| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0047/З |
| Дугаар | 221/МА2026/0520 |
| Огноо | 2026-07-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0520
Ч.О-ын эрх залгамжлагч О.Б-ын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Б.Адъяасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч М.Цэцэгмаа
Илтгэгч: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О
Нэхэмжлэгч: Ч.О-ын эрх залгамжлагч О.Б
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: М.О, Б.Т
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 345 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Оын эрх залгамжлагч О.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Ж.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0047/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.О-ын эрх залгамжлагч О.Б-аас “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 23 дугаар хороо, Хангайн 82-23 тоотод байгаа 500 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн иргэн Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 345 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан Ч.О-ын эрх залгамжлагч О.Б-ын “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 23 дугаар хороо, Хангайн 82-23 тоотод байгаа 500 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн иргэн Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Бодит нөхцөл байдал ба эзэмшил тогтоох асуудалд дүгнэлт хийгээгүй тухайд:
3.1.1. Нэхэмжлэгч Ч.О, түүний дүү Ч.Б нар нь тухайн маргаан бүхийн 500м2 газрыг 2015 оноос хойш бодитойгоор эзэмшиж, хашаа барин амьдарч ирсэн ба хавтаст хэрэгт авагдсан хорооны тодорхойлолт болон бусад нотлох баримтаар тогтоогддог. 2016 онд гарсан гал түймрийн улмаас эд хөрөнгө нь шатсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад шүүх "бодитоор амьдарч байгаагүй" гэх гуравдагч этгээдийн тайлбарыг давууд үзсэн нь үндэслэлгүй. Гуравдагч этгээдүүд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу үнэн зөв бодит тайлбар өгөх атал тус маргаан бүхий газарт амьдарч байгаагүй. Г.Т-ын хувьд өөр газар оршин суух хаягтай байхад анхан шатны шүүх анхаарахгүй, дутуу үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэнд гомдолтой байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцахгүй байх” зарчим нь зөвхөн эрхийн гэрчилгээгээр хязгаарлагдахгүй бодит эзэмшлийг мөн хамгаалдаг.
3.2. Захиргааны актын хууль ёсны байдалд дүгнэлт хийгээгүй тухайд:
3.2.1. Б.Тд газар эзэмших захирамж гарах тухайн цаг хугацаанд тус маргаан бүхий газар Ч.Б болон П.Бнарын өмчлөлийн газартай давхцалтай байсан талаар холбогдох газар зохион байгуулалтын албаны баримтууд болон хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газар давхацсан учраас гэрчилгээ олгоогүй" гэж тайлбарлаж байхад шүүх Газрын тухай хуулийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан “Нөхцөл байдлыг тогтоох" үүргээ биелүүлээгүй зэргийг анхаарахгүй нотлох баримтад дутуу үнэлэлт өгч хуулийг буруу тайлбарлаж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ч.Б нь өөрийн төрсөн ах Ч.Оад тус газрыг эзэмшүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн баримтыг Сонгинохайрхан дүүргийн газрын алба болон шүүхэд удаа дараа гаргасан байдаг. Нэхэмжлэгч Ч.О, Ч.Б нар төрөл садны холбоотой, тус маргаан бүхий гарыг 2015 оноос хойш харж хамгаалж хамт амьдарч талаар тус хорооны Засаг даргын тодорхойлолтыг гарган өгсөн. Гэтэл анхан шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны Б.Тд газар эзэмшүүлэх А/211 дүгээр захирамжийг хэвээр үлдээсэн нь буруу юм. Нэхэмжлэгч тал 2023 оноос хойш удаа дараа хүсэлт гаргаж байсан ба захиргааны байгууллага өөрийн буруутай үйл ажиллагаа буюу кадастрын мэдээллийн сангийн зөрчлөөс шалтгаалж хүсэлтийг шийдвэрлээгүйг шүүх анхаарч үзсэнгүй.
3.3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тухайд:
3.3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д "Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн энэхүү хүлээн зөвшөөрөлтийг баталж, хэргийг шийдвэрлэхийн оронд гуравдагч этгээдийн тайлбарт хэт ач холбогдол өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүх хариуцагч болон нэхэмжлэгчийн хүсэлт зоригийн илэрхийллийг үл тоомсорлосон гэж үзэх үндэслэлтэй байна. Гуравдагч этгээд Б.Т-д газар эзэмшүүлсэн захирамж гарсан боловч өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй, кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй байгааг шүүх шийдвэртээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч тал тухайн газарт 2015 оноос хойш амьдарч, өөрийн хөрөнгөөр хашаа амбаар барьж, эзэмшиж ирсэн бодит нөхцөл байдал, галын дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогддог. Хариуцагч захиргааны байгууллага өөрөө эдгээр нөхцөл байдлыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь уг газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх хууль зүйн боломжтойг баталж буй хэрэг юм.
3.3.2. Захиргааны байгууллага гаргасан алдаатай шийдвэрээ (Захирамж А/211) засах, нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг сэргээх хүсэл зоригтой байхад шүүх бусдын эзэмшиж буй газар" гэх нэр төдий үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Б.Тд олгосон гэх газар нь кадастрын давхцалтай, мэдээллийн санд ороогүй тул Газрын тухай хуулийн 31.3-т заасан "бусдын эзэмшиж буй газар” гэх ангилалд бүрэн хамаарахгүй юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хариуцагчийн зөвшөөрөл болон бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2026/0345 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зөв үнэлсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Нэхэмжлэгчээс анх шүүхэд “Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 82-23 тоотод байгаа 500 мкв хэмжээтэй газрыг эзэмшүүлэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, эзэмшүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн иргэн Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлжээ.
3. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ ... Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.Оыг 2023 онд хүсэлт гаргахад аль хэдийн маргаан бүхий газрыг Б.Т эзэмших эрхтэй болсон, нэхэмжлэгчийн тухайд энэ захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргахын тулд тухайн газарт амьдарч байсан, эсхүл 2017 онд эзэмших эрх үүсэхээс өмнө хугацаанд газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан тохиолдолд .... түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шүүхээс хамгаалах ёстой юм ... Өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд маргаан бүхий газар нь мэдээллийн сангийн зургаар Ч.Б болон П.Б нарын өмчлөлийн газартай давхцалтай байхад Б.Т-д газар эзэмшүүлсэн нь хуульд нийцээгүй боловч нэхэмжлэгч Ч.О-ын хувьд Ч.Б болон П.Б нарыг төлөөлөхгүй, дээр дурдсанаар маргаан бүхий газарт амьдарч, ашиглаагүйгээс гадна гуравдагч этгээд Б.Тас өмнө хуульд зааснаар газар эзэмших хүсэлт гаргаагүй учир Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын маргаан бүхий 2017 оны А/385 дугаар захирамжийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй болно... Хэдийгээр Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, шинээр газар олгох боломжгүй гэсэн нэхэмжлэгчид өгсөн хариу нь үндэслэлгүй боловч нэгэнт маргаан бүхий газарт бусдын эзэмших эрх үүссэн болох нь дээр тогтоогдсон тул нэхэмжлэгчид газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах шаардлагыг мөн хангах үндэслэлгүй ... үүнээс гадна гуравдагч этгээд М.О-ын тухайд маргаан бүхий газрыг эзэмшихээр нэхэмжлэгчээс хойш хүсэлт гаргасан ... газар эзэмших эрх үүсээгүй байхад 2008 онд тухайн газрыг худалдан авахаар Б.Ттай тохиролцсон гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй, энэ хэргийн улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болохыг тэмдэглэв” гэх дүгнэлт нь үндэслэлтэй байна. Учир нь :
4. Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий газар болох Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 82-23 тоотод нэхэмжлэгч Ч.О болон гуравдагч этгээд М.О нар өмнө нь хэзээ ч амьдарч байгаагүй бөгөөд нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн нотлох баримтаар Ч. О нь маргаан бүхий газрын хойд талд дүү Ч.Бямбажавынд амьдарч байсан бол гуравдагч этгээд М.О нь маргаан бүхий газрын урд талд тусдаа хашаа байшинд амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.
5. Мөн маргаан бүхий газарт анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны А/211 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.Тд газар эзэмших эрх үүссэн байна. Харин нэхэмжлэгч Ч.О-ын тухайд уг маргаан бүхий газрыг эзэмшихээр 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргасныг бүртгэсэн бол гуравдагч этгээд М.Оын тухайд 2024 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргасныг бүртгэж, нэхэмжлэгч Ч.О болон гуравдагч этгээд М.О нарт 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдаагүй тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай бичгээр хариу өгчээ.
6. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан зохицуулалтаар нэхэмжлэгч Ч.О-ыг 2023 онд, гуравдагч этгээд М.О-ыг 2024 онд хүсэлт гаргахаас өмнө гуравдагч этгээд Б.Тд 2017 онд маргаан бүхий 585 мкв газрыг эзэмшүүлсэн байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Иргэн Б.Тд 2017 оны А/385 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн шийдвэр хуульд нийцээгүй ч уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Ч.О, гуравдагч этгээд М.О-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй /нэхэмжлэгч , гуравдагч этгээд нарыг газар эзэмших хүсэлт гаргахаас өмнө үүссэн эзэмших эрх/ энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... анхан шатны шүүх нь ... бодит байдал ба эзэмшил тогтоох асуудалд дүгнэлт хийгээгүй ... захиргааны актын хууль ёсны байдалд дүгнэлт хийгээгүй ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад хэргийг эцэслэн шийдвэрлээгүй ... захиргааны байгууллагын өөрийн үйл ажиллагааг засах боломжийг хаасан” талаар гомдолдоо дэлгэрэнгүй тусгасан байх бөгөөд дээрх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дугаар сарын 09-ны өдрийн 128/ШШ2026/0345 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР