Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 33

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд,

Улсын яллагч Ч.Мөнхзул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* холбогдох эрүүгийн 201711000013 дугаартай хэргийг 2017 оны 03 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1995 оны 07 сарын 30-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Чонын худаг” гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ******* регистрийн дугаартай, Бодонгууд овогт *******.

Шүүгдэгч ******* нь  2016 оны 12 сарын 24-ний орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт байрлах “Дашжавхлангийн” баарны гадна хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар цээжин тус газар нь өшиглөж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би болсон хэргийн талаар мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн учраас дахин нэмж хэлэх зүйл байхгүй байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “… Би зогсож байтал Цэрэнчулуун ах нэлээн согтуу бараг тасралтын байдалтай над руу ирээд тамхи байвал тамхилаач гэж хэлсэн. Тэгэхээр нь надад тамхи байхгүй байна гэхэд Цэрэнчулуун ах уурлаад намайг шууд заамдаад авсан. Энэ үед ******* ирээд Цэрэнчулуун ахыг тавиулсан чинь Цэрэнчулуун дахин зуурч аваад миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Цэрэнчулуун ахыг нэг удаа цохиод би халтирч газарт унасан чинь хаанаас ч юм мэдэхгүй… Лхагвадаш ах ирээд Цэрэнчулуун ахыг өмөөрөөд та нар боль гээд *******ыг араас нь татаад газарт унагаачихсан. Тэгээд намайг нэг удаа өшиглөөд авсан…   Лхагвадаш ахыг барьж аваад та өмнө нь бильярдад намайг загнаж томроод байсан. Сая намайг яагаад цохиж байгаа юм бэ гээд зууралдаад байж байтал Лхагвадаш ах халтираад унасан тэгэхээр нь би цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн…” гэжээ. /хх-ийн 79-80/

Хохирогч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:  “…Би баарнаас гараад 00-д тамхи татаад сууж байтал ******* Цэрэнчулуунтай маргалдаад удалгүй зууралдаад ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би ******* руу очоод яасан их хүн зоддог пизда нар вэ, та нар хүн зодож чаддаг юм уу гээд *******ыг түлхсэн чинь ******* газарт унасан. Тэгээд би Болдбаатартай заамдалцаад түр хугацаанд маргалдсан. Ингээд тэр хоёр цааш гүйгээд баар руу ороод удалгүй баарнаас 4-5 залуучууд гарч ирээд Болдбаатар та яагаад найзыг маань дээрэлхээд байгаа юм бэ та урьд нь ч гэсэн бильярд дээр над руу уурлаж маргаад байсан биз дээ гээд намайг зуураад авсан. Тэгээд бид хоёр барьцалдаж ноцолдож байтал би хөл муутай болохоороо газарт унасан. Гэтэл Болдбаатар миний цээж хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед Болдбаатартай хамт бааранд сууж байсан Даваа-Очир гэх барилддаг залуу гүйж ирээд чи боль гээд Болдбаатарыг надаас салгаад аваад явсан. Ингээд би шууд урагшаа гүйгээд явсан. Тэр орой миний цээж эвгүй болоод өвдөөд байхаар нь шууд аймаг руу машин хөлслөөд очиж эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн…” гэжээ. /хх-ийн 29-31/

Гэрч ******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…22 цаг өнгөрч байхад *******, Болдбаатар нар бие засна гээд гарч яваад буцаж орж ирэхдээ гадаа Лхагвадаш ах, Азбат ах нартай маргалдаад зодуулчихлаа гэхээр нь бид нар баарнаас гарсан чинь Лхагвадаш ах Нямдаваа ахын машины хажууд зогсож байсан. Ингээд Болдбаатар Лхагвадаш ах руу гүйж очоод та яагаад манай найзуудыг дээрэлхээд байгаа юм бэ та урьд нь ч гэсэн зүгээр байлгахгүй томроод байдаг байсан биз дээ гээд тэр хоёр маргалдаж хэрэлдэж байгаад удалгүй Болдбаатар Лхагвадаш ах нар зууралдаад ноцолдож эхэлсэн. Хэсэг хугацааны дараа Лхагвадаш ах халтираад газар унахаар нь Болдбаатар Лхагвадаш ахыг хэд хэдэн удаа өшиглөөд авсан…” гэжээ. /хх-ийн 32-34/ 

Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “… *******, Болдбаатар нар бие засахаар гарч яваад хэсэг хугацааны дараа буцаж орж ирэхдээ гадаа Лхагвадаш ах, Азбат ах нартай маргалдаад зодуулчихлаа гэхээр нь бид нар баарнаас гарахад Лхагвадаш ах Нямдаваа ахын портер машины хажууд зогсож байсан. Тэгээд Болдбаатар Лхагвадаш ах руу гүйж очоод та яагаад манай найзуудыг зодоод байгаа юм бэ та болилдоо гэхэд Лхагвадаш ах яадаг юм бэ гээд Болдбаатартай хэрэлдээд зууралдсан. Тэгэхээр нь болиулах гээд тэр хоёрын голоор орж салгах гэтэл Лхагвадаш ах хөл алдаад газар унахад нь Болдбаатар Лхагвадаш ахыг 2-3 удаа өшиглөсөн. Ингээд Даваа-Очир бид хоёр Болдбаатарыг татаж чангаагаад авч явсан…” гэжээ. /хх-ийн 35-36/        

  Гэрч Б.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…Болдбаатар бид хоёр бие засах гээд баарнаас гарсан юм. Тэгээд Цэрэнчулуун ах нэлээн согтуу ирээд Болдбаатараас тамхи нэхсэн тэгэхээр нь Болдбаатар надад тамхи байхгүй гэсэн чинь Цэрэнчулуун ах Болдбаатарыг заамдаад нэг удаа толгой хэсэг рүү нь цохисон тэгээд тэр хоёр зууралдаад байж байхад Лхагвадаш ах урдаас ирээд Цэрэнчулуун ахыг өмөөрөөд намайг цохиод Болдбаатартай маргалдаад зууралдсан. Түүнээс болж маргаан эхэлсэн…” гэжээ. /хх-ийн 37-38/

  Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…миний санаж байгаагаар 2016 оны 12 сарын сүүлээр гэж бодож байна. Орой 22 цаг өнгөрөөгөөд 23 цагийн орчим Батсүх ах бид хоёр тамхи авахаар гэрээс гараад Дашжавхлан ахын баарны гадаа очтол Цэрэнчулуун ах  нэлээн согтуу нэг залуутай маргаад байх шиг байсан. Тэгээд Батсүх ах Цэрэнчулууныг авч ирээд машинд суулгасан. Удалгүй Лхагвадаштай нэг залуу маргаад байсан. Нөгөө талд нь Азбаттай нэг залуу маргаж байгаад салцгаасан. Ингээд Батсүх ах бид хоёр баруун тийш яваад буцаж баарны урд талаар явж байхад Лхагвадаш урдаас гарч ирээд цээж эвгүй байна гэхээр нь эмнэлэг хүргэж өгсөн. Баарнаас 5-6 залуу гарч ирээд нэг залуу нь Лхагвадаштай маргаад бусад нь хараад зарим нь салгаж байсан…” гэжээ. /хх-ийн 56-57/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 942 тоот актын дүгнэлтэд: 1. *******ийн биед баруун 5, 6-р хавирганы ташуу хугарал, баруун бугалга шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун 5, 6-р хавирганы ташуу хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн явцаас хамаарна гэжээ. /хх-ийн 63/

- Хохирогч *******ийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 28-31/,

- Гэрч *******ын  мэдүүлэг /хх-ийн 32-34/

- Гэрч М.Баттулгын  мэдүүлэг /хх-ийн 35-36/

- Гэрч Б.*******ын  мэдүүлэг /хх-ийн 37-38/

- Гэрч Г.Очирдарийн  мэдүүлэг /хх-ийн 39-41/

- Гэрч Б.Баттөрийн  мэдүүлэг /хх-ийн 42-43/

- Гэрч А.Азбатын мэдүүлэг /хх-ийн 46-47

- Гэрч Ч.Цэрэнчулууны мэдүүлэг /хх-ийн 48-49/

- Гэрч ын  мэдүүлэг /хх-ийн 56-57/

- Гэрч А.Должинсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 60-61/

- Хохирогч *******ийн өвчний түүх /хх-ийн 82-86/

- Шүүгдэгч *******аас асууж авсан тэмдэглэл /хх-ийн17-18/

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 23/

- Гэрч Б.Борхүүгийн мэдүүлэг /хх-ийн 50-51/

- Гэрч Б.Ундармаагийн мэдүүлэг /хх-ийн 52-53/

- *******ын сэжигтэн, яллагдагчаар  өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-81/

- Баян-Уул сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87/

- Анги удирдсан  багш Г.Сэмжидмаагийн  тодорхойлолт /хх-ийн 88/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах  хуудас /хх-ийн 96/ 

- Хохирол төлсөн  тухай /задгай/ баримт болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь  2016 оны 12 сарын 24-ний орой 22 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт байрлах иргэн “Дашжавхлан”-гийн баарны гадна хохирогч ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжин тус газарт нь өшиглөж баруун 5, 6-р хавирганы ташуу хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч *******, , Б.*******, , А.Азбат, Ч.Цэрэнчулуун нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 942 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал үгүй болно.

Шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлаас гадна хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар тогтов.

Хохирогч  ******* нь шүүхэд хандаж “*******аас 2 сая төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийн эзэмшлээс зээрд зүсмийн шүдлэн адуу битүүмжилсэн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг шийтгэх тогтоолд тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн түүний ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, мөн зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Ялтан ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид 2000000 /хоёр сая/ төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн түүний ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан *******ын эзэмшлээс зээрд зүсмийн шүдлэн адуу битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 сарын 09-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзах хугацааг 2017 оны 03 сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ж.ДОЛГОРМАА