Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 709

 

108/2020/0042/Э

 

 

 

 

  2020          06            02                                            2020/ДШМ/709    

 

И.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Ариунболд,

шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн, Т.Энхбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.М-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1907002050053 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М-,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулан хорих ял дээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, 2006 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар 1 жил 9 сар 18 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хуулийн тэгшитгэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 10 хоногийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ялд нийцүүлэн 2 жил 10 хоногоор тогтоож, 2002 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 11 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1 жил 1 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 2 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг дүйцүүлэн хасаж, 6 сарын хугацаагаар тогтоон сулласан;

 

И.М- нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 13 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 15-18 тоотод байрлах иргэн Г.М-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, байшингаас гарах явцдаа учрах саадыг арилгах зорилгоор байшингийн хаалганы цоожийг хутгаар хөшиж онгойлгож 48 инчийн “Sky worth” брендийн LCD зурагт, “Lenovo” брендийн суурин компьютер, цагаан өнгийн Ddish төхөөрөмж зэрэг хөрөнгийг хулгайлан авч, 754.160 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: И.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч И.М-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч И.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч И.М- давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Би гэмт хэргийн талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж байсан. Надад уг хэрэг дээр маргах зүйл байхгүй. Тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол байхгүй бөгөөд надад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар багасгаж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.М-ын гаргасан гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч М.М- нь хэргийн талаар маргадаггүй, үнэн зөвөөр мэдүүлж байсан. Хохирлыг биет байдлаар хохирогчид буцаан өгсөн. Өмнө 6 удаа ял шийтгүүлж байсан хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Т.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч М.М- нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж байгаагүй. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэж заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч М.М- учрах саадыг арилгах зорилгоор урьдчилж бэлтгэсэн зүйл байхгүй. Хулгай хийхдээ хутга ашиглаагүй. Айлд ороод эд зүйлийг нь авснаар хулгайлах гэмт хэрэг нь төгссөн. Үүний дараа гэрт нь  байсан хутгыг авч хаалгыг хөшиж онгойлгосныг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг ашигласан гэж анхан шатны шүүхээс буруу дүгнэсэн. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авснаар төгсдөг. Шинэ хуулийн үзэл санаагаар хулгайн эд зүйлийг авснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог. Мөн хэргийн материалаас харахад шүүгдэгч М.М- хутга хэрэглэсэн гэдгээ хүлээн мэдүүлснээс өөр нотлох баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хуульд заасан хамгийн доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.М- нь гэм буруу дээрээ анхнаасаа маргаагүй. Хорих ялаас өөр ял хэрэглэх, ялаас хөнгөрүүлэх боломжгүй гэж үзсэн. Учир нь, М.М- нь өмнө 6 удаа ял шийтгэл эдэлж байсан. Ял шийтгэл нь дуусгавар болсон хэдий ч нийгмийн хор аюул арилаагүй, шүүгдэгч нь нийгэмшээгүй гэж үзэж байгаа тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Хутга хэрэглэсэн нь зэвсэг ашигласан гэдэгт орж байгаа. Орон байранд нэвтэрч ороод авсан зүйл нь цонхоор багтахгүй байсан учир хутгаар хөшиж хаалгыг онгойлгож гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс 3 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан. Шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч И.М- нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны 13 цагийн орчимд Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 15-18 тоотод байрлах иргэн Г.М-ийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 48 инчийн “Sky worth” брендийн LCD зурагт, “Lenovo” брендийн суурин компьютер, цагаан өнгийн Ddish төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, бусдад 754.160 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.М-ийн “...2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 15 цагийн үед гэртээ ирээд байшингийнхаа хаалгыг татахад онгорхой байхаар нь хүүгээ байна гэж бодоод гэртээ ороход хүү маань байхгүй, урд өрөөнд хананд өлгөөтэй байсан 48 инчийн “Sky worth” брендийн LCD зурагт болон хойд өрөөнд байсан суурин компьютер алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 31-34/,

иргэний нэхэмжлэгч Т.Эрдэнэ-Олзодын “...Баянгол дүүргийн нэг ломбарданд 300.000 төгрөгөөр тавьсан эд зүйлсээ М- авахгүй байсан тул ломбард нь юмаа аваач гээд над руу залгаад байсан тул би хүүтэй нь нийлүүлээд 320.000 төгрөг төлөөд авсан. ...” /хх 36/,

гэрч Т.Сансарбаярын “...миний танил М- манайд 12 цагийн үед орж ирээд бид хоёр 0.75 литр архи хувааж уугаад Тэрэлжийн “Болор” амралтын газар луу явъя гэж ярилцаад манайхаас хамт гарсан. ...Цайз уруудаад эхний шатахуун түгээх станцын хажууд ирэхэд М- “би ер нь явахаа болилоо” гээд бууж үлдээд би цаашаа ганцаараа явсан. ...Гэртээ ирээд зурагт алга болсныг мэдсэн. ...” /хх 39-41/,

И.М-ын яллагдагчаар өгсөн “...би тухайн өдөр согтуу байсан болохоор л ийм зүйл хийчихсэн. ...” /хх 63-64/ гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-19/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх 52/, алдагдсан эд хөрөнгийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 20-28/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

 

Шүүгдэгч И.М-ын бусдын орон байранд нэвтэрч, 754.160 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч И.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг ашиглаж үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.” гэж заасан бөгөөд шүүгдэгч И.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...цонхоор нь багтахгүй болохоор байшингийн хаалганы цоожийг дотор талаас нь хутгаар хөшиж онгойлгоод гарсан. ...” гэх мэдүүлэг /хх 45-47/ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүйн дээр хэргийн газрын үзлэг хийсэн “...гэрийн эзэн М-ээс түлхүүр авч гаднаас нь эргүүлж үзэхэд саадгүй түгжигдэж, дотроос нь үзэхэд түлхүүр шургахгүй байв. Хаалганы цоож, захын хэсэг, рамны цоожлогч хүрэх хэсэг, түүний ойр орчим гадна, дотор талд ямар нэг ул мөр, эвдлэгч багажны мөр алга байв. ...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-19/, гэрч Т.Сансарбаярын “...манай гэрийн хаалга дотроосоо онгойх боломжтой, гараар эргүүлж нээдэг. ...Хаалга, цонхнууд бүрэн бүтэн, цонх шил хагарсан зүйлгүй. ...” /хх 40/ гэх мэдүүлгүүдээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж хаалгыг хөшиж онгойлгосон гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр И.М-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч И.М- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Харин давж заалдах шатны шүүхээс хулгайлах гэмт хэргийн хоёр хүндрүүлэх шинжээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсний нэг шинжийг хэрэгсэхгүй болгож байгаатай холбоотойгоор шүүгдэгч И.М-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 2 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч И.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас М-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...гэмт хэргийн шинжгүй...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолы тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч  М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч И.М-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч И.М-ыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.М-т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.М-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч И.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН