Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Р.Ариунаа,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Э-ийн Гэд холбогдох эрүүгийн 2317000000124  дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 18-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, .........р аймаг ............сумын ....... дүгээр баг, ............ тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, Б овогт Э-ийн Г /РД:............./

                                                                   Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 22-ноос 2023 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн байрны гадна талд Л.Этай үл ялих зүйлээр шалтгалан, маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, газар унагаах, хөлөөрөө толгой нүүр хэсэгт өшиглөх зэргээр зодож, биед нь доод уруулд язарсан шарх, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, духанд, зүүн нүдний зовхинд, зүүн хацарт, дээд уруулын салстад, толгойн баруун дагз хэсэгт, баруун бугалгад, баруун сарвуунд цус хуралт, хэвлийд зулгаралт, баруун бугуйнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Гэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000124 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд 00 цаг өнгөрч байхад Ц эгч сэрэхээр нь би хүүхдүүдээ харахгүй архи уулаа гээд маргасан чинь Э Ц эгчийг өмөөрөөд тэгээд Э ах бид 2 барьцалдаад гадаа гарсан. Гэрийн гадаа гарч ирээд би Э ахыг гараараа нэг удаа толгой хэсэгт нь цохисон чинь газар унаад өгсөн бөгөөд би толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиод ганц нэг удаа бие рүү нь өшиглөсөн. Тэгтэл араас Т ах гарч ирээд бид хоёрыг салгах гээд гүйгээд байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 60 дугаар хуудас/

2. Хохирогч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гадуур архи ууж байгаад найз Цтэй утсаар ярьтал САА-н 6 байшинд Тгийнд байна гэхээр нь очсон чинь тэнд Т, Г, Ц, Ц, Т нар архи уугаад сууж байсан. Би тэнд 21 цаг өнгөрч байхад очсон байх гадуур нилээн архи уусан байсан болохоор согтуу байсан. Тэгээд ороод сууж байтал Г гэдэг залуу Тийн эхнэр Цтай маргалдаад байхаар нь би Цыг өмөөрөөд Гтэй муудалцаад барьцалдаж аваад гадаа гарсан. Гэрийн гадаа Г намайг нэг удаа шанаадахад нь би газар унасан. Тэгтэл дээрээс өшиглөөд байсан би түр зуур ухаан алдсан байсан нэг сэрэхэд эмнэлэг цагдаа болсон байсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

3. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Л.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 120 000 /нэг зуун хорин мянга/ төгрөг зарцуулсан байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох нэхэмжлэлийг гаргаж байна. Тусламж үйлчилгээний зардал болох 120 000 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлж барагдуулна гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дугаар хуудас/

4. Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд шөнө 00 цагийн үед Э, Г 2 хоорондоо маргалдаад байх шиг байснаа барьцалдаад гараад явахаар нь араас нь гарсан. Гадаа харанхуй байсан учраас хэн нь хэнийгээ хаана нь цохисныг хараагүй. Тэгээд би тэр хоёрыг салгах гэж байгаад харанхуйд юманд тээглээд уначихсанаа санаж байгаа бөгөөд баруун хөл хөдлөхгүй байсан тэгээд л би эмнэлэгт ухаан орсон...гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

5. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 286 дугаартай дүгнэлтэд:

-Л.Эын биед доод уруулд язарсан шарх, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, духанд, зүүн нүдний зовхинд, зүүн хацарт, дээд уруулын салстад, толгойд, баруун дагз хэсэгт, баруун бугалганд, баруун сарвуунд цус хуралт, хэвлийд зулгаралт, баруун бугуйнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх байх боломжтой.

- Доод уруулын язарсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Бусад гэмтлүүд нь нийлээд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Бусад гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 30-31 дугаар хуудас),

6. Шүүгдэгч Э.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд болно.,

            Иймд шүүгдэгч Э.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Этай маргалдаж, түүнийг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэлийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Н.Эын биед хөнгөн хохирол учруулсан гэмтлийн зэрэгт хамаарч байгаа дүгнэлт, Э.Г энэ хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2 бүхэл гэсэн согтолттой байхдаа үйлдсэн талаарх тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоох тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлгийн явцад Э.Г өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдрүүлж байгаа зэргээр нотлогдон тогтоогдож байна. Хохирол хор уршгийн тухайд хохирогч Н.Э хөнгөн хохирол учирсан боловч хохирол хор уршгийг нэхэмжлэхгүй гомдол, саналгүй гэдэг. Харин иргэний нэхэмжлэгчээс Н.Э эмнэлэгт үзүүлсэн 120 000 төгрөг гарсан учраас энэ 120 000 төгрөгийг Э.Гээс гаргуулах нь зүйтэй.  Шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Э.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 22-ноос 2023 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сангийн аж ахуйн байрны гадна талд Л.Этай үл ялих зүйлээр шалтаглан, маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохих, газар унагаах, хөлөөрөө толгой нүүр хэсэгт өшиглөх зэргээр зодож, биед нь доод уруулд язарсан шарх, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 1, 2-р шүдний сулрал, духанд, зүүн нүдний зовхинд, зүүн хацарт, дээд уруулын салстад, толгойн баруун дагз хэсэгт, баруун бугалгад, баруун сарвуунд цус хуралт, хэвлийд зулгаралт, баруун бугуйнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Э.Г нь хохирогч Л.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэрч Э.Тийн мэдүүлэг, Говьсүмбэр шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 286 дугаартай хохирогч Л.Эын биед хөнгөн хохирол учруулсан тухай дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Г нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Э.Г нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Э.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Э.Гийг нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Харин хохирогч Л.Эын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Э.Гээс 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар: Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Э.Гид ял оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч Н.Э гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Бусдад төлөх хохирол хор уршиг байхгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Э.Г эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Гид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Гийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.5-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Э.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдлаа.         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

            1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Э.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гид оногдуулсан 1000 /нэг мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

             4. Шүүгдэгч Э.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гээс 120000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

        8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Н.АРИУНЖАРГАЛ