Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 708

 

106/2020/0358/Э

 

 

 

  2020        06            02                                              2020/ДШМ/708    

 

Э.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Цэрэндорж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/358 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Цэрэндоржийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 33 дугаартай эсэргүүцлээр Э.Э-т холбогдох эрүүгийн 2005006600430 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э-, 1991 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойн цэцэрлэгжүүлэгч мэргэжилтэй, Төмөр замын барилгын ачилтын хэлтэст цэцэрлэгжүүлэгч ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Э.Э- нь 2020 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” караокед үйлчлүүлж байхдаа хамт явж байсан Г.Г-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Цэрэндорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ялыг оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж хуульчилжээ. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэдийгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхээс торгох ял оногдуулсан шийдвэрт хугацааг заагаагүй тохиолдолд түүнийг хэрхэн биелүүлэх талаар нарийвчлан зохицуулсан байгаа боловч анхан шатны шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг чухам ямар нөхцөл байдал, шалтгааны улмаас тогтоогоогүй болох талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзнэ. Ингэснээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж хуульчилсан. Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялын хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулахад чухал ач холбогдолтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр хуульчилсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулан зөвтгүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.Э- нь 2020 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэргэл” караокед үйлчлүүлж байхдаа иргэн Г.Г-тай тооцооны асуудлаас болж маргалдан нүүрэн тус газар гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгний шарх, 2 нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Гантулгын “...хамт ирсэн хоёр залуугийн нэг нь ямар нэг юм хэлэлгүй шууд хавираад унагаасан бөгөөд босоод ирэхэд хамт байсан шардуу царайтай намхан нуруутай залуу нь намайг эхлээд хамар дээр нэг цохисон. Дараа нь хөмсөг орчим цохиод дахиад нэг удаа хамар дээр цохисон бөгөөд би ямар нэг хариу үйлдэл хийгээгүй. ...” /хх 34-36/,

гэрч Д.Амаржаргалын “...Э-, Ганаа хоёр тооцоо ярьж байснаа муудалцаад ам зөрөөд байхаар нь би салгаад гарах гэтэл Ганаа эмэгтэй хүний араар ороод гээд хэлсэн чинь юу гэнээ гээд хараалын үг хэлээд хоёр гурван удаа цохиод мөргөөд унагаасан. ...Ганаа, Э- нар зодоон хийсэн. ...” /хх 18/

гэрч У.Амартүвшингийн “...нөгөө хүмүүсийн хоёр нь хоорондоо маргаан хийгээд цохилцоод, зууралдаад байсан бөгөөд нэг залуугийн хамраас нь цус гарсан байсан, өөр нэг залуу одоо боль гээд дунд нь салгаад байж байсан. ...” /хх 20/,

Э.Э-ийн яллагдагчаар өгсөн “...би ариун цэврийн өрөө орох гэтэл нөгөө залуу үүдэнд байсан бөгөөд надтай тооцооны талаар яриад маргаан хийгээд байхаар нь би нэг хоёр удаа гараараа цохиод, татаж авч ирээд нэг удаа толгойгоороо мөргөсөн. ...” /хх 47-48/ гэх мэдүүлгүүд,

“...Г.Гантулгын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун хөмсөгний шарх, 2 нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 2275 дугаартай дүгнэлт /хх 25/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Э-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Э.Э-ийн хохирогч Г.Гантулгын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоогоогүй, ямар шалтгааны улмаас тогтоох боломжгүй байсан талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь буруу болжээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоох зохицуулалт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заажээ.

Шүүхээс дээрх хуулийн жинхэнэ агуулгыг ойлгохгүй, шүүхэд эрх олгосон заалт хэмээн үзэж аливаа шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоохгүй байх нь хууль, эрх зүйн хувьд өрөөсгөл, буруу үр дагавартай байдгийг цаашид анхаарах шаардлагатай. 

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хугацааг шүүх тогтоосноор ял шийтгүүлсэн хүний хувьд шүүхийн шийдвэрийг хэдийд хэрхэн биелүүлэхийг ойлгох, харин хуульд заасан ажил үүргийнхээ хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, түүнд хяналт тавих эрх бүхий этгээдэд түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй үйл ажиллагаа явуулах зэрэг чухал ач холбогдолтой.

Үүнээс гадна хэргийн оролцогчийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэг бүрчлэн заасан байх бөгөөд энэ нь тухайн эрхийн баталгааг бүрдүүлдэг төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдах, оролцогчдын хууль ёсны ашиг сонирхол, эрх ашгаа ямар хэмжээ, хугацаанд хаана хандаж хамгаалуулах зэрэг хяналтын нэг чухал хэрэгсэл болдог.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг тогтоосноор ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаанд давж заалдах гомдол гаргах эрхээр хангагдах нөхцөл бүрддэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор байхаар хуульчилснаар авч үзнэ.

Хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Э-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнчлэн түүний торгох ялын хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэх юм.

Иймд прокурор С.Цэрэндоржийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/358 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхээр тогтоосугай. …” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН