Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/02613

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг ***тоотод оршин суух Бовогт Х Ж /РД:ЕЙ80101404/

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг ** тоотод оршин суух Х овогт Б Н /РД:ТД79052016/

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ж

                                   хариуцагч Б.Н

                                нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.

           

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Нтай 2003 онд танилцаж хамт амьдарч байгаад хүү Н.М 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. Хүүгээ төрөхөд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэний бүртгэлийн хэсгээс төрсний гэрчилгээг авч хүүгээ эцгээр нь овоглосон. Бид хамт 3 жил амьдрахад зан харилцаа таарамжгүй байж цаашид амьдрах боломжгүй болсон. Тэр цагаас хойш хүүдээ ямар нэгэн тусламж үзүүлж харж хандахгүй байсаар өдийг хүрсэн. Одоо би 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Ганцаараа энэ амьдралыг авч явахад нэлээд хүнд байна. миний энэ байдлыг харгалзаж үзэж 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүүдээ эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү.

 

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Хүү М нь ээжтэйгээ амьдарч байсан бөгөөд сүүлийн 1 жилд таарч тохирохгүй байгаад аав Н надтай амьдарч байна. Иймд Х.Жгийн гаргасан нэхэмжлэл болох хүүхдийн тэтгэмжийг өгөхөөс татгалзаж байна.

 

Нэхэмжлэгч Х.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүгээ эцэгт нь өгөхийг зөвшөөрөхгүй байна. 3 настайгаасаа миний асрамжид байсан, одоо ч эцэгтэйгээ хамт байхгүй, дүүгийнд нь байгаад байгаа. Хүү маань надад хань, түшиг тулгуур маань болж байгаа учраас хүүгээ би өөрийн асрамжид байлгана. Эцэг нь багаас нь хүүхдээ харж хандаж байгаагүй. Иймд эцэг Б.Наас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхэд хаана байх нь хамаагүй хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хүүхэд бид 2 дээр ирж очин байна биз. Мөн хүүхдийн овгийг сольж миний нэрээр овоглож өгөхийг нэхэмжлэгчээс хүсэж байна.   

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

 

Х.Ж, Б.Н нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаандаа 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүү Ж.Мийг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Х.Жгийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хүү Ж.М эцгийн нэрийг авч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон байна.  

 

Хариуцагч нь хүү Ж.Мийг эхийн асрамжид байхыг зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Ж.Мийг эхийн асрамжид үлдээв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч Б.Наас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан, хүү Ж.Мийг сар бүр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Ж.Мийг эх Х.Жгийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х овогт Б Наас 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Ж.Мийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Н нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 59,110 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Наас улсын тэмдэгтийн хураамжид 59,110 төгрөг, улсын орлогоос 11,090 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Жд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА