Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 710

 

188/2019/0885/Э

 

 

 

  2020         06            02                                             2020/ДШМ/710    

 

Л.Ц-, Л.Э- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Ганзориг,

шүүгдэгч /хохирогч/ Л.Ц-, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ц-гийн өмгөөлөгч Г.Энхболдын гаргасан давж заалдах гомдлоор Л.Ц-, Л.Э- нарт холбогдох эрүүгийн 1908007150188 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Ц-, 1958 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 62 настай, эмэгтэй, дээд боловсролтой, кино монтажчин мэргэжилтэй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

2. Э-, 1959 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, ам бүл 1, Налайх дүүргийн оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Л.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 13 дугаар гудамжны 28 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр болох С.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зүүн чихний омогны дээд хэсэгт хутгалж санаатай алсан,

Мөн өдөр дээрх газар, цаг хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн дүү Л.Э-тэй “намайг цохилоо” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруу болон хөлөн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Л.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 13 дугаар гудамжны 28 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эгч Л.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хөл, толгой, нуруу, нүүрэн тус газруудад нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Ц-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааснаар, Л.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Лхаажавын Ц-г хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, 

шүүгдэгч Боржигон овогт Лхаажавын Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Л.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 /зургаа/ жилийн хорих ял, Л.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Л.Ц-д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 18 /арван найм/ жилээр тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Л.Э-ийн цагдан хоригдсон 98 /ерэн найм/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцож, түүнийг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Л.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч Л.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Л.Ц-гийн өмгөөлөгч Г.Энхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Л.Ц- нь нөхөр С.Г-ийг алсан гэх хэргийн талаар:

Л.Ц-гийн сэжигтнээр мэдүүлсэн: “...Г- “чи муу дүү нартаа намайг хөл хугалсан, дарамталсан гэж хэлээд байхдаа яадаг юм бэ” гэж хэлээд уурлаад шууд над руу чиглээд хурдан хурдан алхаад намайг боох гэж байгаа бололтой ирсэн ба тухайн үед би орны урд тэргэнцэр дээрээ сууж байсан чинь хоёр гараараа миний хоолойн дээр дараад төвөнхийг цааш нь түлхээд боосон. Яг тэр үед миний баруун гарт хар иштэй хутга байсан ба би Г-ийг айлгах санаатай хутгатай гараараа өөдөөс нь далайгаад баруун дээрээс зүүн доошоо чиглэлтэй савсан. Тэгэхэд би хутгалчихлаа гэж мэдээгүй. Уг нь айлгах санаатай л өөрийгөө хамгаалаад л хутгатай гараараа савсан чинь ийм зүйл болчихсон байна. ...” /хх 142-143/

гэрч Л.Гантулгын “...Ц- эгч уйлаад “би та нарт үнэнээ хэлье, миний шүдийг Г- цохиж унагаасан, би одоо хиймэл шүд зүүдэг” гэж хэлээд хиймэл шүднүүдээ гаргаж ирээд харуулсан. Бас “миний хөлийг таг хийтэл хугалж байсан” гэж хэлж байсан. ...Г- ах Ц-г их зоддог байсан. ...” /хх 151-152/,

гэрч Л.Цогзолмаагийн “...нөхөр болох Г- нь манай дүү Л.Ц-г их дарамталдаг байсан. Би энэ талаар бол мэдэж байна. ...” /1хх 154-155/,

гэрч Г.Бат-Эрдэнийн “...намайг жаахан байхаас талийгаач аав Г- ээжийг зодож, агсам тавьдаг байсан. Биеийг нь хөхөртөл зодож, хоолойг нь гараараа боодог байсан. ...” /хх 158-159/,

гэрч Л.Тунгалагийн ...ээжийг маань амьд байхад Ц- эгч гэрээсээ хөөгдөөд хөл нүцгэн ирж байсан. ...” /хх 163-164/,

гэрч Л.Энхбаярын “...Ц- эгч 2018 оны 11 дүгээр сард над руу залгаад талийгаач согтуу ирээд миний хөлийг хугалчихлаа гэж ярьж байсан.” /1хх 165-166/ гэх мэдүүлгүүдээс амь хохирогч нь шүүгдэгч Л.Ц-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь тогтоогддог. Тухайн өдөр амь хохирогч Г- шүүгдэгч Л.Ц-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь тодорхой болсон тул шүүгдэгч өөрийн амь нас, эрүүл мэндээ хамгаалахын тулд үйлдэл хийж байгаа нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалтын шинжийг агуулсан байна. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ц-гийн сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоосон хэдий ч Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар зүйлчилсэн нь хууль хэрэглээний хувьд хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Шүүгдэгч Л.Ц- Л.Э-ийн биед хүнд гэмтэл учруулсан хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ц- нь хохирогч Л.Э-ийг хутгалж биед хүнд гэмтэл учруулсан гэж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрч байна. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилснийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Л.Ц- “тус шүүх хуралдаанд хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Л.Ц- нь мөрдөн байцаалтын шатанд цагдаа нарыг, прокурорын шатанд намайг удаа дараа гүтгэж байсан. Харин шийтгэх тогтоол гарсны дараа “би хүн алсан, аргагүй хамгаалалт байсан” гэж үнэнээ хэлж эхэлсэн. Хэрэв боолт орсон бол ул мөр үлдэх байсан талаар шинжээч эмч мэдүүлэг өгсөн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Прокуророос Л.Ц-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 13 дугаар гудамжны 28 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нөхөр болох С.Г-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зүүн чихний омогны дээд хэсэгт хутгалж алсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Ц-г хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл тогтоогдсон болно.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Л.Э- /1хх 121-125, 130-131/, гэрч Г.Бат-Эрдэнэ /1хх 158-159/, гэрч Л.Энхбаяр /3хх 221-222/, гэрч Н.Барбаатар /1хх 171-173/, гэрч С.Болдбаярын /3хх 181-182/, гэрч Н.Равжир /3хх 183-184/, шинжээч С.Одончимэг /1хх 200-201, 202/, шүүгдэгч Л.Ц-гийн сэжигтнээр өгсөн /2хх 142-143/ мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 475 дугаартай дүгнэлт /1хх 191-195/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 355 дугаартай дүгнэлт /1хх 197-198/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 1126 дугаартай дүгнэлт /2хх 14/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 17-33, 175-176/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 88-91/, асап сангийн лавлагаа /3хх 79/, аюулын зэргийн үнэлгээ /3хх 105-106/ болон бусад бичгийн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад:

 

Амь хохирогч С.Г-, шүүгдэгч Л.Ц- нар нь 1979 он гэр бүл болж, 41 жилийн хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд сүүлийн жилүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хоорондоо таарамжгүй харилцаатай байсан талаар гэрч Л.Гантулгын “...Ц- эгч уйлаад “би та нарт үнэнээ хэлье, миний шүдийг Г- цохиж унагаасан, би одоо хиймэл шүд зүүдэг” гэж хэлээд хиймэл шүднүүдээ гаргаж ирээд харуулсан. Бас “миний хөлийг таг хийтэл хугалж байсан” гэж хэлж байсан. ...Г- ах Ц-г их зоддог байсан. ...”, гэрч Л.Цогзолмаагийн “...нөхөр болох Г- нь манай дүү Л.Ц-г их дарамталдаг байсан. Би энэ талаар бол мэдэж байна. ...”, гэрч Г.Бат-Эрдэнийн “...намайг жаахан байхаас талийгаач аав Г- ээжийг зодож агсам тавьдаг байсан. Биеийг нь хөхөртөл зодож нүдэж хоолойг нь гараараа боодог байсан. ...”, гэрч Л.Энхбаярын “...Ц- эгч 2018 оны 11 дүгээр сард над руу залгаад талийгаач согтуу ирээд миний хөлийг хугалчихлаа гэж ярьж байсан. ...”, Л.Ц-гийн сэжигтнээр өгсөн “...Г- “чи муу дүү нартаа намайг хөл хугалсан, дарамталсан гэж хэлээд байхдаа яадаг юм бэ” гээд уурлаад босоод ирсэн. Шууд над руу чиглээд хурдан хурдан алхаад намайг боох гэж байгаа бололтой ирсэн. Би орны урд тэргэнцэр дээрээ сууж байхад Г- ирээд хоёр гараараа миний хоолой дээр дараад, төвөнхийг түлхээд боосон. Яг тэр үед миний баруун гарт хар иштэй хутга байсан. Би Г-ийг айлгах санаатай хутгатай гараараа өөдөөс нь далайгаад баруун дээрээс зүүн доошоо чиглэлтэй савсан. ...” /2хх 142-143/ гэх мэдүүлгүүд, мөн хүчирхийллийн хохирогч Л.Ц-гийн аюулын зэргийн үнэлгээ “Өндөр” гэх маягт /3хх 106/,  2013 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд Л.Ц- нь “нөхөр агсам тавиад байна” гэх 21 удаагийн дуудлага өгч байсан талаарх Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн албан бичиг /3хх 86-88/ хэрэгт авагджээ.

 

Дээрх нотлох баримтууд болон амь хохирогч, шүүгдэгч нарын харилцааны түүхээс үзэхэд Л.Ц- нь урьд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан, тухайн үйл явдал болсон өдөр ч амь хохирогчийн “дүү нартаа намайг хөл хугалсан, дарамталсан гэж хэллээ” гэх шалтгаанаар уурлан, Л.Ц-гийн эрх чөлөөнд нь халдан довтлох үед түүний хууль бус халдлагыг зогсоох үүднээс эсэргүүцэл үзүүлж амь хохирогчийн зүүн чихний омогны дээд хэсэгт хутгалжээ.

 

Тодруулбал, амь хохирогч С.Г-ийн “дүү нартаа намайг хөл хугалсан, дарамталсан гэж хэллээ” гэх шалтгаанаар уурлан, эрх чөлөөнд нь халдаж эхэлсэн цаг мөчөөс эрүүл мэндийн хувьд хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд байсан Л.Ц-гийн амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл байдал бий болсон бөгөөд тэрээр довтолгооныг зогсоох үүднээс эсэргүүцэл үзүүлэх явцдаа гартаа барьж байсан хутгаар зүүн чихний омогны дээд хэсэгт нь хутгалж алжээ.

 

Хэдийгээр улсын яллагч энэ нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа боловч хэрэг маргаан үүссэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтын талаарх бусад нотлох баримтууд зэргээр Л.Ц-гийн үйлдлийг хуулиар зөвшөөрөгдсөн буюу тулгарсан довтолгооны эсрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын хэмжээнд хийгдсэн үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх.. болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой” бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.

 

Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийг хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар  илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг.

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд бүдүүлгээр халдаж, өөрийг нь зодох, хүч хэрэглэх зорилгоо тодорхой илэрхийлж, хоолойг нь боох үйлдэл хийж байгаа амь хохирогч С.Г-ийн үйлдэл нь эрүүл мэндийн хувьд хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд байдаг Л.Ц-гийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо юм.

 

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн амь насанд хохирол учруулсан Л.Ц-гийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн гэж үзнэ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан үндэслэлээр Л.Ц-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Мөн прокуророос Л.Ц-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн төрсөн дүү Л.Э-тэй “намайг цохилоо” гэх шалтгааны улмаас маргалдан, түүний нуруу болон хөлөн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

Л.Э-ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эгч Л.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хөл, толгой, нуруу, нүүрэн тус газруудад нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан тогтоож, шүүгдэгч Л.Ц-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэсэн, шүүгдэгч Л.Э-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэсэн гэмт үйлдэл тус бүрт нь үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч дээрх гэмт хэргүүдийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тодруулбал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах нь учир дутагдалтай.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгохын зэрэгцээ, өмнө нь хүчирхийлэл үйлдэж байсан байдал нотлогдсон тохиолдолд уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хууль тогтоогч тодорхойлжээ.

 

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргүүдийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ уг хүчирхийллийн үйлдэл байнгын болон давтагдсан шинжтэй байсан эсэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай.

 

Энэ хэргийн хувьд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох Л.Э-ийн хохирогчоор өгсөн “...Ц- эгч ширээн дээр байсан мах идэж байсан жижиг хар хутгыг аваад “юу яриад байгаа юм” гээд дайрах маягтай болохоор нь би гарах гээд босоход ар талаас зүүн дал руу 1 удаа, зүүн гуяны ташаанд 1 удаа хутгалсан. ...Миний нуруугаар халуун юм урсаад эхэлсэн...” /1хх 121-125, 130-131/, гэрч Д.Ганбаатарын “...50-60 орчим насны хоёр эмэгтэй хүн гарч ирсэн. Нэг эмэгтэй нь хөл муутай, тэргэнцэртэй байсан. ...Ард сууж явсан эмэгтэй гэнэт хий ханиалгаад ёолж байснаа “ханиалгаж чадахгүй байна” гээд амандаа үглэж байгаад гэмтлийн эмнэлэг орсон. ...”/1хх 141-147/, гэрч С.Болдбаярын “...Э-тэй уулзахад “манай эгч бүх асуудлыг хийсэн” гэж хэлж байсан. ...” /3хх 181-182/, шинжээч Ч.Эрдэмболорын “...учрах үедээ амь насанд аюултай гэдэг нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлээгүй үед тухайн гэмтлийн эмгэг жамаар амь нас эрсдэх гэмтлийг ойлгодог. Эдгээр гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Тухайн хутга савчсан гэсэн хүнтэй хохирогч ижил түвшинд буюу тухайн гэмтэл учруулагч хүний гар хохирогчийн дал, гуяны хэсэгт хүрэхээр зайтай ямар ч байрлалд үүсэх боломжтой. Тухайн гэмтэл учруулагч хүн өөрөө доошоо харсан буюу дөрвөн хөллөсөн байрлалаас хүний ар нуруунд гэмтэл учруулах боломжгүй. ...” /1хх 205-206/, Л.Ц-гийн сэжигтнээр өгсөн “...Э- ширээн дээр байсан түмпэнтэй махыг аваад шидэхэд түмпэн дотор байсан хар иштэй хутга орны ойролцоо унасан. ...Э- зогсоогоороо намайг зодоод байсан учир түүнийг ойртуулахгүй санаатай уг хутгыг аваад баруун гартаа бариад хоёр тийшээ савлаж хөдөлгөсөн. Тэгэхэд Э-ийг хутгалчихсан юм шиг байна лээ. ...” /2хх 142-143/, Л.Ц-гийн хохирогчоор өгсөн “...Л.Э- манай байшингийн том өрөөний зүүн талын цонхны доод талын сандал дээр суучихсан “муусайн юмнууд ингэж амьдарна гэж ямар юм байдаг юм” гээд шаазан аяга аваад миний нүүр лүү шидсэн. Тэр үед миний зүүн нүдний доод зовхинд учирсан цус хуралт гэмтэл учирсан. Э- над руу дөхөж ирээд үсдэж байгаад тэргэнцэр дээрээс татаж орны урд газар унагаад миний баруун гуя, дал, нуруу, гар, хөл рүү өшиглөж гэмтэл учруулсан. ...” /1хх 135-136, 137-138/, шинжээч эмч М.Золжаргалын “...дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. ...Духны зулгаралт гэмтэл нь унах үед үүссэн гэмтэл байна. ...Хүзүүнд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг хүзүүний ард талд үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн цохигдох хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл. ...” /1хх 210/ гэх мэдүүлгүүд,

 “...Л.Э-ийг та талийгаачийн гэрт махан дээр байсан гэх хутгыг заана уу гэхэд 8 дугаартай хутгыг заав. Намайг Л.Ц- хутгалсан, сүүлд гэрт буцаж орж хэвтэхэд доор байсан хутга 6 дугаартай хутга мөн байна. ...” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 108-109/,

“...Л.Э-ийн биед баруун далны хэсгээр цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн цусан хураа, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 2125 дугаартай дүгнэлт /1хх 204/,

“...Л.Ц-гийн биед зүүн нүдний доод зовхи, хүзүү, баруун дал, зүүн шуу, хэвлий, зүүн ташаа, баруун гуя, шилбэнд цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2124 дугаартай дүгнэлт /1хх 208/, шүүгдэгч Л.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх 161-168/, Л.Ц-гийн эрүүл мэндийн талаарх баримтууд /2хх 184-250, 3хх 1-21, 27-49/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад:

 

Л.Ц-, Л.Э- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...ширээнд дээр байсан түмпэнтэй мах авч шийдлээ. ...намайг цохилоо...” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар Л.Э- нь Л.Ц-гийн хөл, толгой, нуруу, нүүрэн тус газруудад нь цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Л.Ц- нь Л.Э-ийн нуруу болон хөл рүү нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

 

Харин Л.Ц-, Л.Э- нар нь харилцан нэг нэгнийгээ байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй, гэр бүлийн хүмүүсийн хоорондох маргааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн, түүнчлэн Л.Ц- нь эрүүл мэндийн хувьд хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд байсан хэдий ч Л.Э-ийн эсрэг эсэргүүцэл үзүүлэн түүний нуруу болон хөлөн тус газар нь хутгалж хүнд хохирол учруулсан нөхцөл байдлаас үзэхэд биеэ хамгаалах чадваргүй гэж үзэх боломжгүй байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд Л.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, Л.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Л.Ц-гийн өмгөөлөгч Г.Энхболдын “...Л.Ц- нь амь хохирогчийн зүгээс хийсэн довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Л.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн,

“...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Л.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэж зүйлчилснийг, Л.Э-т холбогдох хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэж хүндрүүлэн зүйлчилсэн шинжүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Л.Ц-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар, Л.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Боржигон овогт Лхаажавын Ц-г хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт Лхаажавын Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. …” гэснийг “...Шүүгдэгч Боржигон овгийн Лхаажавын Ц-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Лхаажавын Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтад “...Шүүгдэгч Л.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар 12 /арван хоёр/ жилийн хорих ял, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 6 /зургаа/ жилийн хорих ял, Л.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. …” гэснийг “...Шүүгдэгч Л.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ жилийн хорих ялаар, Л.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. …” гэж тус тус өөрчилсүгэй.

 

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгүүдийг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ц-гийн өмгөөлөгч Г.Энхболдын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН