Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2026/0518

 

 

 

 

 

 

 

 

 

“Б т” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

         Шүүх бүрэлдэхүүн:

         Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

         Илтгэгч шүүгч Л.Одбаатар

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагч “Б т” ХХК-ийн төлөөлөгч В.Б

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч: “Б” трейд ХХК

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0510 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2026/0232/3         

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Гомдол гаргагч “Б т” ХХК-иас Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Эд холбогдуулан “Улсын байцаагч Б.Э-ын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0093005 дугаар шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах”-аар гомдлын шаардлага гаргажээ.              

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0510 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э-ын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0093005 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч “Б т” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.       

              3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч “Б т” ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

3.1. “...Улсын байцаагч Б.Э-ын 2026 оны 1-р дүгээр сарын 22-ны өдрийн зөрчил шийтгэл оногдуулсныг (№0093005) хүчингүй болгоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Хөндлөнгийн шинжээч танилцуулах хүсэлт гаргасан боловч хүлээн зөвшөөрөөгүй шүүх хурал эхэлсэн. Иргэн Батсайханы Сүхбаатар дүүргийн 9-р хорооны Нуурын 8-105, 99 тоотод байрлах газарт "Б т" ХХК-ны худаг болон цооног ухаагүй "Г" ХХК барилга барих Геологийн судалгааны дүгнэлт хийхээр 2ш цооног ухсан болно. Хөрсний бохир ус ашиглаж байгааг гүний ус ашигласан гэж үзэж байгаад гомдолтой байна” гэв.    

ХЯНАВАЛ:

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Б т” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

          2. Гомдол гаргагч “Б т” ХХК нь Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э-д холбогдуулан “Улсын байцаагч Б.Эын 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0093005 дугаар шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргажээ.  

          3. Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э нь Нийслэлийн Байгаль орчны газар болон Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарын 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулах ажлын удирдамжийн хүрээнд хяналт шалгалтаар  Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд авто сэлбэгийн бөөний худалдааны ажиллагаа эрхэлдэг “Б т” ХХК /РД:2691566/ нь худгийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх гомдлыг хүлээн авч шалгалт хийхэд “Б т” ХХК-ийн цооног өрөмдөх, худаг гаргах, зөвшөөрөлгүйгээр газрын доорх ус ашиглаж байгаа үйлдэл шинжээчийн  оны сарын өдрийн дүгээр дүгнэлтээр тогтоогдож, улмаар хариуцагч Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э нь 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай №0093005 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Б т” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заалтад заасны дагуу 1.500,000 төгрөгөөр торгож,  байгалийн нөөцөд учирсан хохирол болох 1,674,562 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

          4. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлд “Усны тухай хууль зөрчих” зөрчлийн хуульчилж мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт “цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх усыг ашигласан” гэж, 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж тус тус хуульчилсан.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.26 дахь хэсэгт “цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах” зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн байгаль орчны албанаас авахаар хуульчилсан зэргээс үзвэл газрын доорх усыг ашиглах, худаг гаргах, цооног өрөмдөх нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг үйл ажиллагаа бөгөөд зөвшөөрөлгүй энэ төрлийн үйл ажиллагааг эрхэлсэн бол зөрчилд байна. Түүнчлэн, тус газар, үл хөдлөх хөрөнгийг хэн эзэмшихээс үл хамаарч хэний эрх, ашиг сонирхлын төлөө уг зөрчлийг гаргаж байгаагаас хамаарч хүн эсхүл хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнд тооцохоор заасан.

          5. Гомдол гаргагч “Б т” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, авто сэлбэгийн бөөний худалдааны төвд Усны тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан буюу зөвшөөрөлгүйгээр цооног өрөмдөх, худаг гаргасан болох нь гомдол гаргагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогддог.  

          6. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу, процессын алдаагүй явагдсан нь хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны хяналтын хуудас, тайлбар, сонсох ажиллагаа болоод энэ талаарх анхан шатны шүүхийн “-...Маргаан бүхий байршилд "Б т" ХХК-ийн авто сэлбэгийн худалдааны төв байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тодорхой тогтоогдож байх ба тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь авто сэлбэгийн худалдаа байх тул гомдол гаргагч нь "хуулийн этгээд бус хувь хүн, иргэн В.Батсайхан үйл ажиллагаа явуулсаар ирсэн, "Б т" ХХК-д биш хувь хүн, иргэн В.Б-д шийтгэл оногдуулах ёстой байсан" гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, ...Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2.т "Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасан ба цооног өрөмдөх зөвшөөрөлгүйгээр газрын доорх ус ашигласан зөрчил одоо ч үргэлжилж байх тул гомдол гаргагчийн дээрх тайлбар үндэслэлгүй...” гэх дүгнэлт зөв болжээ.

          7.  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 1.2-т “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн” гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Э зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх тул гомдол гаргагчийн “...”Г” ХХК барилга барих геологийн судалгааны дүгнэлт хийхээр 2ш цооног ухсан, ...хөрсний бохир ус ашиглаж байгааг гүний ус ашигласан гэж үзэж байгаад гомдолтой байна...” гэх тайлбар үндэслэлгүй байхын зэрэгцээ гомдол гаргагч “Б т” ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Бид нар хэрэгцээний ус авах гээд, саарал ус гэж ярьж байгаа. 2 жилийн өмнө би өөрөө ажилчидтайгаа нийлээд тусгай өрөмддөг худгийн төхөөрөмжөөр гар аргаар ухсан. Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл байхгүй ээ...” гэснээс үзвэл тухайн зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

          Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэлтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0510 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Б т” ХХК-иас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.        

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

               ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН

                                   ШҮҮГЧ                                             М.ЦЭЦЭГМАА

                                   ШҮҮГЧ                                             Л.ОДБААТАР