Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 00076

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Хохирогч Э.Гансүх, Ч.Баасандорж

Шүүгдэгч Э.Гансүх, Ч.Баасандорж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Эрдэнэбатын Гансүх, Чулууны Баасандорж нарт холбогдох эрүүгийн 201722000079 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон Чулууны Баасандорж, 1983 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 8-17 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЭ83090211 дугаартай,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон Эрдэнэбатын Гансүх, 1984 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 22-04 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, регистрийн РЮ84071210 дугаартай,

Шүүгдэгч Ч.Баасандорж нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Э.Гансүхийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Э.Гансүх нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Ч.Баасандоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Баасандорж нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Э.Гансүхийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Э.Гансүх нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд иргэн Ч.Баасандоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Баасандоржийн хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гансүх бид нар мөнгөө нийлүүлж утсаа зарж байгаад ганц шил Монгол стандарт авч уусан. Гансүх дахиад нэг юм ууя гэхээр нь би Гансүхэд нэг шар канистр, жаахан мах өгөөд явуулсан. Тэгээд нэг шил архи авч ирсэн. Гансүх Дэлгэрмааг авч явах гээд би явуулахгүй гээд бид хоёр маргалдсан. Тэгсэн нэг мэдсэн би цус нөжтэйгээ холилдсон байсан. Ухаан ороход эмнэлэг дээр шингэн залгуулчихсан хэвтэж байсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Гансүхийн хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ”...Баасандорж намайг очиход орон дотроо нэг хүүхэнтэй хэвтэж байсан. Мөнгө нийлүүлж нэг шил архи авсан тэрийгээ дуусчихаад нэг канистр, жаахан мах зараад нэг шил архи авсан. Бид нар нилээн согтсон байсан. Би Дэлгэрмааг авч явах гэсэн чинь Баасандорж явуулахгүй гээд үүнээс болж бид хоёр маргалдсан. Тэгээд Баасандоржтой зодолдсон. Миний толгойноос цус гараад нүүр амгүй гоочоод байсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,

Хохирогч Ч.Баасандоржийн хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Гансүхийн хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ”.... Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ..." гэх мэдүүлэг,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Нандинцэцэгийн  2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 83 тоот дүгнэлтэд:

1. Ч.Баасандоржийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Ч.Баасандоржийн биед эрүү, цээж, дал, шуунд зүсэгдсэн шарх, чихэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжой.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 18 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Нандинцэцэгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 148 тоот дүгнэлтэд:

1. Э.Гансүхийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Э.Гансүхийн биед зулай, сарвуу, хэвлийд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх 2017.01.16-нд үүсгэгдсэн байх боломжой.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 22 дугаар хуудас/,

Хохирогч, шүүгдэгчтэй 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Гансүх, Ч.Баасандорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 48, 51 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Гансүх, Ч.Баасандорж нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Э.Гансүх, Ч.Баасандорж нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч Э.Гансүх, Ч.Баасандорж нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 201722000079 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн “Монгол стандарт” нэртэй архины бүтэн шил, хагархай архины шилний хүзүүг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

       Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

     Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Боржигон Чулууны Баасандорж, Боржигон Эрдэнэбатын Гансүх нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Э.Гансүх, Ч.Баасандорж нарт холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Э.Гансүх, Ч.Баасандорж нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

      3. Эрүүгийн 201722000079 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Монгол стандарт” нэртэй архины бүтэн шил, хагархай архины шилний хүзүүг устгахыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гансүх, Ч.Баасандорж нарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР