудлыг нэхэмжлэгч огт яриагүй байна. Нөгөө талаар хурлын тэмдэглэлийн К.Б даргын хэлсэн үгийг тэмдэглэсэн хэсгээс харахад, харж үзье гэсэн үг байгаа. Энэ нь дахин нэг удаа сануулга өгөх гэсэн агуулгатай гэж ойлгохоор байна. Жилийн чөлөө олгох боломжоор хангана гэдэг асуудлыг тавьсан гэж байгаа. Тэгэхээр тухайн өдрийн хуралд нэхэмжлэгчийг ажлаас халсан шийдвэр гараагүй, түүний гаргах тайлангаа хүлээж авсны дараа буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд асуудлыг 07 дугаар сарын 16-нд эргэж авч хэлэлцье гэсэн шийдвэр гарсан гэж ойлгож байгаа.

 

Тухайн бичгийн талаар нэхэмжлэгч Д.Тын хувьд уг баримтыг хүчээр бичүүлж авсан гэдэг асуудлыг ярьсан. Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 8 дугаар тогтоолд өөрийн санаачилгаар хүсэлт гаргасан гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолын заалттай адилтгаж үздэг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 14-т зааснаар ойлгоно. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж тайлбарласан байдаг.

 

Гэтэл нэхэмжлэгчийн хувьд би өөрийн хүсэлтээр тухайн хүсэлтийг бичээгүй, даргын дэргэдэх хурал дууссаны дараа даргын өрөөнд намайг дуудаж ирээд эргэж авч хэлэлцэж болно, та ямар ч байсан буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдгээ бичих шаардлагатай байна. Ингэсэн тохиолдолд би даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанд таны асуудлыг дахин оруулаад нэг удаа харж үзэх болно, өөрөөр хэлбэл, жилийн чөлөө олгох асуудлыг эргэж харна гэдэг байдлаар хандсан байна.

 

Нэхэмжлэгч өөрөө ч гэсэн хүүхэд нь өвдөж байсан учраас сандарсан байдалтай даргын хэлсэн үгийг л бичсэн байгаа гэж хэлж байна. Ямар ч байсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан сахилгын шийтгэл оногдуулах нэг сарын хугацаа өнгөрсөн учраас хариуцагч уг хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Мөн ажлын 8 хоногийн цалин хөлсийг нэхэмжлэгчийн цалингаас хасаж тооцсон асуудал байгаа. Цагийн бүртгэлийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар биш, Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Ерлан гэдэг хүн бүртгэсэн байна.

 

Тухайн цагийн бүртгэлээс харахад 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 22-ны өдөр хүртэл Д.Т нь Баян-Өлгий аймгийн төвд сургалтад оролцож, томилолтоор ажиллаж ирсэн нь нотлогддог. Тэгэхээр цагийн бүртгэлээс нэхэмжлэгч Д.Т нь тасалсан гэдэг үгийг олж харахгүй байна. Харин энэ дээр маргасан хүн байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Мөн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл Улаанбаатар хот гэж бүртгэгдсэн байгаа. Нэхэмжлэгч Д.Т нь сургалтад оролцоод хичээл заасан гэдгийг гэрч Б.Есерхан хэлж байгаа юм. Тийм учраас нэхэмжлэгч Д.Тын ажил тасалсан гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна. Түүнчлэн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр баталсан гэх тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг ажилтнуудад танилцуулаагүй байна. Хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулсан гэлээ гэхэд, ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэдэн хоног ажил тасалсан тохиолдолд ажлаас халах талаар тусгаагүй байдаг. Зөвхөн ажил тасалсан тохиолдолд цалингаас нь хасна гэсэн зохицуулалттай байгаа ба нэхэмжлэгчийн цалин хөлсийг хассанаар энэ асуудал нэг мөр дууссан байгаа.

 

Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх заалтын дагуу 1995 оны 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын 4 дүгээр зүйлд Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна... гэжээ. Тэгэхээр нэхэмжлэгч Д.Т нь Монгол С гэдэг компаниас зохион байгуулсан сургалтад оролцсон эсэх талаар тухайн компанид албан бичиг явуулж, сургалт нь ямар үр өгөөжтэй сургалт вэ гэдгийг шалгаж тогтоох ёстой байсан. Бид нарын нотлох баримтаар гаргаж өгсөн цагийн бүртгэлийг татаж аваад үзэх ёстой байсан. Дээрээс нь тухайн сумын удирдлагуудтай холбоо барьж, албан бичиг солилцож Д.Т чөлөө авсан уу, хэн чөлөө өгөх ёстой байсан зэргийг заавал шалгаж тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл оногдуулах ёстой байсан. Товчхон хэлэхэд хөдөлмөрийн сахилыг удаа дараа зөрчсөн гэдэг нь огт тогтоогдохгүй байна. Төрийн албаны тухай хуулиар шат дараалан арга хэмжээ авагдсан гэдэг нь энэ асуудалд огт хамаагүй, ажлын байранд архи уусан, ажил тасалсан гэдэг хоёр үндэслэлийг шалгаад ажлын байранд архи уусан асуудалд холбоотой арга хэмжээ авчихсан. Харин ажил тасалсан гэдэгт илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрүүлсэн учраас энэ тушаал нь хууль бус болохоос өөр арга байхгүй. Тийм учраас тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Д.Т нь Улаанхус сумын газрын даамлаар ажиллаж байгаад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар төрийн албанаас халагджээ.

 

Уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2-15.1.8, 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасныг болон хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан байна.

 

Тушаалын үндэслэлээс үзэхэд томилох эрх бүхий этгээдээс нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн дагуу шат дараалан арга хэмжээ авагдсан, ажлын байранд архи ууж танхайрсан, цагдаагийн байгууллагаас торгуулийн арга хэмжээ авагдсан, даргын чөлөөгүйгээр ажил тасалж Улаанбаатар хот явсан зэрэг зөрчил гаргасан гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг зохицуулсан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч нь хуулийн 13,15,40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзаж түүнд 26.1.1-26.1.3-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг 26.1-д зааснаар ногдуулах үндэслэл болдог байна.

 

Нэхэмжлэгч Д.Т нь сумын газрын даамлаар ажилласан хугацаанд удаа дараа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх зөрчил гаргасан үндэслэлээр түүнд 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 26.1.1-д зааснаар сануулах, ямар ч шалтгаангүйгээр гурван хоног ажил тасалсан гэх зөрчил гаргасан үндэслэлээр 26.1.2-т зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл 20 хувиар бууруулах, ажлын байранд архи ууж танхайрсан гэх зөрчил гаргаснаар 26.1.2-т зааснаар албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулж байсан нь Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/19, мөн оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/22 дугаартай Сахилгын арга хэмжээ авах тухай тушаалууд[1], аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/18 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар[2] тус тус нотлогдсон.

 

Нэхэмжлэгч Д.Т нь хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, ажлын байранд архи ууж танхайрсан гэх зөрчлүүдийг гаргаснаар Төрийн албаны тухай хуулийн дагуу шат дараалан арга хэмжээ авагдсан гэх маргаан бүхий захиргааны актын үндэслэл нотлогдсон ба 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажлын 8 хоног ажил тасалсан сахилгын зөрчлийг шинээр гаргасан нь дараах байдлаар тогтоогдож байна.

 

Үүнд, Монгол С ХХК нь холбогдох агнуурын бүс нутгийн менежментийн хариуцагчийн хувьд өөрийн хариуцан ажилладаг агнуурын бүс нутгуудад хамтран ажиллаж байгаа аймаг, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, сумын байгаль хамгаалагч, нөхөрлөлийн гишүүдэд агнуур зүй, хууль эрх зүй, менежментийн төлөвлөгөө, нөхөрлөлийн үйл ажиллагааны талаар мэдлэг олгох, мэдээлэл өгөх, нөхөрлөлүүдийн хооронд туршлага солилцох зорилго бүхий сургалтыг 2018 оны 05 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань суманд зохион байгуулсан байх ба энэ талаарх албан бичгийг Улаанхус сумын Засаг даргын Тамгын газарт 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ирүүлж, Уулзалт сургалт зохион байгуулах ажлын удирдамж[3] бүхий баримтын сургалтад оролцогчдын нэрсийн жагсаалтад газрын даамал Д.Тын нэрийг оруулсан байжээ.

 

Нэхэмжлэгч Д.Т нь түүний тайлбарласнаар 2018 оны 5 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт зохион байгуулагдсан газар зүйн мэдээллийн сангийн Arc GIS программын мэдлэг олгох сургалтад хамрагдах үеэр Монгол С ХХК-иас зохион байгуулах сургалтад оролцох шалтгаанаар томилох эрх бүхий этгээдээс чөлөө олгохыг хүсэж, энэ талаарх хүсэлтээ амаар гаргажээ.

 

Нэхэмжлэгч Төв аймгийн Баянчандмань суманд зохион байгуулагдсан дээрх сургалтад оролцсон гэх үйл баримт Монгол С ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр[4] тодорхойлогдож байгаа ба энэ талаар хариуцагчаас маргаагүй, харин тухайн сургалтад оролцуулахаар ажил олгогчийн хувьд нэхэмжлэгчид чөлөө олгоогүй байхад ажил тасалж зөрчил гаргасан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч дээрх сургалтад оролцсон гэх шалтгаанаар 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажлын 8 хоног ажлын байрандаа байгаагүй байх ба 06 дугаар сарын 06-ны өдөр ажилд ирсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч ажил олгогчоос амаар чөлөө хүсэх үед сургалтад оролцохыг зөвшөөрсөн, энэ үед Улаанхус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Есерхан байсан гэж маргасан боловч энэ нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно заасан.

 

Мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ гэж, 130.2-т хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана гэж тус тус заасан.

 

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/28 дугаартай тушаалаар тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталсан байх ба нэхэмжлэгчийг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан гэх хугацаанд мөрдөгдөж байсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр баталсан хөдөлмөрийн дотоод журмын[5] Наймын 8.2-т ажилтанд чөлөө олгох журам зохицуулагджээ. Уг журмын 8.2.1.2-т 3 хүртэлх хоногийн чөлөөг ...байгууллагын дарга олгох бөгөөд 3-аас дээш хоногийн чөлөө олголт нь даргын тушаалаар баталгаажна, 8.2.1.3-т ажилтанд олгох чөлөө нь улиралд 2-оос доошгүй удаа, ажлын 5 хоногоос хэтрэхгүй байна гэж заажээ.

 

Хөдөлмөрийн дотоод журмын дээрх зохицуулалтаас үзэхэд ажилтанд 3-аас дээш хоногийн чөлөө олгох тохиолдолд энэ талаар эрх бүхий этгээдээс тушаал гаргахаар байгаа ба чөлөө олгох хугацаа нь ажлын 5 хоногоос хэтрэхээргүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус байгууллагын даргын 2018 оны 05 дугаар сард гаргасан тушаал, тушаалын бүртгэлийн дэвтэрт шүүхээс тус тус үзлэг хийхэд нэхэмжлэгч Монгол С ХХК-иас зохион байгуулсан сургалтад оролцсон гэх хугацаанд хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгчид ажлын 8 хоногийн чөлөө олгосон тушаал гараагүй байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан ажил тасалсан гэх зөрчилд сахилгын шийтгэл авах эсэхийг түүнийг оролцуулан 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тус газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцсэн байх ба нэхэмжлэгч дээрх хугацаанд ажил тасалсан зөрчил гаргасан нь уг хурлын тэмдэглэл, хуралд оролцсон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ажилтан гэрч Х.Айнур, Ж.Естай, Х.Асхар нарын мэдүүлэг, мөн өдрийн огноотой тухайн төрлийн зөрчил гаргасныг хүлээн зөвшөөрсөн агуулгатай нэхэмжлэгчийн өөрийнх нь үйлдсэн гар баримт бүхий нотлох баримтуудаар тогтоогдож, хариуцагч тухайн үед амаар чөлөө олгосон гэх нэхэмжлэгчийн маргаан үгүйсгэгдэж байна.

 

Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2018 оны 05 дугаар сард аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, мөн сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, заавар зөвлөгөө өгөх, сумдын иргэдтэй газар дээр нь уулзаж газар эзэмших, өмчлөх асуудлаарх иргэдийн хүсэлтийг тухайн орон нутагт шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, энэ талаар газрын даргаас Сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын удирдамж гарч[6], дээрх ажлаар Улаанхус суманд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр газрын кадастрын мэргэжилтэн А.Ермек, мэргэжилтэн Х.Өмиржан, Б.Ермурат, Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Нина нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очсон, энэ талаар тус сумын газрын даамал Д.Тад урьдчилж мэдэгдсэн, сумын иргэдэд дээрх байдлаар ажлын хэсэг очиж ажиллах болсныг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр олон нийтийн радио нэвтрүүлгээр зарлан нийтэлсэн, тухайн 05 дугаар сарын 29-ний өдөр өдөр нэхэмжлэгч Д.Т нь ажлын байранд байгаагүй шалтгаанаар ажлын хэсэг ажиллаж чадаагүй зэрэг үйл баримтууд хэрэгт авагдсан тус газрын даргын баталсан Сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын удирдамж, аймгийн орон нутгийн олон нийтийн радио, телевизийн 2018 оны 37 дугаар албан бичиг, тус сумын иргэдэд мэдээл хүргэсэн зарлал бүхий баримт, гэрч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хэлтсийн дарга Ж.Естай, мэргэжилтэн А.Ермек, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Нина нарын мэдүүлэг бүхий нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх байдлаар сумдын газрын даамлыг оролцуулж, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх болсноор Улаанхус сумын хувьд энэ талаар сумын иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, мөн Газрын харилцаа, барилга,хот байгуулалтын газрын мэргэжилтэн, болон Улсын бүртгэлийн улсын бүртгэгч нараас бүрдсэн ажлын хэсэг Улаанхус суманд очиж ажиллах 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрүүдийг оролцуулж, уг арга хэмжээнд тухайн сумын газрын даамлын хувьд нэхэмжлэгч Д.Т зайлшгүй биечлэн оролцох шаардлагатай байхад хариуцагчаас түүнд чөлөө олгосон гэх нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

Гэрч Б.Есерханаас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгдээ 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байх Д.Т бид хоёр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Бын өрөөнд хамт орж, Д.Т нь даргаасаа сургалтад оролцох болсон шалтгаанаар чөлөө гуйсан нь үнэн, харин би ямар сургалт болох талаар К.Б даргад тайлбарлаж өгсөн юм. Тухайн үед К.Б дарга сургалтад оролцоход томилолт, замын зардал нь хаанаас гарахаар байна гэж асуусан. Би томилолтын мөнгө, замын хоёр талын зардлыг Монгол С компани өөрөө хариуцах юм байна. Газраар явах учраас ирж очиход 4 хоног, сургалт 2 хоног нийтдээ 6 хоног байна гэхэд, К.Б дарга болох юм байна тэгвэл яваад ирээрэй гэж хэлсэн. Дараа нь 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод явахаар болсон ба тухайн өдөр Д.Т нь надад хэлтсийн дарга Ж.Естай утсаар ярилаа, хот руу битгий яваарай, Улаанхус руу шалгалтаар очно гэж хэллээ гэсэн гэжээ.

 

Нэхэмжлэгч газрын даргаас амаар чөлөө хүсэх үед Улаанбаатар хот руу сургалтад явахыг зөвшөөрсөн гэж гэрч Б.Есерхан нь дээрх байдлаар мэдүүлсэн боловч нь ажил олгогч чөлөө олгосон нь өөр бусад байдлаар тогтоогдоогүй, эсрэгээр нэхэмжлэгчид Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажил олгогчоос чөлөө олгоогүй нь, нэхэмжлэгчид тухайн үед чөлөө олгох боломжгүй байсан нь дээрх байдлаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэрч Б.Есерханы мэдүүлгийг үндэслэн хариуцагч нэхэмжлэгчид ажлын 8 хоногийн чөлөө олгосон гэж дүгнэх боломжгүй байна.

 

Дээрх байдлаар ажил олгогчоос хуульд зааснаар чөлөө олгоогүй байхад ажлын 8 хоног ажил тасалж, Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтуудыг нэхэмжлэгч зөрчсөн нь тогтоогдсон ба нэхэмжлэгч энэхүү үйлдлээрээ Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.5-д заасан хуулийг сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг зөрчиж, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргажээ.

 

Түүнчлэн сумын газрын даамал нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх бөгөөд нэхэмжлэгчийн оролцсон гэх Монгол С ХХК-ийн зохион байгуулсан сургалт нь тус компанийн боловсруулсан Уулзалт сургалт зохион байгуулах ажлын удирдамж бүхий баримтаас үзэхэд агнуур зүйн үндсэн ойлголт, байгаль орчин, ан амьтны хамгаалалт, зохистой ашиглалт,ангийн олз, ан агнуурын бүсийн менежментийн төлөвлөгөө, хууль бусаар ан агнахыг таслан зогсоох, нөхөрлөл отгийн үйл ажиллагаа, GPS багажийг ашиглан ан амьтын байршил, мониторингийн судалгааны цэгийг хэрхэн зөв тогтоох зэрэг агуулгатай газрын даамлын ажлын чиг үүрэгт хамааралгүй байна.

 

Уг сургалтад нэхэмжлэгчээс өөр газрын даамлууд оролцоогүй байх ба Улаанхус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Есерханы саналаар Монгол С ХХК нь газрын даамал Д.Тыг сургалтад оролцуулах болсон гэж гэрч Б.Есерхан мэдүүлжээ.

 

Нэхэмжлэгч Д.Т нь Монгол С ХХК-иас газрын даамлын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар зохион байгуулсан сургалтад газрын даамлын хувьд оролцсон нь албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцохыг хориглосон Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасныг зөрчсөн байх ба Монгол С ХХК-ийн үйл ажиллагаа нь манай байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлэх чиг үүрэгт хамааралгүй, уг сургалтад төрийн албан хаагч оролцох ёсгүй гэх хариуцагч талын маргаан үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар төрийн жинхэнэ албан хаагч болох нэхэмжлэгч Д.Т нь Төрийн албаны тухай хуулийн 13, 15 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөнөөр түүнд хуулийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл үүссэн байх ба нэхэмжлэгч ажил тасалсан зөрчлийг давтан гаргасан, урьд гаргасан энэ төрлийн зөрчилд 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын Б/22 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулснаас хойш хуулийн 26.6-д заасан хугацаа өнгөрөөгүй буюу өмнөх зөрчлийн хувьд сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа өнгөрөөгүй байх тул 26.1-д заасан ...тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг давтан үйлдсэнийг харгалзан маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх ба маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн шийдвэр биш байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан 2017 оны 09 дүгээр сард шалтгаангүйгээр гурван хоног ажил тасалсан гэх зөрчилд Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын дарга сахилгын шийтгэл ногдуулсан, энэ талаарх 2017 оны Б/22 дугаар тушаалыг хариуцагч гаргаагүй нь нэхэмжлэгч дээрх төрлийн сахилгын зөрчил гаргасныг үгүйсгэхгүй тул нэхэмжлэгчийн сүүлд гаргасан ажлын 8 хоног ажил тасалсан зөрчлийг анх удаа гаргасан гэж үзэхгүй, иймээс энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргааныг үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан ба хариуцагч уг зөрчлийн талаар 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн, 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сахилгын шийтгэл ногдуулах боломжтой, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сараас илүү хугацаа өнгөрсөн байхад 07 дугаар сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн 26.4-т заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгч талын маргааныг дараах байдлаар дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ажил тасалсан зөрчлийг хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мэдсэн байх боловч уг зөрчил 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл үргэлжилсэн, өөрөөр хэлбэл 05 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө нэхэмжлэгчийн гаргасан зөрчил дуусгавар болоогүй бөгөөд нэхэмжлэгч 05 дугаар сарын 29, 30,31, 6 дугаар сарын 4, 5-ны ажлын өдрүүдийг нэмж тасалснаар 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлсэн зөрчил 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл үргэлжилсэн байна.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах хуулийн 26.4-т заасан илрүүлснээс хойш 1 сарын хугацааг 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж тоолох нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил арилсан өдрөөс эхлэн хуульд заасан хугацааг тоолох нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн гаргасан зөрчил арилсан 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хугацааг тоолоход зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дуусахаар байна.

 

Хариуцагчаас хуулийн 26.4-т заасан хугацаанд буюу 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан зөрчил, түүнд сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж газрын даамал Д.Тад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн, тухайн хурлын үеэр нэхэмжлэгчээс тодорхой шалтгаан дурдаж, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажлаас халахгүй байхыг хүсэж санал гаргасан нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл, нэхэмжлэгч Д.Тын үйлдсэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн огноотой баримт, уг хуралд оролцсон гэрч Ж.Естай, Х.Асхар, Х.Айнур нарын мэдүүлгээр тогтоогдож, нэхэмжлэгч хугацааны хувьд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сахилгын шийтгэл ногдуулахгүй байхыг хүсэж бичгээр гаргасан саналыг хариуцагч албаны өрөөндөө байхад хүчээр бичүүлсэн, энэ үед өөр хүн байгаагүй гэх нэхэмжлэгчийн маргаан дээр дурдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй гэж маргасан боловч төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т заасан сахилгын зөрчил ногдуулах үндэслэл бий болсон нөхцөлд тухайн төрийн албан хаагч ажлаас чөлөөлөгдөх талаар бичгээр хүсэлт гаргасан байхыг шаардахгүй бөгөөд нэхэмжлэгчийн үйлдсэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн баримтыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд уг баримт нь захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг хэлэлцсэн хурал болсон 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн, агуулгаараа нэхэмжлэгч ажил тасалсан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, улмаар хугацааны хувьд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөх тухай байна.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааны талаарх саналыг харгалзан түүнд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсныг хуулийн 26.4-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул Б/24 дугаартай тушаалыг хүчингүй болгох үндэсгүй юм.

 

Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа тус ажиллагаанд оролцогчийг татан оролцуулах, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөлийг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох зэрэг ажиллагаа явуулахаар заасан ба дээрх ажиллагаа явуулахад шаардагдах тодорхой хугацаа нь хуулийн 26.4-т заасан хугацаанд хамаарахгүй юм.

 

Хариуцагч аймгийн төвд, харин нэхэмжлэгч аймгийн төвөөс алслагдмал оршдог Улаанхус суманд ажилладаг байх ба нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчилд хамаарах нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой зарим нотлох баримтыг захиргааны байгууллагаас цуглуулсан, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хурал хийж, нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчлийг хэлэлцсэн, уг хуралд нэхэмжлэгчийг оролцуулж, түүний гаргасан гэх зөрчлийн талаарх санал тайлбарыг сонссон зэргээр захиргааны байгууллагаас шийдвэр гаргахад шаардагдах Захиргааны ерөнхий хуульд заасан тодорхой үйл ажиллагааг явуулсан байх тул энэ нөхцөлд мөн хариуцагчийг хуулийн 26.4-т заасан хугацааг хэтрүүлж сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээргүй байна.

 

Нэхэмжлэгч талын Захиргааны ерөнхий хуулийн 13, 15, 26, 27 заасан ажиллагааг зохих ёсоор захиргааны байгууллагаас хийгээгүй гэх маргаан нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх, түүнд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй дурдах нь зүйтэй.

 

Мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Хөдөлмөрийн дотоод журмын[7] Аравын 10.2.3-т ахлах ня-бо нь ажил тасалсан ажилтны ажиллаагүй цагийг нэгтгэн тооцож, уг хугацаанд ноогдох хөлсийг түүний цалин хөлснөөс нь хасаж тооцохоор заасан байх ба захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн ажиллаагүй ажлын 8 хоногт ноогдох цалинг түүний 2018 оны 06 дугаар сарын цалингаас хасаж тооцсон нь нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдол биш юм.

 

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж заасан тул нэхэмжлэгч ажил тасалсан зөрчил гаргасны улмаас ажлын 8 хоног албан үүргээ хэрэгжүүлээгүй нь төрөөс энэ хугацааны цалин олгохгүй байх үндэслэл болно.

 

Иймээс маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулсныг нэг төрлийн зөрчилд давхар сахилгын шийтгэл ногдуулсан гэх үзэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан нь мөн үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.5, 15 дугаар зүйлийн 15.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Тын тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/24 дугаартай Д.Тыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, Д.Тыг Улаанхус сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоох тухай-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 35-36 дугаар хуудас

 

[2] Хэргийн 17 дугаар хуудас

 

[3] Хэргийн 121 дүгээр хуудас

 

[4] Хэргийн 7 дугаар хуудас

 

[5] Хэргийн 134 дүгээр хуудас

 

[6] Хэргийн 49-50 дугаар хуудас

 

[7] 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журам