Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/238

 

 

 

 

 

                                             2023/ШЦТ/238

 

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа

Шүүгдэгч: Н.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Нийн Жд холбогдох 2312000000152 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ........... тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ц овогт Нийн Ж /РД:АЕ........./

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ж нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт байрлах .... хашаанаас хохирогч Д.Нгийн эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж 2 тооны ямааг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, хохирогчид 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:       

 

Хохирогч Д.Нгийн мэдүүлсэн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 17 цагийн үед өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн ...... тоот гэртээ байх үед манай 7 настай хүүхэд Л гэрт орж ирээд ээж манай ямаанууд хашаанаас гараад явчихад ямаануудыг хайтал манай хашааны эгц хойд талд хашаан байдаг Нийн Ж ахын хашаанд орчихсон байна гэж хэлсэн. Би гэрээс гараад Н.Ж ахын хашаанд ороод ямаануудаа тууж гаргахад 7 тооны ямаанаас 2 тооны ямаа байхгүй байсан. Би Ж ахаас 7 тооны ямаа байх ёстой гэж асуутал Ж ах 5 тооны ямаа манай хашаанд ирсэн, 2 тооны ямааг чинь мэдэхгүй байна гэж хэлсэн. Би ямаагаа гадуур зөндөө хайсан боловч олоогүй юм. 1 цагийн дараа манай нөхөр болох М гэрт орж ирэхээр нь би 2 тооны ямаа олдохгүй байгаа гэж хэлсэн. М гэрээс гарч яваад хэсэг хугацааны дараа гэрт орж ирээд Ж ах манай 2 тооны ямааг алаад арьсыг хуулчихсан байна, би амбаар руу нь орж харлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/,  гэрч  Н.Мын мэдүүлсэн "...2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 16 цагийн үед Бодонт багийн Сүүжийн ам газраас ...........тоотод очоод гэртээ ороход хүн байгаагүй. Би гэртээ ганцаараа сууж байхад миний эхнэр болох Нг гаднаас орж ирээд манай сумын төвд тэжээж байгаа 7 тооны ямаа хойд талын хашааны Ж ахын хашаанд ороод гарч ирэхдээ 2 тооны ямаа дутаж гарч ирлээ одоо яах вэ гэж хэлсэн. Би гэрээс гараад Ж ахын хашаанд ороод 2 тооны ямаагаа хайхад Ж ахын амбаарнаас манай 2 тооны ямааг алаад арьсыг нь өвчсөн байдалтай байсан. Ж ахаас та яагаад миний 2 тооны ямааг алаад өвчсөн бэ гэж асуухад Ж ах, ах нь согтуудаа танай 2 тооны ямааг авчихсан юм, арьсыг зараад уучихсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Н.Жын мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээж яллагдагчаар мэдүүлсэн “ ...Тогтоолтой уншиж танилцлаа. Би гэм буруу дээр маргахгүй. Миний үйлдэлд тохирч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаартай “Алдагдсан үхрийн үнийг 280.000 төгрөгөөр тогтоосон” дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 

 

Шүүгдэгч Н.Ж нь бусдын 2 тооны ямаа буюу бог малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг шинжийг хангаж байх бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлттэй хэргийг үйлдсэн гэж үзлээ. 

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Жыг бусдын малыг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Н.Жыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Жд 280.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Н.Ж нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч хохирлоо авсан, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нэхэмжлэх талаар мэдүүлсэн боловч энэ талаар шүүхэд нотлох баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй юм. Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид ээрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Ж нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Н.Жд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаврын хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Нийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн ...... нутаг дэвсгэрээс явахыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Жд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Н.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хорхирогч нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нарт шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР