| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0105/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/320 |
| Огноо | 2023-12-20 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., 16.7.2., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/320
2023/ШЦТ/320
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: Ч.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чын Бт холбогдох эрүүгийн 2312000620088 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ............ ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Тариат сумын Суман баг, ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Чын Б/РД:АЙ.........../
Шүүгдэгч Ч.Б нь нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамт амьдарч байсан насанд хүрээгүй хохирогч Б.Ог 2020 оны 09 дүгээр сараас хойш 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
насанд хүрээгүй Б.О, Б.Н нарыг асран хамгаалж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман баг ...... тоотод байх гэртээ хэл амаар доромжлон хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2312000620088 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Насанд хүрээгүй хохирогч Б.Огийн өгсөн:
“...Намайг Ч.Б эгч хичээл хийлгэх гээд зодсон. Миний толгой руу гараараа цохисон, хөлөөрөө миний хөл рүү өшиглөсөн. Тариат суманд эмээ, Ч.Б эгч, Б.Н эгч бид 4 хамт амьдардаг. Ч.Б эгч миний хичээлийг хийлгэх болгондоо толгой руу цохиж зодоод байдаг. Би гомдолтой байн...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/,
*Насанд хүрээгүй хохирогч Б.Огийн дахин өгсөн:
“...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би Архангай аймгийн Тариат сумын төвд эмээ, төрсөн эгч Б.Н, эгч Ч.Б нартай байсан. Тэгээд эмээ гадаа мод хөрөөдүүлж байсан, Н аниа бондого /хөрөөдсөн түлээ/ зөөж байсан. Тэгээд би хичээлээ хийх гэсэн чинь ойлгохгүй байсан чинь Ч.Б аниа нь яахаараа чи заасан хичээл ойлгохгүй байгаа гээд миний толгой руу эхлээд цохисон, тэгээд татаж газарт унагаад хэд хэдэн удаа нуруу, хөл хэсэг рүү өшиглөсөн тэгсэн миний хөл их өвдөөд босож чадахгүй байсан, би ариа гэж босоод сандал дээрээ суухад дахин толгой руу хүчтэй цохиод байсан. Тэгсэн Н аниа гаднаас орж ирээд гар утас дээрээ бичлэг хийсэн байсан. Тэгээд Н аниаг дүүдээ хичээлийг нь зааж өг би ойлгуулж чадахгүй байна гэсэн. Тэгээд Н аниагийн хийсэн бичлэг явсаар байгаад цагдаа дээр очсон байсан. Намайг Ч.Б эгч сургуульд орсноос хойш хичээл хийх болгонд зоддог байсан. Би хичээлээ заримдаа ойлгохгүй байхад намайг юу ч сурахгүй гээд загнаад, толгой руу байнга цохиод байдаг юм. Би яг хугацааг нь хэлж мэдэхгүй байна. Би 2020 онд Архангай аймгийн Тариат сумын төвд 1 дүгээр ангид ороод аниа Б.Нгийн хамт эмээгийндээ байгаа сууж байгаа. Одоо би Зө ангийн Б багшийн ангид сурч байгаа. Манай эмээг Г гэдэг. Ч.Б эгчийг намайг зоддог байхад эмээ заримдаа хараад байж байдаг байсан. Заримдаа өмөөрөөд, заримдаа өмөөрдөггүй байсан. Эмээ намайг зодож байгаагүй. Ч.Б эгчийг зоддог байсныг эмээ мэддэг юм. Би төрсөн эгч Б.Н болон эмээ Г, Ч.Б эгчтэй дөрвүүлээ амьдардаг байсан. Ч.Б эгч Өндөр-Улаан суманд багшладаг бөгөөд ирж очоод байдаг юм. Аав Хангайд хөдөө мал дээрээ байдаг байсан. Голдуу эмээ, Н аниа бид гурав байдаг. Ч.Б эгч намайг зодсон. Айлган сүрдүүлээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 58-60 дугаар тал/
*Насанд хүрээгүй хохирогч Б.Огийн дахин өгсөн:
“...Би 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сургуульд орж эмээ болон Ч.Б эгчтэй хамт амьдарч эхэлсэн. Ч.Б эгч тухайн үед Өндөр-Улаан сумын багшаар ажилладаг байсан бөгөөд амралтын өдөр гэртээ ирээд буцдаг байсан. Амралтын өдөр ирэх үедээ миний хичээлийг хийлгэдэг байсан бөгөөд намайг ойлгохгүй байна гээд загнаад байдаг байсан. Эхэндээ намайг загнаад байдаг байсан. Би эмээгийндээ суух шалтгаан нь манай аав хөдөө мал дээр гарч Хангай суманд суух айл байхгүй байсан учир төрсөн ээжийнхээ ээж болох Гэрлээ эмээгийндээ төрсөн эгч Б.Нгийн хамт суух болсон. Хичээл амрах үеэр хөдөө аав дээрээ ирж, очдог байсан. Би 2020 оноос хойш эмээгийндээ суусан бөгөөд намайг хэзээнээс эхэлж зодсоныг санахгүй байна. 1, 2, 3 дугаар ангид байхад намайг хичээл хийлгэх болгондоо загнаж, харааж зүхээд байдаг байсан, заагаад байгаа зүйлийг би ойлгохыг хичээдэг боловч юу ч ойлгодоггүй болохоор уур хүрээд элдэв муухай үгээр харааж зүхээд байдаг байсан. Хамгийн сүүлд манай аниа намайг зодох үед гар утас дээр бичлэг хийсэн нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байсан. Дараа нь аав мэдээд аавд хэлэхэд Б /аниа/-тай утсаар хэрэлдээд тэрнээс болоод намайг толгой рүү цохиж, хөл рүү өшиглөсөн. Тухайн үедээ өвдөөгүй. Бага дүү Б.О нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сургуульд орсон.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн: 2018 онд манай эхнэр нас бараад хүүхдүүдээ авч хөдөө гараад, 2019 онд бага охин Б.О, том охин Б.Н нарыг Архангай аймгийн Тариат сумын төвд хадам ээж Гэрлээгийнд суулгасан. Тухайн үедээ бага охин Б.О сургуульд ороогүй байсан, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1 дүгээр ангид орсон. Миний 2 охин 2019 оноос хойш энэ үйл явдал болох хүртэлх хугацаанд хадам ээж Гэрлээ болон хадам дүү Ч.Б нартай сургуульд сурах хугацаанд хамт амьдарч байсан. 2018 оны хавар охин Б.Нг 2 дугаар анги төгссөний дараа буюу хавар өөрийн гэртэйгээ, 2 хүүхдээ аваад хадмын гадна очиж буусан. Хадам ээж Ггийнх хөдөө малтай байсан. 2019 оны 05 дугаар сарын сүүлээр өөрийнхөө гэрийг аваад Архангай аймгийн Хангай сумын Бургаст толгой гэх газар руу ганцаараа малтайгаа явсан. 2 охиноо эмээд нь үлдээсэн. Манай хүүхдүүд өөрсдөө манайд болон эмээгийндээ ирж очдог байсан. Хаана дуртай газраа очдог байсан. 2023 оны 01 дүгээр сард хүүхдүүд амралтаараа Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багийн Бургаст толгой гэх газарт байх өөрийн гэртээ ирсэн. Тэгээд хүүхдүүд амраад явсан. Очсоны дараа Б.Ог Ч.Б эгч зодсон гэдгийг миний охин Б.Н нь надад хэлсэн. Урьд нь ийм зүйл болж байсан талаар надад хэлж байгаагүй. Нэг их юм яриад байдаггүй. Би Ч.Бээс нааш, цаашаа явсан зардлыг өөрөө ухамсарлаад өгчхөөсэй л гэж бодож байна. Би хөдөөний хүн учир баримт цуглуулах учраа олоогүй улмаас надад гаргаж өгөх баримт материал байхгүй байна. Бийн миний охиныг зодсон үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авах байх л гэж бодож байна. Яг тэд эдэн төгрөг гэж хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 209-211 дүгээр тал/
*Насанд хүрээгүй хохирогч Б.Нгийн өгсөн:
“...Намайг Ч.Б эгч зодоогүй, миний төрсөн дүү Б.Ог зодоход нь хамт байсан. Би 2023 оны 01 дүгээр сарын дундуур сурагчдын амралтын үеэр би Архангай аймгийн Тариат сумын төвд эмээ болон Ч.Б эгч, дүү Б.Огийн хамт байсан юм. Тухайн өдөр эмээ гадаа мод хөрөөдүүлж байсан, гэрт Ч.Б аниатай төрсөн дүү Б.Огийн хамт байсан. Ч.Б аниа дүүгийн хичээлийг хийлгүүлж байгаад ойлгохгүй болохоор нь яахаараа хичээл зааж өгөөд байхад ойлгохгүй байгаа гээд толгой руу цохиж, газарт унагаад нуруу, хөл хэсэг рүү өшиглөсөн, тухайн үед дүү маш их чанга уйлж би тэвчихгүй нууцаар өөрийн гар утас дээрээ зодож буй байдлын талаар бичлэг хийсэн. Миний бичлэг цагдаа дээр очоод Ч.Б аниа шалгагдаж байгаа. Намайг Ч.Б аниа зодож байгаагүй. Харин загнаж байсан. Тухайн үед дүүг зодоход миний сэтгэл санаа маш өвдөж айж байсан. Удалгүй Тариат сумын төвөөс бид хоёрыг Хангай сумын төвийн дотуур байр луу шилжүүлсэн. 2023 оны 01 дүгээр сарын дундуур 2 удаа Ч.Б аниа Б.Ог зодсон. Хамгийн сүүлд аав Б.Ог зодсоныг мэдээд Ч.Бтэй эгчтэй утсаар ярихад Ч.Б аниа аавдаа хов зөөлөө гэх шалтгааны улмаас дүүг зодсон. Миний хувьд төрсөн дүүг хажууд зодоод байхад сэтгэл санаа тогтворгүй хэцүү байдаг байсан. Ч.Б аниагаас хол байгаа болохоор сэтгэл санаа гайгүй байгаа. Дүү бид хоёр дахин Тариат суманд Ч.Б аниа дээр очихгүй гэж бодож байгаа. Аав ч гэсэн явуулахгүй гэсэн. Хангай сумандаа сургуульд сурна...’’гэх мэдүүлэг /хх-ийн 194-196 дугаар тал/,
*Насанд хүрээгүй гэрч Б.Нгийн өгсөн:
“...Би өөрийн төрсөн дүү Б.Оны хамт Архангай аймгийн Тариат суманд эмээ нагац эгч Ч.Б нарын хамт амьдардаг. 2022 оны өвлийн амралт эхэлж сургууль амарсан үед гэрийн даалгавар хийлгэх гэж манай дүү Б.Оныг нагац гэгч зоддог байсан. 2023 оны 01 дүгээр сарын 16 өдөр Ч.Б эгч манай дүүгийн даалгаврыг хийлгэж байхдаа зодсон. Дүүг сандаалаас чирч буулгаж өшиглөсөн. Толгой руу нь хэд хэдэн удаа цохиж авсан. Би тухайн үедээ жижиг өрөөний дээд талын орон дээр гар утсаар байрлуулаад бичлэг хийгээд орхичхоод гараад явсан. Гар утсан дээр манай дүүг зодож байгаа бичлэг бичигдсэн байсан. Би тухайн бичлэгийг аавынхаа том ахынхаа охин руу чатаар явуулаад гар утсан дээр байсан бичлэгээ Ч.Б эгч дүүгийн ямар нэг хичээлийг хийлгэх гэж дандаа зоддог байсан. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дүү бид хоёрыг Ч.Б эгч зодсон. Тухайн үед эмээ байсан. Эмээ хохчинь өөрсдийнхөө буруугаас болж зодуулсан гээд байсан. Тухайн үед нь манай дүүгийн хөлийн шилбэ нь болон баруун гуя нь дээр нь хөхөрсөн, толгой хуйх хэсэгт нь бамбайсан байсан одоо манай дүү үе үе толгой өвдөөд гээд байдаг болсон. Миний зүүн талын гуя хөхөрсөн. Эмээ гадаа хүнээр мод хөрөөдүүлж байсан. Нагац эгч Ч.Б манай дүүг зодож байх үед гэрт орж гараад яваад байсан эмээ манай дүүг хохчинь гээд загнаад байсан өмөөрөөгүй. Манай ээж нас барсан тэгээд эмээтэйгээ хамт амьдраад 6 жил болж байна, аав Д.Б хөдөө Хангай сумын Баян-Улаан багт багт хүнтэй суугаад маллаж амьдардаг. Аавтайгаа утсаар байнга холбоотой байдаг. 2022 оны намар 11 сарын үед дүүгийн хумсыг эмээ хайчаар авах гэж байгаад хурууг нь зүсээд шархан нь дээр нь хөвөн шатааж тавьж цусыг нь тогтоох гэсэн манай дүү айгаад түлж наалгуулахгүй гэсэн чинь эмээ манай дүүг маяглалаа гээд алгадаад өшиглөж зодсон. Ч.Б эгч манай дүүгийн хичээлийг хийлгэх болгондоо дүүгийн цохиж зоддог. Манай аавыг гожоо Баяаа гуйлгачин гээд хараагаад байдаг. Ч.Б эгч, эмээ хоёр гаднаас хүн орж ирэхээр зөөлөн зан гаргаад хүн гараад явахаар муухай харьцаж эхэлдэг...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-13 дугаар тал/
*Гэрч Б.Нгийн дахин өгсөн:
“...Б.О нь миний төрсөн дүү, Ч.Б эгч нагац эгч байгаа юм. Би Архангай аймгийн Тариат сумын төвд өөрийн төрсөн дүү болох Б.Огийн хамт эмээ Г, эгч Ч.Б нарын хамт амьдарч байгаа. 1, 2 дугаар ангидаа Архангай аймгийн Хангай сумын төвд сурч байгаад 3 дугаар ангиасаа Тариат сум руу шилжсэн. Ч.Б эгч миний дүү Б.Огийн хичээлийг хийлгэх болгондоо толгой, нуруу хэсэг рүү нь гараараа цохиод, хөл рүү нь өшиглөөд байдаг. Мөн янз бүрийн хэл амаар доромжлоод, оонууд, гуйлгачингууд гээд харааж зүхдэг. Би сүүлдээ Ч.Б эгчийн энэ үйлдлийг тэвчихгүй өөрийн гар утсан дээрээ Ч.Б эгчийг, дүү Б.Ог хичээлийг нь хийлгэх үед зодож буй байдлыг нууцаар бичлэг хийгээд хамаатны эгч рүүгээ чатаар явуулсан. Ооно гэсэн үг нь миний ойлголтоор тэнэг, мангар, юм ойлгодоггүй гэж ойлгоод байгаа юм. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аав Ч.Б эгчтэй утсаар яриад Хангай сум руу хүүхдүүд явуул гэхэд явуулахгүй гээд тэрнээс болоод дүүг толгойн хэсэг рүү нь цохиод, хөл рүү өшиглөсөн. Намайг том болчихсон болохоор арай гайгүй байдаг. Гэхдээ харааж зүхээд байдаг. Манай дүүг хэдэн жил тэжээсэн мөнгө өгөөд зайлаарай гээд хөөгөөд байсан. Дүү бид хоёр эмээ болон Ч.Б эгчтэй хамт амьдрах дургүй, хамт байхаас айдаг. Хичээл хийлгэхээс гадна өөр энгийн үед ч гэсэн харааж зүхээд байдаг. Миний бичлэг явсаар байгаад цагдаад очсон байсан. Миний ээж 2018 онд өвчний учир нас бараад дүү бид хоёр эмээ дээрээ ирсэн. Миний доор нэг дүү байж байгаад эмээгийн хамаатны хүнд өргүүлсэн. Тухайн үед Ч.Б эгч миний нууцаар хийсэн бичлэгийг үзсэн байсан. Яаж үзсэнийг нь мэдэхгүй. Тэгээд намайг “яах гэж бичлэг хийж байгаа юм. Хангай сум руугаа мөрөөрөө зайлаач, яагаад хүн хөлдөө чирээд байгаа юм.” гээд нэлээн загнасан. Тэрнээс хойш Ч.Б эгч дүү бид хоёрыг бүр үзэхээ байсан. Ч.Б эгч намайг зодож байгаагүй ч гэсэн хэл амаар байнга доромжилдог. Манай дүү Б.Ог 1 дүгээр ангид орсноос хойш эхлээд загнаад байдаг байсан. Сүүлдээ гар хүрч зодож эхэлсэн. Манай дүү 2020 онд анх нэгдүгээр ангид элсэн орсон. Тэр үеэс зодож эхэлсэн. Би эхлээд Ч.Б эгчийг загнаад байхад нь тоодоггүй байсан, сүүлдээ бүр тэвчихээ байсан. Хэнд хандаж хэлэхээ мэдэхгүй байсан. Бүр сүүлдээ хамаатны эгч Д.Э эгчид энэ тухай хэлсэн. Эмээ бид хоёрыг зодож байгаагүй ч хааяа даа загнадаг. Ч.Б эгч эмээгийн хажууд дүү бид хоёрыг загнаж, хааяа даа цохиж авдаг. Эмээ ерөөсөө өмөөрдөггүй, хажуугаас хааяа даа хамт загнаад байдаг. Тухайн үед би аавдаа утсаар мэдэгдсэн. Аав утсаар Ч.Б эгчтэй хэрэлдээд байсан аавын үгэнд орохгүй, тоохгүй байсан. Дүү бид хоёр айдастай байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-65 дугаар тал/
*Гэрч Д.Эийн өгсөн:
“...Манай төрсөн ах Д.Бийн охин болох Б.Н, Б.О нар нь бага насандаа Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн төвд аав Д.Б ээж Бийн хамт амьдарч байгаад 2018 онд ээж Б нь өвчний улмаас нас бараад 2018 оны хавар нь/сарын мэдэхгүй байна/ Б.Н, Б.О нарыг талийгаач Бийн ээж Г /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ аваад явсан. Архангай аймгийн Тариат сумын төвд сургуульд сурч байгаад 2022 оны 01 дүгээр сард талийгч ээж Бийн төрсөн дүү Ч.Бт зодуулсан гээд тус аймгийн Хангай сумын Ерөнхий боловсролын сургуульд шилжин ирээд дотуур байранд амьдарч байгаа. Б.Н нь надтай утсаар яриад Ч.Б эгч бид хоёрыг зодоод байх юм гээд утсаар ярьсан. Ч.Б нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ерөнхий боловсролын сургуульд багш хийдэг. Надад Ч.Б нь байнга загнаж зоддог талаараа хэлсэн юугаар зодсоныг хэлээгүй. Б.Н нь Ч.Б эгч дүү бид хоёрыг зодож цохиод байх юм одоо аав Д.Бийн хамт байна гэж хэлээд шилжиж ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 68-69 дүгээр тал/
*Гэрч Э.Бын өгсөн:
“...Би Архангай аймгийн Тариат сумын хэв журмын цагдаагаар 4 жил гаруй хугацаагаар ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нууцалсан дугаараас нэг эмэгтэй хүн миний утас руу залгаж “Тариат сумын төвд байдаг бага насны 2 хүүхэд хүчирхийлэлд өртөж, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл өгөх гэсэн юм аа” гэсэн дуудлага өгсөн. Дуудлага өгсөн хүн өөрийн мэдээллийг нууцлахыг хүссэн учир түүний мэдээллийг би тодруулж аваагүй бөгөөд тухайн заасан хаяган дээр очтол Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Дэнж хороололд /хэдэн тоот хаягийг сайн санахгүй байна/ хаяган дээр гэрт нь очсон. Гэрт ороход 2 хүүхдийн эмээ Г, Б.О, Б.Н, Ч.Б 4 сууж байсан. Тухайн үед ямар нэгэн хэрүүл, маргаан хүчирхийллийн шинжтэй үйл явдал болоогүй хэвийн тайван уур амьсгалтай байсан. Нэг эмэгтэй сандал дээр уйлчихсан сууж байсан. Яагаад уйлсан талаар асуухад юм дуугарахгүй, хариу хэлэхгүй байсан. 2 хүүхдийн эмээ настай хөгшин Гд хандан Б.О, Б.Н 2-той уулзах хэрэгтэй байна гэж хэлээд 2 охиныг Тариат сумын сум дундын цагдаагийн тасгийн байранд авчирч болсон асуудлын талаар асууж тодруулж хүүхдийн эмч, сургуулийн сэтгэл зүйч нарыг дуудаж үзүүлсэн. Тэгээд сумын хүүхэд хамгааллын хамтарсан багт хүлээлгэн өгч тус 2 охиныг Архангай аймгийн Хангай сумын төвд байдаг 2 охины аавынх нь төрсөн дүүгийнд нь аваачиж өгөхөөр шийдвэр гарч сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн С.Гончигдорж, сургуулийн нийгмийн ажилтан Б.Га нар Хангай сум руу авч явсан. Уг 2 охины хүчирхийлэлд өртөж, Ч.Б гэх эмэгтэй зодож байгаа загнаж байгаа тухай бичлэгийг дуудлага өгсөн хүн гар утаснаасаа Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Т.Баянтамирт өгсөн. Тухайн бичлэгийг үзэхэд 4 минут 28 секундийн бичлэг бичигдсэн байсан бөгөөд нэг эмэгтэй Б.О, Б.Н 2-ыг хичээл хийлгэж байхдаа зодож загнан харгис хэрцгий хандаж хүчирхийлэл үйлдсэн талаарх бичлэг байсан. Тухайн бичлэгийг үзэхэд 4 минут 28 секундийн бичлэг бичигдсэн байсан бөгөөд нэг эмэгтэй Б.О, Б.Н 2-ыг хичээл хийлгэх бөгөөд чанга дуугаар загнаж, өшиглөж унагааж, чичилж чимхэж, зодож маш харгис хэрцгий хандаж хүчирхийлэл үйлдсэн талаарх бичлэг байсан. Уг бичлэг дээрх эмэгтэй нь анх тус хаяган дээр очоод гэр рүү ороход сандал дээр уйлаад сууж байсан эмэгтэй мөн байсан. Дуудлага өгсөн эмэгтэй чатаар над руу явуулсан бөгөөд би сиди хэлбэрт буулгасан. Тухайн 2 хүүхэдтэй холбоотой дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад өмнө ирж байгаагүй. Тариат сумын ЕБС-д сурдаг. Яг хэддүгээр ангид аль бүлэгт сурдаг талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 80-82 дугаар тал/
*Гэрч Т.Ггийн өгсөн:
“...2018 оны хавар миний том охин болох Г.Б нь төрөөд эрүүл мэндийн улмаас нас барсан. Тэгээд бага хүүхдийг өөрийнхөө төрсөн дүүдээ өргүүлж, хоёр том охин болох Б.Н, Б.О нарыг би өөр дээрээ аваад хамт амьдарч байгаа. Зуны амралтын үеэр хөдөө гэрт буюу Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан багт байх өөрийн аав Д.Б дээр ирж очоод байдаг байсан. Хичээл сургууль эхэлсэн үед миний охин Ч.Б нартай 4-лээ хамт амьдардаг. Миний охин Ч.Б нь сургуульд багшилдаг учир амралын өдрүүдэд ирдэг байсан. Ээж нь нас барсан учир би хүн болгоё л гэж Б.Н, Б.О нарыг хажуу даа авсан. 2023 оны 01 дүгээр сард өдрийг нь хэлж мэдэхгүй байна Ч.Б нь хичээл амраад гэртээ ирээд ач охин болох Б.Огийн хичээлийг нь хийлгэх гэж байгаад нөгөөх нь ойлгохгүй болохоор загнаж, улмаар зодсон байсан. Би тухайн үед гадаа түлээ хөрөөдүүлээд ойр зуурын ажил хийгээд байж байсан. Дараа нь Б.Огийн эгч Б.Н нь Б.Ог зодож байх үеийн бичлэгийг гар утас дээрээ бичсэн байсан гэсэн. Тэгээд тэр нь явсаар байгаад цагдаагийн байгууллагад очсон байсан. Тэгээд охин Ч.Бээс яагаад Ог зодсон талаар асуухад хичээлээ хийж мэдэхгүй, заагаад байгаа зүйлийг ойлгохгүй болохоор нь уур нь хүрээд толгой, нуруу руу нь цохисон гэж хэлсэн. Тэгээд Ч.Бийг загнаад өнгөрсөн. Ч.Б нь өмнө Б.Ог өмнө нь зодож байгаагүй. Хичээлийг нь хийлгэх гэж загнадаг байсан. Хэзээ загнаж байсныг нь нарийн хэлж мэдэхгүй байна, Б.Н, Б.О нар нь манай юм хийдэггүй байсан. Тэгээд Ч.Б эмээдээ түлээ молыг нь оруулж өгч бай, усыг нь авч өгч бай гээд загнадаг байсан. Б.Н бол зодож байгаагүй. Миний охин Ч.Б нь 1391 онд Архангай аймгийн Хангай суманд төрсөн, айлын 2 дахь хүүхэд байгаа юм. 1-9 дүгээр анги хүртэл Архангай аймгийн Хангай суманд төгсөөд, 10 дугаар ангиа Архангай аймгийн Тариат суманд төгсөөд, аймгийн Багшийн сургуульд математикийн багшаар төгсөөд, одоо Архангай аймгийн Өндөр-Улаан суманд багшилж байгаа. Одоогоор нөхөр, хүүхэдгүй надтай хамт 2-лаа амьдарч байна. Зан байдлын хувьд үе үе цоч ууртай, өөрөө хүүхэд төрүүлээгүй учир хүүхдэд жаахан ширүүн харьцаад байдаг. Би бичлэгийг нь бол үзээгүй, надад үзүүлээгүй. Тухайн бичлэгт Ч.Б нь Б.Ог зодсон нь тодоор гарч байсан гэсэн. Тэгээд Ч.Б нь тухайн үедээ нэлээн уйлж өнжсөн. Буруу зүйл хийлээ гээд гэмшээд байсан. Тэгээд сумын удирдлагууд ярилцаад Б.Н, Б.О нарыг Хангай сум руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 100-101 дүгээр тал
*Яллагдагч Ч.Бийн өгсөн:
“...2023 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр санагдаж байна сурагчдын уртын амралт эхэлсэн байсан. Б.О нь хөдөө аав дээрээ буюу Архангай аймгийн Хангай сумын Баян-Улаан баг руу очоод ирсэн. Тэгээд хөдөө очоод даалгавраа хийгээгүй байсан болохоор Б.Огийн даалгаврыг нь хийлгэсэн чинь ойлгохгүй байсан. Юм заагаад байхад ойлгохгүй байсан болохоор бухимдаад бичлэг дээр гарсан үйл явдал болсон. Би уурлаад уураа хэтрүүлсэн байна лээ. Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйлгүй. Би хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр зодсон. Тэрнээс өмнө зодоогүй, хичээл хий гэж нэлээн олон удаа бол загнаж байсан. Б.Н болон Б.О нарын ээж 2018 оны хавар нас бараад тэрнээс хойш ээж бид хоёртой хамт амьдарч байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны үед манайд буюу Архангай аймгийн л Тариат сумын Суман багийн Дэнж хорооллын 03-09 тоот байшинд байхад Б.Огийн төрсөн эгч Б.Н нь намайг Б.Од хичээл зааж байх үеийн бичлэгийг нууцаар хийсэн байсан. Тухайн бичлэгт Б.Ог би зодсон, толгой руу нь гараараа цохисон, мөн нуруу руу нь цохисон, сандал дээрээс татаж унагааж нуруу, хөл хэсэг рүү өшиглөсөн. Элдэв муухай үгээр харааж зүхсэн зэргийг тодоор бичсэн байсан. Би Б.Огийн эгч Б.Нгийн хийсэн бичлэгийг таньдаг хүнээсээ дамжуулж авсан. Тухайн бичлэг их тод, хэлж ярьж байгаа зүйл маш тодоор бичигдсэн байсан. Тухайн бичлэгт байсан хүн нь би өөрөө юм. Нэлээн урт хийсэн бичлэг байсан. 2018 онд Б.О, Б.Н нарын ээж болох Б нь нас бараад аав нь архи уугаад хараа хяналтгүй болоод 2 хүүхэд нь эмээ дээрээ буюу манай ээж болох Гэрлээ дээр ирсэн. 2018 оны 05 сараас хойш ээж бид хоёр дээр өссөн хүүхдүүд байгаа юм. Хичээлийн амралтын үеэр аав дээрээ очдог байсан. 5 жил хамт амьдарч байгаа юм. Надад шалтгаан гэх зүйл байхгүй. Уурлаж бухимдсандаа ийм зүйл болсон. Миний буруу. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. /хэсэг хугацаанд уйлав/. Тухайн үед Б.Н болон Б.О, ээж бид 4 байсан. Бичлэг хийж байхад ээж гадаа хүнээр мод хөрөөдүүлж байсан юм. Б.Ог зодоход байгаагүй. Би Б.Нг зодоогүй, шилжилтийн насанд байгаа учир аливаа зүйлийг эмзэг хүлээж авдаг хүүхэд байгаа юм. Би Б.Нд юм хэлдэггүй юм. Би өмнө Б.Ог цохиж зодож байгаагүй. Гэхдээ хичээл хийлгэх үед аашилж, загнадаг байсан. Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар 2018 оноос одоог хүртэл ажиллаж байсан. Хичээлтэй учир амралтын өдрүүдээр Тариат сум дахь гэр лүүгээ очдог...” гэх мэдүүлэг/хх-ийн 95-97 дугаар тал/
*Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04дугаартай:
“...Шинжлүүлэгч Б.Н гэр бүлийн хүрээгээр хязгаарлагдсан төрх үйлийн эмгэг, сэтгэл гутралтай, сэтгэл түгшүүрлэл өндөртэй...” гэх дүгнэлт/хх-ийн 199-201 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 129 дүгээр тал/
*Насанд хүрээгүй хохирогч Б.Огийн нас тоолсон тэмдэглэл/хх-ийн 108 дугаар тал/
*Насанд хүрээгүй хохирогч Б.Нгийн нас тоолсон тэмдэглэл/хх-ийн 197 дугаар тал/
*Насанд хүрээгүй хохирогч Б.Нгийн төрсний гэрчилгээний хуулбар/хх-ийн 198 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Ч.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ч.Б нь нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу насанд хүрээгүй хохирогч Б.Ог 2020 оны 09 дүгээр сараас хойш 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хичээл хийлгэх бүртээ байнга зодсон, мөн шүүгдэгч Ч.Б нь насанд хүрээгүй Б.О, Б.Н нарыг асран хамгаалж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Суман баг Дэнж хороолол 3-08 тоотод байх гэртээ хэл амаар доромжлон хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ч.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Огийн”...Тэгээд би хичээлээ хийх гэсэн чинь ойлгохгүй байсан чинь Ч.Б аниа нь яахаараа чи заасан хичээл ойлгохгүй байгаа гээд миний толгой руу эхлээд цохисон, тэгээд татаж газарт унагаад хэд хэдэн удаа нуруу, хөл хэсэг рүү өшиглөсөн тэгсэн миний хөл их өвдөөд босож чадахгүй байсан, би ариа гэж босоод сандал дээрээ суухад дахин толгой руу хүчтэй цохиод байсан. Тэгсэн Н аниа гаднаас орж ирээд гар утас дээрээ бичлэг хийсэн байсан. Тэгээд Н аниаг дүүдээ хичээлийг нь зааж өг би ойлгуулж чадахгүй байна гэсэн. Тэгээд Н аниагийн хийсэн бичлэг явсаар байгаад цагдаа дээр очсон байсан. Намайг Ч.Б эгч сургуульд орсноос хойш хичээл хийх болгонд зоддог байсан. Би хичээлээ заримдаа ойлгохгүй байхад намайг юу ч сурахгүй гээд загнаад, толгой руу байнга цохиод байдаг...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Нгийн”...Би 2023 оны 01 дүгээр сарын дундуур сурагчдын амралтын үеэр би Архангай аймгийн Тариат сумын төвд эмээ болон Ч.Б эгч, дүү Б.Огийн хамт байсан юм. Тухайн өдөр эмээ гадаа мод хөрөөдүүлж байсан, гэрт Ч.Б аниатай төрсөн дүү Б.Огийн хамт байсан. Ч.Б аниа дүүгийн хичээлийг хийлгүүлж байгаад ойлгохгүй болохоор нь яахаараа хичээл зааж өгөөд байхад ойлгохгүй байгаа гээд толгой руу цохиж, газарт унагаад нуруу, хөл хэсэг рүү өшиглөсөн, тухайн үед дүү маш их чанга уйлж би тэвчихгүй нууцаар өөрийн гар утас дээрээ зодож буй байдлын талаар бичлэг хийсэн. Миний бичлэг цагдаа дээр очоод Ч.Б аниа шалгагдаж байгаа. Намайг Ч.Б аниа зодож байгаагүй. Харин загнаж байсан. Тухайн үед дүүг зодоход миний сэтгэл санаа маш өвдөж айж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эийн”...Архангай аймгийн Тариат сумын төвд сургуульд сурч байгаад 2022 оны 01 дүгээр сард талийгч ээж Бийн төрсөн дүү Ч.Бт зодуулсан гээд тус аймгийн Хангай сумын Ерөнхий боловсролын сургуульд шилжин ирээд дотуур байранд амьдарч байгаа. Б.Н нь надтай утсаар яриад Ч.Б эгч бид хоёрыг зодоод байх юм гээд утсаар ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Бын”...Би Архангай аймгийн Тариат сумын хэв журмын цагдаагаар 4 жил гаруй хугацаагаар ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нууцалсан дугаараас нэг эмэгтэй хүн миний утас руу залгаж “Тариат сумын төвд байдаг бага насны 2 хүүхэд хүчирхийлэлд өртөж, хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлэл өгөх гэсэн юм аа” гэсэн дуудлага өгсөн. Дуудлага өгсөн хүн өөрийн мэдээллийг нууцлахыг хүссэн учир түүний мэдээллийг би тодруулж аваагүй бөгөөд тухайн заасан хаяган дээр очтол Архангай аймгийн Тариат сумын Суман багийн Дэнж хороололд /хэдэн тоот хаягийг сайн санахгүй байна/ хаяган дээр гэрт нь очсон. Гэрт ороход 2 хүүхдийн эмээ Г, Б.О, Б.Н, Ч.Б 4 сууж байсан. Тухайн үед ямар нэгэн хэрүүл, маргаан хүчирхийллийн шинжтэй үйл явдал болоогүй хэвийн тайван уур амьсгалтай байсан. Нэг эмэгтэй сандал дээр уйлчихсан сууж байсан. Яагаад уйлсан талаар асуухад юм дуугарахгүй, хариу хэлэхгүй байсан. 2 хүүхдийн эмээ настай хөгшин Гд хандан Б.О, Б.Н 2-той уулзах хэрэгтэй байна гэж хэлээд 2 охиныг Тариат сумын сум дундын цагдаагийн тасгийн байранд авчирч болсон асуудлын талаар асууж тодруулж хүүхдийн эмч, сургуулийн сэтгэл зүйч нарыг дуудаж үзүүлсэн. Тэгээд сумын хүүхэд хамгааллын хамтарсан багт хүлээлгэн өгч тус 2 охиныг Архангай аймгийн Хангай сумын төвд байдаг 2 охины аавынх нь төрсөн дүүгийнд нь аваачиж өгөхөөр шийдвэр гарч сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн С.Гончигдорж, сургуулийн нийгмийн ажилтан Б.Га нар Хангай сум руу авч явсан. Уг 2 охины хүчирхийлэлд өртөж, Ч.Б гэх эмэгтэй зодож байгаа загнаж байгаа тухай бичлэгийг дуудлага өгсөн хүн гар утаснаасаа Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Т.Баянтамирт өгсөн. Тухайн бичлэгийг үзэхэд 4 минут 28 секундийн бичлэг бичигдсэн байсан бөгөөд нэг эмэгтэй Б.О, Б.Н 2-ыг хичээл хийлгэж байхдаа зодож загнан харгис хэрцгий хандаж хүчирхийлэл үйлдсэн талаарх бичлэг байсан. Тухайн бичлэгийг үзэхэд 4 минут 28 секундийн бичлэг бичигдсэн байсан бөгөөд нэг эмэгтэй Б.О, Б.Н 2-ыг хичээл хийлгэх бөгөөд чанга дуугаар загнаж, өшиглөж унагааж, чичилж чимхэж, зодож маш харгис хэрцгий хандаж хүчирхийлэл үйлдсэн талаарх бичлэг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Ггийн”...2023 оны 01 дүгээр сард өдрийг нь хэлж мэдэхгүй байна Ч.Б нь хичээл амраад гэртээ ирээд ач охин болох Б.Огийн хичээлийг нь хийлгэх гэж байгаад нөгөөх нь ойлгохгүй болохоор загнаж, улмаар зодсон байсан. Би тухайн үед гадаа түлээ хөрөөдүүлээд ойр зуурын ажил хийгээд байж байсан. Дараа нь Б.Огийн эгч Б.Н нь Б.Ог зодож байх үеийн бичлэгийг гар утас дээрээ бичсэн байсан гэсэн. Тэгээд тэр нь явсаар байгаад цагдаагийн байгууллагад очсон байсан. Тэгээд охин Ч.Бээс яагаад Ог зодсон талаар асуухад хичээлээ хийж мэдэхгүй, заагаад байгаа зүйлийг ойлгохгүй болохоор нь уур нь хүрээд толгой, нуруу руу нь цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, яллагдагч Ч.Бийн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан, шүүгдэгч Ч.Б нь өөрийн эгчийн хүүхдүүд болох Б.О, Б.Н нартай хамт амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон болно.
Шүүгдэгч Ч.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 хэсэгт зааснаар, насанд хүрээгүй хүүхэд буюу Б.О, Б.Н нартай удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиурь үүсгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ч.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн хүүхдийн эсрэг үйлдсэн, асран хамгаалж байгаа арван найман насанд хүрээгүй хүүхэдтэй хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиурь үүсгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй Б.О, Б.Н нарын хууль ёсны төлөөлөгч Д.Б нь 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар баримт шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүй тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар 2 дахь хэсэгт заасан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ч.Бт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди-г хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Чын Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асран хамгаалж байгаа арван найман насанд хүрээгүй хүүхэдтэй хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиурь үүсгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
7. Шүүгдэгч Ч.Бт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
9. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР