Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 110/ШШ2019/0034

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дэлүүн сумын 5 дугаар багийн оршин суугч С.Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Улсын бүртгэгчид холбогдох,

Үрчлэлтийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Дэлүүн сумын улсын бүртгэгчид даалгах шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тасхын, хариуцагч Дэлүүн сумын улсын бүртгэгч С.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

Нэхэмжлэгч С.Соос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Эхнэр болох К.Ж бид хоёрын дундаас 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү болох С.Ныг С.С миний ээж А.Шд үрчлүүлэхээр сумын Засаг даргад хандсан. Ингэхдээ К.Ж бидний сайн дурын үндсэн дээр болон ээж А.Шы хүсэлтээр С.Ныг үрчлүүлэхээр хандсан гэдгээ дурдаж байна. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хүүхэд үрчлэх, үрчлүүлэх ерөнхий нөхцөлийн дагуу хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр сумын Засаг даргад гаргасан ба сумын Засаг дарга бидний хүсэлтийг судлан үзэж, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай А/21 дугаартай захирамжаар Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.7, 55.8, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн захирамжийн 1 дэх заалтын 2 дахь хэсгээр Сын Ныг эмээ А овогтой Шд үрчлүүлэх тухай шийдвэр гаргасан билээ.

 

Уг захирамжийн 2 дахь заалтаар үрчлэгдсэн хүүхдийн иргэний үндсэн баримт бичгийг холбогдох хуулийн дагуу бүрдүүлж бүртгэлийн үйл ажиллагаа явуулахыг Улсын бүртгэгчид зөвшөөрч шийдвэрлэсэн.

 

Дээрх нөхцөл байдлаас харахад, сумын Засаг дарга хүүхэд үрчлэх, үрчлүүлэх асуудлын талаар ямар нэгэн татгалзал байгаагүй бидний хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэж, хүүхэд үрчлэх үндэслэлтэй гэж үзэн энэ тухайгаа баталгаажуулан захирамж гаргасан байдаг.

 

Ингээд сумын Засаг даргын захирамж гарснаас хойш 1 жилийн дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр С.Ныг үрчилж авсан эх нь А.Ш нас барсан. Тухайн үед бид С.Ныг үрчлэн авсан шийдвэр байгаа бөгөөд үрчлэлт хууль ёсны бүртгэгдсэн гэж ойлгож ирсэн боловч сумын улсын бүртгэгч С.Р нь тус үрчлэлтийг бүртгэж аваагүй, шинээр гэрчилгээ олгоогүй болохыг ээж А.Ш нас барснаас хойш 1 жилийнх нь ажил явдал өнгөрсний дараа 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр олж мэдсэн.

 

Улмаар улсын бүртгэгчээс үрчлэлтийг бүртгээгүй шалтгааныг асуухад, хуулийн хүрээнд бүртгэж авах боломжгүй гэж амаар хариу өгсөн тул ийнхүү улсын бүртгэгчийн татгалзлыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах болсон. Миний ээж А.Ш нас барсан өдрөөс хойш Н бидний асрамжид байгаа бөгөөд эхнэр К.Ж бид хоёр Нын хууль ёсны асран хамгаалагчид мөн болно.

 

Хуулийн дагуу бол улсын бүртгэгч захирамжийг үндэслэн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Иргэний улсын бүртгэлийн журамд заасны дагуу үрчлэлтийг бүртгэх ёстой.

 

Нэгэнт сумын Засаг даргад холбогдох бүх баримт бичгийг бүрдүүлж өгсөн, талийгаач А.Ш нь амьд сэрүүн байх үед сумын Засаг даргын захирамж гарсан байсан тул улсын бүртгэгч үрчлэлтийг бүртгэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй.

 

Иймд, С.Ныг эмээ А.Шд үрчлэгдсэнийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Дэлүүн сумын улсын бүртгэгчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Иргэн С.Соос тус шүүхэд үрчлэлтийг бүртгэж, төрсний бүртгэлийн гэрчилгээ олгохыг Дэлүүн сумын улсын бүртгэгчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэлийн үндэслэлээ Гэр бүлийн тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, иргэний бүртгэлийн талаарх журамд зааснаар үрчлэн авагч, үрчлэгч нарын сайн дурын хүсэлтээр гурвуулаа сумын Засаг даргад гаргаж, иргэний үнэмлэхийн хамт өгсөн. Сумын Засаг дарга хүсэлтийг хүлээн авч судалж үзээд Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг гаргасан.

 

Энэ шийдвэр нь Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/21 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж байдаг. Энэ нь зөвхөн Сын Ныг А.Шд үрчлүүлсэн захирамж биш тус сумын 9 дүгээр багийн иргэн байсан Худайбергений Ахтилек гэдэг хүүхдийг өвөө, эмээд нь үрчлүүлсэн давхар шийдвэр гарсан юм. Уг захирамжийн 2 дахь хэсгээр үрчлэлтийн холбогдох материалыг зохих журмын дагуу бүрдүүлж бүртгэл хийхийг улсын бүртгэгч С.Рд зөвшөөрсүгэй гэж дурджээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8-д Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан бүртгэнэ гэсэн хуулийн зохицуулалтай байна. Энэхүү хуулийн зохицуулалтаас харахад нэгэнт хүүхэд үрчилсэн захирамж гарсан учраас улсын бүртгэгч бүртгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулах ёстой гэж харж байгаа. Улсын бүртгэгчээс шүүхэд өгсөн хариу тайлбартаа Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-д зааснаар 60-аас дээш настай иргэнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэснийг баримталж бүртгэл хийхээс татгалзсан явдлыг бид эс зөвшөөрч байгаа юм. Нөгөөтээгүүр сумын Засаг даргаас гэрчийн мэдүүлэг авахад, Миний бие дур мэдэн захирамж гаргах ёсгүй, С.С эхнэртэйгээ, мөн А.Ш нар бүгд биечлэн ирсэн. Иргэний улсын бүртгэл хөтлөх журмын 6.4-д зааснаар үрчлүүлэгч, үрчлэн авагч талыг заавал байлцуулна гэдгийг хангаж байгаа болно гэж мэдүүлсэн.

 

Гэр бүлийн тухай хуулийн хүрээнд ярих юм бол энэ хууль 1999 онд батлагдсан бөгөөд энэ хууль батлагдсанаас хойш 20 жил өнгөрсөн байдаг. Хэдийгээр энэ хуульд өөрчлөлт ороогүй ч гэсэн Монгол Улсад хүн амын дундаж наслалт 65 дээш наслалттай болсон. Монгол Улсад 3 сая 200 мянган хүн амьдарлаа гэхэд 1 сая 600 зуугаас дээш хүн 65-аас дээш насалдаг гэсэн үг. Гэтэл хуульд өөрчлөлт оруулаагүй явж байгаа нь буруу гэж ойлгож байгаа. 60-аас дээш настай байлаа гэхэд хууль, журамд заасан бусад шаардлагуудыг бүрэн хангасан гэж ойлгож байгаа. 60-аас дээш настай байгаад эцэг, эх байх эрхээ хасуулсан, хязгаарлуулж байсныг 60-аас дээш настай иргэнд хамруулан ойлгох ёстой гэж үзэж байна.

 

Урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлэхийг хориглосон байжээ. Тэгэхээр 60-аас дээш настай гэдэг асуудал бол талийгаач А.Ш гэдэг хүнд байгаагүй. Саяны шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгсөн нотлох баримтуудад хүүхэд үрчлэн авахдаа хүүхэд эрүүл, саруул, өрхийн амьжиргааны түвшин сайн, тухайн багийн нэлээн боломжтой орлоготой айл, өрхүүдийн тоонд ордог болох нь багийн Засаг дарга, сум дундын эмнэлгийн эрхлэгч нарын тодорхойлолтоор нотлогдож байгаа гэдгийг хэлмээр байна.

 

Нөгөө талаар энэхүү захирамж хууль ёсоор гарсан уу, хууль бусаар нөхөн үйлдэгдсэн үү гэдгийг судалж үзэж, шүүхээс үзлэг хийхэд Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны захирамжийн үлдэх хувь буюу эх хувь бүртгэлийн 47 дугаар хуудаст авагдсан байсан нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна. Хамгийн гол нь хүүхдийн эрх ашиг нэн тэргүүнд яригдах ёстой. Хүүхдийн эрхийн конвенцэд ч гэсэн ямар нэгэн зөрчилгүй байх юм бол үрчлүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэж зохицуулагдсан байдаг. Иймд нэгэнт захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул Нын эрх ашгийг хамгийн түрүүнд анхаарч үзэх ёстой гэдэг үүднээс заавал 60-аас дээш настай гэдгийг үндэслэн нэгэнт үрчлүүлэхээр захирамж гаргасан хүүхдийг бүртгэхгүй гэдэг байдлаар улсын бүргэгчийн татгалзал өөрөө хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Хариуцагч Дэлүүн сумын Улсын бүртгэгчээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Дэлүүн сум хариуцсан Улсын бүртгэгч С.Р би, С.Сын нэхэмжлэлтэй, Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/21 тоот захирамжийн дагуу хүүхэд үрчилсний бүртгэл хийхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хүүхэд үрчилсний бүртгэл хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна.

 

Иргэн А.Ш 2017 онд уг захирамжийн дагуу хүүхэд үрчлүүлсний бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй. 2019 оны 3-р сард тус сумын 5-р багийн иргэн Нын аав болох Салданбайн С надад ирж уг захирамжийг үзүүлж хүүхэд үрчлүүлсний бүртгэлд бүртгүүлэх тухай лавласан юм.

 

Би Дэлүүн сумын засаг даргын 2017 оны 2-р сарын 21-ний өдрийн Хүүхэд үрчлүүлэх тухай А/21 дугаартай захирамжтай танилцаж үзээд тухайн захирамж гарах үе буюу 2017 оны 2-р сарын 21 өдөр хүүхэд үрчлэн авагч А овогтой Ш нь ганц бие 67 настай байсан ба уг захирамж Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх заалт 19 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтуудыг үндэслэн бүртгэхээс татгалзсан болно.

 

2017 оны 2-р сарын 21-ний өдрийн Дэлүүн сумын засаг даргын А/21 дугаартай захирамжийн Сын Ныг, Аий Шд үрчлүүлсэн хэсэг нь хууль бус үрчлэлтийн бүртгэлд бүртгэх боломжгүй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Соос Дэлүүн сум хариуцсан улсын бүртгэгчид холбогдуулан гаргасан Үрчлэлтийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгохыг Дэлүүн сумын улсын бүртгэгчид даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч С.С, түүний эхнэр К.Ж нарын дундаас 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү С.Ныг түүний эмэг эх болох А.Шд үрчлүүлэх тухай зөвшөөрлийг төрсөн эцэг, эх нь үрчлэн авах тухай хүсэлтийг үрчлэн авагч А.Ш нь тус тус сумын Засаг даргад гаргаснаар сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/21 дугаартай Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийн[1] 1 дэх хэсгээр С.Ныг эмэг эх А.Шд үрчлүүлэхээр, 2 дах хэсгээр үрчлэгдсэн хүүхдэд бүртгэлийн үйл ажиллагаа явуулахыг Дэлүүн сумын улсын бүртгэгчид зөвшөөрсөн нь Дэлүүн сумын Засаг даргын гэрчийн мэдүүлэг[2], болон сумын Засаг даргын захирамжаар тус тус тогтоогдож байна.

 

Мөн үрчлүүлэх тухай эрх бүхий албан тушаалтнаас шийдвэр гарснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн буюу 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үрчлэн авагч нь нас барсан, энэ хооронд хүүхдийн үрчлэлтийн бүртгэл хийгдээгүй нь хэрэгт авагдсан Дэлүүн сумын 5 дугаар багийн Засаг дарга Ж.Байсолтаны тодорхойлолт[3] болон хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байгаа ба энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

 

Хариуцагч нь үрчлэлтийн бүртгэл хийхээс татгалзсан үндэслэлээ А.Шд хүүхэд үрчлүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дах хэсэгт заасан ... ганц бие, ... 60-аас дээш насны ...хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, хүүхэд үрчлэн авах үед 67 настай, ганц бие А.Шд хүүхэд үрчлүүлсэн гэж маргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна, 57.2 дах хэсэгт Ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно гэж тус тус заасан.

 

Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол Улсын хуулийн 1 дүгээр зүйлд 60-аас дээш настай гэснийг Ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн гэж өөрчилсөн.

 

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд хүүхэд үрчлэн авагч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой гэсэн шаардлагыг хангасан хүн байх ёстой ба харин бусдын асрамжид байгаа 60-аас дээш, ганц бие, төрөл садан бус хүнд хүүхэд үрчлүүлэхгүй байхаар заажээ .

 

Үрчлэн авагч А.Ш нь ач хүүгээ үрчлэн авах үед ганц бие, 67 настай байсан боловч бусдын асрамжид байгаа, төрөл садан бус гэх хуульд заасан хориглосон нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Үрчлүүлэх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь үрчлэн авагчийг насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байх шаардлагыг хангасан гэж үзээд үрчлүүлэх шийдвэр гаргасан үйлдлээ үгүйсгээгүй ба Хүүхэд үрчлүүлэх тухай шийдвэрийг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгоогүй тул хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8-д Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 11 дүгээр зүйлийн 11.6-д Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ гэж тус тус хүүхдийн үрчлэлтийг бүртгэх асуудлыг хуулиар зохицуулжээ.

 

Эрх бүхий албан тушаалтнаас хүүхэд үрчлүүлэх тухай шийдвэр нь 2018 оны 06 дугаар сарын 21 ний өдрийн Иргэний бүртгэлийн тухай хууль хүчингүйд тооцсон тухай хууль дагаж мөрдөгдсөнөөс өмнө гарсан боловч Иргэний улсын бүртгэлийн тухай хууль 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн үеэс хойш нэхэмжлэгч нь үрчлэлтийг бүртгүүлэх хүсэлтээ улсын бүртгэгчид гаргасан байх тул шинэчилсэн найруулгатай Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийг баримталж шийдвэрлэлээ.

 

Хуулийн дээрх заалтуудаар улсын бүртгэгч нь хүүхэд үрчилсэн шийдвэрийг үндэслээд хүүхэд үрчилснийг бүртгэх үүрэгтэй ба С.Ныг эмэг эх А.Шд үрчлүүлснийг бүртгэхгүй байгаа хариуцагч Дэлүүн сум хариуцсан улсын бүртгэгчийн эс үйлдэхүй нь хууль бус, үүний улмаас хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул С.Нын үрчлэлтийг бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.8, шинэчилсэн найруулгатай Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хүү С.Ныг үрчилсний бүртгэл хийхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, С.Ныг үрчилсний бүртгэл хийхийг хариуцагч Дэлүүн сумын улсын бүртгэгч С.Рд даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 7 дугаар хуудас

 

[2] Хэргийн 24-25 дугаар хуудас

 

[3] Хэргийн 6 дугаар хуудас