Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/228

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,

шүүгдэгч нарын өмгөөлөгчид: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А, С.Н,  

шүүгдэгч И.Х, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Дээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Ин Х, Н овогт С Б нарт холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1. Монгол Улсын иргэн, Н овогт Игийн Х, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Б аймгийн Ц суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тус аймгийн Б газарт Ц байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ц сумын *** дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:00000000000.

1.2. Монгол Улсын иргэн, Н овогт Сн Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Б аймгийн Ц суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, э мэргэжилтэй, тус аймгийн Б газрын Ц сумын “Х” хариуцсан байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Б аймгийн Ц сумын **** дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:000000000000.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Х, С.Б нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчимд Б аймгийн Ц сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Гын мод тээвэрлүүлэн явж байсан тээврийн хэрэгслийг зогсоож “мод хэтрүүлэн бэлтгэсэн учраас 50.000 төгрөгийн торгууль төлнө” гэж 50.000 төгрөгийг бэлнээр авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч И.Х мэдүүлэхдээ: “Миний бие улсад 40 жил ажилласан. Үүнээс 26 гаруй жил нь байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд бусдаас мөнгө авч үзээгүй. Гарсан зөрчлийг цаг тухайд нь цагдаа болон бусад эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэж өгдөг байсан. 50.000 төгрөгийг Гаас аваагүй байхад “авсан” гэж намайг гүтгэж, яллаж байгаад маш их харамсаж байна. Миний бие цалингаас цалингийн хооронд амьдардаг хүн байгаа. Шүүх шударгаар шүүнэ гэдэгт итгэлтэй байна.” гэв.

1.2. Шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Ч.Г эхний мэдүүлэгтээ “9 дүгээр сард мод авсан” гэж мэдүүлж байсан. Дараа нь шалгаад үзэхэд мод бэлтгэх эрхийн зөвшөөрөл ээжийнх нь нэр дээр авсан болох нь тодорхой болсон. Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “эрхийн бичиг шилжүүлэхийг хориглоно” гэж заасан. Хуульд ээж, хүү хоёр хоорондоо эрхийн бичиг шилжүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. “Э” гэх газар нь И.Хгийн хариуцсан газар байгаа юм. Тухайн газраас мод бэлтгэх зөвшөөрөл авах боломж байхгүй. Гэрч Ч.Г болон Ш.А нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байна.

Гэрч нарын мэдүүлж байгаа өдөр нь И.Х бид нар албаны ажлаар, томилолтоор хөдөө явсан ба сумын төвд байгаагүй. Тухайн үед хөдөө ажиллаж байсан талаар тайланд тодорхой тусгагдсан байгаа. Иймд шүүх шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.

1.3. Гэрч Ч.Г мэдүүлэхдээ: “...Ээжийнхээ нэр дээр мод бэлтгэх зөвшөөрөл авсан байсан. 2022 оны 10 дугаар сарын эхээр модоо бэлтгэж тухайн өдрийн орой 21 цагийн үед сумын төвд орж ирэхэд гудамжны эхэнд шүүгдэгч С.Бы машин зогсож байсан. Биднийг зогсоож шалгаж, метр куб нь хэтэрсэн байна, торгоно гэж хэлсэн. Яагаад торгох гэж байгаа юм бэ гэж асуухад “метр куб хэтэрсэн байна” гэхээр нь за гэж хэлсэн. Тухайн үед 50.000 төгрөгөөр торгоно гэхээр нь торгуулийн мөнгийг дансанд хийх эсэх талаар асуухад бэлнээр авна гэхээр нь гэртээ очиж 50.000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэв.  

1.4. Гэрч С.С мэдүүлэхдээ: “...Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу 2022 онд хэрэглээний модны эрхийн бичиг бичсэн байдаг. Хуулийн дагуу О гэх хүнд өөрийн хариуцдаг “Б” гэх газраас эрхийн бичиг өгсөн. Байгаль хамгаалагч нар өөрсдийн хариуцсан газраасаа эрхийн бичиг олгодог байгаа. Миний хариуцдаг “Б” гэх газар нь сумын төвөөс 60 км гаруй газарт байгаа. Эрхийн бичигт мод бэлтгэх хугацааг 3-4 хоног, тээвэрлэх хугацааг 3-4 хоног гэж нийт 7 хоногийн хугацаатай бичдэг. Хуульд зааснаар эрхийн бичиг хугацаа болон бусад зүйлсийг бичиж, О гэх хүнд эрхийн бичиг өгсөн байсан” гэв.

1.5. Гэрч Б.Э мэдүүлэхдээ: “...манай нөхөр тухайн өдрийн 21-22 цагийн үед орж ирээд, гудамжны эхэнд байгаль хамгаалагч нартай таарч, торгуулахаар болсон гээд 50.000 төгрөг асуусан. Тухайн үед дансанд маань 35.000 төгрөг байхаар нь бид хоёр гэрээс гарч хадам эгч Т.Оийн гэрт нь очиж, 15.000 төгрөг авч, 50.000 төгрөг болгоод нөхөр маань гараад явсан” гэв

1.6. Гэрч Т.О мэдүүлэхдээ:  “...Манай дүү тухайн өдрийн орой 9-10 цагийн үед ирж надаас 15.000 төгрөг хэрэг болоод байна гэж хэлэхээр нь данс руу 15.000 төгрөг шилжүүлсэн” гэв.

1.7. Гэрч Ш.А мэдүүлэхдээ: “...Цаг хугацааны хувьд сайн санахгүй байна. Дүүгийнхээ модыг бэлтгэхээр 3 хүн очсон байсан. Модоо бэлтгээд дуусаж, уруудаад ирж байхад хоёр байгаль хамгаалагч зогсоож, шалгасан. Ч.Г бууж, нэлээд удаж байгаад гэр лүүгээ явчхаад ирье гээд гэр лүүгээ яваад ирсэн.

...Шүүгдэгч нар хар өнгийн 000000 загварын машинд сууж байхдаа зогсоосон.

...Ч.Г гэртээ явж ирье гээд яваад 50.000 төгрөгийг өгчихлөө гэж хэлсэн” гэв.

2. Эрүүгийн 0000000000000 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1.  Гэрч Ч.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 109-110, 2 дахь хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

2.2. Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 112 дахь тал/,

2.3. Гэрч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал/,

2.4. Гэрч И.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 120 дахь тал/,  

2.5. Хаан банкны Б салбарын 000 дугаартай албан бичиг, түүний хавсралт болох харилцагч Б.Эийн 0000000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 124-126 дахь тал/,

2.6. Б аймгийн Б газрын даргын 000 дугаартай тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 127-131 дэх тал/,

2.7. Б аймгийн Байгаль орчны албаны даргын 000, Б аймгийн Ц сумын Засаг даргын 000 дугаартай тушаалын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 132-134 дэх тал/,

2.8. Гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/,

2.9. Иргэн Ч.Гын гарын баримт /1 дэх хавтаст хэргийн 212 дахь тал/,

2.10. Б аймгийн Ц сумын Засаг даргын 0000 дугаартай захирамжийн хуулбар, уг захирамжийн үндэслэл болсон Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 213-215, 233-235 дахь тал/,

2.11. Б аймгийн Ц сумын 05 дугаар багийн Засаг дарга Х.Аийн 000 дугаартай “...Ц сумын 05 дугаар багийн газар нутаг болох “Э” гэх газар тусгай хамгаалалттай газарт орохгүй учир байгаль орны бүс болохыг тодорхойлсон” тодорхойлолт, газрын зургийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 236-237 дахь тал/,

2.12. Б Автотээврийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 137 дугаартай албан бичиг, хавсралт, мөн тус төвийн бүртгэлийн мэргэжилтэн Л.Аийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 238, 2 дахь хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

2.13. Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 297 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж /1 дэх хавтаст хэргийн 244-248 дахь тал/, 

2.14. Гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

2.15. Гэрч И.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 10 дахь тал/,

2.16. Гэрч Ш.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 12 дахь тал/,

2.17. Иргэн Аын эзэмшлийн 0000000 улсын дугаартай, Зил-130 загварын цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2 дахь хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

2.18. Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, мөн шүүх хуралдаанд гаргаж өгсөн байгаль хамгаалагч И.Х, С.Б нарын 2022 оны 10 дугаар сарын тайлан, мэдээ, иргэн П.Б, Б.С, А.М, Х.С, Ж.Ж, Т.А нарын нотариатаар гэрчлүүлсэн гарын баримтууд, байгаль хамгаалагч И.Х, С.Б нарын 2022 оны ажлын тайлан, үнэлгээний хуудас, ажлын төлөвлөгөөний биелэлтийн хуудас, мод бэлтгэх талбай тусгаарлах  гэрээнүүд, Б аймгийн Б газрын төрийн захиргааны албан хаагчдын 2022 оны үйл ажиллагааны дүнгийн хуулбарууд, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан болно.

3. Гэм буруугийн шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талуудаас гаргасан дүгнэлт.

3.1. Улсын яллагч А.Дээс: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч И.Х, С.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.

Шүүгдэгч И.Х нь Б аймгийн Ц сумын байгаль хамгаалагч ажилтай. Шүүгдэгч С.Б нь Б аймгийн Ц сумын Х багийн байгаль хамгаалагч ажилтай буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан болох нь хавтаст хэрэгт авагдсан тушаал, ажил мэргэжлийн онцлог, ажил байдлын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн байна.

Шүүгдэгч нар нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж байх явцад 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б аймгийн Ц сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Гын мод тээвэрлэж явсан Ш.Аын 0000000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож, хяналт шалгалт хийж, зөрчил илрүүлж, торгох шийтгэл оногдуулж байгаа мэтээр тийм ойлголт төрүүлж, 50.000 төгрөг авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж байна.

Хэдийгээр шүүгдэгч нар нь “2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б аймгийн Ц суманд байгаагүй, гэрч Ч.Г, Ш.А нартай уулзаагүй” гэж мэдүүлж байгаа ч хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Б аймгийн Ц сумын нутаг дэвсгэрт байсан. Тухайн үед шүүгдэгч С.Б нь бор ногоон өнгийн 000000 загварын машин жолоодож явсан. Шүүгдэгч нар нийлж хяналт шалгалт хийж байгаа мэтээр Ш.Аын тээврийн хэрэгслийг зогсоож, Ч.Гыг зөвшөөрөлд заасан хэмжээнээс илүү мод тээвэрлэсэн гэх үндэслэлээр 50.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж торгуулийн мөнгийг бэлнээр авч, өгөхгүй бол тээврийн хэрэгслийг явуулахгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр өнөөдрийн шүүх хуралдаанд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг арилгуулах зорилгоор гэрч нарыг оролцуулсан. Гэрч нар мэдүүлгээр шүүгдэгч нар тухайн үед Ц суманд байгаагүй гэдэг нь үгүйсгэгдэж байна. Прокурорын зүгээс 50.000 төгрөгийг өгсөн үйл явдлыг хангалттай тогтоогдсон гэж үзэж байна.

Хэдийгээр гэрч нар огноог нарийн сайн санахгүй байна гэж мэдүүлж байгаа ч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн гэмт хэрэг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд гэрч нар “харанхуй болж байхад гэрлээр дохиж зогсоосон. Мөнгө авч ирэхэд харанхуй болсон” гэж мэдүүлсэн. Хэргийн үйл баримт хангалттай тогтоогдож байгаа гэж үзэж байна.

Шүүх хуралдааны явцад гэрч нар нь “хууль бусаар мод бэлтгэсэн байж болзошгүй” асуудлыг асуултаар асууж тодорхой болгож байна. Тухайн нөхцөл байдлыг тусад нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, зөрчлийн гомдол мэдээллээр шалгах боломжтой” гэх дүгнэлтийг,

3.2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Агаас: “Шүүх хуралдаанд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох боломж байхгүй. Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруугүй гэж үзэж цагаатгах нь зүйтэй. Гэрчүүдийн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байгаа нь тэднийг гэмт хэрэг үйлдсэнд тооцох боломжгүй гэдгийг илтгэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдал гэж тодорхой заасан. Хуулийн уг зохицуулалтыг зайлшгүй мөрдөж, шүүхийн шийдвэр гарахад мөрдөгдсөн байх ёстой байдаг.

Гэвч шүүгдэгч нарын гэм буруутай эсэх нь нотлогдоогүй. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр буюу 50.000 төгрөгийг бүрдүүлж шүүгдэгч нарт өгсөн гэх үйл явдлыг тогтоох ёстой. Хамгийн гол нь уг гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь тодорхой бус байгаа. Шүүгдэгч нарыг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр албан томилолтоор явсныг нотлох баримт хангалттай байгаа. Байгал орчны байцаагч Сгийн мэдүүлэгт “манай оршин суугаа хаяг сумын төвөөс 45 км зайтай. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн орой манай гэрт цагдаагийн албан тушаалтан, шүүгдэгч нар албан томилолтоор явж байна гэж ирсэн” гэж мэдүүлсэн. Мөн тухайн өдөр шүүгдэгч нар хөдөө томилолтоор явж байсан талаар захирамж, явсан тээврийн хэрэгслийн дугаар зэрэг бүх зүйлс тодорхой байгаа. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сумын төвд шүүгдэгч нар огт байгаагүй. Мөн үнэхээр тухайн хашаанд мод буулгасан эсэхийг тогтоож өгөх тухай мөрдөгчид хүсэлт гаргасан ч үүнийг шалгаж өгөөгүй. Гэрч Ч.Гын мэдүүлгээр эхлээд 2 хүн, дараа нь 3 хүн хамт явсан гэж мэдүүлж байна. Тухайн хамт явсан гурав дахь хүнийг нэрийг мэдэхгүй гэж хэлж байгаа. Гэвч нэг нутгийн хүмүүс тухайн хамт явсан хүнийг танихгүй, мэдэхгүй гэж мэдүүлж байгаа нь үндэслэлгүй” гэх дүгнэлтийг,

3.3. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Наас: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зохицуулалт байгаа. Хэргийн бодит байдлыг зайлшгүй тогтоох ёстой. Гэвч хэргийн бодит байдал тогтоогдоогүй байна. Гэрч нарын өгсөн зөрүүтэй мэдүүлгийн эх сурвалжийг олж тогтоож, илт зөрүүтэй байдлыг арилгахгүйгээр, нотлох баримтыг шалгахгүйгээр хоёр хүнийг албан тушаалын гэмт хэрэг яллаж байгаад харамсаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Харин прокурор, мөрдөгч хоёр уг үүргээ биелүүлээгүй. Гэрч нарын өгсөн мэдүүлэгт зөрүүтэй байдал гарч байгаа ч үүнийг нь харгалзаж үзэхгүй байгаад харамсаж байна. Прокурорын хувьд яллахгүйгээр татгалзаж болно. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.

Бид аргагүйн эрхэнд нэр бүхий 4 хүнээс тодорхойлолт бичүүлж авсан. Албан томилолтод хамт явсан төрийн албан хаагчаас мэдүүлэг авч өгөхийг хүсэж, нэмэлт ажиллагаанд буцаасан үед уг хүнээс мэдүүлэг аваагүй. Мөн гэрчийн өмнөх мэдүүлэг нь өнөөдрийн шинэчилсэн мэдүүлгээс зөрж байгаа. Т.О гэх хүнээс мөнгө шилжүүлж, гэрээс нь гарч дэлгүүрт очиж мөнгө гаргаж авах хүртэл 4 минутын хугацаа болно гэж байгаа нь үндэслэлгүй. Мөнгө шилжүүлж, гаргаж авсан цаг хугацаа нь гэрч нарын өгсөн мэдүүлгээр худлаа гэдэг нь үүгээр тогтоогдож байна. Мөн мод бэлтгэхэд 3 хүн хамт явсан гэж мэдүүлж, хамт явсан гурав дахь хүний нэрийг санахгүй байгаа гэж байгаа үндэслэлгүй. Мод бэлтгэх эрхийн бичиг авсны дараа 3 хоногийн дотор модоо бэлтгэх ёстой. Харин гэрч нар 1 өдрийн дотор мод бэлтгэж дуусаад сумын төвд орж ирсэн гэж байгаа нь үндэслэлгүй.

Гэрч С мэдүүлэхдээ тухайн үед шүүгдэгч нар гэрт нь очиж цай уугаад явсан гэж мэдүүлж байгаа. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг цагаатгах талын нотлох баримтыг шалгах ажиллагааг хийгээгүй. Хэргийг нэмэлт ажиллагаанд буцаасан шүүгчийн захирамжид цагаатгах талын нотлох баримтыг шалгах талаар заасан. Цагаатгах талын нотлох баримтыг шүүхийн аль ч шатанд гаргаж өгөх эрхтэй. Гэрч Нурболын мэдүүлэгт 4344 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ц сумын нэгэн иргэнд худалдсан болохоо мэдүүлж байгаа. Гэрч Ч.Гын мэдүүлж байгаа тээврийн хэрэгслийн улсын дугаар дээрх тээврийн хэрэгслийн улсын дугаараас өөр зөрүүтэй байгаа. Мөн шүүгдэгч С.Бд тээврийн хэрэгсэл байдаггүй гэж хэлж байгаа. Мод бэлтгэх журамд заасан зөвшөөрлийн дагуу Ч.Г, Ш.А нарын мод бэлтгэсэнд улсын байцаагч С нь хяналт тавьж ажиллаагүй. Иймд шүүгдэгч И.Х, С.Б нарыг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж шүүгдэгч И.Х, С.Б нарын гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно.  

4. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч И.Х, С.Б нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

4.1. Хэргийн үйл баримтын талаар.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан:   

4.1.1. Гэрч Ч.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 онд манай суманд мод бэлтгэх зөвшөөрөл ирсний дагуу миний бие хэрэгцээний модны эрхийн бичгийг сумын байгаль орчны улсын байцаагч Сгаас авч, 5 метр куб мод бэлтгэсэн. Би тухайн модоо “Э” гэх газраас бэлтгэсэн бөгөөд хүргэн ах Аын 0000 загварын авто машинаар 1 удаа тээвэрлэж сумын төв рүү оруулж өөрийнхөө хашаанд буулгасан.

Тухайн үед буюу 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр байгаль хамгаалагч Х намайг зогсоож шалгаад чиний модны метр куб нь хэтэрсэн байна торгоно гэсэн. Тэгээд надаас 50.000 төгрөг аваад ир гэхэд нь би дансаар чинь шилжүүлье гэхэд дансаар авахгүй, чи бэлнээр өг гэхээр нь би машинаа гудамжны эхэнд үлдээгээд гэр хүртлээ алхаад гэрээс очиж эхнэр Эээс 50.000 төгрөг бэлнээр аваад Хтай цуг явж байсан байгаль хамгаалагч Бд өгөөд машинаа аваад явсан. Ингээд би хашаандаа модоо аваачиж буулгасан.

Надад ямар нэгэн торгуулийн хуудас өгөөгүй, би ямар ч баримт бичигт гарын үсэг зураагүй. Надаас 50.000 төгрөг бэлнээр аваад одоо явж бай гээд явуулсан. Х нь тухайн үед гудамжинд явж байсан, Б нь өөрийнхөө бор ногоон өнгийн 000000 авто машинтай явж байсан. Тэгээд тэр хоёр надаас мөнгөө бэлнээр машиндаа аваад үлдсэн тэр хоёр хүнээс өөр хүн байгаагүй.

...Би тухайн үед торгуулж байна гэж ойлгоод л өгсөн. Анхнаасаа Х надаас торгуулийн мөнгө гэж хэлж авсан. Би өөрөө модны хэмжээг сайн мэдэхгүй баримжаагаар ачсан болохоор хэтрэлттэй юм байна, тэгээд торгож байна гэж ойлгож 50,000 төгрөг өгсөн.

...тухайн мөнгийг Х, Б нарт өгөхдөө бид гурваас өөр хүн байгаагүй, А ах мод ачсан машин дотор сууж байсан.

...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Э” гэх газраас мод бэлтгэхдээ хүргэн ах Аын хамт явж бэлтгэж, сумын төвд оруулж ирсэн. Тухайн үед хүргэн ах А өөрийнхөө машинаар явсан, машинаа өөрөө жолоодож явсан. И.Х, С.Б нарт 50.000 төгрөг өгөхөд бид гурваас өөр хүн байгаагүй. А ах мод ачсан машин дотроо сууж байсан. Гэхдээ намайг торгуулийн мөнгө авч ирэхээр явсан гэдгийг мэдэж байсан. Тухайн үед И.Х, С.Б нар намайг торгоно гэсэн бөгөөд би торгуулж байна гэж ойлгож 50,000 төгрөг өгсөн...

...Тэр “миний бие Ч овогтой Г 2023 оны 4 дүгээр сарын үед Авлигатай тэмцэх газрын комиссар А дуудаж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө ар гэртэй ярьж байсан яриаг Авлигатай тэмцэх газар луу нэг хүн миний өмнөөс худал өргөдөл, гомдол гаргасан байна. Иймд миний бие Б, Х хоёрт өмнө нь тааралдаж байгаагүй мөнгө төгрөг өгөөгүй, би айж сандарсандаа Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид худлаа мэдүүлэг өгсөн болно. Миний ярьж байгаа бүгд сул яриа эндээс хойш худлаа хүн гүтгэхгүй. Баримт бичсэн Ч.Г" гэж өөрийн гараар өөрөө бичсэн.

Энэ тухайд гэвэл энэ үг бүгд миний үг биш энэ бүх үгийг Б хэлж өгөөд би баримт бичсэн. 2023 оны зун миний бие жуулчин тээвэрт явж байсан. Ингээд нэг өглөө жуулчинд явахаар гэрээсээ гарч ирэхэд гэрийн гадна С.Б нь машинтайгаа ирчихсэн байсан. Би гарахад машиндаа суулгаад Авлигатай тэмцэх газрын хэрэгт чи биднийг гүтгэсэн гээд бичиг хийгээд өгвөл маргааш хэрэг хаагдах юм байна. Чи хэрэв бичиг хийж өгөхгүй бол чиний ажилд болон миний ажилд саад болоод дуудаад байх юм байна гэсэн, тэгэхэд нь би чадахгүй гэсэн, тэгэхэд Б тэгвэл би утсаараа бичлэг хийе чи тэгээд хэлчих гэсэн, тэгэхэд би чадахгүй гэж хэлсэн. Тэгээд чи тэгвэл аймаг руу ороод мэдүүлэг өгчих гэхэд би чадахгүй ажилтай гэсэн, тэгтэл Б машинаасаа бичгийн цаас, бал авч надад өгөөд дээрх байдлыг дуудаж бичүүлсэн, тэгээд маргааш нь хаагдана чамайг дуудна, би хууль судалж үзсэн чамд ямар ч хамаарал байхгүй гэхээр нь би бичээд өгсөн. Б бол байнга л надаас гуйгаад байдаг байсан.

Мөн өнгөрсөн 5 дахь өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б, Х нар сумын төвд надтай таарч уулзаад Х нь “тэтгэвэрт гарч байгаа юм. Тэгтэл энэ хэргээс болоод тэтгэмжийн мөнгөө авч чадахгүй байна, тэтгэмж гэж 25 сая төгрөг авах ёстой юм. Энэ хэргээс болоод энэ ажил нь бүтэхгүй байна. Чи аймгийн төвд очоод мэдүүлэг өгчих” гэж гуйсан. Тэгэхээр нь би чадахгүй гээд хүүхдээ авахаар цэцэрлэг рүү явсан.

...Тухайн үед С.Бы унаж явсан бор өнгийн 000000 авто машин нь С.Бы өөрийнх нь машин, тэр машиныг Ц сумын төвд байдаг хүнээс худалдаж авсан 000000 улсын дугаартай машин байгаа юм. Одоо ч гэсэн тэр машинаа С.Б унадаг.

...Би өөрийнхөө нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, цаанаасаа миний ээж Тгийн Огийн нэр дээр мод бэлтгэх эрхийн бичиг ирсэн тул би хүргэн ахын хамтаар мод бэлтгэсэн. Манай ээж 65 настай, хагас харвалттай, өндөр настай хүн мод бэлтгэж чадахгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 109-110, 2 дахь хавтаст хэргийн 05-06 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 4.1.2.  Гэрч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...манай нөхөр мод оруулж ирнэ гэж явсан. Тэгтэл гэртээ явган хүрээд ирсэн, ингээд надаас “чамд 50.000 төгрөг бэлнээр байна уу, би мод оруулаад ирж байтал байгаль хамгаалагч Х, Б нар тааралдаад мод хэтрүүлэн ачсан байна гээд 50.000 төгрөгөөр торгоно мөнгөө бэлэн аваад ир гээд байна” гэж хэлсэн.

Тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй, харин дансанд 35.000 төгрөг байсан бөгөөд бид хоёр 15.000 төгрөг хайж манай нөхрийн хамаатан О  эгчид очоод мөнгө байвал 15.000 төгрөг зээлээч гээд 15.000 төгрөгийг бид хоёр зээлж, миний дансанд 50.000 төгрөг болгоод сумын төвийн дэлгүүр орж пос машинд нь уншуулж 50.000 төгрөгийг 2 ширхэг 20.000-ын дэвсгэрт, 1 ширхэг 10.000-ын дэвсгэртээр аваад Г Хд өгнө гээд яваад өгсөн. Ингээд удалгүй машинтай модоо аваад хашаандаа ирж буулгасан.

...манай нөхөр 21-22 цагийн үед орж ирээд, гудамжны эхэнд байгаль хамгаалагч нартай таарч торгуулахаар болсон гээд 50.000 төгрөг асуусан. Тухайн үед дансанд маань 35.000 төгрөг байхаар нь бид хоёр гэрээс гарч хадам эгч Т.Оийн гэрт очиж, 15.000 төгрөг авч, 50,000 төгрөг болгож нөхөр гараад явсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 112 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

4.1.3.   Гэрч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны намар 09, 10 дугаар сард байх манай дүү Г нь мод бэлтгээд сумын төв рүү модоо оруулж ирж байгаад байгаль хамгаалагчид баригдчихлаа, байгаль хамгаалагч торгоно гээд байна. Торгууль төлөхгүй бол модтой машин явуулахгүй гээд байна бид хоёрт 35.000 төгрөг л байна, та 15.000 төгрөг зээлээч гэхээр нь би бэр Эийн данс руу өөрийнхөө 000000000, 000000000 гэсэн 2 дансны аль нэгнээс нь хийж байсан. Яг аль данснаас хийснээ санахгүй байна. Ингээд надаас 15.000 төгрөг шилжүүлж аваад тэр хоёр гараад явсан.

...уг нь Г модонд явахдаа зөвшөөрлийн бичиг аваад явсан. Би тухайн үед яахаараа чамайг торгодог юм бэ, чи зөвшөөрлийн бичиг аваад явсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхэд тийм л дээ мэдэхгүй намайг торгоно гээд машин зогсоочхоод явуулахгүй байна гээд надаас орой 20-21 цагийн үед байх 15.000 төгрөг шилжүүлж аваад явж байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 114 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

4.1.4. Хаан банкны Б салбарын 000 дугаартай албан бичиг, түүний хавсралт болох харилцагч Б.Эийн 0000000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 124-126 дахь тал/,

4.1.5. Б аймгийн Б газрын даргын 000 дугаартай тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 127-131 дэх тал/,

4.1.6. Б аймгийн Байгаль орчны албаны даргын 000, Б аймгийн Ц сумын Засаг даргын 000 дугаартай тушаалын хуулбарууд /1 дэх хавтаст хэргийн 132-134 дэх тал/,

4.1.7. Гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2022 оны хэмжээнд Б аймгийн Ц суманд мод бэлтгэх эрхийн бичиг /гоожин/-т заасан хэмжээнээс хэтэрсэн мод тээвэрлэсэн гэх зөрчил бүртгэгдэж шалгагдаагүй. Манай байгууллагад бол ийм зөрчил бүртгэгдээгүй, учир нь Ц суманд манай байгууллагаас Х, Б гэх хоёр байгаль хамгаалагч ажилладаг. Тэгэхээр манай чиглэлээр зөрчил илрүүлэх хүмүүс нь Х, Б нар бөгөөд энэ хоёр зөрчил илрүүлсэн бол заавал мэдэгдэх үүрэгтэй. Түүнчлэн манайх зөрчлөө бүртгэж авдаг болохоор тайлан ирүүлдэг.

Гэтэл 2022 онд Ц сумаас Х, Б нар зөрчил илрүүлсэн зүйл байхгүй, тайланд зөрчил илрүүлсэн мэдээлэл байхгүй. Зөрчил илрээгүй болохоор гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/,

4.1.8.   Б аймгийн Ц сумын Засаг даргын 0000 дугаартай захирамжийн хуулбар, уг захирамжийн үндэслэл болсон Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлын тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 213-215, 233-235 дахь тал/,

4.1.9.   Гэрч С.Сгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б аймгийн Ц сумын Засаг даргаас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр А/218 дугаартай захирамжаар мод бэлтгэх зөвшөөрөл олгосон.

...2022 онд Ч.Гт мод бэлтгэх зөвшөөрөл олгоогүй, харин түүний ээж Т.О гэж хүн өргөдөл гаргаж түүнд мод бэлтгэх зөвшөөрөл олгогдсон. Т.О гэж хүн настай хүн байдаг бөгөөд түүний зөвшөөрлөөр түүний хүү Ч.Г нь мод бэлтгэсэн байх.

...Байгаль хамгаалагч нар өөрсдийн хариуцсан газраасаа эрхийн бичиг олгодог байгаа. Миний хариуцдаг “Б” гэх газар нь сумын төвөөс 60 км гаруй газар байгаа. Эрхийн бичигт мод бэлтгэх хугацааг 3-4 хоног, тээвэрлэх хугацааг 3-4 хоног гэж нийт 7 хоногийн хугацаатай байхаар бичдэг. Хуульд зааснаар эрхийн бичиг хугацаа болон бусад зүйлсийг бичиж, О гэх хүнд эрхийн бичиг өгсөн байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 08-09 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

4.1.10. Гэрч И.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2022 оны 09, 10 дугаар саруудад Б аймгийн Ц сумын нутагт байгаль хамгаалагч нартай цуг эргүүл, шалгалт хийхээр удирдамж төлөвлөгөө боловсруулж цуг эргүүл шалгалт хийсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 10 дахь тал/,

4.1.11. Гэрч Ш.Аын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Э” гэх газраас хадам дүү Гт Ц сумын төв хүртэл мод тээвэрлэн оруулж өгсөн. Ч.Г мод бэлтгэх зөвшөөрлийн бичигтэй байсан. Тухайн үед Ч.Г бид хоёр хадам ээжийн нэр дээрх зөвшөөрлийн бичгээр мод бэлтгэсэн. Манай хадам ээж Т.О настай хүн болохоор мод бэлтгэж чадахгүй, тийм учраас түүний хүү Ч.Г болон хүргэн миний бие бид нар модыг нь бэлтгэж өгсөн.

Мод бэлтгээд ачаад Ц сумын төв рүү орж ирэхэд байгаль хамгаалагч И.Х, С.Б нар биднийг зогсоож шалгасан. Ингээд Г очиж уулзсан, би машиндаа сууж байсан. Тэгтэл Г надад ирээд торгоно гэж байна 50.000 төгрөг байна уу гэхэд надад мөнгө байхгүй гэсэн, тэгээд Г би гэр лүү гүйгээд ирье, та хөдлөхгүй наана байж байгаарай гэхээр нь би машиндаа суугаад хүлээж байсан.

 Г 40 орчим минут яваад буцаад ирсэн. Ирэхдээ миний машин руу орохгүйгээр Б, Х нарын машинд суугаад 5-10 минут болоод гарч ирээд энэ хоёрт 50.000 төгрөгөөр торгуулчихлаа, одоо явъя гээд бид хоёр хөдөлж явсан.

 ...И.Х, С.Б нар торгоно, торгуулахгүй бол явуулахгүй гэхээр нь Г явж мөнгө олж ирсэн.

...Тухайн үед Б бор ногоон өнгийн 000000 машинтай явж байгаад зогсоосон.

...Цаг хугацааны хувьд сайн мэдэхгүй байна. Дүүгийнхээ модыг бэлтгэхээр 3 хүн очсон байсан. Модоо бэлтгээд дуусаж, уруудаад ирж байхад хоёр байгаль хамгаалагч зогсоож, шалгасан. Ч.Г бууж, нэлээд удаж байгаад гэр лүүгээ явчхаад ирье гээд гэр лүүгээ яваад ирсэн.

...Шүүгдэгч нар хар өнгийн 000000 загварын машинд сууж байхдаа зогсоосон.

...Ч.Г гэртээ явж ирье гээд яваад 50.000 төгрөгийг өгчихлөө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 12 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч И.Х, С.Б нар нь бүлэглэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2022 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчимд Б аймгийн Ц сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ч.Гын мод тээвэрлүүлэн явж байсан тээврийн хэрэгслийг зогсоож “мод хэтрүүлэн бэлтгэсэн учраас 50.000 төгрөгийн торгууль төлнө” гэж 50.000 төгрөгийг бэлнээр авч, өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд Б аймгийн Ц суманд оршин суух иргэн Т.О нь Б аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/218 дугаартай “Мод бэлтгэх зөвшөөрөл олгох тухай” захирамжийн дагуу тус сумын байгаль хамгаалагч С.Сгийн хариуцсан газар буюу “Б” гэх газраас 5 метр куб материалын мод бэлтгэх зөвшөөрөл авч, улмаар хүү Ч.Гаар мод бэлтгүүлэхээр болжээ.

6. Гэрч Ч.Г нь иргэн Т.Огийн нэр дээр бичигдсэн зөвшөөрлийн дагуу мод бэлтгэхдээ байгаль хамгаалагчийн зааж өгсөн Б аймгийн Ц сумын “Баянзүрхийн уул” гэх газраас бус “Э” гэх газраас иргэн Ш.А, н.Ц нарын хамт мод бэлтгэж, иргэн Аын эзэмшлийн 0000000 улсын дугаартай, Зил-130 загварын цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлд ачиж, 2022 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчимд Б аймгийн Ц сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрт орж ирэхдээ байгаль хамгаалагч ажилтай, шүүгдэгч И.Х, С.Б нар зогсоож шалгаад “мод хэтрүүлэн бэлтгэсэн учраас 50.000 төгрөгийн торгууль төлнө” гэж 50.000 төгрөгийг бэлнээр авсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байна.

7. Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч И.Х, С.Б, тэдгээрийн өмгөөлөгчдийн “...гэм буруугүй тул цагаатгаж өгөх” тухай тайлбар, дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй байна.

8. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд гэрч Ч.Г, Б.Э, Т.О, Ш.А, С.С нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүргийг тайлбарлан өгч, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж, мэдүүлэг авсан, мөн гэрч нарын зүгээс “шүүгдэгч И.Х, С.Б нартай төрөл садангийн холбоо болон өс хонзонгийн байдал байхгүй” болохыг илэрхийлж, тухайн үйл баримтын хүрээнд мэдэж зүйлийн талаар мэдүүлгээ өгсөн байна.

9. Гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг хооронд нь, мөн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудтай тал бүрээс нь харьцуулж, нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, үнэлж дүгнэхэд гэрч Ч.Гын мод бэлтгэж, Аын тээврийн хэрэгслээрээ ачиж ирсэн, улмаар байгаль хамгаалагч И.Х, С.Б нар зогсоож, хэтрүүлэн мод бэлтгэсэн тул 50.000 төгрөгөөр торгох болсон, уг мөнгийг бэлэн авах талаар Ч.Гт хэлсэн, улмаар Ч.Г нь 50.000 төгрөгийг хэрхэн яаж хэнээс авч, хэнд өгсөн тухай үйл баримтыг агуулгын хувьд зөрүүгүй, дэс дараалалтай, тодорхой мэдүүлсэн болох нь тогтоогдож байна.

10. Гэрч Ч.Г, Ш.А нарын шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээс үзэхэд мод бэлтгэхдээ Ц гэдэг хамт явсан талаар мэдүүлсэн бөгөөд түүнээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй, гэрч Ч.Г, Б.Э, Т.О, Ш.А, С.С нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан ба энэхүү нөхцөл байдал гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, мөн Хаан банкны Б салбарын 000 дугаартай албан бичиг, түүний хавсралт болох харилцагч Б.Эийн 0000000000 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар давхар нотлогдсон байна гэж дүгнэлээ.

11. Шүүгдэгч И.Х, С.Б нарыг 2022 оны 10 дугаар сарын 11-ний шөнө 21-22 цагийн орчимд хэргийн үйл баримт болж өнгөрсөн тухайн цаг хугацаанд байгаагүй гэж үзэх үндэслэлгүй байх ба шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаль хамгаалагч И.Х, С.Б нарын 2022 оны ажлын тайлан, үнэлгээний хуудас, үр дүн, ажлын төлөвлөгөөний биелэлтийн хуудас, иргэн П.Б, Б.С, А.М, Х.С, Ж.Ж, Т.А нарын нотариатаар гэрчлүүлсэн гарын баримтууд Ч.Г, Б.Э, Т.О, Ш.А, С.С нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тус тус няцаагдаж байна.        

12. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт.

13. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан 1 дэх хэсэгт “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж хуульчилсан.

14. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт: “-Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна”, “-Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж тайлбарлажээ.

15. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”  хамаарна, Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна:” гэж заажээ.

16. Шүүгдэгч И.Х нь 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Б аймгийн Ц сумын байгаль хамгаалагчаар, С.Б нь 2021 оноос тус аймгийн Ц сумын Х хариуцсан байгаль хамгаалагчаар тус тус томилогдож ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагч нар болох нь Б аймгийн Б газрын даргын 000 дугаартай тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт, тус аймгийн Байгаль орчны албаны даргын 000, Б аймгийн Ц сумын Засаг даргын 000 дугаартай тушаалын хуулбар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

17. Дээрх хууль, тогтоомжоос үзэхэд шүүгдэгч И.Х, С.Б нарын  эрхэлж байгаа байгаль хамгаалагчийн албан  тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд хамаарч байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтан буюу мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

18. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.”, 6.2. “Албан тушаалтан нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хариуцлага хүлээнэ.”, 6.3. “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.”, 6.4. “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ.”, 6.5. “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ.” гэж тус тус нийтийн албан тушаалтны үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тодорхойлжээ.

19. Гэтэл шүүгдэгч И.Х, С.Б нар нь хэргийн үйл баримтын хүрээнд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, байгаль хамгаалагчийн албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлж, иргэн Ч.Гт “мод хэтрүүлэн бэлтгэсэн учраас 50.000 төгрөгийн торгууль төлнө” гэж 50.000 төгрөгийг бэлнээр авч, өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

20. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар байгаль хамгаалагч нь байгаль хамгаалах албаны үүргээ гүйцэтгэх явцад илрүүлсэн зөрчлийг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэх, эсхүл холбогдох байгууллагад харьяаллын дагуу шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “2022 оны хэмжээнд Б аймгийн Ц суманд мод бэлтгэх эрхийн бичиг /гоожин/-т заасан хэмжээнээс хэтэрсэн мод тээвэрлэсэн” гэх зөрчил бүртгэгдэж шалгагдаагүй. Байгаль хамгаалагч Х, Б нар зөрчил илрүүлсэн бол заавал мэдэгдэх үүрэгтэй. Түүнчлэн манайх зөрчлөө бүртгэж авдаг болохоор тайлан ирүүлдэг. Гэтэл 2022 онд Ц сумаас Х, Б нар зөрчил илрүүлсэн зүйл байхгүй, тайланд зөрчил илрүүлсэн мэдээлэл байхгүй. Зөрчил илрээгүй болохоор гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нар нь мод хэтрүүлэн бэлтгэсэн гэх үндэслэлээр Ч.Гыг торгосон, эсхүл үйлдлийг нь хуулийн дагуу шалгуулахаар эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй, шилжүүлээгүй нөхцөл байдал тогтоогджээ.   

21. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг агуулсан, шүүгдэгч И.Х, С.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй байна.

22. Шүүгдэгч И.Х, С.Б нарын дээрх үйлдэл нь идэвхтэй үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий, хөрөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэлт зорилготой, гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарч байна.

23. Иймд шүүгдэгч И.Х, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”, 1.9 дүгээр зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан байна.

25. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч И.Х, С.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байх ба 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Монгол Улсын Их Хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

27. Шүүгдэгч И.Х, С.Б нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд хохирол, хор уршиг учраагүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

28. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

29. Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, шүүгдэгч И.Х, С.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас 50.000 төгрөгийн орлого олсон нь тогтоогджээ.

30. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 50.000 төгрөгийг хоёр хувааж, шүүгдэгч тус бүрээс 25.000 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

31. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч нарын албан тушаалын байдлаа ашиглаж, зөрчил илрүүлж байгаа мэтээр 50.000 төгрөгийг өөрсдөө хууль бусаар авч, эдийн засгийн давуу байдал бий болгосон нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг байхгүй. Хувийн байдал буюу урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэх нөхцөл байдал, гэр бүлийн гишүүдийн хамт Ц сумын 8, 9 дүгээр багт оршин суух нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг нь 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ шүүгдэгч И.Хг тус аймгийн Ц сумын 08 дугаар багаас, шүүгдэгч С.Быг тус аймгийн Ц сумын 09 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлалт тогтоох” дүгнэлтийг,

32. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Агаас “Шүүгдэгч нарыг 3 жил 6 сарын хугацаагаар тус сумын 08, 09 дүгээр багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлалт тогтоох нь хүний эрхийг зөрчсөн асуудал гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарыг тус сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгөх” дүгнэлтийг

33. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Наас “Улсын яллагчийн санал болгож байгаа ялын хувьд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу ял санал болгосон гэж үзэж байна. Энэхүү гэмт хэрэг нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн буюу нэмэлт өөрчлөлт орохоос өмнө хөнгөрүүлсэн хуулийн заалттай байхад үйлдэгдсэн гэмт хэрэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1. “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр торгох ялыг хасаж, зөвхөн зорчих эрх хязгаарлах ял болон хорих ял байхаар заасан хууль сүүлд батлагдсан. Тиймээс гэмт хэрэг үйлдэгдэх үед Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх боломжтой байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, тухайн хүмүүсийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шийдвэрлэсэн тул 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 5.600 нэгжтэй тэнцэх буюу 5.600.000 төгрөгөөр тус бүр торгох ял оногдуулж өгөх” дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.

34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч И.Х, С.Б нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага тус тус оногдуулах үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

35. Шүүгдэгч И.Х, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

36. Хувийн байдлын хувьд: 1.Шүүгдэгч И.Х нь 1963 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, төрийн албанд он удаан жил ажилласан, шүүгдэгч С.Б нь 1988 онд төрсөн, дээд боловсролтой, ам бүл 5, ээж, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь тус тус хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, мөн шүүгдэгч нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байна.

37. Шүүгдэгч И.Х, С.Б нар нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалтай зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

38. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х, С.Б нарын тус бүрд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х, С.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

39. Шүүгдэгч И.Х, С.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.

40. Шүүгдэгч И.Х, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Ин Х, Н овогт С Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х, С.Б нарын тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х, С.Б нарын тус бүрд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Х, С.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч И.Х, С.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И.Х, С.Б нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 50.000 төгрөгийг хоёр хувааж, шүүгдэгч тус бүрээс 25.000 төгрөгийг ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч И.Х, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд тус тус хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч И.Х, С.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.Т