Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 691

 

 

 

 

 

 

   2020         5             28                                            2020/ДШМ/691

 

О.А, О.Ч, Б.Ч

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямбат,

шүүгдэгч О.Ч,

шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг,

шүүгдэгч О.Ч, өсвөр насны шүүгдэгч Б.Ч нарын өмгөөлөгч Б.Баттөмөр, шүүгдэгч О.Чинболдын хууль ёсны төлөөлөгч А.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч О.Ч, өсвөр насны шүүгдэгч Б.Ч, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баттөмөр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч О.А, О.Ч, Б.Ч нарт  холбогдох эрүүгийн 1908034111464 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 1. Боржигин овгийн О.А, 2001 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Амина-Урлан” ХХК-нд оёдолчноор ажилладаг, ам бүл 7, эмэг эх, эх, эгч, ах, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 18 дугаар гудамжны 0342 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УП01272914/;

2. Дархчуул овгийн О.Ч, 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Хасу Мегаватт” ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 7, эмэг эх, ах, эгч, дүү нарынхаа хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 38 дугаар гудамжны 0647 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УИ00301019/;

3. Боржигин Нуур овгийн Б.Ч, 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 нас 7 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Барилгын политехник коллежийн гагнуурын ангийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Очир-2 хорооллын 269 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УХ03302036/;

1. О.А, Б.Ч, О.Ч нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүүхээ гутал хувцасны дэлгүүрийн урд талын гадаа зогсоол дээр байсан 33-46 УНП улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуй, обудыг дугуй өргөгч, дугуй тайлагч түлхүүр ашиглан салган авч явахдаа 42-80 УНЧ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгсэл машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан иргэн Б.Мөнхбаярт 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. О.А, Б.Ч, О.Ч нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 23-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өнөр хорооллын 33 дугаар байрны 4 дүгээр орцны гадаа зогсоол дээр байсан 93-56 УБГ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн зүүн урд талын болон баруун хойд талын дугуй, обудыг дугуй өргөгч, дугуй тайлагч түлхүүр ашиглан салган авч явахдаа 42-80 УНЧ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгсэл машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан иргэн Д.Хуланд 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. О.А, Б.Ч, О.Ч нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 23-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өнөр хорооллын 33 дугаар байрны 3 дугаар орцны гадаа зогсоол дээр байсан 77-75 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуй, обудыг дугуй өргөгч, дугуй тайлагч түлхүүр ашиглан салган авч явахдаа 42-80 УНЧ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгсэл ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан иргэн Д.Батмөнхөд 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. О.А, Б.Ч, О.Ч нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 27 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан 28-55 УБЯ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн баруун хойд дугуй, обудыг дугуй өргөгч, дугуй тайлагч түлхүүр ашиглан салган авч явахдаа 42-80 УНЧ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгсэл машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан иргэн Ц.Нармандахад 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.А, О.Ч, Б.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дархчуул овогт О.Ч, Боржигин Нуур овогт Б.Ч, Боржигин овогт О.А нарыг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Ч, О.А тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чод оногдуулсан 2 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж түүний эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч, О.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чод оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чод хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ч нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 42-80 УНЧ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Л.Үүрцайхад буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 12.600.000 /арван хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч О.Ч, О.А, Б.Ч нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 4.200.000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг данхраад, 1 ширхэг торцов зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ тогтоол нъ уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Чод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч О.Ч, О.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тус тус тоолохоор шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...О.А, Б.Ч, О.Ч нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, О.А, О.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял, Б.Чод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чод оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, түүний эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт “зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгслийг хамааруулж ойлгоно” гэж хуульчлан заасан.

Автомашины домакрат, торцов зэрэг нь дээрх тайлбарт заасан аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтаар бүтээгдсэн эд зүйлийн шинжийг хангахгүйгээс гадна шүүгдэгч нар нь дээрх эд зүйлийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг биш, харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийг хялбарчлах зорилгоор ашигласан болох нь тогтоогдсон байхад шүүхээс уг шинжээр гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Өлзийхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч О.Ад 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон. 2020 оны Эрүүгийн хууль буюу нэмэлт өөрчлөлт орсон хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэж өсвөр насны шүүгдэгч О.Амин-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү.

О.А нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр охинтой болсон бөгөөд түүний охин нь зүрхний гажигтай, байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хавсаргасан. ...” гэв.

Шүүгдэгч О.Ч, өсвөр насны шүүгдэгч Б.Ч, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баттөмөр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Иймд тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын эзэмшлийнх бус, хураан авч улсын орлого болгох үндэслэлгүй байх тул иргэний нэхэмжлэгч Л.Үүрцайхад буцаан олгож, харин шүүгдэгч О.Ч. Б.Ч, О.А нараас уг тээврийн хэрэгслийн үнэ болох 12.600.000 төгрөгийг хувь тэнцүүлэн /12.600.000:3=4.200.000/ хүн тус бүрээс 4.200.000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв. Учир нь,” гээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгийг удирдлага болгосон байдаг. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заажээ. Энэхүү заалтаас харвал нэгдүгээрт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг нөхөн төлүүлэх, хоёрдугаарт бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн хоёр зорилгоор хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхээр зохицуулсан гэж ойлгогдож байна. Шүүгдэгч нарын хувьд хохирлоо нөхөн төлсөн ба иргэн Л.Үүрцайхын автомашин нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого биш төдийгүй, уг автомашиныг эзэнд нь буцаан өгсөн учир ямар нэгэн хохирол учраагүй. Иймд энэхүү заалтад хуульчилсан аль зорилгыг хангахын тулд хүн тус бүрээс 4.200.000 төгрөг гаргуулж байгаа нь тодорхойгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг “...гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг албадан гаргуулна” гэж ойлгоод байгаа юм. Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын нийт дүн нь 740.000 төгрөг. Гэтэл гаргуулахаар шийдвэрлэсэн мөнгөн дүн нь 4.200.000 төгрөг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого нь бусдын өмчлөлд шилжсэн бол эд зүйлийг үнэлж, албадан гаргуулна гэж заасан. Гэтэл иргэн Л.Үүрцайхын автомашины хувьд анхнаасаа л түүний хөрөнгө байсан ба бусдын өмчлөлд шилжүүлсэн зүйл байхгүй. Нэгэнт шилжүүлээгүй болохоор үнэлгээ хийлгэж, төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна.

Машин механизм ашигласан гэдэг үндэслэлээр зүйлчлэл нь хүндэрч, оногдуулах ял нь ч хүндэрсэн байхад хорих ял дээр нэмж дахиад албадлагын арга хэмжээ хэрэглэж, нэг шүүгдэгчийг 4.200.000 төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүйгээс гадна ар гэрийн санхүүгийн боломж муу шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна. О.Чий хувьд эх Оюунгэрэл нь хүнтэй сууж, хүүхдээ харж гэртээ байдаг буюу ажилгүй. Аав Батжаргал нь мөн эхнэр авч, тусдаа амьдардаг. Тэрээр хорих ялаар шийтгэгдсэний улмаас ажлаа хийх боломжгүй болсон. Тиймээс тэрээр хичнээн үлгэр жишээ хүмүүжсэн ч төлбөрөө төлөхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд заасан боломжийг эдлэх боломжгүй.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/300 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, 1 жилийн хорих ялыг хойшлуулж, тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Чоос: “...Шүүх хуралдаанд хэлэх зүйлгүй. ...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Чын хууль ёсны төлөөлөгч Б.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Б.Ч, О.Ч нарын эцэг нь байна. Би 3 хүүхдээ хараад гэртээ байдаг бөгөөд ажил хийдэггүй учир хохирлын мөнгийг төлөх чадваргүй. Төлбөрийн чадваргүй байдлыг маань харгалзаж үзнэ үү. ...” гэв.

Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Харин шийтгэх тогтоолд дурдсан “өргөгч / домакрат/, дугуй тайлагч түлхүүр /торцов/ хоёрыг зэвсгийн чанартай хэрэглэсэн” гэснийг “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож” гэж өөрчилж өгнө үү. Өргөгч /домакрат/, дугуй тайлагч түлхүүр /торцов/ хоёрыг тусгайлан бэлтгэсэн зэвсэг гэж үзэхгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн журмын зохицуулалттай холбоотой зүйл, ангийг буцаан хэрэглэх үндэслэл байхгүй. Иймд шүүгдэгч О.Амин-Эрдэнийн ялыг хойшлуулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ...” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч О.А, О.Ч, Б.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

          Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.  

          Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл, шүүгдэгч О.А, О.Ч, Б.Ч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн домакрат, дугуйн торцов хэрэглэж, машин механизм ашигсан” гэж дүгнэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.

          Шүүгдэгч О.А, О.Ч, Б.Ч нар нь “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тодорхойлсон ба шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн домакрат, торцов нь “тусгайлан бэлтгэсэн” зүйлд хамаарахгүй.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “...учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж...” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.А, О.Ч, Б.Ч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ автомашиныг учрах саадыг арилгах зорилгоор ашиглаагүй, тухайн гэмт хэргийг үйлдсэний дараа автомашинаар хулгайлсан эд зүйлийг зөөсөн байдал нь дээрх гэмт хэргийн шинжид хамаарахгүй гэж дүгнэв.

          Иймд прокуророос шүүгдэгч О.А, О.Ч, Б.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зөвтгөн зүйлчлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

          1. О.А, Б.Ч, О.Ч нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дүүхээ гутал, хувцасны дэлгүүрийн урд талын гадаа зогсоол дээр байсан 33-46 УНП улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуй, обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан иргэн Б.Мөнхбаярт 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2. О.А, Б.Ч, О.Ч нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 23-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өнөр хорооллын 33 байрны 4 дүгээр орцны гадаа зогсоол дээр байсан 93-56 УБГ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн зүүн урд талын болон баруун хойд талын дугуй, обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан иргэн Д.Хуланд 290.000 төгрөгийн хохирол учруулсан,

          3. О.А, Б.Ч, О.Ч нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 23-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Өнөр хорооллын 33 байрны 3 дугаар орцны гадаа зогсоол дээр байсан 77-75 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн баруун хойд талын дугуй, обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан иргэн Д.Батмөнхөд 150.000 төгрөгийн хохирол учруулсан,

          4. О.А, Б.Ч, О.Ч нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 27 дугаар байрны гадаа зогсоол дээр байсан 28-55 УБЯ улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийн баруун хойд дугуй, обудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан иргэн Ц.Нармандахад 150.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Б.Мөнхбаярын “...Би 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 22 цагийн орчим өөрийн эзэмшлийн 33-46 УНП улсын дугаартай, сувдан цагаан өнгийн гадаргуутай “Тоёота Приус 30” загварын автомашинаа Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүүхээ” гутал, хувцасны дэлгүүрийн урд талд байрлуулаад гэртээ орсон бөгөөд автомашинаа байрлуулснаас хойш 2 цаг орчмын дараа гэрээсээ гарч найзтайгаа уулзахдаа өөрийн автомашинаа хажуу талаас нь харахад баруун тал руугаа үл ялиг хазайсан байхаар нь дугуй хагараад эсвэл шороон замын хонхор газарт нь дугуйгаа тааруулж байрлуулсан байх гэж бодоод нэг их тоогоогүй, тулж очиж шалгаагүй яваад өнгөрсөн. Маргааш нь буюу 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн орчим миний гар утасны дугаар руу үл таних дугаараас залгаад “Та 33-46 УНП улсын дугаартай автомашины жолооч мөн үү?, Автомашины чинь обуд, дугуй байхгүй, хулгайд алдагдсан юм шиг байна. Та энэ талаар мэдсэн үү” гэхээр нь гэрээсээ гарч хартал миний автомашины баруун хойд талын обуд, дугуй байхгүй болсон, хулгайд алдагдсан байсан тул Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ...” /1хх-18-20, 76/,

          хохирогч Д.Хулангийн “...Би 2019 оны 6 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 01 цаг 40 минутын орчимд өөрийн амьдардаг орон сууц болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 33 дугаар байрны 4 дүгээр орцны харалдаа байрладаг тоосгон гараажнуудын урд өөрийн эзэмшлийн 93-56 УБГ улсын дугаартай, улаан өнгийн гадаргуутай, “Тоёота Приус 30” загварын автомашиныг байрлуулсан. Тэгээд гэртээ орж амарсан бөгөөд миний өөрийн утсанд танихгүй дугаарын утаснаас дуудлага ирж “таны автомашины обуд, дугуй байхгүй байна” гэхээр нь би гэрээсээ гарч хартал миний автомашины зүүн урд болон баруун хойд талын обуд, дугуй тус тус байхгүй болсон байсан ба доод талд нь тоосго, домакрат гэх мэт эд зүйл байрлуулаагүй байсан. Над руу залгаж хэлсэн хүн миний автомашины хажууд өөрийн автомашинаа байрлуулсан байсан. ... ” /1хх-98-102/,

          хохирогч Д.Батмөнхийн “...Би 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 21 цаг 30 минутын орчимд өөрийн эзэмшлийн 77-75 УНӨ улсын дугаартай сувдан цагаан өнгийн гадаргуутай “Тоёота Приус 30” загварын автомашинаа Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 33 дугаар байрны 3 дугаар орцны үүдэнд байрлуулаад гэр лүүгээ орсон. Тэгээд автомашинаа байрлуулснаас хойш гэрээсээ гарч шалгаагүй бөгөөд маргааш нь буюу 2019 оны 6 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг 50 минутын орчимд гэрээсээ гарч ажилдаа явах гээд автомашиндаа суух гэтэл баруун хойд талын обуд дугуй байхгүй, хулгайд алдагдсан байхаар нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /1хх-177-181/,

          хохирогч Ц.Нармандахын “...Би 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг 20 минутын орчимд “Хас банк”-ны нэр дээр бүртгэлтэй байдаг, өөрийн эзэмшлийн 28-55 УБЯ улсын дугаартай, улаан өнгийн гадаргуутай “Тоёота Приус 30” загварын автомашинаа Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хорооллын 27 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд байрлуулаад гэр лүүгээ орсон. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн орчимд гэрийнхээ цонхоор гадагшаа харж, автомашинаа шалгаж үзтэл сэжигтэй санагдахаар нь гэрээсээ гарч хартал миний автомашины баруун хойд талын нэг ширхэг обуд, дугуйг хулгайлсан байсан тул Цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан. ...” /2хх-3-7, 86, 235/,

          иргэний нэхэмжлэгч Л.Үүрцайх “...Би О.Чд өөрийн 42-80 УНЧ улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын автомашинаа зарсан асуудал байхгүй. Би хөдөө ажлаар олон хоногоор явдаг тул байхгүй байх хугацаандаа унаж байг гээд дүү Чингүндээ машинаа үлдээсэн. ...” /2хх-173-174/

          О.Чий яллагдагчаар өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед Амин-Эрдэнэтэй гэрийнхээ гудамжид уулзаад би ахын 42-80 УНЧ улсын дугаартай “Приус 30” загварын автомашиныг аваад хамт явсан. ...Хархорин захын ойролцоо явж байтал нэг цагаан өнгийн “Приус 30” загварын автомашин нүдэнд тусахаар нь дэргэд нь очиж зогсоод Амин-Эрдэнэ бууж тухайн машины хойд талын нэг ширхэг дугуйг нь домакрат ашиглан өргөөд би дугуйг тайлж аваад Амин-Эрдэнэд өгөхөд Амин-Эрдэнэ тухайн дугуйг өргөж машины арын багажинд хийсэн. Тухайн үед Чинболд хүн хараад зогсож байсан. Тухайн хулгайлсан дугуйг би хашаандаа аваачаад тавьчихсан. ...2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн орчим найз Амин-Эрдэнийд очиж машины дугуй хулгайлахаар ярилцаад төрсөн дүү Чинболдыг аваад 1 дүгээр хорооллын 33 дугаар байрны гадаа зогсож байсан 93-56 УБГ улсын дугаартай “Приус 30” загварын автомашины дугуйг хулгайлахаар болоод дүү Чинболдоор хүн харуулж зогсоогоод Амин-Эрдэнэ бид хоёр тус машины жолоочийн урд тал, зүүн талын хойд дугуйг тайлж аваад машиндаа ачаад өөрийн гэрийн хашааны амбаарт хураагаад тавьсан. ...1 дүгээр хорооллын 33 дугаар байрны 4 дүгээр орцны гадаа зогсож байсан 77-75 УНӨ улсын дугаартай “Приус 30” загварын цагаан өнгийн автомашины дугуйг хулгайлахаар болоод дүү Чинболдоор хүн харуулж зогсоогоод Амин-Эрдэнэ бид хоёр тус машины жолооч талын хойд талын дугуйг тайлж аваад машиндаа ачаад өөрийн оршин суудаг Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 38-647 тоот хашаанд байрлах модон амбаартаа хураагаад тавьсан. 93-56 УБГ улсын дугаартай машины дугуйг хулгайлахын өмнө нь энэ цагаан өнгийн Приус маркийн машины дугуйг хулгайлсан. Энэ хоёр машин зэрэгцээд зогсож байсан. ...” /1хх-58-59, 146-147, 220-221, 2хх-59-61, 196-197/,

          О.Амин-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хархорин захын хойно байрлах Дүүхээ гэсэн хаягтай газрын урд талын шороон хэсэг дээр зогсож байсан “Приус 30” загварын машин дээр очиж зам талаас нь харагдуулахгүйн тулд урд талд нь Чингүний машинаар хааж зогссон. Чинболд бид хоёр хүн харж зогсож байх хооронд Чингүн машиныхаа багажаас домакрат, торцов гаргаж ирээд машины баруун хойд талын дугуйг тайлж аваад надад өгөхөөр нь би тухайн дугуйг өргөөд Чингүний машины багажинд хийсэн. ...1 дүгээр хорооллын 33 дугаар байрны 4 дүгээр орцны гадаа зогсож байсан 77-75 УНӨ улсын дугаартай “Приус 30” загварын цагаан өнгийн автомашин, бас хажууд нь зогсож байсан 93-56 УБГ улсын дугаартай улаан өнгийн “Приус 30” загварын автомашинуудыг сонгоод дугуйг нь хулгайлахаар болсон. Тэгээд Чинболд бид хоёр хүн хараад эхлээд цагаан өнгийн 77-75 УНӨ улсын дугаартай “Приус 30” загварын автомашины жолооч талын хойд талын дугуйг Чингүн тайлаад надад өгөхөөр нь би өөрсдийн унаж явсан машины багажинд хийсэн, дараа нь хажуу талд нь зогсож байсан улаан өнгийн Приус 30 машинаас 2 ширхэг дугуй хулгайлан авсан. ...” /1хх-51-52, 153-154, 227-228, 2хх-39-40, 97-99, 202-204/,

          өсвөр насны шүүгдэгч Б.Чын яллагдагчаар өгсөн “...Амин-Эрдэнэ ах, Чингүн ах хоёр хүргэн ах Үүрцайхын 42-80 УНЧ улсын дугаартай саарал өнгийн “Приус 30” загварын автомашинтай манай гэрт ирж намайг авсан. Тэгээд манай гэрээс шууд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хархорин захын хойд талд явж байгаад замын хажуу талын зогсоол бүхий хэсэг дээр зогсож байсан цагаан өнгийн “Приус 30” загварын автомашинаас хойд нэг ширхэг дугуйг хулгайлсан. ...1 дүгээр хорооллоор машин хайж явж байгаад 1 дүгээр хорооллын 33 дугаар байрны гадна зогсож байсан 77-75 УНӨ улсын дугаартай “Приус 30” загварын цагаан өнгийн автомашины дугуйг хулгайлахаар болсон. Намайг хүн харж бай гэхээр нь би тэнд хүн харж зогсож байх хооронд Чингүн, Амин-Эрдэнэ хоёр тэр машины жолооч талын хойд талын дугуйг тайлж аваад унаж явж байсан машиныхаа багажинд Амин-Эрдэнэ хийсэн. Дараа нь тэр машины хажууд зогсож байсан улаан өнгийн “Приус 30” загварын 93-56 УБГ улсын дугаартай машинаас 2 ширхэг дугуйг нь хулгайлан авч машиндаа ачсан. Тэгээд тэндээс шууд Чингүнээ ахын гэр болох Хайлааст руу явж хашаанд байрлах амбаарт нь дугуйнуудаа хийсэн...” /1хх-65-66, 140-141, 214-215, 2хх-50-51, 189-191/ гэх мэдүүлгүүд,  

          хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-3, 85-87, 165-167, 239/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-4-5, 88, 168, 240/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-12, 91/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-13-15, 92-94/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /2хх-72/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2хх-73/, авто машин техникийн үнэлгээний тайлан /2хх-237-240/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-33-39, 124-130, 199-205, 2хх-20-26/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-123, 2хх-74/, камерын бичлэг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-105/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-77/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-78/, Б.Мөнхбаярт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-79/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоол /2хх-94-95/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.

          Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж 1 жилээс 3 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.

          Шүүгдэгч О.Ч, О.А, өсвөр насны шүүгдэгч Б.Ч нарыг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч О.А, О.Ч нарыг тус тус тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Зан үйлээ засах” тус тус үүрэг хүлээлгэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Зан үйлээ засах” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үүргийг өсвөр насны шүүгдэгч Б.Чын хууль ёсны төлөөлөгч А.Батжаргалд даалгаж шийдвэрлэв.

          Иймд прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/300 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч О.А, О.Ч, өсвөр насны шүүгдэгч Б.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Дархчуул овогт О.Ч, Боржигин Нуур овогт Б.Ч, Боржигин овогт О.А нарыг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэснийг “...Дархчуул овогт О.Ч, Боржигин Нуур овогт Б.Ч, Боржигин овогт О.А нарыг “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Ч, О.А тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч О.А, О.Ч нарыг тус тус тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Зан үйлээ засах” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах”-ыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах”-ыг тус тус сануулсугай. ...” гэж,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чыг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Зан үйлээ засах” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Чыг хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч А.Батжаргалд даалгасугай. ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 1 ширхэг домакрат, 1 ширхэг торцов зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. ...” гэснийг “...1 ширхэг домакрат, 1 ширхэг торцов зэргийг 4280 улсын дугаартай “Тоёота Приус 30” загварын автомашины эзэмшигч Л.Үүрцайхад буцаан олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5, 6, 7 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Шүүгдэгч О.А, О.Ч нар нь 64 хоног цагдан хоригдсон болохыг дурьдаж, шүүгдэгч О.А, О.Ч нарыг нэн даруй суллаж, тэдгээрт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ