Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 110/2019/0000/З |
Дугаар | 110/ШШ2019/0004 |
Огноо | 2019-01-08 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 110/ШШ2019/0004
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн оршин суугч, Х овогт Бын Мын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга,
Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилсон шийдвэр гаргахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгах, мөн уг албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргахгүй байгаа газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний тус албан тушаалаас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр чөлөөлөх тушаал гаргахыг даалгах, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Шийдвэр хүчингүй болгох тухай 19 дугаартай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:
Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан ба энэ талаарх захиргааны хэрэг маргаан 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэгдэн шийдвэрлэгдэж 0019 тоот шийдвэр мөн оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Дараа нь 2016 оны 8 дугаар сарын 07-нд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүх хүлээн авч, 8 дугаар сарын 15-нд шүүгчийн 162 тоот захирамжаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаар анхан болон давах, хяналтын журмаар уг хэрэг хэлэлцэгдэн хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан байсныг Ерөнхий шүүгчийн ажлын албаны даргын хариу мэдэгдэх 6/612 тоот албан бичгийг 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон. Харин энэ нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан ба урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хуулийн хугацаанд хандсан байгаа. Нөгөөтэйгүүр, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар тус захиргааны акт, эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар зохицуулагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацаа хэтрүүлж байгаагүй гэж бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагуудын талаар тайлбарлавал нэгдүгээрт, тус шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 0019 тоот шийдвэрээр тухайн үед Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр нэхэмжлэгч намайг томилох шийдвэр гаргахыг тус хэлтсийн даргад даалгаж шийдвэрлээгүй мөртлөө 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс сул орон тоонд шилжүүлэн томилоогүй Хөдөлмөрийн хэлтсийн даргын эс үйлдэхүй хууль бус байна гэж үзээд мөн өдрөөс 2015 оны 6 дугар сарын 29-ний хүртэлх 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн хэлтсийн даргын Б/04 тоот тушаалаар томилогдон ажиллаж авч байсан 2015 оны 2,3 дугаар сарын цалин хөлсийг оролцуулахгүйгээр цалин хөлсийг гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлж барагдуулахыг Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэж байсан билээ. Харин намайг урьд нь ажиллаж байсан Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний ажлаас чөлөөлсөн Б/09 тоот тушаалыг миний гомдлын дагуу Төрийн албаны салбар зөвлөл хянан хэлэлцэж хууль бус гэж үзээд 13 тоот тогтоолоор хүчингүй болгож байсан. Энэ тогтоол хүчин төгөлдөр байгаа гэсэн тайлбар ирүүлсэн байгаа. Тийм учраас мөн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн намайг тус хэлтсийн шинэ ажлын байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилох шийдвэр гаргах нь зүйд нийцнэ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар эерэг нөлөөлөл бүхий үйл баримт бий болсон бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны актыг дахин гаргахаар зохицуулагдсан байгаа. Хэрэв шүүхээс Б.Мыг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилсон 6/04 тоот тушаалын үйлчлэл болон тус албан тушаалд ажиллах эрх салбар зөвлөлийн 2016 оны 18,19 тоот тогтоолуудаар сэргэсэн гэж үзэх боломжгүй гэж үзвэл, анх 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилсон шийдвэр гаргасан нөхцөлд би хуулийн дагуу уг албан тушаалаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг гаргасан болно. Тийм учраас Хөдөлмөрийн хэлтсийн эрх залгамжлан авсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад нэхэмжлэгч намайг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний ажилд томилох шийдвэр гаргахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезханд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн нэгдүгээр шаардлага байгаа.
Хоёрдугаарт, Хөдөлмөрийн хэлтсийн дарга асан Х.Х нь 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт, хөдөлмөрийн дотоод журмын дагуу тус хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тооны ажилд 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б/04 тоот тушаалаар шилжүүлэн томилсноор мөн өдрөөс тус хэлтсийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулан хөдөлмөрийн харилцаанд орж ажиллаж тушаалд дурдсан хэмжээний цалин хөлс авч байсан.
Гэтэл явц дундаа тус тушаалыг мөн хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 тоот хууль бус тушаалаар хүчингүй болгосныг Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөл нь 2016 оны 04 дүгээр сарын 19 тоот тогтоолоор хүчингүй болгосноор Б/04 тоот тушаал хэвээр нь хүчин төгөлдөр үлдсэн байгаа. Энэхүү эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын талаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр 0019 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн 23 дахь талд тодорхой дүгнэлт хийсэн байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд 37.4 дэх хэсэгт ...Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно... гэж зохицуулсан байгаа. Тийм учраас Б/04 тоот тушаал нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж бодож байна. Хэрэв Хөдөлмөрийн хэлтсийн дарга хууль бус шийдвэр гаргаж энэ тушаалыг хүчингүй болгоогүй байсан бол миний бие зохих журмын дагуу хэдийд ч Хөдөлмөрийн сайдын тушаалаар орон тоо нь сайдын тушаалаар хасагдсан ч хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд дараагийн эрх эдэлж зохих хууль журмын дагуу ажилгүйдлийн тэтгэмжид хамаарагдах, төрийн албанд орох иргэдийн нөөцөд бүртгэгдэн, дараагийн төрийн албанд зохих журмын дагуу нэр дэвшин орж ажиллах эрх хэрэгжиж хөдөлмөрлөх эрх маань сэргээгдэх байлаа.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын энэхүү ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргаж өгөхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйгээс болж миний хөдөлмөрлөх эрхийг боогдуулан өдий болтол хохирч байна. Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар бүх асуудал зөвхөн хүчин төгөлдөр 0019 тоот шийдвэрээр дүгнэгдэж дууссан мэтээр тайлбар гаргасаар байгаа ба хариуцагчийн эс үйлдэхүй, ажлаас чөлөөлөх тушаал гаргахгүй байгаа үндэслэлийн талаар тодорхой нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч миний хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон үйл баримтын талаар огт маргаж байгаагүй зөвхөн үнэн бодит байдлыг тогтоолгох үүднээс л шүүхэд хандаж, зөрчигдсөн эрх ашгаа хамгаалах, хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус гэдгийг тогтоолгож ,ажлаас чөлөөлөх захиргааны акт гаргахыг шаардаж байгаа болно. Мөн хариуцагч нэгэнт хасагдаж алга болсон орон тооны ажлаас нэхэмжлэгч Б.Мыг чөлөөлөх гэсэн нэхэмжлэл үндэслэлгүй гэж мөн тайлбарлаж байгаа. Үүнийг мөн үгүйсгэж захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0120 тоот тогтоолоор нэгэнт хасагдаж алга болсон орон тооноос чөлөөлөхгүй гэсэн асуудал буруу гэдгийг тодорхой дүгнэсэн байгаа. Учир нь аливаа асуудалд эхлэл болсон болохоор дуусгавар байх учиртай. Нэхэмжлэгч миний ажилгүй байсан 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 29-ний хүртэлх Хөдөлмөрийн хэлтсийн даргын Б/04 тоот тушаалаар шилжүүлэн томилогдож ажиллаж авч байсан 2015 оны 2, 3 дугаар сарын цалинг оролцуулахгүйгээр цалин гаргаж өгч, нийгмийн даатгалын шимтгэлийг 0019 тоот шийдвэрийн дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2017 оны 10 дугаар сард шилжүүлэн өгч байсан нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч энэ талаар маргахгүй байгаа.
Миний бие нэхэмжлэлд дурдсан зөрчигдсөн эрх ашгийг Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 тоот тушаалуудаар хэрэгжүүлэх боломжгүй байгаа болно. Учир нь, Б/09 тоот тушаалыг хууль бус гэж үзээд Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны 13 тоот тогтоолоор, мөн 2015 оны Б/11 тоот тушаалыг хууль бус гэж үзээд Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 19 тоот тогтоолоор тус тус хүчингүй болгуулсан ба тогтоолууд хүчин төгөлдөр гэдгийг Төрийн албаны салбар зөвлөлөөс тайлбарлаад байгаа. Нөгөөтээгүүр энэ захиргааны актуудад намайг ажлаас чөлөөлсөн талаар огт үг өгүүлбэр ороогүй байгаа гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Товчхон дурдахад энэ шаардлагын аль нэг нь хангагдсан нөхцөлд миний үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж хууль журмын дагуу ажлаас чөлөөлөгдөж зөрчигдсөн ашиг сонирхол маань сэргэгдэх болно гэдгийг тайлбарлаж байна. Иймд дээрх үндэслэлүүд, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн намайг Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ажлаас чөлөөлөх тушаал гаргахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хоёр дахь шаардлага байгаа.
Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 19 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагын хувьд, Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөл нь шүүх болон намайг хууран мэхлэн хууль эрх зүйн чадамжгүй, уг тогтоолыг гаргасан байна. Учир нь, уг тогтоол гарахаас өмнө Б/04 тоот тушаал гарахад үндэслэл болсон шүүхийн шийдвэрүүд хүчингүй болсон гэж шүүхээс дүгнэлт өгсөн байх ба Б/04 тоот тушаалын үйлчлэл уг тогтоолоор сэргэсэн гэж үзэх боломжгүй тул энэ эрх зүйн чадамжгүй, хууль бус тогтоол хүчингүй болох учиртай. Тогтоолын 2 дахь заалтаар нэхэмжлэгч намайг ажлын байраар хангаж ажиллах талаар хариуцагчид үүрэг болгосон боловч энэ заалт ч хэрэгжих боломжгүй гэдгийг өөрсдөө үгүйсгэж тайлбарласан ба одоо болтол хэрэгжээгүйгээс миний эрх ашиг зөрчигдсөн болно. Нэгэнт шүүхэд үнэлэгдэх хэмжээний эрх зүйн чадамжгүй байх тул энэ тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Хамгийн сүүлд дүгнэж хэлэхэд, хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч намайг буруутгах ямар ч үндэслэлгүй. Эрх барьж буй хариуцагч болох төрийн захиргааны удирдах ажилтнуудын буруутай хууль бус үйл ажиллагааны улмаас 3-4 жил миний хөдөлмөрлөх эрх маань боогдож ажиллаж амьдрах эрх ашиг маань зөрчигдсөөр байгаа болохыг шүүх анхаарч үзээд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн бодит талаас нь үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Мын Хөдөлмөрийн хэлтэст холбоотой нэхэмжлэлд хамгийн сүүлчийн удаа Монгол Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч түүнд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх цалинг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгосон. Харин 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс хойш нэхэмжилсэн цалинг хэрэгсэхгүй болгосон. Б.Мын хүсэлтийн дагуу ямар нэгэн ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөх боломжгүй. Тус Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Б.Мыг ажилд томилох, чөлөөлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүй болно. 2012 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарч Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс гэж хоёр хуваасан байгаа. Нэхэмжлэгч Б.Мын хувьд 2013 оны 01 дүгээр сард түр орж, төрийн албаны шалгалт өгөөд 2013 оны 10 дугаар сард Хөдөлмөрийн хэлтэст ажилд орсон байна. 2016 оны Монгол Улсын Засгийн газраас тогтоол гарч дээрх хоёр хэлтсийг татан буулгасан ба одоо аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс гэсэн байгууллага ажиллаж байна. Өмнө нь дээрх хоёр хэлтэст 65 хүн ажиллаж байсан ба шинээр газар байгуулахдаа 20 хүний орон тоог хасаж, одоо 45 орон тоотой ажиллаж байна. Одоо 45 орон тоонд 45 хүн ажиллаж байгаа ба хэд хэдэн хүмүүс шүүхийн шийдвэрээр томилогдон ажиллаж байна. Тийм учраас өнөөдөр Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээл хариуцсан мэргэжилтнээр томилсон шийдвэр гаргахыг Б.Сьезханд даргад даалгаж өгөх эрх зүйн үндэслэл байхгүй байна. Ийм шийдвэр гаргалаа гэхэд 45 орон тооны дотор нэхэмжлэгчийн томилохыг хүсэж байгаа орон тоо байхгүй байгаа. Энэхүү маргааныг нэхэмжлэгч тайлбарлахдаа 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн чөлөөлсөн тушаал гаргаж өг гэсэн асуудал тавьж байна. Ямар нэгэн маргаан тухайн жилдээ шийдэгдэх ёстой бөгөөд Хөдөлмөрийн хэлтэс ажиллаж байхдаа тийм шаардлага гаргасан байх ёстой байсан. Одоо гаргах гэхээр тамга тэмдэг болон тушаал байхгүй байгаа. Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсан үед тус хэлтэст ажиллаж байсан хүмүүсийг одоогийн газарт шилжүүлсэн ба тухайн шилжүүлсэн тушаал нэхэмжлэгч Б.Мын нэр нь байгаагүй. Тийм учраас тушаал гаргаагүй асуудалд одоогийн шинэ ажил олгогчийг буруутгах үндэслэл байхгүй гэж бодож байна.
Тийм учраас Б.Сьезхан даргын хувьд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргах ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч гэсэн биелэгдэх боломжгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна. гэв.
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлөөс гаргасан тайлбартаа:
Төрийн албаны салбар зөвлөлөөс Б.Мын эрх ашиг зөрчигдсөн гэж үзээд 2016 оны 4 сард 18, 19 тоот тогтоолуудыг гаргаж байсан ба тогтоол одоо болтол хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
Б.Мын урьд тус зөвлөлд хандаж гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг салбар зөвлөлөөс бүхэлд нь хүлээн зөвшөөрч байсан болохоор тус захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 0019 тоот шийдвэрээр зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.
Тус 18, 19 тоот тогтоолуудын 2 дугаар заалтаар Б.Мын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэж үзээд цаашид үргэлжлүүлэн ажиллуулж, ажлын байраар хангаж ажиллахыг ажил олгогчдод үүрэг болгосон боловч ажил олгогч энэ үүргээ хэрэгжүүлээгүй асуудалд Төрийн албаны салбар зөвлөлийг буруутгах нь үндэслэлгүй юм.
Тогтоолын энэ заалт нь нэгэнт хасагдсан орон тооны ажилд үргэлжлүүлэн ажиллуулахаар үүрэг болгосон заалт биш байсан. Учир нь тухайн үед Б.Мын маргаж байсан орон тооны ажил хөдөлмөрийн сайдын тушаалаар 2015 оны 6 дугаар сард хасагдсан.
Б.Мыг 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн Хөдөлмөрийн хэлтсийн даргын б/09 тоот тушаалыг тус зөвлөлийн мөн оны 13 тоот тогтоолоор хүчингүй болгосон байх ба тогтоол одоо болтол хүчин төгөлдөр юм.
Мөн Хөдөлмөрийн хэлтсийн даргын б/11 тоот тушаалыг тус зөвлөлийн 2016 оны 19 тоот тогтоолоор тус тус хүчингүй болгосноор нэхэмжлэгч Б.Мын хөдөлмөрлөх эрх сэргэж, б/04 тоот тушаал хүчин төгөлдөр болсон. Энэ асуудалд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0019 тоот шийдвэрээр тодорхой дүгнэлт хийсэн.
Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргасан тул Төрийн албаны салбар зөвлөлийн 19 тоот тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Маас шүүхэд Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан түүнийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг, мөн уг албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргахгүй байгаа газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний тус албан тушаалаас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр чөлөөлөх тушаал гаргахыг даалгах, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдуулж, салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай тогтоолыг хүчингүй болгох, Б.Мыг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлд бүртгэсэн шийдвэр гаргахыг салбар зөвлөлд даалгах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс өөрийг нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлд бүртгэсэн шийдвэр гаргахыг салбар зөвлөлд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна .
Шүүхээс нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хэлэлцээд дараах үндэслэлээр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлагын зарим хэсэг болох аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргахгүй байгаа аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний тус албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргахыг даалгахыг хүссэнийг хангаж, харин мэргэжилтний уг албан тушаалд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг томилсон шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилсон шийдвэр гаргахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгах маргааны тухайд:
Нэхэмжлэгч Б.М нь анх аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээр томилох эрх бүхий этгээдийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/64 дугаартай тушаалаар томилогдон ажиллаж байх үед Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/12 дугаар тушаал гарч аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлахдаа Хөдөлмөрийн хэлтэс дэх аймгийн төвийн зарим орон тоог цөөрүүлж шийдвэрлэснээр тухайлбал өмнөх бүтцээр хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний орон тоо 1, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний орон тоо 1 байсныг нэгтгэж, Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтний 1 орон тоо болгожээ. Ингэснээр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн б/09 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.Мыг хөдөлмөрийн харилцааны албан тушаалаас, б/08 дугаар тушаалаар иргэн Х.Ахатыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтний албан тушаалаас тус тус чөлөөлж, б/25 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан үндэслэлээр Х.Ахатыг 2014 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж, Б.Мын хувьд хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний орон тоо хасагдсаны улмаас уг албан тушаалаас дээрх байдлаар чөлөөлөгдсөн байжээ.
Нэхэмжлэгч Б.Маас тухайн үедээ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь түүнийг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөх үед байсан сул орон тоо болох ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар томилохыг ажил олгогчид даалгах тухай байх ба энэхүү орон тоо нь Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 дугаар тушаалаар хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, программ хангамж хариуцсан мэргэжилтний орон тоотой нэгтгэгдэж, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, программ хангамж, мэдээллийн сан, ажил олгогч, ажлын шинэ байрны мэдээлэл,тайлан хариуцсан мэргэжилтэн гэсэн 1 орон тоо болсон буюу ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсанаар нэхэмжлэгч Б.М нь ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тус хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоонд томилохыг ажил олгогчид даалгахыг хүсэж маргажээ. Уг маргаан нь Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхээс нэхэмжлэгч Б.Мын ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтний орон тоо хасагдах үед тус хэлтэст сул байсан орон тоо болох ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний ажлын байрны шаардлагыг хангаж байгаа түүнийг уг ажлын байранд шилжүүлэн ажиллуулах үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эрх нь зөрчигдсөн гэж дүгнэж, нэхэмжлэгчийн анх хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээс чөлөөлөгдсөн 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сул байсан ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний орон тоо эрх бүхий этгээдийн шийдвэрээр цомхотгогдсон 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8 893 861 төгрөгийг аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулж, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэхийг Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн уг шийдвэрээр нэхэмжлэгч Б.Мыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дээрх албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар ажиллах эрхтэй байсан гэж үзсэн, шүүхийн дээрх шийдвэр гарахаас өмнө уг орон тоо эрх бүхий этгээдийн шийдвэрээр 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр цомхотгогдсон, энэ хугацаанд нэхэмжлэгчийг уг албан тушаалд ажиллах эрхтэй байсан гэх үндэслэлээр дээрх хугацааны цалин хөлсийг нэхэмжлэгчид олгохоор шүүх шийдвэрлэж зөрчигдсөн эрхийг нь сэргээсэн байна. Иймд нэхэмжлэгч Б.Мыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөх тушаал гаргахгүй байгаа газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, мэргэжилтний тус албан тушаалаас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр чөлөөлөх тушаал гаргахыг даалгах тухай маргааны хувьд:
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн энэхүү шаардлагын үндэслэлээ ... 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр б/04 тоот тушаал гаргаж, аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилсон, уг тушаалыг мөн оны 03 дугаар сарын 20-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 16 тоот тогтоолыг үндэслэн хэлтсийн даргын б/11 тоот тушаалаар хүчингүй болгосон. Уг б/11 дугаартай тушаалыг гаргахад үндэслэл болгосон салбар зөвлөлийн 16 тоот тогтоолыг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр салбар зөвлөлийн 18 тоот тогтоолоор хүчингүй болгосноор Хөдөлмөрийн хэлтсийн даргын б/04 тоот тушаал хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 тоот тогтоолоор б/11 тоот тушаалыг давхар хүчингүй болгож б/04 тоот тушаалын үйлчлэлийг сэргээж намайг үргэлжлүүлэн ажиллуулахыг Хөдөлмөрийн хэлтсийн даргад үүрэг болгосон, 2017 оны 10 дугаар сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас миний ажилгүй байсан үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын санд төлж барагдуулан миний нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт бичилт хийж өгсөн боловч намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахгүй байна гэж тайлбарлажээ.
Дээрх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.М нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөрийн харилцааны мэргэжилтнээс чөлөөлөгдсөн тухайн үедээ шүүхэд гаргасан тус хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 34 дугаартай шийдвэрээр хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 475 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснээр уг хэргийн хариуцагч болох аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаас шүүхийн дээрх шийдвэрүүдийг үндэслэн нэхэмжлэгч Б.Мыг 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн б/04 дугаартай тушаалаар ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 34 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 475 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Мын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэн хариуцагч аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаас Б.Мыг ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилсон 2015 оны б/04 дугаартай дээрх тушаалыг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр б/11 дугаартай тушаалын холбогдох хэсгээр хүчингүй болгож, Б.М нь маргаан бүхий орон тооноос чөлөөлөгдсөн байжээ. Дараа нь Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Б.Мын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг хангаж, Захиргааны хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 34 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 475 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 36 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснээр нэхэмжлэгч Б.Мын тухайн үед гаргасан төрийн албатай холбоотой маргааныг шүүх дахин шийдвэрлэх замаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дугаартай шийдвэрийг гаргасан байна. Уг 110/ШШ2016/0019 дугаартай шийдвэр гарахаас өмнө салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай тогтоол гарч Хөдөлмөрийн хэлтсийн даргын нэхэмжлэгчийг маргаан бүхий орон тоонд томилсон дээрх б/04 тоот тушаалыг хүчингүй болгосон б/11 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.
Ингэснээр нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилсон ажил олгогчийн б/04 дугаартай тушаалын үйлчлэл сэргэсэн, одоогоор тус албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр байхгүй гэх нэхэмжлэгчийн маргааныг үндэслэлтэй байна гэж үзлээ.
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Мыг маргаан бүхий сул орон тоонд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс уг орон тоо хасагдсан 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд томилогдон ажиллах эрхтэй байсан гэж үзэж, нэгэнт энэ хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон гаргуулж шийдвэрлэсэн, түүнийг уг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн б/11 дугаартай тушаал нь салбар зөвлөлийн 19 дүгээр тогтоолоор дээрх байдлаар хүчингүй болж уг албан тушаалд нэхэмжлэгчийг томилсон эрх бүхий этгээдийн 2014 оны б/04 дугаартай тушаал хүчин төгөлдөр байгаа тохиолдолд нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргах нь зүйтэй байх ба уг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус байна гэж үзэхээр байгаа тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Учир нь төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар ...тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж заасан. Нэгэнт нэхэмжлэгч төрийн жинхэнэ алба болох аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд дээрх хугацаанд ажиллах эрхтэй байсан нь тогтоогдсон, энэ хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч захиргааны байгууллагаас түүнд олгосон, маргаан бүхий орон тоо эрх бүхий этгээдийн шийдвэрээр 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооноос хасагдсан, анх нэхэмжлэгчийг уг албан тушаалд томилсон ажил олгогчийн 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан б/04 дугаартай тушаал нь дээрх байдлаар хүчин төгөлдөр байна. Энэ нөхцөлд нэхэмжлэлийн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд шүүхийн дээрх 110/ШШ2016/0019 дугаартай шийдвэрийг үндэслэн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр чөлөөлсөн тушаал гаргахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар шинээр байгуулагдаж, хуучнаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн үйл ажиллагаа нэгтгэгдсэн байх ба нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтууд Хөдөлмөрийн хэлтэс байх үед хамааралтай боловч одоогоор тус хэлтсийн эрх, үүрэг, үйл ажиллагаа дээрх байдлаар шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжиж, уг газар нь хэлтсийн үйл ажиллагааг одоогоор хэрэгжүүлж байгаа учраас хариуцагч талын нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргах боломжгүй гэх маргаан нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай Шийдвэр хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгох тухай маргааны хувьд:
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 110/ШШ2016/0019 дугаартай шийдвэрээс үзэхэд тухайн үед нэхэмжлэгч Б.Мын салбар зөвлөлд холбогдуулан гаргасан ... аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай шаардлагыг хариуцагчаас хүлээн зөвшөөрч, дээрх 19 дугаартай тогтоолоор Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгосноор шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн уг шаардлагыг хариуцагчаас хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар,эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаартай Шийдвэр хүчингүй болгох тухай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
2. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Б.Мыг 2015 оны 06 дугаар сарын 29- ний өдрөөр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн шийдвэр гаргахыг тус газрын даргад даалгаж, үлдсэн хэсэг болох нэхэмжлэгчийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн ажлын шинэ байрны бүртгэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох шийдвэр гаргахыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА