Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 184/2018/04137/И |
Дугаар | 001/ХТ2022/00990 |
Огноо | 2022-10-25 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2022/00990
“ ****- ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02319 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1960 дугаар магадлалтай,
“ ****- ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“ ****- ****” ХХК-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон алданги нийт 152.817 ам.доллар буюу 426.587.127,33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогнэмэхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ганхуяг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ ****- ****” ХХК нь хариуцагч “ ****- ****” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 113,175 ам.доллар, алданги 56,587.50 ам.доллар, нийт 169,762.50 ам.доллар буюу 442,373,913 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 152,817 ам.доллар буюу 426,587,127.33 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч нь ...147,844,900 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.
2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02319 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг баримтлан хариуцагч “ ****- ****” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 101.878 ам.доллар буюу 284,391,418.22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ ****- ****” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 50.939 ам.доллар буюу 142,195,709.11 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ ****- ****” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,743,851.96 төгрөгөөс 2,527,401.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 216,450.35 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч “ ****- ****” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,579,907.09 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1960 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02319 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 840,683төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогнэмэх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ****- ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ ****- ****” ХХК-д холбогдох иргэний хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 2020.07.22-ны өдрийн 184/ШШ2020/02319 дугаартай шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн 1 дэх хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ ****- ****” ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 101,878 ам.доллар буюу 284,391,418 төгрөгийг “ ****- ****” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс 136,546,438.22 төгрөгийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хэлэлцээд 2020.09.16-ны өдрийн 1960 дугаартай магадлалаар ...шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2020/02319 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1960 дугаар магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж, 136,546,438.22 төгрөгийг чөлөөлүүлэх хүсэлтэй байна. “ ****- ****” ХХК, “ ****- ****” ХХК-ийн хооронд хийсэн гэрээ хэлцэл байхгүй, Компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэлд орлого зарлагын баримт төгрөгөөр бүртгэгдсэн, 2014 оноос хойш өглөгийн тайланд 147,844,900 төгрөгийн өр тусгагдсан байдаг. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэхдээ “ ****- ****” ХХК-ийн захирал Баяраагийн хүсэлтээр гаргаж өгсөн албан бичгийг үндэс болгож төлбөрийг доллароор тооцсон, мөн долларын ханшийг 2020.05.11-ний өдрийн ханшаар тооцон 284,391,418.22 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв уг албан бичгийн дагуу доллароор тооцох ёстой гэж үзвэл 2013 оны долларын ханшаар тооцох шаардлагатай болно. Иймд уг хэргийн шийдвэрүүдийг хянан үзэж, хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч “ ****- ****” ХХК нь хариуцагч “ ****- ****” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 113,175 ам.доллар, алданги 56,587.50 ам.доллар, нийт 169,762.50 ам.доллар буюу 442,373,913 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 152,817 ам.доллар буюу 426,587,127.33 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч нь ...147,844,900 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг баримтлан хариуцагч “ ****- ****” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 101,878 ам.доллар буюу 284,391,418.22 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ ****- ****” ХХК-д олгон, үлдэх 50,939 ам.доллар буюу 142,195,709.11 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
8. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхүүд маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...“ ****- ****” ХХК, “ ****- ****” ХХК-ийн хооронд хийсэн гэрээ хэлцэл байхгүй, Компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэлд орлого зарлагын баримт төгрөгөөр бүртгэгдсэн, 2014 оноос хойш өглөгийн тайланд 147,844,900 төгрөгийн өр тусгагдсан байдаг. ...анхан шатны шүүх “ ****- ****” ХХК-ийн захирал Б.Баяраагийн хүсэлтээр гаргаж өгсөн албан бичгийг үндэс болгож төлбөрийг ам.доллароор тооцсон, мөн ам.долларын ханшийг 2020.05.11-ний өдрийн ханшаар тооцон 284,391,418.22 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хэрэв ...ам.доллароор тооцох ёстой гэж үзвэл 2013 оны ханшаар тооцох шаардлагатай болно... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
10. Хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцжээ.
11. Хэргийн баримтаас үзэхэд 2011-2014 онуудад зохигчийн хооронд уул уурхайн өрмийн машины сэлбэг, хэрэгсэл худалдах, худалдан авах хэлцэл амаар хийгдэж байсан бөгөөд хариуцагч “ ****- ****” ХХК-ийн нэхэмжлэгчид хүргүүлсэн 2014.06.09-ний өдрийн Өр барагдуулах тухай 07/248 тоот албан бичиг, төлбөрийн орлогын ордер болон бусад баримтаар хариуцагч нь худалдан авсан сэлбэг, хэрэгслийн үнэд 105,878 ам.доллар төлөх өр төлбөртэй байснаас 2016.12.13-ны өдөр 4,000 ам.доллар буюу 9,928,000 төгрөгийг төлж, үлдэх 101,878 ам.долларыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 9, 27/
12. Түүнчлэн, нэхэмжлэгч нь ...2016.09.15-ны өдөр байгуулсан Өр авлага барагдуулах гэрээний 3.2-т талууд алданги төлөхөөр тохиролцсон, хариуцагч гэрээний үүргийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн тул төлбөл зохих 101,878 ам.долларын 50 хувиар алданги тооцож, 50,939 ам.доллар нэхэмжилнэ гэжээ.
13. Талуудын хооронд 2016.09.15-ны өдөр Өр авлага барагдуулах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээнд “ ****- ****” ХХК-ийг төлөөлж, захирал Ц.Чинбат гарын үсэг зураагүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан болох нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна. Хоёр шатны шүүх уг өр авлага барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, зохигчийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийж, алданги тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар анз шаардах эрхгүй талаар зөв дүгнэсэн байна.
14. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч “ ****- ****” ХХК-ийн 2014.06.09-ний өдрийн Өр барагдуулах тухай 07/248 тоот албан бичиг болон бусад нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчаас худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнэд 101,878 ам.доллар буюу 284,391,418 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн ам.долларын ханшийг 2,791.49 төгрөг /2020.05.11-ний өдрийн ханш/-өөр тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 218 дугаар зүйлийн 218.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай тус тус нийцсэн гэж үзлээ.
15. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/02319 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1960 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.16-ны өдөр төлсөн 841,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Н.БАЯРМАА
Б.МӨНХТУЯА