Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/93

 

 

 

 

 

 

 

 

  2024         01          19                                       2024/ШЦТ/93

 

                             

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ж.Бүрэнжаргал,

шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ..... овогт А.Ч-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .............. тоотод оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, нийт 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан 6 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 4 cap 6 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэж биечлэн эдлэх ялыг 1 жил 9 cap 28 хоногийн хугацаагаар эрхийг хязгаарлах ялаар шийдвэрлэсэн, уг ялыг эдлээгүй.

....... овогт А.Ч /РД:****/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч А.Ч нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо “........” хүнсний дэлгүүр дотор Н.А-ын хүрмийн халаасанд байсан 475,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ч мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

           

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

- Хохирогч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед “******” хүнсний дэлгүүр лүү сүү авах гэж орсон. Тэгсэн нэг цэнхэр масктай залуу миний ард талд зогсож байгаад халааснаас миний гар утсыг аваад явсан байсан. Би царай төрхийг нь хараагүй, хүзүүн дээрээ шивээстэй юм байна лээ. Дэлгүүрийн камерын бичлэг шүүж үзсэн. Би гар утсаа 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. ...гар утсаа олж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дахь тал/,

 

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-37 дахь тал/,

 

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 дэх тал/,

 

  • Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 34 дэх тал/,

 

- Яллагдагч А.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... дэлгүүрт сүү тараг авах гэж явж байгаад 35-45 насны эмэгтэйн баруун халаасанд байсан гар утсыг ил харагдаж байхаар нь мэдэгдэлгүй авсан. Би одоо тогтсон ажил төрөл хийж байгаа. 2023 оны 03 дугаар сард ажилгүй, мөнгөгүй байсан тул хүний утас хулгай хийсэндээ маш их харамсаж байна, би хохирлыг бүрэн гүйцэт барагдуулах болно. ...Хорих ангиас суллагдаад эрхэлсэн тодорхой ажилгүй байж байгаад 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хулгайн гэмт хэрэг үйлдэж 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолоор 1 жил 4 cap 6 хоногийн хорих ялаар шийтгэгдсэн ба уг хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан тул надад оноосон 1 жил 4 cap 6 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж Улаанбаатар хотоос гаргахгүй байхаар чиглэл тогтоож бугуйвч зүүлгэсэн. Би зорчих эрх хязгаарлах ял авчхаад 2022 оны 07 дугаар сард бугуйн цагаа тайлсан. Хугацаанаас өмнө тайлсан учир нь зорчих эрх хязгаарлах ялд шагналын хоног бодогдоод хугацаанаас өмнө бугуйн цагаа шийдвэр гүйцэтгэгчээр тайлуулсан. 2021 оны 02 дугаар сард Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст хэрэг үйлдэж 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүх хурлаар 1 жил 9 cap 28 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн. Би шүүгчийн туслахад өдөр болгон очиж бүртгүүлдэг байсан. Шүүхийн шийдвэрээр надад 1 жил 9 cap 28 хоног Улаанбаатар хотоос гарч болохгүйгээр зорчих эрх хязгаарлах ял шийтгэхээр гарсан. Тухайн үед шүүгчийн туслах наадмын урт амралт эхэлсэн би ажил цуглахаар дуудна гэж хэлсэн. Би тэр цаг хугацаанд болон тэр цагаас хойш өөрийн ....... болон давхар бүртгүүлсэн нагац ах А-ийн ....... дугаарыг огт салгаагүй. Шүүгчийн туслах болон шийдвэр гүйцэтгэх байгууллагаас над руу огт залгаагүй болохоор миний ял дууссан юм байна гэж бодсон. Сүүлийн Хан-Уул дүүргийн шүүхээс оноосон зорчих эрх хязгаарлах ялаар бугуйн цаг зүүгээгүй. Би дээрх хэрэг дээр давж заалдах гомдол гаргаж байгаагүй. Би цэнгэлдэх хотхонд 24/48 цагаар сантехникч хийж байгаа ба 48 цаг амрахдаа давхар Нисэх орчим байх барилга дээр барилгын туслахын ажил хийж байгаа. Би хохирлоо төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дахь тал/,

 

- Яллагдагч А.Ч-ийн зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн талаарх ялын тооцоо гаргуулах тухай .......... дугаартай албан тоот /хх-ийн 84 дэх тал/,

 

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны ......... дугаартай албан тоот /хх-ийн 85 дахь тал/,

 

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 58-68 дахь тал/,

 

  • Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10

дугаар сарын 15-ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 69-77 дахь тал/,

 

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 78-83 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт: 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч А.Ч нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо “............” хүнсний дэлгүүр дотор Н.А-ын хүрмийн халаасанд байсан 475,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага бус хэмжээний хохирол учруулсан нь: хохирогч Н.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед “........” хүнсний дэлгүүр лүү сүү авах гэж орсон. Тэгсэн нэг цэнхэр масктай залуу миний ард талд зогсож байгаад халааснаас миний гар утсыг аваад явсан байсан. Би царай төрхийг нь хараагүй, хүзүүн дээрээ шивээстэй юм байна лээ. Дэлгүүрийн камерын бичлэг шүүж үзсэн. Би гар утсаа 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. ...гар утсаа олж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-37 дахь тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29 дэх тал/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 34 дэх тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч А.Ч нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо “......” хүнсний дэлгүүр дотор Н.А-ын хүрмийн халаасанд байсан 475,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага бус хэмжээний хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.

 

            Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Ч нь хохирогч Н.А-ын гар утсыг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч А.Ч нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо “......” хүнсний дэлгүүр дотор Н.А-ын хүрмийн халаасанд байсан 475,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч А.Ч нь хохирогч Н.А-ын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймээс шүүгдэгч А.Ч-ийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 28 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг 7 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 2 жил 4 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 475,000 төгрөгийн хохирол учирсан, үүнийг хохирогчид гаргуулах, шүүгдэгчийн цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах саналтай байна” гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

 

Шүүх шүүгдэгч А.Ч-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ч засрал хүмүүжлийг олохгүй ахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн, хохирол төлөгдөөгүй байгаа зэргийг харгалзан эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг сонгож оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 28 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 9 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Ч цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч А.Ч-ээс гэм хорын хохиролд 475,000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Ат олгуулах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч А.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...... овогт А.Ч-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 28 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-д оногдуулсан 2 жил 9 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-ийн цагдан хоригдсон 15 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ч-ээс гэм хорын хохиролд 475,000 төгрөгийг гаргуулан хохирогч ......... тоотод оршин суух, ....... овогт Н.А /РД:*******/-д олгосугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.АЮУШЖАВ