Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/323

 

 

 

 

 

                                         2023/ШЦТ/323

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.А, О.Б      

Өсвөр насны шүүгдэгч: С.Б, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А овогт Сын Б, Л овогт Бгийн Б нарт холбогдох эрүүгийн 2312000000320 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2006 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Архангай аймгийн Тариат сумын ......, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Архангай аймгийн ......... газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Л овогт Бгийн Б/РД:АЙ......../,

 

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 2006 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, Архангай аймгийн Тариат сумын ......, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн .......... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал гүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А. овогт Сын Б/РД:А3......./,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч С.Б, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 10 дугаар сарын 31-ний орой Архангай аймгийн Тариат багийн нутаг дэвсгэрт байрлах .... гадна иргэн С.Б, Б.Б нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Өсвөр насны шүүгдэгч  Б.Б, С.Байрсайхан нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч С.Бы“...Тэгтэл сургуулийн гадаа надтай зөрсөн 12б ангийн Б.Б гэдэг хүүхэд “гараад ир” гэж дуудсан. Намайг сургуулиас гарч хойшоо голын эрэг рүү дагуулж очоод юу ч ярилгүй намайг 2 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би гарыг нь барьж аваад “тайван байж бай би чамд тайлбарлая” гэж хэлсэн чинь “би өөрийн юмандаа харам шүү” гэсэн. Тэгээд дараа нь дахин 1 удаа хүчтэй цохисон чинь би газар 4 хөллөж унасан. Намайг унасан байхад дээрээс 2-3 удаа толгой руу өшиглөж, гараараа хүчтэй цохиод байсан. Тэгээд миний толгой эргэж манаралттай байдалтай нэлээд хугацаа өнгөрч байтал машины гэрэл туссан чинь бүгд зугтааж тарцгаасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/, насанд хүрээгүй хохирогч Б.Бийн”...Тэгээд миний үерхэж байсан охин С.Бтай хамт явж байхаар нь миний уур хүрч сургууль руу орж С.Быг дуудаж гаргаж ирээд сургуулийн хойшоо дагуулж яваад 00 хажууд очиж байгаад С.Бы нүүр хэсэг рүү нь гараа атгаж байгаад цохисон. Тэгсэн чинь С.Б яваад өгөхөөр нь “чи байж бай” гээд араас нь очсон чинь намайг нэг удаа шанаадаад авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохиод авсан чинь манай найз О.Б ирээд салгасан. Миний зүүн хөмсөг сэтэрсэн. С.Б намайг нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг/хх-ийн 13 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч О.Бын”...Манай ангийнхан сургуулиас дагаад гартал 12 дугаар ангийн сурагч Б.Б нь 12 ангийн сурагч С.Быг сургуулийн 00-ын хажууд дагуулж ирснээ ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр шууд шанаадсан. Тэгсэн чинь С.Б сургууль руу алхаад яваад өгсөн. Араас нь “байж бай” гээд Б.Б дуудаад байсан ба С.Бы араас очсон чинь С.Б Б.Бийг цохиод авсан. Тэгээд Б.Б С.Быг дахин цохиод авах шиг болсон. Тэр хоёрыг ангийнхан очиж салгасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/, гэрч М.Лсүрэнгийн”...Би Б.Бийг зодоон хийсэн талаар сүүлд мэдсэн. Тэгсэн цагдаа дээр мэдүүлэг өгөөд зодуулсан гэх хүүхдэд эмчилгээний мөнгө болох 500.000 төгрөгийг өгсөн. Тэндээ асуудал шийдэгдсэн гэж бодож байсан чинь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн цагдаагаас дуудаад байна гэхээр нь би хамт өнөөдөр ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар тал/, өөрсдийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч нарын мэдүүлэг, хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 396, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 420 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Өсвөр насны шүүгдэгч С.Б, Б.Б нар нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Архангай аймгийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч С.Б, Б.Б нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул өсвөр насны шүүгдэгч С.Б, Б.Б нарыг харилцан зодоон хийж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч С.Б, Б.Б нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Насанд хүрээгүй хохирогч С.Б, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан, Өсвөр насны шүүгдэгч С.Б, Б.Б нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцов. Өсвөр насны шүүгдэгч С.Б, Б.Б нар нь өөрсдийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, тэдгээрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.  

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал нь хуульд нийцсэн байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч А овогт Сын Б, Л овогт Бн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч С.Б, Б.Б нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

 

3. Өсвөр насны шүүгдэгч С.Б, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд өсвөр насны шүүгдэгч С.Б, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР