| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0044/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/43 |
| Огноо | 2024-01-02 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/43
2024 01 02 2024/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч С.Энхням, шүүгдэгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 03253 2163 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, хувиараа махны үйлдвэрүүдэд мал нядалгааны ажил хийдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн *** тоотод оршин суух, урьд:
- Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 35 тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан,
*** /РД: /;
Холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Б.*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.***.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, “Болор таац” нэртэй караокены гадна Ц.***тэй маргалдаж, Ц.***ийн жолоодож явсан 95-26 УНИ улсын дугаартай автомашин руу чулуу шидэж автомашины салхины шилийг хагалж, хохирогч Ц.***д 720.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Ц.***ын мэдүүлэг /хх10-11, 13/, иргэний нэхэмжлэгч Б.***ын мэдүүлэг /хх17-18/, гэрч Ц.***ийн мэдүүлэг /хх21-22/, гэрч О.***н мэдүүлэг /хх 25-26/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13166 дугаартай дүгнэлт /хх32-33/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 773 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх40/ шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.***гийн хохирогч Ц.***ын автомашины арын шил рүү чулуу шидэж хагалсан үйлдлийн улмаас уг автомашин дотор сууж байсан Б.***ын эрүүл мэндэд тархи доргилт, зүүн чихний дэлбэнд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, баруун тавхай, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирчээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр нь тухайн үйлдлийн улмаас үүсэх хор уршгийг мэдсээр байж эсхүл тухайн хор уршигт заавал хүргэсэн санаатай үйлдэл байхыг шаардана. Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.*** нь Ц.***тэй маргалдах явцдаа эд хөрөнгө гэмтээх зорилгоор автомашин руу чулуу авч шидсэн, хүн гэмтээх зорилго байгаагүй үндэслэлээр хүний эрүүл мэндэд болгоомжгүй хохирол учруулсан гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.
Иймд прокуророос Б.***д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ Б.***ын биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдаагүй гэж үзэж, харин бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
3. Шүүгдэгч Б.***гийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
4. Шүүгдэгч Б.*** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
5. Шүүгдэгч нь хохирогч Ц.***д 943.500 төгрөгийн хохирлыг төлж /хх90-91/, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргажээ./хх93/,
Мөн иргэний нэхэмжлэгч Б.***ын эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээ үйлчилгээ авсан 215.000 төгрөгийг мөн төлж /хх92/, Б.***аас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан /хх94/, байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
6. Улсын яллагчаас шүүгдэгч Б.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ялыг санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.
7. Шүүгдэгч Б.*** нь хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
9. Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
10. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***г 900 нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР