Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 73

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Улсын яллагч: П.Даваасүрэн,

Хохирогч: С.Мэсээдээбаатар, Б.Баасанцэрэн, Ц.Энхбат, Б.Пагмасүрэн,

Шүүгдэгч: Э.Амарсайхан, түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Эрдэнэбаярын Амарсайханд холбогдох эрүүгийн 201625021155 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 45а байрны 166 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЧМ86061478 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Эрдэнэбаярын Амарсайхан.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Э.Амарсайхан нь “Австри улс руу 2 жил гэрээгээр ажиллах виз гаргаж өгнө” гэж интернээтээр зарлан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авах гэмт хэргийг давтан үйлдлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сарын 27-нд хохирогч Ш.Сайхантэсээс 1.365.130 төгрөг, хохирогч С.Мэсээдээбаатараас 1.400.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 29-нд Д.Мөнхтуулаас 360.000 төгрөг, Б.Баасанцэрэнгээс 2.200.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 09-нд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Мөнхсоёлоос 3.100.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 01-нд Б.Энхбаяраас 1.390.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 30-нд хохирогч Ц.Энхбатаас 1.580.000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 05-нд хохирогч Б.Пагмасүрэнгээс 3.345.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 07-нд хохирогч Б.Бадамаарагаас 1.900.000 төгрөгийг, хохирогч Б.Мөнхбатаас 1.100.000 төгрөгийг хууран мэхэлж итгэл эвдэх аргаар олж авсаны улмаас бусдад нийт 17.740.130 буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Амарсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эдгээр хүмүүсээс яллах дүгнэлт дээр дурьдсан мөнгийг тоо ёсоор нь авсан. Гэхдээ би энэ хүмүүсийн мөнгийг залилан мэхлэх зорилгоор анхнаасаа аваагүй. Би виз гаргаж өгнө, бүтээж өгнө гэж авсан. Ийм ч учраас эдгээр хүмүүс миний ажил, гэр бүх зүйлийг мэдэж байсан. Виз гараагүйгээс эдгээр хүмүүст хохирол учирсан нь миний буруу. Виз гаргахаар авсан мөнгөний ихэнх хэсэг нь виз гаргах ажилд зарцуулагдсан. Үүнийг нотлох баримтаа мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд өгөх гэсэн боловч шаардлагагүй гээд аваагүй. Би 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс ажлаасаа халагдсан. Энэ өдрөөс хойш хуулийн байгууллагад шалгагдаад явж байгаа. Ажлаас гараад би тогтсон орлогогүй болсон тул ихэнх банкнаас зээл авахаар хөөцөлдсөн боловч хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хүнд зээл өгөхгүй гэсэн. Ингээд эдгээр хүмүүсийн хохиролыг барагдуулж чадаагүй. Миний буруу гэв.

 

Хохирогч С.Мэсээдээбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сард Австри улс руу явуулна гэсэн зарын дагуу Э.Амарсайхантай холбогдсон. Нийт 3.300.000 төгрөгөөр явахаар болж урьдчилгаа 1.100.000 төгрөг өгсөн. Тэгээд 2 дугаар сарын үед “Бээжин рүү визинд орохоор боллоо” гээд 300.000 төгрөг авсан. Э.Амарсайханд би нийт 1.400.000 төгрөг өгсөн. Эндээс 1.250.000 төгрөгийг буцаан авсан. Одоо 150.000 төгрөгөө буцаан авна. Гомдолтой байна гэв.

 

Хохирогч Б.Баасанцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сард  “Үнэгүй.мн” сайтаас “Австри улс руу виз гаргаж өгнө” гэсэн зарын дагуу Э.Амарсайхантай холбогдсон. Ингээд Австри явна гэж урьдчилгаа 2.200.000 төгрөгийг виз гаргах урдчилгаанд өгсөн. Үүнээс хойш сарын дараа манай эхнэрээс визний материал бүрдүүлнэ гээд 360.000 төгрөг авсан. Өгсөн мөнгөнөөсөө 550.000 төгрөгийг буцаан авсан. Одоо 2.100.000 төгрөгийг Э.Амарсайханаас нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Ц.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 2 дугаар сард “Үнэгүй.мн” сайтаас “Австри улс руу ажлын гэрээгээр явуулна” гэсэн зарын дагуу Амарсайхантай холбогдсон. Нийт 1.580.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Энэ мөнгөнөөсөө буцааж авсан зүйлгүй. Гомдолтой байна гэв. 

 

Хохирогч Б.Пагмасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 дүгээр сард “Үнэгүй.мн” сайтаас зар хараад Э.Амарсайхантай холбогдож эхнэртэйгээ гэрт нь очиж уулзсан. Гэрт нь очоод “Австри улс руу хүүхдүүдтэйгээ хамт явж болох уу” гэж тодруулж асуухад “тэгвэл бүүр сайн ш дээ” гэж байсан. Ингэж уулзсаны дараагаас мөнгөө өгч эхэлсэн. Эхлээд 200.000 төгрөг дансанд нь хийж өгсөн. Дараа нь дахиж уулзаад өөрийн мөнгө олох боломжоо хэлээд Э.Амарсайханыг “чи болж бүтэхгүй юм хийдэг хүн биш биз дээ, адилхан залуу хүмүүс байж, тийм бол надаас мөнгө авахаа болиорой” гэж хэлж байсан. Тэгтэл Э.Амарсайхан надад “ёстой тийм юм байхгүй, чи надад итгэж болно” гэж хэлж байсан болохоор би итгэсэн. Ингэж хэлэхээр нь би итгээд хадам ээжээр зээл авхуулаад хашаагаа чөлөөлж зараад мөнгөө өгсөн. Би мөнгөө цувуулж өгсөн. Эхлээд 1.600.000 гаруй төгрөг өгөөд цаасан дээр гэрээ маягийн юм бичүүлсэн. Сүүлд “виз чинь болчихлоо, 2 хүүхдийн чинь эрүүл мэндийн даатгал тэнд очоод төлөгдөнө, яаралтай 1.000.000 төгрөг шилжүүл” гэсэн. Би ээжийнхээ ээмэг бөгжийг ломбардад тавиад 500.000 төгрөг олсон. Маргааш нь арай гэж 1.000.000 төгрөг болгоод өгсөн. Одоо нийт 3.345.000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгөнөөсөө буцаан авсан зүйлгүй. Гомдолтой байна гэв.

  Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Мэсээдээбаатар /1хх-ийн 32-33/, Ш.Сайхантэс /1хх-ийн 34-35/, Д.Мөнхтуул /1хх-ийн 53-54/, Б.Баасанцэрэн /1хх-ийн 55-57/, М.Мөнхсоёл /1хх-ийн 104-105/, Б.Энхбаяр /1хх-ийн 132-135/, Ц.Энхбат /1хх-ийн 183-184/, Б.Пагмасүрэн /1хх-ийн 204-207/, Б.Бадамаараг /2хх-ийн 6-7/, С.Мөнхбат /2хх-ийн 58-61/ нарын мэдүүүлэг, гэрч Э.Тэмүүжин /1хх-ийн 36/, С.Одончимэг /1хх-ийн 106/, Ц.Эрдэнэчимэг /1хх-ийн 188/ нарын мэдүүлэг, зээлийн гэрээний хуулбар /1хх-ийн 7, 21/, Монгол банкны лавлагаа /1хх-ийн 23/, Ш.Сайхантэсээс мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 19/, Д.Мөнхтуулаас мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 50-51, 170/, М.Мөнхсоёлоос мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 97/, Б.Энхбаяраас мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 129/, Ц.Энхбатаас мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 187/, Б.Пагамсүрэнгээс мөнгө шилжүүлсэн баримт /1хх-ийн 218-219/, Э.Амарсайханы иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 70/, Э.Амарсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 71, 112, 2хх-ийн 63/, Э.Амарсайханы хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 72-83/,  Э.Амарсайханы сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 152-153, 156, 2хх-ийн 11, 16, 29, 72/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХнь:

 

Шүүгдэгч Э.Амарсайхан нь давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар буюу “Австри улс руу 2 жилийн ажлын гэрээгээр хүн гаргана” хэмээн “Үнэгүй.мн” сайт, интернетэд зар тавьж Ш.Сайхантэсээс 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн  нутаг, Улсын их дэлгүүрийн урд байрлах нотариатын газарт 500 евро буюу 1.065.130 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн “ХААН” банкны дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч, нийт 1.365.130 төгрөгийг залилан мэхлэн авсан,

2016 оны 01 дүгээр сарын 27-нд С.Мэсээдээбаатараас Сүхбаатар дүүргийн  нутаг, “Багшийн дээд” сургуулийн урд байрлах нотариатын газарт 1.100.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өөрийн “ХААН” банкны дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авч, нийт 1.400.000 төгрөгийг залилан мэхлэн авсан,

2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Баасанцэрэнгээс Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “ХААН” банкны дансаар 2.200.000 төгрөгийг шилжүүлүүлэн залилан мэхлэн авсан,

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Д.Мөнхтуулаас Сүхбаатар дүүргийн нутагт байрлах “ХААН” банкны дансаар 360.000 төгрөгийг шилжүүлүүлэн залилан мэхлэн авсан,

Баянгол, Чингэлтэй дүүргийн нутагт буюу 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр М.Мөнхсоёлоос өөрийн “ХААН” банкны дансаар 100.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “ТБД андууд ХААН” банкны орчим байрлах нотриатын газарт 2.100.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн ХААН банкны дансаар 900.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 3.100.000 төгрөгийг залилан мэхлэн авсан,

Баянгол дүүргийн нутагт 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б.Энхбаяраас 600.000 төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 500.000 төгрөгийг, 2016 оны 05 дугаар сарын 14-25-ны өдрийн хооронд 290.000 төгрөгийг тус тус өөрийн “ХААН” банкны дансаар шилжүүлэн авч, нийт 1.390.000 төгрөгийг залилан мэхлэн авсан,

Сүхбаатар дүүргийн нутагт 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ц.Энхбатаас 1.580.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны дансаар шилжүүлэн авч, залилан мэхлэн авсан,

Чингэлтэй дүүргийн нутагт 2016 оны 04 дүгээр сарын 05-наас 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Б.Пагмасүрэнгээс бэлнээр болон өөрийн “ХААН” банкны дансаар шилжүүлэн  нийт 3.345.000 төгрөгийг залилан мэхлэн авсан,

Баянгол дүүргийн нутагт 2016 оны 01 дүгээр сарын 07-ноос 2016 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Б.Бадамаарагаас бэлнээр нийт 1.900.000 төгрөгийг залилан мэхлэн авсан,  

Баянгол дүүргийн нутагт 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр С.Мөнхбатаас 1.100.000 төгрөгийг залилан мэхлэн авч, бусдад нийт 17.740.130 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

хохирогч С.Мэсээдээбаатарын /1хх-ийн 32-33/: “... 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зараар “Австри улсад 2 жилийн гэрээгээр явуулна” гэсэн зарын дагуу Амарсайхан гэгчтэй уулзсан. Амарсайхан нь “би урьд нь Австри улсад хүн гаргаж байсан, ер нь бол мэднэ, эхний ээлжинд 2 жилээр виз гаргадаг” гэсэн. Ингээд “нийт 3.300.000 төгрөгөөр гаргана” гэхээр нь урьдчилгаа 1.100.000 төгрөг бэлнээр өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “элчин ороход мөнгө хэрэгтэй” гээд 300.000 төгрөгийг бас авсан. Үүнээс хойш элдэв шалтаг тоочоод байхаар нь хууртсанаа мэдээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ш.Сайхантэсийн /1хх-ийн 34-35/: “... 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Австри улс руу гэрээгээр явуулна” гэсэн зарын дагуу Амарсайхан гэгчтэй холбогдсон. ... “ажлын гэрээ 45-60 хоногт гарна” гээд 500 евро авч, гэрээ хийсэн. ... тэгээд намайг “өөрөө Хятад явах хэрэгтэй байна, гар хурууны хээ авах хэрэгтэй” гэсэн. ... Амарсайхан надад хэлэхдээ “би байнга хүн гаргадаг, Австраас ажлын гэрээ захиалаад авч ирдэг, одоо ганц гэрээ үлдээд байна” гэсэн тул би мөнгөө өгсөн. Би нийт 1.080.000 төгрөг өгсөн. Энэ хохирлоо Амарсайханаас авмаар байна ...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Мөнхтуулын /1хх-ийн 54/: “... 2016 оны 03 дугаар сарын дундуур “Үнэгүй.мн” сайтаас “Австри улс руу 2 жилийн хугацаагаар ажлын гэрээгээр гаргана” гэсэн зарын дагуу Амарсайхан гэгчтэй уулзсан. .... Би түүнд 360.000 төгрөг өгсөн ...”  гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Баасанцэрэнгийн /1хх-ийн 56-57/: “... Э.Амарсаайхан зар дээр “Австри улс руу явах виз гаргана” гэсэн зар бичсэн байсан. Зарын дагуу утсаар нь холбогдоод эхнэртэйгээ хамт явахаар болоод данс руу нь 2.200.000 төгрөг хийсэн. ... Амарсайхан манайд шууд виз мэдүүлэх боломж байдаггүй юм байна лээ, Австри улсын виз манай улсад байдаггүй болохоор заавал Бээжин явах хэрэг гардаг…” гэж хэлж байсан. Би өгсөн мөнгөө гүйцэд авмаар байна…” гэх мэдүүлэг,

 

хохирогч М.Мөнхсоёлын /1хх-ийн 105/: “... 2016 оны 03 дугаар сарын эхээр интернэт зар харж байгаад зарын дагуу Амарсайхан гэж залуутай холбогдоод урьдчилгаа 2.100.000 төгрөг өгсөн. Мөн “оёдолчны үнэмлэх хөөцөлдөж өгнө” гээд нийт 3.100.000 төгрөг өгсөн. Өгсөн мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Энхбаярын /1хх-ийн 134/: “... 2016 оны 03 дугаар сарын эхээр иртернэтээр “виз гаргаж өгдөг хүн байна” гэхээр нь Э.Амарсайхантай холбогдсон. Би “Австри явна” гэж Э.Амарсайханд 1.390.000 төгрөг өгсөн. Э.Амарсайхан “Бээжин явж миний визийг гаргаж өгнө, ярилцлаганд орно” гээд “зардлын мөнгө байхгүй, чи миний зээлийг төлчихвөл би чамайг дагуулаад явна” гээд байсан. ... Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 22-ны 15 цагт вокзал дээр уулзахаар тохироод очтол Э.Амарсайхан ирээгүй. Утас руу нь залгахад утасаа авахгүй байсан. ... Э.Амарсайхан надад нэг ч төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Энхбатын /1хх-ийн 183-184/: “... 2016 оны 02 дуаар сард зарын дагуу Э.Амарсайхан гэдэг залуутай холбогдсон. Би виз гаргуулахаар тохиролцоод 1.600.000 төгрөгийн урьдчилгаа өгөхөөр болж виз гарахаар 4.400.000 төгрөгийг нь өгөхөөр тохирсон юм. Ингээд надаас нийт 1.580.000 төгрөгийг авсан. Виз гараагүй ба Э.Амарсайхантай утасаар ярихаар “материал нь ирээгүй байна, болоогүй байна” гэсээр өдий хүрсэн. ... Надад өөр хүнтэй хамтардаг талаар огт ярьж байгаагүй. Мөнгөө буцаан авмаар байна ...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Пагмасүрэнгийн /2хх-ийн 204-207/: “... 2016 оны 04 дүгээр сард “Австри явуулна” гэх зарын дагуу Э.Амарсайхантай очиж уулзсан. Би “эхнэртэйгээ явж болох уу” гэхэд “бүүр сайн ш дээ” гээд “урьдчилгаа мөнгө хэрэгтэй” гэж байсан. Бид урьдчилгаа мөнгөө өгсөн. Тэгээд таг болсон. ... гэрт нь очиж уулзахад “... ойрд найзтайгаа холбоо барьсангүй” гэхээр нь залилуулснаа мэдээд цагдаад хандсан. Би Э.Амарсайханд нийтдээ 3.345.000 төгрөг өгсөн. Өгсөн мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Бадамаарагийн /2хх-ийн 6-7/: “... 2016 оны 01 дүгээр сард “Австри улс руу виз гаргаж, гэрээгээр ажиллуулна” гэсэн зарын дагуу Э.Амарсайхантай уулзсан. Надаас гадаад паспорт, дансны хуулга зэргийг авсан. Бусад материалыг өөрөө бүрдүүлнэ гээд надаас нийт 1.900.000 төгрөгийг авсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч С.Мөнхбатын /2хх-ийн 59-60/: “... 2016 оны 03 дугаар сард “Шуурхай зар” сайтаар “Австри улсад гэрээгээр ажилтан гаргана” гэсэн зарын дагуу Э.Амарсайхантай танилцсан юм. Э.Амарсайхан хэлэхдээ “гэрээт ажилтнаар очоод ажиллах юм бол үйлдвэрт 1.100 еврогийн цалинтай ажил байгаа” гээд визний урьдчилгаа гээд 1.100.000 төгрөг авсан. ... Би эргүүлж нэг ч төгргөг аваагүй байгаа. Гомдолтой байна ...” гэх мэдүүлэг,

 

гэрч С.Одончимэгийн /1хх-ийн 106/: “... 2016 оны 03 дугаар сард нөхөр бид 2 Австри явж ажиллъя гээд интернетээр хайж байгаад “Австри руу 2 жилийн гэрээт ажилд зуулчилна” гэсэн зарын дагуу Э.Амарсайхан гэх залуутай нөхрийн хамт очиж уулзсан. Э.Амарсайхан хэлэхдээ 1 хүнийг 3.300.000 төгрөгөөр гаргаж өгнө. Урьдчилгаа нь 1 хүний 1.100.000 төгрөг болох ба 2 хүний 2.200.000 төгрөг болно гэж хэлсэн. Бидэнд тухайн үед мөнгө байхгүй байсан тул найз Төмөрбаатараас 1.000.000 төгрөг зээлж шилжүүлсэн. Үлдэгдэл 2.100.000 төгрөгөө өгөх гэтэл ... Э.Амарсайхан “би хувиараа хүмүүс гадаад руу гаргадаг тул зөвхөн зээлийн гэрээ хийдэг” гээд нотариат орж зээлийн гэрээ хийсэн. Тэгээд 03 дугаар сарын 22-нд манай нөхөр Мөнхсоёл над руу залгаад “материал явсан гэнэ, материал баталгаажуулах 900.000 төгрөг яаралтай хэрэгтэй” гэхээр нь би өөрийн ХААН банкны данснаас 900.000 төгрөг Э.Амарсайхан руу шилжүүлсэн. Ингээд 04 дүгээр сарын эхээр бид хоёрыг “юмаа бэлд ярилцлаганд явна” гэхээр нь бид 2 хувцас хунараа бэлдээд байж байтал явах нь хойшлоод байсан. Ингээд худлаа хэлээд яваад байхаар нь бид залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Амарсайханы гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Хэдийгээр шүүгдэгч Э.Амарсайхан шүүхийн хэлэлцүүлэгт “бусдыг залилан мэхлэх санаа зорилго байгаагүй, иргэд хоорондын зээлийн гэрээний асуудал байсан“ гэх зэргээр тайлбарлаж байгаа боловч тэрээр гадаад улсад зорчих виз олгох эрхгүй атал бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч нарт өөрийгөө гадаад улсын виз гаргадаг мэтээр “Австри улс руу 2 жилийн ажлын гэрээгээр явуулж өгнө, үүний тулд урьдчилгаа мөнгө төлөх хэрэгтэй” гэх мэтээр итгэл үнэмшил төрүүлэн, итгэлийг эвдэж, хуурч мэхлэх аргаар бусдын 17.740.130 төгрөгийн буюу үлэмж хэмжээний мөнгөн хөрөнгийг өөрийн ХААН банкны дансаар болон бэлнээр өмчлөлдөө шилжүүлэн авсан удаа дараагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Э.Амарсайханыг давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан байдлыг зарим талаар ташаарч бичсэн боловч хохирогч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэх, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоолууд, мөнгөн шилжүүлгийн баримтууд зэргийг үндэслэн уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж тодруулан, зөвтгөн шийдвэрлэсэн болно.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг дараах байдлаар тогтоов.

 

Шүүгдэгч Э.Амарсайхан нь хохирогч С.Мэсээдээбаатарт 1.250.000 төгрөг, хохирогч М.Мөнхсоёлд 700.000 төгрөг, хохирогч Д.Мөнхтуул, Б.Баасанцэрэн нарт 550.000 төгрөгийг (хохирогч нар нэг гэр бүлийн хүмүүс учир Б.Баасанцэрэнгийн хохирлоос хасч тооцов) тус тус нөхөн төлсөн тул уг төлөгдсөн мөнгийг дээрх хохирогч нарт учирсан хохирлоос хасч тооцов.

 

 Ингээд мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй бусад хохирол, гэм хор болох Ш.Сайхантэсийн 1.365.130 төгрөг, С.Мэсээдээбаатарын 150.000 төгрөг, Д.Мөнхтуулын 360.000 төгрөг, Б.Баасанцэрэнгийн 1.650.000 төгрөг, М.Мөнхсоёлын 2.400.000 төгрөг, Б.Энхбаярын 1.390.000 төгрөг, Ц.Энхбатын  1.580.000 төгрөг, Б.Пагмасүрэнгийн 3.345.000 төгрөг, Б.Бадамаарагийн 1.900.000 төгрөг, Б.Мөнхбатын 1.100.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Э.Амарсайханаас  гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Э.Амарсайханд ял шийтгэл оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор Э.Амарсайханы “Nokia” маркийн гар утасыг битүүмжилсэн байх боловч тухайн гар утасны шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн үнэлээгүйн улмаас хэдэн төгрөгийн иргэний нэхэмжлэл болон эд хөрөнгө хураахад тооцуулах нь бүрхэг байх тул 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, IMEI:357382/04/614671/9 кодтой, хар өнгийн корпустай, “Nokia” маркийн гар утасыг Э.Амарсайханд буцаан олгохоор тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Эрдэнэбаярын Амарсайханыг давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амарсайханыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Амарсайханд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Амарсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, IMEI:357382/04/614671/9 кодтой, хар өнгийн корпустай, “Nokia” маркийн гар утасыг Э.Амарсайханд буцаан олгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Амарсайханаас нийт 15.240.130 төгрөгийг гаргуулж,  үүнээс хохирогч нар болох Ш.Сайхантэсд 1.365.130 төгрөг, С.Мэсээдээбаатарт 150.000 төгрөг, Д.Мөнхтуулд 360.000 төгрөг, Б.Баасанцэрэнд 1.650.000 төгрөг, М.Мөнхсоёлд 2.400.000 төгрөг, Б.Энхбаярт 1.390.000 төгрөг, Ц.Энхбатад  1.580.000 төгрөг, Б.Пагмасүрэнд 3.345.000 төгрөг, Б.Бадамаарагт 1.900.000 төгрөг, Б.Мөнхбатад 1.100.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Амарсайханд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Амарсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ