| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2024/0037/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/52 |
| Огноо | 2024-01-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Сувданчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/52
2024 01 03 2024/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Ж.Сувданчимэг,
шүүгдэгч С.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Сувданчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.***эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 1918 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Шуув моутайн” ХХК-д гэрээт жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** тоотод сршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*** /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч С.*** нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 15 дугаар гудамжинд Ц.***тай муудалцаж, түүний зүүн хөл рүү өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1425 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч С.***.
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.
2. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлт, мэтгэлцээнийг дүгнээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авав.
Хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүгнэхэд: Шүүгдэгч С.*** нь согтуурсан үедээ 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 15 дугаар гудамжинд Ц.***тай муудалцаж, түүний зүүн хөл рүү өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ц.***ын “...2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр... Болдоогийн гэрт буюу Чингэлтэй дүүрэгт.. гэрт нь очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд тухайн өдрийн 21 цагийн үед Болдоогийн гэрээс ***, мөн дахиад *** гэдэг жолооч, Биндэръяа бид нар наашаа гэр рүүгээ дөхөж ирээд бид нар Мөнхбатын гэрт буюу манай гэрт ойролцоо байдаг Мөнхбатын гэрт ороод бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд намайг зоддог *** бид хоёр Мөнхбатын гэрээс гараад би харих гээд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 15 дугаар гудамжинд ***тэй хамт явж байгаад *** бид хоёр хоорондоо маргалдсан. Яг юунаас болж ***тэй маргалдсан талаар санахгүй байна. Тэгсэн чинь *** миний зүүн хөл рүү өшиглөсөн /хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй/. Тэгээд би газар унасан. Тэгээд *** яваад өгсөн. Тэр үед миний зүүн хөл гэмтсэн. Миний биед учирсан гэмтлийг *** миний зүүн хөл рүү хөлөөрөө өшиглөж учруулсан... Би ***ийг цохиж зодоогүй... *** бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй 10 хоног орчим Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлсэн. Өөр эмнэлгийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Надад сэтгэл санааны хохирол учраагүй, би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй... Эмчилгээ хийлгэсэн хохирлоо барагдуулж авмаар байна. Би эмчилгээ хийлгэсэн баримтуудаа гаргаж өгсөн, өөр баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 7, 64/,
- гэрч С.***ийн “...2023 оны 10 дугаар сарын 08-ны орой 23:00 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал манай нөхөр болох *** над руу залгаад би хүнд зодуулчихлаа, 10 дугаар хорооны 15 дугаар гудамжны орчим байна гэх зүйл ярихаар нь хүү болох Ганболдын хамтаар яваад очтол манай нөхөр босож чадахгүй хэвтэж байсан... Манай нөхөр надад хэлэхдээ хамт ажилладаг хүндээ зодуулсан талаар хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 13/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13082 дугаар дүгнэлтэд “...Ц.***ын биед зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэжээ. /хх17-18/
4. Хохирогчийн биед учирсан дээрх хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн хөл рүү өшиглөснөөс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
5. Иймд шүүгдэгч С.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.
7. Хохирогч Ц.*** нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 530.032 төгрөгийг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч нь төлсөн талаарх баримтыг гаргаж өгчээ. Мөн шүүгдэгчээс хохирогч Ц.***ын эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 123.000 төгрөгийг төлсөн нь баримтаар тогтоогдож байна.
8. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэн, харин хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
9. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж байна гэсэн.
10. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьдаас төлөвлөөгүй тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хүний эрүүл мэндэд халдсан, хохирогчид хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
12. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээсэн, хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч С.***эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.***ийг 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР