| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0269/З |
| Дугаар | 221/МА2026/0494 |
| Огноо | 2026-07-21 |
| Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2026/0494
“Т г” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А
Нэхэмжлэгч: “Т г” ХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга
Гуравдагч этгээд: “Э т” ХХК
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0309 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Б.М,
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Э.Б,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдэн төлөөлөгч Р.А,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0269/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/309 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т г” ХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн "Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн "Э т" ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хүчингүй болсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А-оос дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
2.1. “...Нэг. Анхан шатны шүүх, Хариуцагч Төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын 2022.11.29-ны өдрийн 552 дугаар шийдвэрийг үндэслэлгүйгээр хүчингүй болгон шийдвэрлэсэн гэж үзнэ. Учир нь: Талуудад холбогдох маргааныг шат шатны шүүхээр буюу 2020.07.01-ны Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэр/6 сар/, Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэрээр /02 сар/ хугацаагаар тус тус түдгэлзүүлэн шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр хэвээр үлдээж, Хяналтын шатны шүүхээр татгалзан шийдвэрлэсэн.
Улмаар, Хариуцагч хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд лиценз эзэмшигч “Э т” ХХК болон хөрш нэхэмжлэгч “Талын тал” ХК-иудын маргааны асуудлыг өөрсдийн журмын дагуу нягтлан шалгасны эцэст 2022.11.29-ны өдөр №552 дах шийдвэрээр “Э т” ХХК-д лицензийг сэргээсэн. Энэ процесс ажиллагааг Захиргааны байгууллага, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай, шүүгчийн захирамжийн дагуу, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шаардлага, өөрсдийн ажил хэргийн хүрээнд нягтлан шалган хэлтэс албад, хяналт шалгалтаараа хэлэлцэн 10 гаруй этгээд зохих журмаараа хэлэлцэн албажуулсны үндсэн дээр № 552 шийдвэрийг гаргасан. Гэтэл шүүх лицензийг захиргааны байгууллага сэргээн шийдвэрлэхдээ аливаа ажиллагаа огт хийлгүйгээр шүүхийн шийдвэр биелүүлэх нэрийдлээр лицензийг сэргээсэн байна гэж № 552 шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй./шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14-15 талд/ Нөгөө талаас нь харвал Анхан шатны шүүх, шүүхийн шийдвэр биелүүлсний үр дагаврыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гараад, гүйцэтгэх хуудас бичигдээд биелүүлэхээр,нэрийн төдий биелүүлсэн байна гээд шүүх нь хүчингүй болгохоор шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх газар гэж байх нь утгагүй боломжгүй юм уу гэж харж, шүүгчийг хардаж байна./зохих журмаар шалгуулна/ Хуульд, Шүүхийн биелэгдсэн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөлөөр шалгуулсны үндсэн дээр дахин шүүх хуралдаан хийж шийдвэрлэдэг хуультай юм байна гэж гуравдагч этгээд ойлгож байна.
Хоёр. Шүүх, Улсын дээд шүүхийн 6 сар түдгэлзүүлсэн болон Анхан шатны шүүхийн 02 сараар түдгэлзүүлсэн шийдвэрийн дагуу Захиргааны байгууллага холбогдох маргааныг шийдвэрлэх хянан шалгах хэмжих ч юм уу талуудын эрх ашгийг хэрхэн хөндөгдөж буй талаар ажиллагаа хийгээгүй байна гэж дүгнэж нэхэмжлэлийг хангасан атлаа гуравдагч этгээдийн 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл лиценз эзэмшиж төлбөр мөнгөө төлж ирсэн, гуравдагч этгээдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго зорилт -д заасан хүн хуулийн этгээдийн зөрчигдсөн болон зөрчигдөж болзошгүй эрхийг огт харгалзан үзээгүй төдийгүй нэхэмжлэгч "Т г" ХК-ны яг ямар эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн зөрчигдсөн тогтоогдохгүй байхад буюу нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж, ашиглаж буй лицензийн /А/ талтайтай, гуравдагч этгээдийн лиценз/А/ талбай координат огт давхцалгүй байгааг харгалзан үзэлгүй зөвхөн шүүхийн шат шатны түдгэлзүүлсэн шийдвэрийн дагуу ажиллагаа хийгээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчлөө гэж үзэж машид гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдэд Ашигт малтмалын газраас олгогдсон А №140** лицензийн талбар координат, нэхэмжлэгч талын эзэмшиж ашиглаж буй А лицензийн координаттай огт давхцал байхгүй.
Харин нэхэмжлэгчийн А лицензээр эзэмшдэггүй ч аж ахуйн байр, сав худаг гэх мэт зүйлс байршдаг хэсэгт, гуравдагч этгээдийн А лицензийн талбай хамаарч байгааг Ашигт малтмал кадастр хэлтэс олон удаагийн шалгалтаар нягтлан үзэж 2020.07.01-ны шийдвэрийн дараа ч гэсэн сонсох ажиллагаа явуулж "Э т" ХХК-д олгох нь зүйтэй гэж үзсэн шийдвэр хавтаст хэрэгт байгаагаар тогтоогдоно.
Иймээс шийдвэрийг хянаж, хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Т г" ХК- ийн зүгээс анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар "Т г" ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын дарга /хуучин нэрээр/-ын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн "Э т" ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.6-д зааснаар хүчингүй болсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байдаг.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Тал булаг-1 нэртэй 1391 га талбайд ашигт малтмалын хайгуулын 5743Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2003 оны 05 дугаар сарын 11-ний өдөр "Э т” ХК-д олгосон. Тус компани нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ бүхэлд нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр өргөдөл гаргасныг өргөдлийн бүртгэлийн 22073А дугаарт бүртгэн авч хянан үзсэний үндсэн дээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга /хуучин нэрээр/- ын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн "Өргөдлийг хянан, ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгох тухай" 1346 дугаар шийдвэрээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Тал булаг нэртэй 1391 га уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын MV-0140**тусгай зөвшөөрлийг "Э т" ХХК-д олгосон.
"Э т" ХХК-иас ашигт малтмалын ашиглалтын MV-0140**дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдөл гаргасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 289 дүгээр шийдвэрээр талбайн тодорхой хэсгийг буцаан авч ашигт малтмалын ашиглалтын MV-0140**тусгай зөвшөөрлийн нийт талбайн хэмжээ 692.42 га болсон байна. "Т г "ХК-иас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж "Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга /хуучин нэрээр/-ын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн "Э т" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хянан хэлэлцээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2020/0453 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон шийдвэрийн нэг дэх заалтаараа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасныг баримтлан АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын /хуучин нэрээр/ 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн "Э т" ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, хоёр дахь заалтаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга / хуучин нэрээр /-ын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн "Э т" ХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болохыг дурдсугай хэмээн шийдвэрлэсэн байдаг.
Гуравдагч этгээд "Э т" ХХК-ийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.
Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн танхим 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 32 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 558 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 07 ны өдрийн "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай "169 дүгээр шийдвэрээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 453 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 32 дугаар тогтоолыг биелүүлж Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн "Э т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14 дэх хэсэг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 19 тоот мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны Өдрийн 4-126/7139 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэр гарсан байна. Үүний дараа "Э т" ХХК-иас уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 Дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэрээр "Э т" ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21/02 тоот албан бичиг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/06 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газар /хуучин нэрээр/-ын даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн "Э т" ХХК-д холбогдох хэсэг, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн хэлтси даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэр хүчингүй болсонд тооцох гэж шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 388 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2024/0326 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр захирамж, гүйцэтгэх хуудас гарсан байдаг.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0142 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2024/0388 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” 001/ШХТ2024/0326 дугаар тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102 дугаартай шүүхийн мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 04- 126/26580 дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэл, "Э т" ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 89/01 тоот албан бичгийг тус тус үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаар шийдвэрээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт байсан. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0309 дугаартай шийдвэрээр дээр дурдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 552 дугаартай шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж хариуцагч үзэж байна.
Учир нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай" 001/ШХТ2024/0326 дугаар тогтоол хүчин төгөлдөр болж 2 сарын хугацаа нь Дууссан байдаг. Тодруулбал: Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.9- т "Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусах бөгөөд хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна" гэж заасан ба 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нь амралтын өдөр байсан бөгөөд хуульд заасан дээрх үндэслэлээр маргаан бүхий Кадастрын хэлтсийн даргын 552 дугаар шийдвэр нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буюу тухайн сарын эцсийн ажлын өдөр байсныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
Мөн "Т г" ХК, "Э т" ХХК-ийн тусгай зөвшөөрлүүд нь өөр хоорондоо ямар нэгэн байдлаар давхацсан зүйл байхгүй байсан бөгөөд "Т г" ХК-ийн зүгээс дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар түүний ямар эрх ашиг, сонирхол зөрчигдсөн, сэргэх эрх байгаа эсэхийг тодруулаагүйд гомдолтой байна. Мөн "Э т" ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход шаардлагатай баримт бичиг болох хайгуулын ажлын тайланг хүлээж авсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн тэмдэглэл байгууллагын шийдвэрийг хуурамчаар үйлдсэн гэх эрх бүхий байгууллагын болон төрийн захиргааны дүгнэлт шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй, тийм үйл баримт байхгүй байхад анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж ажиллаагүй гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх" гэж, 107.6-д "Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана" гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан Кадастрын хэлтсийн даргын 552 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасны дагуу "анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч “Т г” ХХК шүүхэд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 552 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа шаардлагаа ихэсгэж “Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн “Э т” ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болгосон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” гэж нэмэгдүүлжээ.
2. Анхан шатны шүүхээс “Т г” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 552 дугаартай “шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн “Э т” ХХК-д холбогдох хэсэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хүчингүй болсон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул гуравдагч этгээд болон хариуцагчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3. Хэргийн үйл баримтын талаар:
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 607 дугаар шийдвэрээр “Т г” ХХК-ны Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс “Э т” ХХК-ийн 14209А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “Э т” ХХК-ийн 14209А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргахыг даалгах, “Э т” ХХК-д 14209А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг,
3.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 813 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан,
3.3. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 813 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
3.4. Хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 453 дугаар шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн “Э т” ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн “Э т” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэснийг,
3.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 558 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг,
3.6. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 558 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2020 оны 453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.
3.7. Дээрх шүүхийн шийдвэрүүдийн дараа “Э т” ХХК-ийн албан бичгүүдээр гаргасан хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн “Э т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
3.8. Үүний дараа “Э т” ХХК-ны зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр ... Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн “Э т” ХХК-д холбогдох хэсэг, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэр хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэжээ.
3.9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 388 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг, Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 326 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзаж анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
3.10. Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 552 дугаар “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
4. Дээрх үйл баримтуудаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын газрын даргын 2008 оны 1346 дугаар шийдвэрийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар, 2022 оны 169 дүгээр шийдвэрийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар тус тус түдгэлзүүлж шийдвэрлэж байсан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд уг шийдвэрүүд хүчингүй болох талаар шүүхийн шийдвэрүүдийн тогтоох хэсэгт заасан байна.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг хариуцагч байгууллага зөрчиж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.
6. Шүүхээс маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаа тогтоож түдгэлзүүлсэн тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагын зүгээс маргаан бүхий актыг гаргах болсон хууль зүйн үндэслэл, холбогдох баримт нь хуулийн шаардлага хангасан эсэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэх, хуурамч баримт материал бүрдүүлж өгсөн эсэх зэрэг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхойлсон ба уг хуулийн 11.1.14-т “ хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийн бүрдүүлэх” зэрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна.
7. Тухайлбал Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийн хувьд шүүхийн шийдвэрт заасны дагуу хүчингүй болсон 2008 оны 1346 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон нь тодорхой эрх зүйн үйлчлэлгүй захиргааны акт гэж үзэхээр байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр Монгол улсын Дээд шүүхээс уг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн хугацаа буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон байх бөгөөд анхан шатны шүүхээс хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий 1346 дугаар шийдвэрийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, уг 6 сарын хугацаа нь 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусан байх тул шүүхийн шийдвэрт заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 1346 дугаар шийдвэрийн “Э т” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохоор заасан тул шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон захиргааны актыг дахин хүчингүй болгосон өөрөөр хэлбэл уг маргаан бүхий актын хувьд хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй шүүхийн шийдвэр биелэгдээгүй гэж дүгнэхээр байна.
8. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 169 дүгээр шийдвэрийн хувьд шүүхээс дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад хариуцагчийн зүгээс шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргахын тулд маргаан бүхий 1346 болон 169 дүгээр шийдвэртэй холбоотой ажлын хэсэг томилж, маргаан бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд баримтын болон газар дээрх хяналт шалгалтыг хийж, холбогдох шийдвэрийг гаргах байтал уг ажиллагааг огт хийлгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гэх нэрийдлээр маргаан бүхий 552 дугаар шийдвэрийг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлж шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн маргааныг дагуулсан гэж дүгнэхээр байна.
8.1 Тухайлбал хариуцагчийн зүгээс “Э т” ХХК-д 1346 дугаар шийдвэрээр олгосон ашигт малтмал ашиглалтын 14209А дугаар тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “...ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 25.1.5-д “хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр...” гэж зааснаар гуравдагч этгээд “Э т” ХХК нь дээрх тусгай зөвшөөрлийг авахдаа хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүсэлтдээ хавсаргаагүй болох нь тогтоогдсон, ажлын хэсгийн дүгнэлтийн талаар өмнө нь шүүхийн шийдвэрээр дүгнэсэн байна.
9. Анхан шатны шүүхээс “... Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1346 дугаар шийдвэрийн “Э т” ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болгосон эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ний 1020 дугаар захирамжаар татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 205 дугаар тогтоолоор 54.1.6 гэснийг 54.1.1 гэж өөрчилж бусад хэсгийг нь хэвээр үлдээж шийдвэрлэжээ...Энэ тохиолдолд нэхэмжлэлийн тус шаардлагын талаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “...тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн дээрх шүүхийн шийдвэр, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул...” шийдвэрийн “Э т” ХХК-д холбогдох хэсэг нь хүчингүй болсон эрх зүйн харилцаа байгааг тогтоолгох тухай шаардлагыг захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүхийн хүчин төгөлдөр тогтоолтой байх тул нэгэнт шийдвэрлэгдсэн үйл баримтыг шүүхээс дахин дүгнэх үндэслэлгүй байна ... гэж дүгнэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
10. Гуравдагч этгээд “Э т” ХХК-иас давж заалдах гомдолдоо “... хариуцагч хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд “Э т” ХХК болон хөрш нэхэмжлэгч “Т г” ХХК-ний маргааны асуудлыг өөрсдийн журмын дагуу нягтлан шалгасны эцэст 2022.11.29-ны өдөр 552 дах шийдвэрээр “Э т” ХХК-ний эрхийг сэргээсэн ... 552 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй ... нөгөө талаас нь харвал анхан шатны шүүх шүүхийн шийдвэр биелүүлсний үр дагаврыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гараад гүйцэтгэх хуудас бичигдээд биелүүлэхээр нэрийн төдий биелүүлсэн байна гээд шүүх нь хүчингүй болгохоор шүүх, шүүхийн шийдвэр биелүүлэх газар байх нь утгагүй, боломжгүй юм уу гэж харж шүүгчийг хардаж байна ... нэхэмжлэгч “Т г” ХХК-ийн яг мар эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зөрчигдсөн нь тогтоогдохгүй байхад .... талбай координат огт давхцалгүй байгааг харгалзан үзэлгүй ... түдгэлзүүлсэн шийдвэрийн дагуу ажиллагаа хийгээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчлөө .. “ гэх гомдол хариуцагчийн “ ... Мөн “Т г” ХХК болон “Э т” ХХК -ний тусгай зөвшөөрлүүд өөр хоорондоо ямар нэг байдлаар давхацсан зүйл байхгүй байсан бөгөөд “Т г” ХХК-ний зүгээс дээрх нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар түүний ямар эрх ашиг сонирхол зөрчигдсөн, сэргэх эрх байгаа эсэхийг тодруулаагүйд гомдолтой байна ... Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг хуурамчаар үйлдсэн гэх эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нөхцөл байдлыг тодруулах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 ... 107.6-д...заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж гарсан Кадастрын хэлтсийн даргын 552 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлтэй ...” гэх гомдлыг тус тус шүүхээс хүлээн авах боломжгүй, гуравдагч этгээд болон хариуцагчийн дээрх гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0309 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
,