Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/06

 

 

 

 

 

 

                                             2024/ШЦТ/06

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: А.А  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ  

Шүүгдэгч: С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Бд холбогдох 1912007400246 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Т сумын .. дугаар багийн .. гэх газарт оршин суух, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Б овогт Сийн Б /РД: ../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2017 оноос 2018 оны хооронд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Цын маллуулахаар С.Бд хүлээлгэн өгсөн 23 тооны адуунаас С.Б нь 5 тооны адууг нь завшсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2017 оноос 2018 оны хооронд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрт хохирогч Д.Цын маллуулахаар өөрт нь хүлээлгэн өгсөн 23 тооны адуунаас 5 тооны адууг нь завшиж, нийт 3.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Цын “...Б нь надтай санаа нэгтэй морь малд дуртай залуу байсан. Бид хоёр уулзаж нөхөрлөөд Б намайг чи малтай бол хоёулаа хурдан адуутай болъё, адуу малаа харж өсгөж, сойх ажлыг нь би хийнэ гэдэг байсан. Би Бд итгээд хурдан удмын давхина гэсэн адуунууд, хурдан морьд, мөн хурдан удмын гүү, байдас зэрэг адуунууд худалдаж аваад Архангай аймгийн Төвшрүүлэх суманд Бд авчирч харуулж байсан. Анх 2008 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас 6 тооны хурдан удмын адууг би Бтай хамт явж худалдаж аваад Төвшрүүлэх суманд машинд ачиж ирэн Бд хүлээлгэн өгч байсан. Дараа нь буюу 2009 онд дээрх 5 тооны адууг Бд өгснөөс хойш нэг хоёр жилийн дараа Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын харъяат М гэх хүнээс дараагийн адуунуудаа худалдаж аваад авчирч өгсөн. Би 2017 он хүртэл жил бүрийн цагаан cap болон Улсын баяр наадмаар С.Бынд гэр бүлтэйгээ ирдэг байсан бөгөөд тухай бүрт намайг ирэхэд миний адуу Бынд тоо ёсоороо бүрэн, бүтэн байдаг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 06 дугаар сард Бынд ирэхэд миний анх өгч байсан үрээ морьд болон дааганууд ихэнхи нь нас нийлсэн, томорсон байсан. Мөн гүүнүүд маань унагалсан, төллөсөн байсан. Би 2007 оноос 2017 оныг хүртэл бага, багаар нь цувуулж Бд нийт 23 тооны адууг өгсөн юм. Миний хүлээлгэж өгсөн 23 тооны адууны 8 тооны адуу нь эм адуу, бусад нь эр адуу байсан. Би хамгийн сүүлд өөрийн адуунуудаа 2017 оны зун өөрийн хоёр хүүхэдтэйгээ Бынд хөдөө ирэх үедээ бүртгэсэн. Намайг 2017 оны 07 дугаар сард наадмын үеэр бүртгэхэд миний адуунаас нийт 20 тооны адуу бүрэн, зүсээрээ байсан. Үлдсэн хоёр, гурван адууг нь Б хүнд унуулж байгаа гэж надад хэлж байсан. ...Одоогийн байдлаар 2012 онд Төв аймгийн Цээл сумаас Э гэх айлаас авсан миний мэнгэтэй хүрэн морийг 2018 онд Б нутгийнхаа А гэх залууд 2 мориор худалдсан байсан. Миний морины оронд авсан 2 морио Б өөрөө ачиж яваад Улаанбаатар хот руу маханд худалдсан байсан. 2007 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас дааган насанд нь худалдаж авч байсан Буурал морийг Б 2018 онд Төвшрүүлэх сумын иргэн болох В гэх хүнд 3 тооны адуугаар худалдсан байсан. 2017 онд Төв аймгийн Баянчандмань сумын Бын Хгэдэг найзаасаа авсан Хөх бор зүсмийн морийг минь Х гэх настай хүнд 2 адуугаар Б зарсан байсан. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас дааган насанд нь худалдаж авч байсан Хонгор халзан зүсмийн нас нийлсэн морийг Б өөрийн баз хүргэн Д даа 2018 онд зарсан байсан, 2019 оны хавар Дг миний морийг унаж явахыг нь харсан. Миний Бд хүлээлгэж өгсөн бусад адуунууд сураггүй байна. ...Миний Бд авчирч өгсөн адуунаас 4 тооны үрээ, 1 тооны азарга, 1 тооны даагыг би өөрөө зарцуулсан. Мөн 3 тооны адуу үхсэн талаар тухайн үед Б надад хэлж байсан болохоор би мэдэж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-31, 230-231 дүгээр хуудас/, гэрч Д.Цийн “...Тухайн үед буюу 2013 онд намайг очсон жил Бын адуун дотор миний мэдүүлсэн том, жижиг нийлсэн Цын 18 тооны адуу байсан. ...Би 2013 оны 06 дугаар сард очсоны дараа 2014 онд буюу Цагаан сарын үеэр Бынд дахин очсон. Намайг очиход Цын адуунууд 18 тоогоороо бүрэн бүтэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-52 дугаар хуудас/, гэрч Д.Ггийн “...2016 онд би Архангай аймагт Бынд ирээд 5- 6 хоносон. Тухайн үед Б Төвшрүүлэх сумын төвийн урд зусч байсан. ...Тухайн үед Бын адууг харахад 30 орчим тооны адуунууд байсан. Би адуун дотроос нь Ц ахын зүсээр нь таньдаг адуунуудыг харахад Төв аймгийн Цээл сумаас авч байсан цавьдар морь адуун дотор нь байсныг би барьж аваад хэдэн өдөр унасан. Ц ахын 2013 онд Төв аймгийн Цээл сумын Бгаас авч байсан. Хүрэн зүсмийн үрээ нь тухайн үед нас нийлсэн морь болсон байсан. Төв аймгийн Цээл сумын Эаас авсан. Зүүн талын гуян дээрээ цагаан өнгийн алга дарам мэнгэтэй хүрэн соёолон насны үрээ нь тухайн үед нас нийлсэн морь болсон байсан. Тухайн үед Эаас мэнгэтэй хүрэн үрээг авахад хамт авчирсан дүү хүрэн үрээ нь мөн адил нас нийлсэн морь болсон байсан. ...2019 оны 07 дугаар сард Ц ах бид хоёр Бын гэрт ирээд... Ц ах адуугаа шалгаж шүүж үзэзд Бын адуун дотор 1 тооны хар зүсмийн морь байсныг аваад тэр морио Төвшрүүлэх сумын нутгийн хүнд зарсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 53-57 дугаар хуудас/, гэрч Ч.Хын “...Би 2017 оны хавар 6 дугаар сард өөрийн ач, зээ хүүхдүүддээ унуулах номхон морь хэрэг болоод тухайн үед Төвшрүүлэх сумын Хув Ггэх хочтой Б нь номхон морь байгаа зарна гэхээр нь Төвшрүүлэх сумын төвд Бынд очиж адуун дотор байхад нь нэг морь үзсэн. Намайг очиж үзэхэд хээр зүсмийн морь, бор зүсмийн хоёр гурван морьтой, морьд дотроосоо хөх толботой урд хөлөн дээрээ хөх өнгийн толботой бор морь надад барьж өгсөн. ...Б надад худалдсан хөх бор морио миний морь байгаа юм худалдана гээд зарсан өөр хүний морь гэж надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 58-60 дугаар хуудас/, гэрч Ц.Аын “...Төвшрүүлэх сумын төвд байдаг хув Гбуюу Б гэх хүнээс 2017 оны хавар хөх бор зүсмийн морь авч байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 61-63 дугаар хуудас/, гэрч Л.Вгийн “...Тухайн үед Б 5 тооны адуу ачуулсан бөгөөд буурал зүсмийн нас нийлсэн морь байсан, тамгыг нь би анзаараагүй, мөн хүрэн зүсмийн морь байсан бөгөөд энэ морио надад Б хэлэхдээ мэнгэт хүрэн гэдэг юм, уяж байсан морь гэж хэлсэн. Тухайн морины зөв талын гуян дээр нь алга дарам цагаан өнгийн үс байдаг болохоор мэнгэт гэдэг байсан.  Мөн сартай хонгор зүсмийн нас нийлсэн морь, cap нь духан дээрээ жижигхэн хумсан чинээ сартай байсан тамгыг нь би анзаараагүй, улаан хээр зүсмийн унагагүй гүү байсан, тамгыг нь би анзаараагүй, хар халтар хязаалан байдас байсан. Энэ адуунуудыг бүгдийг нь миний машинд ачуулаад зарахаар Улаанбаатар явах гэж байсан. Би тухайн үед адуунуудыг ачиж байхдаа сартай хонгор морийг нь махлах гэж байгаа юм бол надад зарчих гэж асуухад Б наад морь чинь хөл муутай юм, чи морь авах гээд байгаа бол буурал морийг нь ав, номхон морь байгаа гэсэн. Би хариуд нь адуу өгөөд буурал морийг чинь авъя гэсэн. Б надад оронд нь маханд өгөх адуу л өгчих, том, жижиг нь хамаагүй, ах нь маханд өгөх гэж байгаа юм чинь гэж хэлсэн. Бид хоёр буурал морийг нь ачихаа болиод сумын төвд байдаг Бын хашаанд үлдээгээд Цохиотод хөдөө байдаг манай гэрт ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 64-67 дугаар хуудас/, гэрч С.Шгийн “...Б хоёр тооны морь зарна гэхээр нь би тухайн унах морь бага байсан учраас 1 морийг нь авъя гэж хэлээд худалдаж авсан. Миний авсан хонгор халзан морь цагаан хонгор зүсмийн, сайвар явдалтай, унамгай сайхан морь байсан. Тамганы хувьд ширээтэй чандмань тамгатай байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-46 дугаар хуудас/, гэрч М.Агийн “...2018 оны зун 07 дугаар сарын үед би Б ахтай адууны наймаа хийсэн. Тэр үед Б ах үрээ морь махлах гэж байгаа гэхээр нь би маханд өгөхөд хайран үрээ байна гэтэл Б ах чи ахдаа оронд нь маханд өгөх адуу өгөөд энэ үрээг ав гэсэн юм. Би тэгэхээр нь өөрийн ах Баасангийнд байсан хүрэн зүсмийн үрээ морио оронд нь өгөөд Б ахын зарах гэж байсан хүрэн үрээг авсан. ...Цулгуй хүрэн зүсмийн буруу талын чих нь цуулбар имтэй, тамгагүй соёолон насны үрээ морь байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 68-70 дугаар хуудас/, гэрч М.Эгийн “...2014 онд байх Ц надаас манай унаган адуу болох хурдан удмын 2 үрээ морь худалдан авч байсан юм. Миний Цт зарсан 2 үрээ морь манай хурдан хүрэн азарганы төл байсан юм. ...Мэнгэт хүрэн нь зүүн талын хойд гуян дээрээ алга дарам цоохор мэнгэтэй, содон зүстэй, им тамгагүй үрээ байсан. Зээрд үрээ нь хүрээтэй, ширээтэй түвдийн “Ба” үсгэн тамгатай байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 71-73 дугаар хуудас/, гэрч Ж.Чын “...Миний Цт зарсан цавьдар зүсмийн хурдан морийг 2018 онд Фээсбүүк зар дээр хурдан удмын морь зарна гээд тавьсан байхаар нь би олж мэдээд Цаас чи зарах гэж байгаа юм уу гэж асуухад үгүй, би юу гэж зарах юм гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 74-78 дугаар хуудас/, гэрч Ц.Оын “...Нутгийн зүс таних залуу Мт 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр сартай цавьдар морь /S тамгатай/ 3.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, тухайн үедээ 1.500.000 төгрөгийг Мнадад бэлнээр өгсөн юм. Түүнээс хойш үлдэгдэл мөнгөө өгөөгүй байгаа. ...Уг сартай цавьдар морийг 2016 билүү 2017 онд нутгийн танил ах Баас авч байсан юм. Тухайн үед намайг эмнэлэгт хэвтэж байхад Б хүний өрөнд өгөх гэсэн юм, азарган үрээ байна уу гэж асуухаар нь та оронд нь юу өгөх юм бэ гэж асуухад морь өгье гэж хэлээд би Бтай азарган үрээгээ сартай цавьдар мориор солилцож наймаа хийсэн юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 20-21 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн АЦ-23-230 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 136-139 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч С.Бын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

 Шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Бын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч С.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Цт 3.300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч С.Б нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч С.Баас 3.300.000 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөд байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Сын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Баас 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн 12 дугаар хорооны Чулуут амины орон сууцны 01-03 тоотод оршин суух Б овогт Дын Ц /РД: ../-т олгосугай.

 

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР