| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0001/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/03 |
| Огноо | 2023-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Т.Ш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Т-н Ш-д холбогдох эрүүгийн 2317001410125 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 07-нд Дундговь аймгийн М суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хангамжийн нярав ажилтай, Г аймгийн С дундын ойн ангид бичиг хэрэг, нярав ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Г аймгийн С дугаар баг, Г- тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т овогт Т-ын Ш /РД:ЗЛ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.Ш нь 2023 оны 11 дүгээр сарын 25-наас 11 дүгээр сарын 26-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, гашууны 5 дугаар гудамжны 505 тоот хашаанд байрлах гэрт гэр бүлийн харилцан хамаарал бүхий нөхөр Р.М-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж шөнө гэрт ирлээ гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар түүний гар нуруу, хөл хэсэгт хөлөөрөө өшиглөх, газар унагах, гараараа цохих зэргээр зодож биед нь зүүн мөрөнд, зүүн бугалгад, баруун бугалгад зүүн далны орчимд, баруун дал орчимд, 2 далны хооронд, нурууны доод хэсгээр цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Ш нь 2023 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Гашууны 5 дугаар гудамжны 505 тоот хашаанд байрлах гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр буюу хохирогч Р.М-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэж шөнө гэрт ирлээ гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар түүний гар нуруу, хөл хэсэгт хөлөөрөө өшиглөх, газар унагах, гараараа цохих зэргээр зодож биед нь зүүн мөрөнд, зүүн бугалгад, баруун бугалгад зүүн далны орчимд, баруун дал орчимд, 2 далны хооронд, нурууны доод хэсгээр цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Хохирогч Р.М-ын “...гэрт ороод амрах гээд хэвттэл эхнэр уурлаад чи архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд яахаараа унтдаг юм, чи архи уусан байна, зайл гэж хэлсэн. Би тухайн үед маргааш ажилтай, энд амарчихаад өглөө явъя гэж хэлтэл эхнэр чи бос гэж хэлээд миний өгзөг, гуя хэсэг рүү 2 удаа өшиглөөд унагаасан. Намайг унтуулахгүй болохоор нь би тухайн үед хэрүүл маргаан хийсэн. Тэгээд бид хоёр хэрэлдээд бие биенийхээ биед гар хүрсэн. Намайг гартаа юм бариад цохиод байсан. Намайг зодоод байхаар нь би тавиулах гээд нүүр хэсэг рүү нь гараараа түлхсэн. Би эхнэрийнхээ нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Намайг хазаад байсан. Тухайн хэрүүл маргаан үүрийн 4 цаг хүртэл болсон... Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... Ш зуухны хажууд байсан галын төмрөөр цохисон. Өөр ямар нэгэн эд хэрэглэлээр зодож цохисон зүйл байхгүй. Базаж хазаад чимхээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53, 56 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.О-ийн “...Р овогт М нь уг хэргийн улмаас эмнэлгийн байгууллагын тусламж, үйлчилгээ авч түүнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 90 000 төгрөг зарцуулсан байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох нэхэмжлэлийг гаргаж байна. Тусламж үйлчилгээний зардал болох 90 000 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд ГСА өөрийн овог нэр гэх утгатай төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Гэрч Я.Д-ын “...манай бэр ер нь маш сайн ажил төрөл хийдэг. Дотно харилцаатай, манай хүүгийн 2 хүүхдийг гаргаад сайхан амьдарч байгаа юм. 2017 оноос хойш бид нар цуг нэг хашаанд амьдарч байгаа. Тэр хугацаанд ямар нэгэн муухай ааш зан гаргадаггүй байсан. Их л эв найрамдалтай, зан харилцаа сайтай хүүхэд байгаа юм. Манай бэр их ажилсаг. Юм их оёдог, их л сайхан хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 289 дугаартай дүгнэлтэд:
- Р.М-ын биед зүүн мөрөнд, зүүн бугалганд, баруун бугалганд, зүүн далны орчимд, баруун дал орчимд, 2 далны хооронд, нурууны доод хэсгээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2023.11.26-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-41-43 дугаар хуудас/,
Шүүгдэгч Т.Ш-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан хохирогч Р.М-ын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.О, гэрч Я.Д нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 289 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.Ш нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Р.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгч Т.Ш-аас эмчилгээний зардал, хохирол төлбөр нэхэмжлээгүй байна.
Харин иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс хохирогч Р.М-ын эмчилгээний зардал 90 000 /ерэн мянга/ төгрөг гарсныг шүүгдэгч Т.Ш-аас нэхэмжилсэн байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлнэ гэж зааснаар шүүгдэгч Т.Ш-аас 90 000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Т.Ш-ын 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Т.Ш нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Т.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-ад оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч Т.Ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Т.Ш-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн 1 ширхэг галын хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд шилжүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Т-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-ад оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550 000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Т.Ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Р.М нь хохирол нэхэмжлээгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-аас 90 000 /ерэн мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 1 ширхэг галын хайчийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комиссд шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ