| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2024/0003/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/04 |
| Огноо | 2023-12-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
өсвөр насны шүүгдэгч Б.Б түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ш, өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овогт Б-ийн Бт холбогдох эрүүгийн 2317000000117 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2007 оны 04 дүгээр сарын 27-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж ах, дүүгийн хамт ............ аймгийн ........... сумын ............-р баг,, .......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Ц овогт Б-гийн Б /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны урд талын саравчин дотор М.Мгийн түүнийг янхан гэж дуудсан үйлдэлд дургүйцэн, улмаар түүнийг газар унагаах, нүүр хэсэгт нь гараараа цохих, алгадах, хумсалж базах, хүзүүг нь дарах зэргээр зодож биед нь зүүн нүдний зовхи, чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн өвдөгт цус хуралт, уруулын дээд хэсэг, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000117 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Өсвөр насны шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тухайн үед эгчийн дүү чи надаас жоохон юм байна гэж хэлтэл М хэзээ би чиний дүү байсан юм гээд хэл амаар доромжлоод байхаар нь би Мгийн зүүн хацарт 1 удаа алгадсан. Тэгтэл М миний өөдөөс дайраад намайг энгэрээс татаад газар унагаасан. Миний нүүр хэсэгт цохиод байсан болохоор би нүүрээ хамгаалсан. Миний үснээс зулгаагаад байхаар нь би буцаагаад Мгийн үснээс зулгаасан. Чи болиоч гэж хэлээд хөлөөрөө тийртэл М цаашаа болохоор дээр нь очиж суугаад 2 гаран дээр нь өвдгөөрөө дараад байж байтал М миний гараас татаад тэгээд бид салсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 76-77 хуудас/
2. Насанд хүрээгүй хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Төд удалгүй намайг гараад ир гээд дуудахаар нь гэрээс гараад үүдний сандал дээр сууж байтал М, Э /Б/ нар алхаад хүрээд ирсэн. Тэр 2 ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Э миний урд ирж зогсоод би чамайг ална, чи намайг Чойрт мэдэх үү гэж асуусан. Тухайн үед тэнд манай сургуулийн эгч нар явж байсан болохоор би тэр 2-т хандаад 9 дүгээр байрны саравчинд очиж ярилцая гэж хэлээд бид 3 явсан. Би саравчинд очоод Эгээс айсан, өмнө нь барилддаг байсан гэж сонсож байсан. Хүзүүгээ 2 тийш нь хөдөлгөөд чи намайг мэдэхгүй байна гэж хэлсэн. Э гадуур хувцасаа тайлж шидээд миний зүүн талын хацарт 1 удаа алгадсан. Намайг газарт унагааж миний дээр гараад зүүн талын нүд хэсэгт олон удаа цохисон. Миний нүүрийг хумсалж базсан, бас баруун талын чих хэсэгт хумсаараа базсан. Миний 2 хацрыг 2 тийш нь хавсарч алгадаад миний хүзүүг эвгүй дарсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 16-18 дүгээр хуудас/
3. Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Саравчинд очтол М Э 2 гадна талын хувцасаа тайлаад хоорондоо хэрүүл маргаан үүсгээд байсан. Б чи бид 2-ын зодуулсан нь янхан болно шүү гэж хэлэхэд М тэгье гэсэн. Тэгээд өөд өөдөөсөө харж зогсож байгаад Б Мгийн нүүр хэсэгт нь гараараа 1 удаа алгадсан. Тэгтэл М бацаан минь хөөе гэж хэлээд хоорондоо зодолдсон. Мгийн дээр Б гараад нэг нэгнийхээ нүүр хэсэгт цохиод байсан. Тэгээд байж байтал Мгийн найз О залгаад М яасан бэ гэхээр нь М Б 2 зодолдоод байна ирээд салгаад өгөөч гэж хэлтэл машинтайгаа ирсэн. О Х 2 тэр хоёрыг салгахгүй хараад зогсоод байсан. Би тухайн үед салгах гээд дийлэхгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дугаар хуудас/
4. Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Удалгүй Бийн найз нь ирээд бид 4 Сэнгүр нэртэй 2,5 литрийн савлагаатай 2 шар айргийг ууж дуусгасан. Бийн найз нь Бийн утсаар 1 хүн рүү залгаж яриад байсан. Тэгээд Б найзтайгаа цуг Хонхор явахаар боллоо гэж хэлээд шөнө тэр 2 яваад өгсөн. Пү бид 2 гэрт нь үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/
5. Гэрч Ө.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2023 оны 11 дүгээр сарын 03-нд би Политехник коллежийн дотуур байранд жижүүрээр гарч байх үед манай байрны хүүхдүүд цонхоор хараад гадаа хүүхдүүд зодолдоод байна гэхээр нь хартал манай байрны хүүхдүүд биш байсан. Тэгээд тэр хүүхдүүд дээр очтол 1 охиныг газар суулгачихсан зодож байсан. Тэгээд би цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дугаар хуудас/
6. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би Бийн үеэл эгч нь байгаа юм. Бийн ар гэрийн анхаарал сул учраас гадуур дураараа өөрийнхөөрөө яваад байгаа юм. Тэрнээс бол хувь хүний хувьд бусдад тустай, нийгмийн идэвх сайтай хүүхэд байгаа юм. Говьсүмбэр аймгийн 2 дугаар сургуульд суралцаж байгаад 9-р ангиа төгсөөд одоо суралцахгүй байгаа. Б төрсөн ах Б-тэй байр түрээслээд хамт амьдарч байгаа, ээж нь хөдөө байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/
7. Говьсүмбэр амгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 280 дугаартай дүгнэлтэд:
-М.Мгийн биед зүүн нүдний зовхи, чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн өвдгөнд цус хуралт, уруулын дээд хэсэг, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Э.Эрхэмбаяр гэжээ. (хх-ийн 38-39 дугаар хуудас),
8. Өсвөр насны шүүгдэгч Б.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нас тоолсон тухай тэмдэглэл, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, суралцагчийн хувийн хэрэг (хх-ийн 59, 86, 98-103 дугаар хуудас)
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Өсвөр насны шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Мгийн түүнийг янхан гэсэн үгэнд дургүйцэн эрүүл мэнд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч М.Мгийн мэдүүлэг, гэрч О.М-агийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 280 дугаартай дүгнэлт, Б.Бийн согтолтын хэрэг тогтоосон тухай тэмдэглэл хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд мөн шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын тухай Б.Б 1-т өсвөр насны яллагдагч 2-т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэх дүгнэлтийг,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хөнгөрүүлж өгөөч гэж өмгөөлөгчийн хувьд хүсэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны урд талын саравчин дотор М.Мг түүнийг янхан гэж дуудсан үйлдэлд дургүйцэн, түүнийг газар унагаах, нүүр хэсэгт нь гараараа цохих, алгадах, хумсалж базах, хүзүүг нь дарах зэргээр зодож биед нь зүүн нүдний зовхи, чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуу, зүүн өвдөгт цус хуралт, уруулын дээд хэсэг, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б хохирогч М.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь М.М, Ө.Б, Б.О, Н.Г нарын мэдүүлэг, Говьсүмбэр шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 280 дугаартай хохирогч М.Мгийн биед хөнгөн хохирол учруулсан тухай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул өсвөр насны шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл тогтоогдооүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу хохирогч гомдол, санал, хохирол, төлбөргүй болно. Тохиолдлын шинжтэй үйлдлээр анх удаа гэмт хэргийн нөхцөл байдлыг тогтоогдсон тул Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах. Мөн дээрх 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид ял оногдуулах журмын 2-ны 1-ээр оногдуулах буюу 1 сарын хугацаагаар тогтоох дээрх 1 сарын хугацаагаар тогтоох, зорчих эрхийг хязгаарлах ялыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” гэх дүгнэлтийг,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Улсын яллагчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ялын санал оруулж байгаа боловч миний хувьд өсвөр насны хүүхэд ял оногдуулах нь эргээд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэх магадлалтай учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн саналыг оруулж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заажээ.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Учир нь: өсвөр насны шүүгдэгч Б.Б нь хохирогчийн буруутай үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бт хянан хүмүүжих хугацаандаа зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бт хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг төрсөн эх С.Б-ад даалгав.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Ц овогт Б-ийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бт ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бт хянан хүмүүжих хугацаандаа зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бт хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говьсүмбэр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Бт хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч Б.Бийн төрсөн эх С.Б-ад даалгасугай.
6. Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ