| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2026/0290/З |
| Дугаар | 221/МА2026/0497 |
| Огноо | 2026-07-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2026/0497
“Е к” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө
Нэхэмжлэгч: “Е к” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0466 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2026/0290/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0466 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Е к” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/634 дугаартай тушаалын хавсралтын "Е к” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, "Е к” ХХК-д өмнө нь ашиглаж байсан газрын хэмжээнд дүйцүүлэн газар ашиглах эрх олгох, эсхүл нөхөх олговор олгох замаар хуулийн этгээдийг хохиролгүй болгохыг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
2.1. “...Нэгдүгээрт: Манай компанид 1781115564 нэгж талбарын дугаар бүхий ХУД-ийн Жаргалантад байрлах 76023м2 талбай бүхий газрын Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын /хуучин нэрээр/ 2020 оны 05-р сарын 21-ний өдрийн А/374 дугаар тушаалаар "Аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах" зориулалтаар №0201512 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/, Нийслэлийн засаг дарга нар Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан тохиролцож хүлээн зөвшөөрөлцсөн гэх үндэслэлээр 2023 оны 12-р сарын 21-ний өдрийн А/634 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон боловч "Е к” ХХК-ийн газар ашиглах эрхийг өөрөөс нь хамаараагүй шалтгаанаар хүчингүй болгосны үр дагаврыг шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болно.
Иймд “хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим”-ын дагуу хуулийн этгээд нь хохирлоо нэхэмжлэх үндэслэлтэй бөгөөд хохирлыг нь барагдуулбал зохих субьект нь нийслэлийн засаг дарга болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам байна. "Е к” ХХК нь тус хоёр байгууллагад тус бүрт нь нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд энэхүү хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нь нийслэлийн засаг даргаас гаргасан саналын дагуу эвлэрэн хэлэлцсэн бөгөөд тус эвлэрсэн нөхцөл нь “өмнөх 76,023м.кв талбай бүхий газарт дүйцүүлэн 70,000 м.кв газар олгох. Мөн өмнөх газар ашиглах эрхийг эзэмших эрхээр солих" юм. Нийслэлийн засаг даргаас бидний хохирлыг барагдуулах хамгийн боломжит хувилбар нь энэ л байна гэж тайлбарлаж байсан бөгөөд ийнхүү эвлэрэн хэлэлцсэний үр дүнд хуулийн этгээдийн хохирол бүрмөсөн барагдаагүй болно.
Тодруулбал газар ашиглах эрхийг эзэмших эрхээс солих тохиолдолд газрын анхны дуудлага худалдааны үнийг төлөх шаардлагатай бөгөөд өнөөдрийн байдлаар 600,000,000៛-ийг “Е к” ХХК нь төлөх шаардлагатай болоод байна. Мөн газрын м2 нь хэмжээний хувьд ч гэсэн харьцангуй бага хэмжээгээр эвлэрэн хэлэлцсэн бөгөөд байршлын хувьд ч гэсэн эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй байршилтай байгаа нь Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054 тоот албан бичгээр даалгасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүйгээр ... эрхийн гэрчилгээ олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэх" үүрэг нь зохих ёсоор хангагдахгүй байна.
Тиймээс "Е к" ХХК эцсийн дүндээ өөрийн зохих ёсоор ашиглаж байсан газраа улсад өгөөд түүний үр дүнд эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй газрыг өндөр суурь үнэ төлсний дараа эзэмших болоод хохироод үлдэж байгаа учраас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдтай үргэлжлүүлэн маргахаар шийдвэрлэсэн бөгөөд дээрх нөхцөл байдлыг шүүхийн шийдвэрийн 6.1 дэх хэсэгт "Нэхэмжлэгч "Е к” ХХК-ийн газар ашиглах эрх нь түүний хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас бус, харин захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хүчингүй болсон нь дараах үйл баримтаар тогтоогдож байна. ..." гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2023 оны 12-р сарын 21-ний өдрийн А/634 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг цуцалсан үйлдлийг зөв дүгнэсэн атлаа уг тушаалыг хууль бус байсан болохыг тогтоох талаар аливаа дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь эргэлзээтэй ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.
Хоёрдугаарт: Монгол улсын их хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 26 дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай" тогтоолын 1.3 дахь хэсэгт “3/Улаанбаатар хотын урд хэсэгт оршин "Богдхан уулын дархан цаазат газар";” хэмээн уг байршлыг улсын дархан цаазтай газарт хамруулж өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2023.05.22-ны өдрийн хамтарсан уулзалтаар хилийн зааг алдаатай болохыг харилцан хүлээн зөвшөөрч хилийн заагийг шинэчлэн тогтоосон.
Гэтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд Улсын Их Хурлын бүрэн эрхийг зохицуулсан байх бөгөөд үүнд: "Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
2/ Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх." гэж заажээ. Өөрөөр хэлбэл дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх бүрэн эрх нь гагцхүү Улсын их хуралд байх бөгөөд дээр дурдсаны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2023.05.22-ны өдрийн хамтарсан уулзалтаар хилийн зааг алдаатай болохыг харилцан хүлээн зөвшөөрч хилийн заагийг шинэчлэн тогтоож байгаа нь өөрөө хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэхгүй юм. Учир нь энэхүү шинэчилсэн хилийн заагийг Монгол улсын их хурлаас эцэслэн баталж хүлээн зөвшөөрөөгүй байхад мэдээллийн санд шинэчлэн бүртгүүлж байгаа үйлдэл нь өөрөө хууль бус юм.
Үүнийг шүүхийн шийдвэрийн 6.5 дахь хэсэгт “... Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн талууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2023.05.22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Богдхан уулын хилийн зааг алдаатай болохыг харилцан хүлээн зөвшөөрч ... хилийн цэсийг бодит газар дээр эргэлтийн цэгийг бэхэлж, тэмдэгжүүлж мэдээллийн санд оруулсан байна." гэж дурдсан байх бөгөөд энэ үйлдэл нь өөрөө хууль ёсны дагуу хийгдсэн эсэхэд огт дүгнэлт өгөөгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж, хуулийн этгээдийг хуульд заасан эрх ашгийг хамгаалж ЗХШХШТХ-ийн 121.1.4-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
Гомдлыг хугацаандаа гаргаж байгаа тухайд: 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0466 дугаар шийдвэрийг бичгээр албажиж гарсан өдрөөс нь хойш 14 хоногийн дотор буюу 2026 оны 06-р сарын 10-ны өдөр гардаж авсан болно. Гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор буюу 2026 оны 06-р сарын 22-ны өдөр энэхүү гомдлыг гаргаж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хэсэгчлэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/374 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Е к” ХХК-д Хан-Уул дүүрэг Жаргалантын аманд 76026 мкв газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрхийн гэрчилгээ олгожээ.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/634 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг солбилцлоор мэдээллийн санд оруулснаар тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт хамаарахгүй болсон үндэслэлээр нэхэмжлэгч “Е к” ХХК-ний газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаар “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” тушаалын хавсралтын “Е к” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/634 дүгээр тушаалын хавсралтын “Е к” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох, “Е к” ХХК-д өмнө нь ашиглаж байсан газрын хэмжээнд дүйцүүлэн газар ашиглах эрх олгох, эсхүл нөхөх олговор олгох замаар хуулийн этгээдийн хохиролгүй болгохыг даалгах гэж өөрчилжээ.
4. “Е к” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1312 дугаар захирамжийн “Өү Юү Жи Си Си Си Си” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад нэхэмжлэгч “Е к” ХХК нь Нийслэлийн Засаг даргатай 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр №01 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж, тус шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 0219 дугаар захирамжаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Уг эвлэрлийн гэрээнд “...Талуудын хооронд байгуулсан энэхүү гэрээнд нэхэмжлэгч “Е к” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1312 дугаар захирамжийн “Өү Юү Жи Си Си Си Си” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч “Е к” ХХК-д 2026 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн дотор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 70,000 м.кв газар олгож, захирамж гаргахаар тохиролцжээ, ...Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ гарган газар зохион байгуулалтын цахим системд бүртгүүлэх, ...талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд маргаан гаргах эрхгүй...” талаар гэрээнд заажээ.
6. Анхан шатны шүүх шийдвэртээ “... Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4-т “Тусгай хамгаалалттай газар нутагт нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу үүрэг хүлээсэн сайд болон нийслэлийн Засаг дарга нар тухайн асуудлаар хамтран ажиллаж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх”-ийг даалгасан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргаас ... эвлэрлийн гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 70,000 м.кв газар олгож, захирамж гаргахаар тохиролцсон байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн ... захирамжаар ... эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчтэй эвлэрч ... нэхэмжлэгчийг хохиролгүй болгохоор тохиролцож гэрээ байгуулсан байх тул Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 ... 27 дугаар зүйлийн 12-т заасан ... 36 дугаар зүйлийн 36.1.1-т ... тус тус заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдад дахин газар дүйцүүлэн олгуулах, хохирлын асуудлыг шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/634 дүгээр тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчид сэргэх онцгой ашиг сонирхол тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байх бөгөөд маргааны үйл баримттай холбоотой нотлох баримтыг буруу үнэлсэн гэж дүгнэхээр байх тул шүүхийн шийдвэрт хэсэгчилсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
7. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны “Тусгай хамгаалалтай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 03 дугаар тогтоолоор Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, тоон мэдээллээр улсын газрын мэдээллийн санд оруулах, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгосны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хамтарсан уулзалтаар /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг/ хилийн зааг алдаатай болохыг харилцан хүлээн зөвшөөрч Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэсийг бодит газар дээр эргэлтийн цэгийг бэхэлж, тэмдэгжүүлж мэдээллийн санд оруулжээ.
8. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийг тогтоохдоо уулын оройгоор баримжаалан хилийн цэсийг тогтоосон бөгөөд сүүлд Байгаль орчин , хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолоор хилийн цэсийн эргэлтийн цэгийг бэхэлж тэмдэгжүүлэн мэдээллийн санд оруулахдаа 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу оруулсан байх бөгөөд хилийн цэсэд орсон өөрчлөлттэй холбоотойгоор талууд маргаагүй, мөн 2023 онд тусгай хамгаалалтай газар нутгийн эргэлтийн цэгийг бэхэлж, тэмдэгжүүлэхэд нэхэмжлэгч болон өөр бусад 59 иргэн, хуулийн этгээдийн газар нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон тусгай хамгаалалттай газрын хилийн заагт хамааралгүй харин Нийслэлийн засаг даргын эрх хэмжээний хүрээнд хамаарч байгаа нь тодорхой болжээ.
9. Үүнээс дүгнэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь анхнаасаа өөрийн бүрэн эрхэд хамааралгүй Нийслэлийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний газарт тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч болон бусад 59 иргэн, хуулийн этгээдэд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож байсан болох нь тогтоогдож байна.
10. Хэдийгээр нэхэмжлэгч компани нь Нийслэлийн Засаг даргатай эвлэрлийн гэрээ байгуулж 70,000 м.кв эзэмших ашиглах эрх зүйн үндэслэл бүрдсэн ч анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/374 дугаар тушаалаар Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд 76026 м.кв газрыг ашиглаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хууль зөрчөөгүй газрын төлбөрийг хугацаанд төлж байсан зэрэг газар ашиглах эрхийг нь хүчингүй болгохоор хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй байна.
11. Дээрх нөхцөлд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж газар ашиглах эрх хүчингүй болоогүй бөгөөд хууль ёсны дагуу 2020 онд газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлтээ гаргаж, холбогдох баримтыг хавсарган өгснөөр 76026 мкв газрыг аялал, жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг авсан бөгөөд захиргааны байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас газар ашиглах эрх нь хүчингүй болсон энэ тохиолдолд нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим үйлчлэх нь зүйн хэрэг юм.
12. Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолын 4-т “Тусгай хамгаалалттай газар нутагт нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу үүрэг хүлээсэн сайд болон нийслэлийн Засаг дарга нар тухайн асуудлаар хамтран ажиллаж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх”-ийг даалгаснаар нэхэмжлэгч “Е к” ХХК-ний 76026 мкв газар ашиглах эрхийг хүчингүй болгосон асуудалд үүрэг хүлээсэн Байгал орчин, аялал жуулчлалын / хуучин нэрээр/ сайд Нийслэлийн Засаг дарга нар хамтран нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хуульд нийцүүлэн газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй, мөн Барилга хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/2055 дугаар “холбогдох байгууллагуудад” гэх албан бичигт “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмшиж ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироолгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэж хамтран ажиллахыг хүсье” гэж дурдсанаар байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгч “Е к” ХХК-ийг хохироохгүйгээр өмнө ашиглаж байсан 76026 мкв газрыг ашиглуулах эсхүл эзэмшүүлэх эрхийг сэргээх бүрэн боломжтой байна.
13. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын зүгээс Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолын 4-т заасныг хэрэгжүүлэн нэхэмжлэгчийн ашиглаж байсан 76026 мкв газраас 70000 мкв газрыг эвлэрлийн гэрээ байгуулж олгохоор шийдвэрлэсэн байх тул хариуцагч Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны зүгээс Нийслэлийн Засаг даргатай хамтарч нэхэмжлэгчийн ашиглаж байсан 76026 мкв газрын үлдэх 6026 мкв газрыг мөн нэхэмжлэгчид ашиглуулах эсхүл эзэмшүүлэх талаар дахин судалж үзэж, нөхцөл байдлыг тодруулж нэхэмжлэгчийг хохироохгүйгээр асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дугаар “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” тушаалын хавсралтын “Е к” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
14. Мөн нэхэмжлэгчид эвлэрлийн гэрээгээр нийслэлийн Засаг даргаас олгохоор шийдвэрлэсэн 70000 мкв газрыг одоог хүртэл олгоогүй байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх замаар захирамж гаргуулан шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0466 дугаар шийдвэрийг хэсэгчлэн өөрчилж, шүүхийн шийдвэрийн нэг дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/634 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох 76026 мк2 газраас 6026 мк2 газар хүртэлх хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж бүхэлд нь өөрчилж, хоёр дахь заалт шинээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” А/634 дүгээр тушаалын хавсралтын “Е к” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болсонд тооцсугай” гэж нэмж 2 гэж дугаарлаж, 2 дахь заалтыг 3 гэж дугаарлаж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан өөрчилсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР