| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0041/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/51 |
| Огноо | 2024-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/51
2024 01 03 2024/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Б.Ундрах, шүүгдэгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 03218 2161 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, дүү, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 21/94 дүгээр тогтоолоор дуусгавар болсон,
*** /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*** нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамба 6 дугаар гудамжинд найз Б.***г өөрийнх нь хүүхдийг архичны хүүхэд гэж хэллээ гэж уурлан үснээс нь зургаалж, машинаасаа чирч буулгах үедээ биед нь “зүүн шуу, бугуй, сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1430 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.***.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.*** нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамба 6 дугаар гудамжинд найз Б.***г өөрийнх нь хүүхдийг архичны хүүхэд гэж хэллээ гэж уурлан үснээс нь зургаалж, машинаасаа чирч буулгах үедээ биед нь “зүүн шуу, бугуй, сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.***гийн “...2023 оны 10 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчим найз ***тай 2.5 литрийн пиво нэгийг аваад хувааж уусан. Тэгээд ууж дуусаад дахиж 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво хоёрыг аваад ***ын гэрийн гадаа очоод хувааж ууж дуусаад цаг харсан чинь өглөө 07 цаг болчихсон байсан. Тэгсэн манай найз би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учир хажуу талын айлынхаа залууг гуйгаад машин бариулахаар болоод...*** гэртээ ороод бага хүү болох Одыг аваад гарч ирээд машинд суусан ба бид хэд гэрээс дээш шороон замаар өгсөөд суваргын хажууд очоод зогссон. Тэгээд би Одыг өхөөрдөөд хоёр архичинтай сууж байна гэж хэлсэн чинь *** чи миний хүүхдийг архичны хүүхэд гэж хэллээ гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан болсон. Тэгээд *** машин дотор хоёр гараараа миний үснээс зулгаагаад байсан ба машинаас татаж буулгах үед би зүүн гарын ядам, долоовор, дунд хуруугаар газар тулахдаа эвгүй болгочихсон. Тэгээд миний зүүн гарын гурван хуруу хөхөрч хавдахаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. ..үс халзарч унасан байсан...Тухайн өдөр *** миний машинд 20.000 төгрөгөөр А92 бензин, 17.000 төгрөгөөр тос масло, 35.000 төгрөгөөр хурууны чиг болон сойлт авч өгсөн...бусдаар 150.000 төгрөгийг надаа үрж барагдуулсан зүйл байгүй. Би гомдолтой байна. Учир нь Б.***ас ажилгүй байх үеийн нөхөн олговор гаргуулж авмаар байна. Би хувиараа гоо сайхны үйлчилгээг гэрээр нь болон албан байгууллага дээр очиж үзүүлдэг байсан ба тухайн үед нэг сарын 1.500.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийн орлогыг дансаар болон бэлэн мөнгөөр олдог байсан ба зүүн гарын долоовор, дунд, ядам хуруугаа гэмтээснээс хойш одоог хүртэл буюу нэг сар гаруй хугацаанд ажлаа хийж чадаагүй. Иймд миний биед гэмтэл учруулсан Б.***ас ажилгүй байх үеийн цалин хөлсийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх22-24/,
Гэрч О.***ы “...тухайн тээврийн хэрэгсэл дотор Б.*** эгч жолоочийн эсрэг талын урд сандал дээр харин Б.*** эгч...өөрийн бага хүүхэд болох Одыг аваад машины хойно суусан. Тэгээд бид хэд хамбын овооны хажууд очоод зогссон. Тэгээд удаагүй байж байтал Б.*** эгч Одыг харж байгаад энэ хүүхэд хоёр архичинтай хамт сууж байна гэж хэлсэн чинь Б.*** эгч уурлаад чи миний хүүхдийг архичны хүүхэд гэж хэллээ гээд хэрүүл маргаан болж байгаад Б.*** эгч хоёр гараараа Б.*** эгчийг үсдэж аваад машинаас чирч буулгасан чинь Б.*** “ёо ёо, миний гар эвгүй болчихлоо” гээд уйлаад байсан. Тэгээд Б.*** эгч цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 32-33/,
Шүүгдэгч Б.***ын яллагдагчаар мэдүүлсэн “...Тэгээд хоёр хоногийн дараа буюу 10 дугаар сарын 11-ний өдөр *** надад миний зүүн гарын дунд болон долоовор хуруу хугарчихсан байна мөн гэмтлийн эмч намайг хурууны чиг авч зүү гэж хэлсэн гэхээр нь би уучлалт гуйгаад ломбард орж өөрийн гар утсаа ломбардад тавьж ***д 150.000 төгрөгийг машины бензин болон тос масло, мөн хурууны чиг эм тариа гэх мэт зүйлсэд үрж дуусгасан. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх49-51/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн 13045 дугаар дүгнэлт зэргээр тус тус нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13045 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.***гийн биед зүүн шуу, бугуй, сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс зүүн шуу, бугуй, сарвууны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэжээ. /хх9-10/,
Мөн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан шинжээч Ч.Эрдэмболор мэдүүлэхдээ: “...үзүүлэгчийн шуу болоод сарвуу нь хавдсан байсан ба ГССҮТөвийн рентген зураг, дүрс оношилгоог шинжээчид уншуулахад ясанд гэмтэлгүй гэсэн учраас зөөлөн эдийн няцралаар дүгнэлтийг гаргасан. Зөөлөн эдийн няцрал, цус хуралтын үед гэмтэл учирсан даруйд хавдаж болно. Ясны хугарал үүсээгүй байсан ч хавдаж болно. Зөөлөн эдийн няцрал, үеийн холбоос ясны гэмтлийн үед чиг зүүж болдог” гэжээ. /хх82-83/,
4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг цохиж, чирч унагаасан үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.
7. Хохирогч нь “тухайн үед нэг сарын 1.500.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийн орлогыг дансаар болон бэлэн мөнгөөр олдог байсан ба зүүн гарын долоовор, дунд, ядам хуруугаа гэмтээснээс хойш одоог хүртэл буюу нэг сар гаруй хугацаанд ажлаа хийж чадаагүй. Иймд миний биед гэмтэл учруулсан Б.***ас ажилгүй байх үеийн цалин хөлсийг нэхэмжилнэ” гэжээ.
Хохирогч нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй, дан ганц дансны хуулгаар орлогыг тодорхойлох боломжгүй, хувиараа үйл ажиллагаа явуулдаг нотолсон татвар төлдөг зэрэг баримт авагдаагүй тул хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 341 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан бол шүүгдэгч нь хариуцлагатай холбоотой санал хэлээгүй болно.
9. Шүүгдэгч Б.*** нь урьд санаатай гэмт хэрэг үйлдэж байсан тул анх удаагаа гэм хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй тул шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан ба шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
11. Шүүгдэгч Б.*** нь хөдөлмөр эрхэлдэггүй тул торгох ял биелүүлэх боломжгүй гэж үзсэн. Улмаар түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***ыг 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн буруутай этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР