Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 110/ШШ2019/0032

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанхус сумын 8 дугаар багийн оршин суугч Т.Кы нэхэмжлэлтэй;

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох;

Асаргааны тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.К, түүний өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Т.К шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2004 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, БК04261110 регистрийн дугаартай, миний төрсөн хүү К нь багадаа толгойдоо авсан гэмтлийн улмаас татаж, ухаан алдаж унах өвчтэй болсон бөгөөд орон нутгийн эмч, эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүдийн хяналтад байдаг ба гэр орондоо байнга эцэг, эхийн асаргаанд амьдарч байгаа. Эмнэлгээс 2015 оноос албан ёсоор дахин өвчин нь сэдэрсэн гэж анхаарч хяналтад авч одоо эмчилж байгаа билээ. К.КдЭ гэх татаж, ухаан алдаж унах оношлолоор 2016 оноос эхлэн Нийгмийн халамжийн хэлтсээс асаргааны тэтгэмжийн мөнгийг 2018 оны 11 дүгээр сар хүртэл өгч байсан. Баян-Өлгий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс нь миний хүү Кг 2018 оны 11 дүгээр сард дахин асаргаа шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж, акт тогтоосон байгаа. Бид нар актыг манай сумын халамж хариуцсан ажилтан Б.Көкгүлд авч очиход энэ хүүхэд асаргааны тэтгэмжийн авах ёсгүй байна гэж тэтгэмж олгохоос татгалзсан. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 2019 оноос эхлэн тэтгэмжийг зогсоосон гэж хэлж, хүү Кд тэтгэмж олгохгүй байна. Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Сьезханд өргөдөл гаргахад хэлтсийн дарга гэх А.П цохолт хийж өгсөн. Харин А.П нь 2019 оны 01 дүгээр сарын 25-нд надад ...хүүхдийн чинь өвчин шалгуур үзүүлэлт хангахгүй байна.. гэж хариулж, мөн цохолт хийж өргөдлийн хариуг өгсөн. Надад ямар шалгуур үзүүлэлт, юуг хэмжүүр болгосон, ямар шаардлагад миний хүүгийн өвчин таарч тохирохгүй байгааг, ямар хууль, журамд харшилж нийцэхгүй буйг хэлж ойлгуулаагүй. Шууд тэтгэмжээс хассаныг хэлсэн тул шүүхэд хандаж байна. Миний хүү К нь гадаа, гэрт, хаана явсан газраа, ямар ч нөхцөлд, аль ч цаг хугацаанд гэнэт татаж унадаг, унасан үедээ 2-3 минутын орчим ухаангүй байдаг, ойр байгаа эд юмсыг эвдэж гэмтээх, өөрөө гэмтэх маш их эрсдэлтэй болохоор хажууд нь эх нь Х.Гүлзира эсвэл би байнга дагаж гэмтэж осолдохоос үргэлж урьдчилан сэргийлж явдаг юм. Хүний үгэнд ордоггүй, ямар нэгэн зүйл яривал ерөөсөө хүлээж авдаггүй, гэрээс зугтаж гараад гадаа хонодог. Бага байхдаа толгой, тархиндаа авсан гэмтлээс болж 3 дугаар анги хүртэл сурсан боловч огт юм сураагүй, нэрээ бичиж чадаагүй хичээлээс гарсан. Улаанхус сумын сургуулиас хичээл сурахгүй байна, эмчилгээ хийлгээгүй гэж гаргасан. Бид нар хэд хэдэн удаа эмчид үзүүлж, шинжилгээ гаргуулсан боловч эмчлэгдээгүй. Миний хүү өвчнөөр татаж унах үед орчиндоо эсвэл өөрийн эрүүл мэнд, бусдын эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй болдог тул одоо ч, цаашид ч хажууд нь байнга байж асрах, харж харгалзах хүн хэрэгтэй бөгөөд энэ хүн нь эцэг, эх нь бид юм. Бид гэр орны ажлаа хийх завсар зайд хүү Кг хардаг, асардаг, хувцаслуулж, эм тариа өгч, хооллож байнга дэргэд нь байх шаардлагатай тул хуульд заасан асаргааны тэтгэмжийг авах ёстой гэж үзэж байна. Иймд асаргааны тэтгэмжийн мөнгийг олгохыг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгчийн хүүхэд К.К нь 2016 оноос эхлээд авч байсан тэтгэмжийг авч чадахгүй боллоо гэсэн үндэслэлээр шүүхэд хандаж байгаа. Урьд нь тэтгэмжийг комиссын гаргасан шийдвэрийн дагуу авч байсан. 2018 онд 2 сайдын хамтарсан тушаал гарч, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарласанчлан 3 шалтгаанаар тэтгэмж авахаас хассан байна. Эгэдэг маш хүнд өвчин, ямар ч газар, цаг хугацаанд татаж унадаг, ухаан алддаг. Татаж унасан үедээ сэтгэх, бодох чадвар нь байхгүй болж, усанд орох, гал түймэрт орох, ямар нэгэн байдлаар бусдыг болон өөрийгөө гэмтээх боломжтой, маш хүнд хэлбэрийн шинжтэй өвчин юм. К.Кн хувьд Эйн хүнд хэлбэр гэдэг нь нотлогдож байгаа ба энэ өвчнөөр хүүхэд эмнэлэгт хэвтсэн, эмчлүүлж байсан. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан. Энэ өрхөд 8 хүн амьдардаг, эдгээр хүмүүс бүгд ажилгүй, орлогогүй, өөрсдийгөө асарч хамгаалах боломж маш хомс байдаг. Урьд нь ганцхан К.Кн тэтгэмжийн мөнгөөр амьдралаа залгуулж байсан. Шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч байсан боловч дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах гомдол гаргаагүй. Учир нь шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчид 30 минут цаашлаад 1 цагийн хугацаанд тухайн хүүхдийг үзэж, дүгнэлт гаргасан байх. Гэхдээ энэ хүүхдийн өвчний байдлыг эмчилгээнд байлгаж байгаад тогтоодог болохоос биш хэсэг зуур үзэж өвчний зэргийг тогтоох боломжгүй. Хэрэв дахин шинжээч томилох юм бол Ховд аймаг эсхүл Улаанбаатар хотод очиж шинжилгээнд хамрагдаж, нэмэлт дүгнэлт гаргуулах байх. Гэвч нэхэмжлэгчид тэгж дүгнэлт гаргуулах санхүүгийн чадвар байхгүй учраас гомдол гаргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Тэгээд ч шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй дагаж мөрдөх, дүгнэлтээр асуудлыг шийдэхгүй байх талаар зохицуулсан хууль байдаг. Э гэсэн оношоор комиссын дүгнэлт гарсан, 3 жил тэтгэмж авч байсан талаарх баримтууд хэрэгт хангалттай авагдсан, бие авч явах чадваргүй байдал зэрэг байдлыг харгалзан үзээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Тийм учраас шүүх иргэний талд асуудлыг шийдвэрлэж туслахыг хүсэж байна гэв.

 

Хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг төлөөлж дарга Б.Сьезханы шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч Кы хүү К нь 2016 оноос эхлэн нийгмийн халамжийн сангаас байнгын асаргаа шаардлагатай гэж асаргааны тэтгэмж авч ирсэн бөгөөд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2018 оны 12 дугаар сараас эхлээд аймгийн бүх сумын байнгын асаргаа шаардлагатай иргэдэд тэтгэмж олгосон асуудлыг шалгасан. Энэ шалгалтаар Т.Кы хүү Кн байнгын асаргааны тэтгэмж авах асуудлыг судлан үзээд, цаашид олгох боломжгүй гэж зогсоосон байгаа. Учир нь, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д байнгын асаргаа шаардлагатай иргэн гэж бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүнийг ойлгоно гэж заасан байх ба хуулийн дээрх заалтыг К.К хангахгүй байсан. Өөрөөр хэлбэл, бодит байдал дээр иргэн К.К нь бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадвартай, сэтгэцийн хөнгөн хэлбэрийн эмгэгтэй, гэртээ чөлөөтэй явж байгаа гэж хариуцагч байгууллага нар дүгнэсэн болно. Мөн Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/69/48 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур, үзүүлэлт-ийг үндэслэн асаргаа тогтооно гэж заасан байдаг. Гэтэл иргэн К.Кд асаргаа тогтоохдоо зааварт зааснаар комисс үнэлэлт өгөх байтал нийгмийн ажилтан үнэлгээ өгсөн нь буруу гэж үзэж байгаа.

 

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/69/48 тоот тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан зааврын 3.4-д Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хүүхдийг Эх ,хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн /цаашид ЭХЭМҮТ/ төрөлжсөн мэргэжлийн бусад эмнэлгийн байгууллагын мэргэшсэн эмчийн үзлэг, оношилгооны дүгнэлт, хэрэв хүүхэд, түүний асран хамгаалагч Улаанбаатар хотод ирж III шатлалын эмнэлгийн дүгнэлт авах боломжгүй тохиолдолд тухайн орон нутгийн хүүхдийн зөвлөх эмчийн дүгнэлт, эсхүл цахимаар авсан ЭХЭМҮТ-ийн эмчийн дүгнэлтийг үндэслэн аймаг, дүүргийн комисс хэлэлцэнэ гэснийг хангахгүй байгаа. Учир нь, хүүхдийн оношийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эсхүл орон нутгийн хүүхдийн зөвлөх эмч тогтоох ёстой мөртлөө уг дүгнэлтийг гаргахгүйгээр байнгын асаргаа шаардлагатай иргэнийг Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс шийдвэрлэсэн асуудалд бид нар гомдолтой байгаа. Дээрх 2018 оны А/69/48 тоот тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан зааврын 1.4-д Өвчин гэмтэл нь архагшин эрхтэн, бие махбодын тогтоц, үйл ажиллагаа нь хүндээр гэмтсэний улмаас өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй, хэвтрийн дэглэмд бусдын асаргаа сувилгаанд байдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, хүндэвтэр болон хүнд хэлбэрийн оюуны бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэн, хүүхдэд ...асаргааг тогтооно гэсэн заалтыг зөрчиж байгаа тул энэ талаар шүүхэд хүсэлт гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд К.Кд байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулахыг хүссэнээр шүүгчийн захирамжаар шинжээч томилсон. Томилогдсон шинжээчийн дүгнэлтээр К.Кд байнгын асаргаа шаардлагагүй, тархины гэмтлийн дараа уналт, таталттай гэсэн оношийг батлах баримт байхгүй гэж гарсан. Нийгмийн халамжийн тухай хууль болон салбарын сайдын хамтарсан тушаалаар баталсан дүрэм, зааврыг хангахгүй байгаа учраас нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Т.Кы хүү К /асруулагч иргэн/ болон түүний эх Х.Күлзира /асрамжилж байгаа иргэн/ нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасан нийгмийн халамжийн тэтгэмжийн нэг төрөл болох асаргааны тэтгэмжийг 13.2.4-т зааснаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Улаанхус сум хариуцсан нийгмийн ажилтны байгуулсан Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах тухай гэрээний дагуу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн авсан байх ба 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс уг гэрээний хугацааг 1 жилээр сунгасан байна. Улмаар гэрээний сунгасан хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч Т.К нь хүү К.Кд асаргааны тэтгэмж тогтоолгохоор Улаанхус сум хариуцсан нийгмийн ажилтанд хандаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Баян-Өлгий аймаг дахь салбар комиссын К.Кн байнгын асаргааны хугацааг сунгасан шийдвэр болох 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 166 дугаартай байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтыг бүрдүүлж өгснөөр Улаанхус сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоор асруулагч К.К болон асарч байгаа иргэнийг асаргааны тэтгэмжид хамруулахаар шийдвэрлэсэн боловч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас К.Кн асаргааны тэтгэмжийг зогсоож, олгохоос татгалзсан шийдвэр гаргаж дээрх гэрээг сунгаагүй байна. Үүний дараа Улаанхус сумын Амьжиргааг дэмжих зөвлөлөөс 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор К.Кн асаргааны тэтгэмжийг зогсоосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчээс асаргааны тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Миний хүү К.К нь Э гэх оношоор 2016 оноос асаргааны тэтгэмжийн мөнгийг авч байсан. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 2019 оноос эхлэн тэтгэмжийг зогсоосон гэж хэлж тэтгэмж олгохгүй байна. Хүү маань өвчнөөр татаж унах үед орчиндоо, эсвэл өөрийн эрүүл мэнд, бусдын эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй болдог тул хажууд нь байнга байж асрах, харж харгалзах хүн хэрэгтэй. Баян-Өлгий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс миний хүү К.Кг байнгын асаргаа шаардлагатай гэж тодорхойлсон байгаа тул хуульд заасан асаргааны тэтгэмжийг авах ёстой гэж тодорхойлжээ.

 

Харин хариуцагч талаас К.К нь гэр дотроо чөлөөтэй явж байгаа, бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадвартай тул эмч нарын шийдвэр нь тухайн иргэний бодит нөхцөл, байдалтай нийцэхгүй байна. Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хүүхдийг тухайн орон нутгийн хүүхдийн зөвлөх эмчийн дүгнэлтийг үндэслэн хэлэлцэхээр заасан, уг дүгнэлтийг гаргахгүйгээр байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Баян-Өлгий аймаг дахь салбар комисс хэлэлцэн шийдвэрлэсэн нь зааврыг зөрчсөн. К.К нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан байнгын асаргаа шаардлагатай иргэн гэсэн шаардлагыг хангахгүй байгаа, салбар комиссын Эйн хүнд хэлбэр гэсэн оношоор К.Кд олгосон байнгын асаргааны тодорхойлолт нь заавар, журамд нийцэхгүй байна гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д нийгмийн халамж гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн,нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг, 3.1.6-д байнгын асаргаа шаардлагатай иргэн гэж бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүнийг ойлгоно, 4 дүгээр зүйлийн 4.1-д Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан болзол, шалгуур, нөхцөлийг хангасан Монгол улсын иргэн,.... хамрагдах эрхтэй гэж тус тус заасан, 13 дугаар зүйлийн 13.2.4-т зааснаар эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэнд асаргааны тэтгэмж олгохоор зохицуулжээ.

 

Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.11-д Энэ хуулийн 13.2.4-т заасан ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, өвчин гэмтлийн жагсаалтыг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж заасны дагуу Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/69/48 дугаар Жагсаалт, шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай хамтарсан тушаалын 2,3,4 дүгээр хавсралтаар Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур, үзүүлэлт, Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг тодорхойлох заавар-ыг тус тус баталсан байна.

 

Уг тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг тодорхойлох заавар-ын 1.1-д Байнгын асаргаанд байх шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг тодорхойлох, асаргаанд байх хугацааг тогтоох, сунгах, цуцлах асуудлыг шийдвэрлэхэд энэхүү зааврыг баримтална, 1.4-т Өвчин гэмтэл нь архагшин эрхтэн, бие махбодын тогтоц, үйл ажиллагаа нь хүндээр гэмтсэний улмаас өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй, хэвтрийн дэглэмд бусдын асаргаа сувилгаанд байдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, хүндэвтэр болон хүнд хэлбэрийн оюуны бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэн, хүүхдэд Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаалт, Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур, үзүүлэлт-ийг үндэслэн асаргааг тогтооно, 3.4-т Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хүүхдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн /ЭХЭМҮТ/ төрөлжсөн мэргэжлийн бусад эмнэлгийн байгууллагын мэргэшсэн эмчийн үзлэг, оношилгооны дүгнэлт, хэрэв хүүхэд, түүний асран хамгаалагч Улаанбаатар хотод ирж, lll шатлалын эмнэлгийн дүгнэлт авах боломжгүй тохиолдолд тухайн орон нутгийн хүүхдийн зөвлөх эмчийн дүгнэлт, эсхүл цахимаар авсан ЭХЭМҮТ-ийн эмчийн дүгнэлтийг үндэслэн аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол,нийгмийн хамгааллын салбар комисс хэлэлцэнэ, 3.6-д ...Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс нь өрхийн болон төрөлжсөн мэргэжлийн эмчийн хурлаар иргэний биеийн байдал, үзлэг, шинжилгээ, оношилгоо, онош, өвчтөний үечилсэн дүгнэлттэй танилцан шаардлагатай гэж үзвэл холбогдох үзлэг, шинжилгээг давтан хийлгэсний дараа тухайн иргэнд байнгын асаргааг тогтоох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ, 3.8-д Өвчин,гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлтийн дагуу өвчний онош,үе шат, хүндрэл, үзлэг, шинжилгээ, оношилгооны дүгнэлтийг үндэслэн байнгын асаргаа тогтоохыг комисс хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргана гэж тус тус заажээ.

 

Дээрх зохицуулалтуудаас үзэхэд асаргааны тэтгэмж авах эрх бүхий Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т заасан эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд-ийг тухайн орон нутгийн хүүхдийн зөвлөх эмч, эсхүл Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн дүгнэлтийг үндэслэн холбогдох үзлэг, шинжилгээг хийлгэсний үндсэн дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс хэлэлцэж, Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт болон Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх, шалгуур үзүүлэлт-ийг үндэслэн тодорхойлохоор заасан, өөрөөр хэлбэл тухайн хүүхдийн өвчний онош нь жагсаалтад багтсан, үзлэг, шинжилгээ, оношилгооны дүгнэлтэд үндэслэсэн байхаас гадна дээрх шалгуур, үзүүлэлтийг /үнэлгээний оноо/ үндэслэн бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй буюу байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоохоор байна.

 

Гэтэл Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын Баян-Өлгий аймаг дахь салбар комиссоос К.Кд Эйн хүнд хэлбэр гэсэн өвчний оношоор байнгын асаргаа шаардлагатай гэж тогтоож, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 166 дугаартай байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт өгсөн боловч комисс уг шийдвэрийг гаргахдаа тухайн орон нутгийн хүүхдийн зөвлөх эмчийн дүгнэлт, эсхүл Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн дүгнэлтийг үндэслээгүйгээс гадна Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг үнэлэх шалгуур, үзүүлэлт-ийн дагуу үнэлгээ хийгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тус тус тогтоогдсон.

 

Мөн салбар комиссын дээрх байдлаар гаргасан шийдвэрт К.Кн өвчний оношийг Эйн хүнд хэлбэр тодорхойлсон, уг өвчин нь Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт-д багтаж байгаа боловч шүүхээс томилсон тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч, мэдрэлийн эмч, сэтгэцийн эмч нар, мөн сэтгэл зүйч, хүүхдийн эрх хамгаалал хариуцсан мэргэжилтний бүрэлдэхүүнтэй шинжээч нар К.Кн биеийн байдал, үзлэг, өвчний түүх зэргийг үндэслээд тархины цахилгаан бичлэг байхгүй, уналт, таталтын эсрэг эм ууж байгаагүй, бусад эм хэрэглэж байгаагүй тул дээрх оношийг батлах боломжгүй, харин бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадвартай гэсэн дүгнэлт[3] гаргасан болно.

 

Түүнчлэн уг зааврын 2.2-т зааснаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын хурал нь дарга болон 6 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, гишүүдийн 80-аас доошгүй хувийн саналаар байнгын асаргааг тогтоох эсэхийг шийдвэрлэх байтал тус аймаг дахь салбар комисс нь дарга болон 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хурал хийж дээрх шийдвэрийг гаргасан[4] байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын тус аймаг дахь салбар комиссоос холбогдох эмчийн дүгнэлтгүйгээр, зайлшгүй үндэслэл болгох шалгуур, үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийхгүйгээр, өвчний онош тогтооход шаардлагатай шинжилгээг хийлгэхгүйгээр, комиссын гишүүдийн 80-аас доош хувийн саналаар гаргасан К.Кд байнгын асаргаа тогтоох тухай шийдвэрийг хуулиар тогтоосон журам буюу Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг тодорхойлох заавар-ыг зөрчсөн, үндэслэл муутай шийдвэр гэж үзэхээр байгаа, мөн уг шийдвэр нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байгаа тул К.Кг Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан байнгын асаргаа шаардлагатай иргэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас К.Кн асаргааны тэтгэмжийг зогсоосон талаар маргаж, асаргааны тэтгэмж олгохыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийн гаргасан боловч Улаанхус сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн К.Кн асаргааны тэтгэмжийг зогсоосон 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолын маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд К.Кд байнгын асаргаа шаардлагатай гэж тогтоосон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын тус аймаг дахь салбар комиссын шийдвэр нь хууль, журмыг зөрчсөн, үндэслэл бүхий биш байх тул түүнд Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т зааснаар асаргааны тэтгэмж олгох үндэслэлгүй, К.К нь асаргааны тэтгэмж авах нөхцөлийг хангахгүй байгаа тул асаргааны тэтгэмжийг зогсоосон хариуцагч байгууллагын шийдвэр нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасантай нийцсэн байна гэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Кы Асаргааны тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ                                                         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1]Хэргийн 13,25,32-34, 35,36-37,39-40,43-46-р хуудас

 

[2]Хэргийн 29-40,43-46,88-р хуудас

 

[3]Хэргийн 68-69-р хуудас

 

[4]Хэргийн 37,88-р хуудас