Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 110/ШШ2019/0041

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган сумын 3 дугаар багийн оршин суугч Ш.Кн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

Р шашны байгууллагын үүсгэн байгуулагчаар үндэслэлгүй Х.Бийг бүртгэсэн Улсын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгож, Р шашны байгууллагыг Ш.Кн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, зохих өөрчлөлт хийхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди, хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээд Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн Дин ислам холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Стхан, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Бакен, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Кгаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш.К би Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 03-р сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2019 оны 03-р сарын 20-ны өдөр шүүгчийн 110/Ш32019/0075 тоот захирамж гарган, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ш.К надад нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар 14 хоногийн хугацаатай буцаасан байгаа. Тухайн захирамжийн үндэслэх хэсгийн эхний хэсэгт 070423069 дугаартай хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас нь нэхэмжлэгч Ш.К миний нэр дээр байгаа болох нь тогтоогдсон гэсэн байна. Би урьд нь Улсын бүртгэлийн хэлтэст очиж бүртгэгч Б.Стэй уулзахад надад үнэн зөв мэдээлэл өгөхгүй, уг Р мешитийг хэний нэр дээр бүртгэсэн талаар хэлж өгөхгүй, чирэгдүүлсэн, би урьд нь бүртгүүлэх гэж 16 хуудас материал бүрдүүлж өгсөн байхад миний нэр дээр бүртгэгдээгүй, Монголын Мусульманы нийгэмлэгийн тэргүүн Х.Бийн нэр дээр бүртгэгдсэн байна гэхээр нь би Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл, гомдол гаргаж хандсанаар тус бүртгэлийг Б.С үүсгэн байгуулагч нарын хооронд маргаан үүссэн болохоор би улсын бүртгэлд бүртгэхгүй, маргаанаа шийдвэрлэсний дараа бүртгэх болно гэж 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 01/50 дугаартай албан тоотоор мэдэгдсэн бөгөөд уг албан тоотыг манай хамаатан хүү болох Н.Ахжан хүлээж авч над руу Булган сумын таксигаар өгч явуулсан болно.

 

Уг албан тоотыг хүлээж авч улсын бүртгэгч Б.Сгээс та надад Р мешит яг хэний нэр дээр бүртгэлтэй байгаа талаар бичиг баримт болон бүртгэлийг гаргаж өгөөч ээ гэж асуухад надад Х.Бийн 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон регистрийн дугаар 397/1045156 бүртгэлтэй хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас, 07042369 дугаартай үүсгэн байгуулагчийн нэр Х назар овгийн Рын Ж гэсэн 6-7 хуудас материалыг хуулбарлан 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр өгснөөр би Р мешит өөр хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй гэсэн ойлголтыг авч шүүхэд хандах гэсэн боловч Б.С би өөрөө бүртгэж зохицуулж өгнө гэж хугацааг хэтрүүлж сүүлд нь та шүүхэд хандахгүй бол болохгүй юм байна, гишүүдийн дунд маргаан үүссэн тул би зохицуулж чадахгүй гэсэн хариуг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр амаар өгснөөр би шүүхэд хандах болсон билээ.

 

Иймд би Улсын бүртгэлээс хариуг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор авсан гэж ойлгож болно. Тэрнээс өмнө шүүхэд хандах гэсэн болов ч ямар ч мэдээлэл, бичиг баримт гаргаж өгөөгүй болохоор ямар эрх зүйн акт, баримтыг үндэслэн хандахаа мэдэхгүй байсан болно. Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэн Шн К, Р.Ж, С.Х бид гурав анх Булган сумын төвөөс тус сумын Засаг даргын 1997 оны 05 сарын өдрийн 35 тоот захирамжаар гэрчилгээний дугаар 11, 1344 м.кв газрын үнэ болох 1075200 төгрөгийг төлж 50 жилийн хугацаатай Ш.Кн миний нэр дээр газар авч тус газарт мешит байгуулан уг мешитийн балк, тоосго, блок материалыг гарган Ш.К би босгон, зарим хэсгийг нь гадаадын тусламжаар барьж ашиглалтад оруулсан байдаг. Үүнийг сумын бүх ард иргэд тухайн үеийн удирдлага дарга нар мэдэж байгаа, үүний дараа уг мешитийг улсад оноосон нэр авч бүртгүүлэхээр бүх бичиг баримтыг дээрх гурван хүн 2006 онд бүрдүүлж, дотоод журам, дүрмээ байгуулсан байдаг, мешитийн оноосон нэрийг Ш.К би өөрийн өвөг дээдсийн нэр болох Р гэх нэрийг өгч цаашид Р гэж нэрлэхээр болж, бичиг баримт бүрдүүлсэн.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар бүртгэлийн хураамж төлөх ёстой бөгөөд уг хураамжийг Ш.К би төлж улсад 200,000 төгрөг төлсөн баримт хүртэл байна. Тус мешитийг 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгч сумын удирдлага, Монголын Мусульманы нийгэмлэгийн төлөөлөл, гүйцэтгэгч байгууллагын гишүүд, сумын ахмад өндөр настан хүмүүс оролцож үгээ хэлж тухайн үеийн тэмдэглэлийг С.Х, Ш.К бид хөтөлсөн байдаг. Тус Р мешитийн 2 дугаар хуралдааныг зохион байгуулан дүрмийг баталж шинэ удирдлагыг байгуулах хуралдаанаар удирдах зөвлөлийг Р.Ж, Ш.К З.Асидолда, С.Х, З.Хатпа нарын бүрэлдэхүүнээр батлах, хяналтын шинэ зөвлөлийг М.П, Х.Төлеухан нарын бүрэлдэхүүнээр тус тус батлан хурлыг удирдсан Р.Ж, М.К, С.Х нар гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.

 

Үүнээс хойш "Р мешитийн үүсгэн байгуулагч болон гишүүдийн зүгээс дүрэмд өөрчлөлт оруулах, гишүүдийг гаргах, шинээр гишүүн оруулах тухай авч хэлэлцэж байгаагүй ба энэ тухай ямар нэгэн шийдвэр гаргаж байгаагүй. Тус Р мешитийг 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 02 тоот тогтоол гарган анкетын хамт баталгаажуулан хуулийн этгээдийн гэрчилгээ авахаар бичиг баримт бүрдүүлэн Монголын Мусульман нийгэмлэгийн тэргүүн Х.Бт өгч улсын бүртгэлд хуулийн этгээдээр бүртгүүлж, өгөхөөр баримтыг өгсөн боловч Х.Б нь өөрийгөө үүсгэн байгуулагчаар бүртгүүлж гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж авсан гэдгийг улсын бүртгэгч Б.Сгээс мэдсэн.

 

'Р' мешитийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Монголын Мусульманы нийгэмлэгийн тэргүүн гэх Х.Б нь 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12/04 Булган сумын Р мешитийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж удирдах зөвлөл буюу үүсгэн байгуулагчид Х.Б, Р.Ж, С.Х нарыг томилсугай, тэргүүнээр нь Х.Бийг томилсугай, имамаар Р.Жийг томилсугай, хяналтын зөвлөлөөр С.Х нарыг томилсон гэх хурал хийсэн болгоод хүмүүсийн гарын үсгийг дурайлган зурж материал бүрдүүлэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг бид зөвшөөрөөгүй үүсгэн байгуулахад оролцоогүй Х.Б гарган өөрийн нэрийг бидний зөвшөөрөлгүй оруулан Х.Б Р мешитийн өөрийн нэр дээр бүртгүүлэх гэсэн явдал тогтоогдож үүсгэн байгуулагч нарын хооронд маргаан үүссэнээр улсын бүртгэлийн ажилтан Б.С уг Р мешитийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, үүсгэн байгуулагч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсний дараа улсын бүртгэлд бүртгэнэ гэж хариу өгсөн.

 

Бид тухайн үед зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлэхийг зөвшөөрсөн болохоос биш өөр гишүүн нэмж оруулах, хасах асуудлыг хийхийг зөвшөөрөөгүй билээ, бид зөвшөөрөөгүй байхад Х.Б өөрийн нэрийг "Р мешитийн үүсгэн байгуулагчаар оруулсан явдалд гомдолтой байна. Мөн улсын бүртгэлээс 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдөр лавлагаа гаргуулан авахад хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулалтын хуудаст 07042369, үүсгэн байгуулагч Р Ж гэж гарч, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэгч Б.С, Ш.К надад лавлагаа өгөхөд хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулалтын хуудаст 070423069 дугаартай үүсгэн байгуулагч Х Ш К гэж лавлагаа олгосон нь эргэлзээтэй, уг бүртгэлийн талаар зөв мэдээлэл авч чадаагүйд хүргэсэн.

 

Урьд нь тус бүртгэлийн талаар улсын бүртгэлд өргөдөл гаргаж шалгуулахад тухайн бүртгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас бүртгэгдээгүй байна, бүртгэгч Б.С би бүртгэж өгнө гэж надад амлалт өгч, та өргөдлөө буцааж аваач гэхээр нь итгэж явсаар шүүхэд хандах хугацаа өнгөрсөн бөгөөд өмгөөлөгч С.Тилеуберди 07042369, 070423069 дугаартай хоёр бүртгэлийн талаар мэдээлэл авах гэж улсын бүртгэгч Б.Сд очиж дээрх хоёр бүртгэлийн аль нь хуулийн дагуу бүртгэлтэй вэ гэхэд та нарын гарт барьж явж байгаа дүрэм албан ёсоор бүртгэгдээгүй, харин Х.Бийн бүртгүүлсэн бүртгэл хүчинтэй гэсэн тодорхой бус хариу өгсөн ба тухайн хариуг баталгаажуулж авч дарга С.Арманд хандах гэхэд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дэд дарга шалгалтаар ирсэн байсан бөгөөд бид тодорхой хариу авч чадахгүй байсаар шүүхэд хандсан болно.

 

Дээрх хоёр бүртгэлийн дугаарын аль нь хууль ёсны бүртгэлтэй гэдгийг би мэдэхгүй байснаас болоод урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг зөрүүтэй бичсэн асуудал гарсан.

 

Иймд Р мешитийн үүсгэн байгуулагчаар үндэслэлгүй Х.Бийг бүртгэсэн Улсын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн бүртгэгч Б.С Р мешитийн үүсгэн байгуулагч нарын хооронд үүссэн маргааны улмаас улсын бүртгэлд бүртгэхгүй байгаагаас болж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж миний хууль ёсны эрх маань зөрчигдөж байгаа тул Р мешитийг Ш.К миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, зохих өөрчлөлт хийхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Тилеубердээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Булган сумд ислам шашны үйл ажиллагаа явуулж байгаа Р мешит нь сүсэгтэн олны очих газар болохоос Ш.К болон Х.Бийн хувьчлан авсан объект биш, олон түмэнд үйлчлэх шашны байгууллага гэж үзэж байна. Мөн анхны үүсгэн байгуулагчид болон гуравдагч этгээдийн аль нэгэн давуу эрхээр оролцоно гэсэн ойлголт байхгүй, бүгд ижилхэн тэгш эрхтэй оролцох ёстой гэж ойлгож байгаа. 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Ш.К, С.Х, Р.Ж нарын үйлдсэн дүрэм, хурлын тэмдэглэл хүчинтэй гэж үзэж байна. Огноо нь засвартай гэж байгаа, 1994 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн гэдгийг 1991 оны гэж яриад байна. Тэр үед С.Х, Р.Ж нар байгаагүй. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар сүм хийд ямар нэгэн холбооны харьяанд байхаар зохицуулсан ба сүүлд дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хувь хүн сүм хийд байгуулах эрхтэй болсон.

 

Х.Б нар сумдын мешитүүд заавал Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны дэргэд байх ёстой гэж Р мешитийг тус холбооны харьяанд оруулаад давуу байдал бий болгож, Х.Б нь Р мешитийн үүсгэн байгуулагчаар өөрийн нэрийг оруулсанд нэхэмжлэгч Ш.К гомдолтой байгаа. Хууль зүйн яамд бүртгүүлсэн бүртгэл Х.Б өөрийнхөө нэрийг оруулсан болохоос биш түүний нэрийг оруулахыг үүсгэн байгуулагч зөвшөөрөөгүй байсан. Хууль зүйн яамд гаргасан өргөдөл Х.Б өөрийн нэрийг оруулснаас болж өнөөдөр ийм маргаан үүсэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

Иргэн Ш.Кн нэхэмжлэлтэй Булган сумын Р" мешитийн талаар гаргасан өргөдөлд дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд, Булган сумын Р мешит нь шинэчилсэн бүртгэлд хамрагдахаар хүсэлт гаргах явцад хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Төр, сүм, хийдийн харилцааны тухай хууль болон бусад холбогдох хууль журмын хүрээнд анхны үүсгэн байгуулагчид нь хоорондоо маргаантай байсан тул манайд бичиг баримтуудаа өгч чадаагүй болно. Манай байгууллагын зүгээс танайд "Р мешитийн Хууль зүйн яамнаас ирсэн хувийн хэргийн хуулбарыг урьд нь хүргүүлсэн билээ.

 

Иргэн Ш.К нь 2018 оны 5 сард шинэчилсэн бүртгэлд хамрагдахын тулд нэрийн баталгаажуулалт хийлгэсэн байсан. Нэрийн баталгаажуулалтыг тухайн үед аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай тул хийлгэсэн. 2018 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөж байсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу нэрийн баталгаажуулалт 10 хоногийн хугацаатай олгогддог байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сүмийн үйл ажиллагаа эрхлэх тогтоол гарсны дараа шинэчилсэн бүртгэлд хамрагдахаар анхны үүсгэн байгуулагчдын шийдвэр, тогтоол, хурлын тэмдэглэл, дүрэм, тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичиг баримтуудыг анхны үүсгэн байгуулагч нарын гарын үсэгтэй авч ирэх ёстой байсан боловч Р мешитийн анхны үүсгэн байгуулагчид эдгээр бүрдүүлбэрийг хоорондоо маргалдсаны улмаас тус хэлтэст бичгээр болон биечлэн ирж бичиг баримтаа хууль журмын дагуу бүртгүүлэхээр өгөөгүй болно.

 

Иргэн Ш.К нь өөрийн нэр дээр бүртгүүлж авахаар хүсэлт гаргаад байгаа болно. Шинэчилсэн бүртгэлд хамрагдах хуулийн этгээдийн бүрдүүлбэрийн шаардлага хангахгүй байгаа талаар энэ хүнд эхнээс нь буюу 2018 онд нэр авах үеэс нь одоог хүртэл улсын бүртгэгч Б.С нь байнга бүрдүүлбэрээ харуулж нэг бүрчлэн ирсэн үед нь хэд хэдэн удаа хангалттай тайлбарлан өгсөөр байсан ба иргэн Ш.К нь ойлголоо, Х.Б гэдэг хүнийг дагуулж очиж байна гээд өөрөө утсаа салгаад тухайн үед алга болсон асуудал ч гарч байсан. Мөн иргэн Ш.К нь уг мешитийн улсын бүртгэлийн гэрчилгээ гээгдсэн мэтээр хуурамч бичиг баримт хүртэл авчирч байсан. Гэтэл мешитийн гэрчилгээ, тамга нь анхны үүсгэн байгуулагчдын нэг Т.Бт байсан бөгөөд ийм байхад шинэчилсэн бүртгэлд хамруулах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Иргэн Ш.К гэдэг хүнд хангалттай хэлж, ойлгуулж, эрх үүргийг нь тухай бүр тайлбарлан өгч байгаа боловч Р мешитийг улсын бүртгэгчтэй холбогдуулж төөрөгдүүлсэн мэдээлэл хийж байгаа нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Учир нь, Р мешитийн анхны үүсгэн байгуулагчдын холбогдох баримт бичгийг шинэчилсэн бүртгэлтэй холбоотой шаардсан болохоос тэдний хоорондын шийдвэрлэж чадахгүй байгаа бүрдүүлбэрийн асуудалд Улсын бүртгэлийн хэлтэс ямар ч холбоогүй болно. Энэ талаар Р мешитийн анхны үүсгэн байгуулагчдад тус тусад нь хэлтсийн зүгээс хариу бичиг хүргүүлсэн. Р мешитийн асуудал шинээр бүртгүүлэх биш шинэчилсэн бүртгэлд хамрагдах бүртгэлийн асуудал учраас анхны үүсгэн байгуулагчдын шийдвэр заавал шаардлагатай.

 

Иймд анхны үүсгэн байгуулагчдын хоорондын маргааны асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлж байж тус хэлтэст хандах шаардлагатай. Ш.Кн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй тул хууль журмын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сгээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

 

Монгол улсын хэмжээнд 1999-2009 онуудад хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, шашны байгууллагыг Хууль зүй, дотоод хэргийн яамд бүртгэдэг байсан. 2009 оны 09 сараас хойш Татварын газрын харьяанд байсан Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Иргэний бүртгэлийн газар, Эд хөрөнгийн бүртгэлийн газрыг нэгтгэж, Улсын бүртгэлийн ерөнхий газар байгуулагдсан.

 

Тэр үеэс эдгээр бүртгэлүүд Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт буюу Улаанбаатар хотод хийгддэг байсан. 2015 оны 03 дугаар сараас эхлэн манай аймгийн улсын бүртгэлтэй холбоотой материалыг аймгийн Улсын бүртгэлийн архивд байнга хадгалахаар шилжүүлсэн байдаг. Энэ дотроос Р мешитийн хувийн хэрэг гэж 397 тоот регистрийн дугаартай 16 хуудас бүхий материалыг манай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд шилжүүлсэн. 2015 оноос хойш бид нар шинэчилсэн бүртгэлд ороогүй төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, шашны байгууллагын материалыг шинэчилсэн бүртгэл буюу одоогийн хуулийн этгээдийн цахим санд оруулах шаардлага тавьсан байдаг.

 

 

 

Иргэн Ш.К нь Булган суманд үйл ажиллагаа эрхэлж буй Р мешитийн хувийн хэрэгт нэмэлт өөрчлөлт хийлгэх буюу шинэчилсэн бүртгэлд хамруулахаар анх 2018 оны 5 сарын сүүлээр Булган сумаас над руу утсаар холбогдож байсан.Тухайн үед утсаар иргэн Ш.Кд бүрдүүлэх бичиг баримтын талаар маш ойлгомжтой зөвлөгөө, чиглэл өгсөн. Иргэн Ш.К нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан бичиг баримтуудыг буюу тухайн хуулийн этгээдийг шинэчилсэн бүртгэлд хамруулахаар цахим санд Р гэдэг нэр давхцах эсэхийг шалгуулах ёстой байсан, үүнийгээ баталгаажуулсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тусгай зөвшөөрөл авах ёстой байсан, үүнийгээ авсан. Анхны үүсгэн байгуулагчдын шинэчилсэн бүртгэлд хамрагдах эсэхийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, тогтоол гарах ёстой байсан. Гэтэл энэ бүрдүүлбэр дээр асуудлаа шийдвэрлэж чадаагүй буюу анхны үүсгэн байгуулагчид болох Х.Б, иргэн Ш.К нар нь энэ хурлаа зохион байгуулж чадаагүй, тогтоолоо гаргаж ирээгүй. Өөрөөр хэлбэл, энэ бүрдүүлэх бичиг баримт нь байхгүй байв.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар бүрдүүлбэрт байх ёстой байсан. Гэтэл иргэн Ш.К нь Р мешитийн улсын бүртгэлийн гэрчилгээг гээсэн гэсэн талаар 2018 оны 05 сард зарлуулсан тухай Жана-дауир сонины хайчилбарыг авчирсан. Ш.Кд мөн анхны үүсгэн байгуулагчид болох Х.Б, С.Х гэдэг хүмүүс өөрсдөө биечлэн ирэх шаардлагатай гэж эхнээсээ хэлсэн. 2018 оны 12 сарын дундуур /өдрийг нь санахгүй байна/ Х.Б манайд ирж уулзсан. Тэр үед Х.Б нь Р мешитийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг хэлтсийн даргын өрөөнд бидэнд үзүүлсэн. Иймээс Ш.К нь тухайн мешитийн улсын бүртгэлийн гэрчилгээг гээсэн гэж худлаа хуурамч бичиг баримт бүрдүүлж сонины хайчилбар авчирсан нь нотлогдсон ба энэ бүрдүүлбэр нь шаардлага хангаагүй. Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөлбайх ёстой,э нэ нь огт байхгүй байсан. Мөн шинэчилсэн бүртгэлд хамрагдах бүрдүүлбэрт тухайн хуулийн этгээдийн тамга, тэмдэг дарагдсан байх ёстой. Гэтэл тамга, тэмдэг нь иргэн Х.Бт байсан. Өөрөөр хэлбэл, Ш.Кн бариад явж байсан бичиг баримтуудад тамга, тэмдэг дарагдаагүй байсан тул албан ёсоор тухайн бүрдүүлбэрийг хүлээн авах боломжгүй байсан.

 

Бүрдүүлбэрт шинэчилсэн бүртгэлд хамрагдахаар хэлэлцсэн хугацаанд Р мешитийн анхны үүсгэн байгуулагчдын гарын үсэг зурагдаж, тамга, тэмдэг дарагдаж баталгаажуулсан мешитийн дүрэм байх ёстой. Гэтэл иргэн Ш.К нь анхны үүсгэн байгуулагчдын гарын үсэг зурагдаагүй, тамга, тэмдэг дарагдаагүй дүрэм барьж ирсэн. Иймд дүрэм нь шаардлага хангаагүй байв.

 

Миний бие хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн хувьд иргэн Ш.Кд утсаар болон ирэхэд нь архиваас Хууль зүйн яамнаас ирсэн Р мешитийн хувийн хэргийг татан авч харуулж бүрдүүлбэрийн талаар эхнээсээ маш сайн ойлгуулан нэг бүрчлэн тайлбарлаж байсан.

 

Мөн намайг илүү дутуу бичиг баримт бүрдүүлэхийг шаардсан гэж үзвэл манай байгууллагын burtgel.gov.mn сайтаас бүрдүүлбэрийг харах, хянаж үзэх талаар мөн тайлбарлаж, шинэчилсэн бүртгэлд хамрагдахад бүрдүүлэх материалын жагсаалтыг хэвлэн гаргаж өгч байсан. Би иргэн Ш.Кд Р мешитийг түүний нэр дээр бүртгэж өгнө гэж амлаагүй, тийм амлалт хэнд ч өгөөгүй, өгөх ч ёсгүй. Харин хууль, журмын дагуу дээрх бүрдүүлбэрээ авч ирвэл хуулийн хугацаанд нь уншиж, танилцаж улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдохыг хангалттай хэлсэн.

 

Өөрөөр хэлбэл, хурлын тэмдэглэл, шийдвэр, тогтоол зэрэг шаардагдах бичиг баримтуудыг бүрдүүлж чадаагүй байсан. Миний хувьд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д зааснаар буюу улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох үүрэгтэй байсан ба энэ бүрдүүлбэр нь шаардлага хангаагүй байсан учраас анхны үүсгэн байгуулагчид нь болох Ш.К, Х.Б нар нь хоорондоо санал нийлэхгүй, шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах материалыг хуулийн хүрээнд бүрдүүлж ирээгүй байсан тул одоо хүртэл Р мешит нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, цахим санд ороогүй байгаа болно.

 

Ер нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.11 дэх заалтад ...өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн эх нотлох баримт бичгийн бүрдэл болон түүний үнэн зөвийг хариуцах... гэж заасан байдаг. Анх Хууль зүйн яамнаас шилжиж ирсэн хувийн хэрэг доторх хүмүүсийн гарын үсэг нь байхгүй, тэд нар холбогдох бичиг баримтаа бүрдүүлээгүй тул цахим санд оруулах ямар нэгэн боломж олгогдоогүй байна.

 

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015 оны 304 дүгээр тушаалын дагуу Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивд хадгалагдаж байгаа Баян-Өлгий аймагт харьяалагдах шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, шашны байгууллагын нийт 146 хувийн хэргийг 2015 оны 03 сарын 06-ны өдөр тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлсэн акт байдаг. Тухайн актаар 28 шашны байгууллагын хувийн хэрэг шилжин ирсэн ба Р мешитийн хувийн хэрэг 397 гэсэн улсын бүртгэлийн дугаартай, 16 хуудастай гэж жагсаалтаар манай хэлтсийн архивд ирсэн байна.

 

Иймд хариуцагч байгууллага болох Улсын бүртгэлийн хэлтсийн зүгээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.4, 19.4.7, 19.4.11-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв

 

Гуравдагч этгээд Дин ислам холбооноос шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

Монголын Мусульманы Дин ислам холбоо нь нэхэмжлэгч Ш.Кн нэхэмжлэлтэй Р мешитийн үүсгэн байгуулагчаар үндэслэлгүй X.Бийг бүртгэсэн, Улсын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Р" мешитийг Ш.Кн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, зохих өөрчлөлт хийхийг Улсын бүртгэлд даалгах тухай Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа тул нэхэмжлэгч Ш.Кн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

 

Үүнд, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн холбоо байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан хэвлэн гаргасан Имандылых хайнары гэх түүхчилсэн номд Булган сумд анхны мешит 1991 онд байгуулагдаж, анхны тэргүүн имам (лам) -аар Музбай гэх хүн томилогдсоныг дурдаж, 1991 оныг Булган сумд мусульман шашны мешит (сүм хийд) байгуулагдсан цаг үе хэмээн цохон тэмдэглэсэн байна. 1992 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хуралдсан Монголын Ислам шашны төвийн тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлд: Булган сум дахь шашны холбооны тэргүүнээр Төлеубай, имам (лам) -аар Жакула, тооцооны ня-бо Козыке нар сонгогдож байсан гэж тэмдэглэсэн байдаг. Эдгээр бичгийн нотлох баримтууд нь Ш.К нь нэхэмжлэлд бичсэнчлэн 1997 онд Булган сумд Ш.К өөрийн хөрөнгөөр мешит барьсан гэх үндэслэлийг бүрэн үгүйсгэж байна.

 

Харин Булган сум дахь Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Холбооны харьяа Р мешит нь 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор буюу хуульд заасан журмаар үүсгэн байгуулагдсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Р мешитийн хувийн хэрэгт байгаа дараах нотлох баримтаар батлагдаж байна. Энэ нь Булган сумын Р мешитийн 2006 оны 12 дугаар сарын 06-нд батлагдсан дүрэм, Булган сумын Р мешитийг үүсгэн байгуулсан тухай 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12/04 тоот шийдвэр, Монголын Мусульманы Нийгэмлэгийн Булган сумын мешитийг бүртгүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн яамд гаргасан өргөдөл зэргээр нотлогдож байна.

 

Монголын Мусульман Нийгэмлэгүүдийн холбооны харьяа Булган сум дахь Р" мешитийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 114 тоот тушаалаар шашны үйл ажиллагаа эрхлэх төрийн бус байгууллага болохыг улсын бүртгэлд бүртгэж, 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 397 тоот гэрчилгээ олгосноор Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн холбооны харьяа Булган сум дахь Р мешит гэсэн баталгаат нэрийг хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу эдэлж, хуулийн этгээдийн эрхтэй болсон юм.

 

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмаар татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусвар болно гэж, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2018.06.21 ) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д: Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасан тул маргаан бүхий Р мешитэд 2007 оны 05 дугаар сарын 21-нд олгогдсон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 397 тоот гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа нөхцөлд дахин бүртгэх тухай эрх зүйн зохицуулалт байхгүй болно.

 

Монголын Мусульман Нийгэмлэгүүдийн холбооны харьяа Р мешитийг дахин бүртгүүлэх, үйл ажиллагаа явуулах эрх олгохыг хүсэж Улсын бүртгэлийн хэлтэст Ш. К өргөдөл гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь дараах байдлаар хууль зөрчсөн үйлдэл юм.

 

Үүнд, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар Ш. К нь Р мешитийг бүртгүүлэх эрх бүхий албан тушаалын хүн биш. Булган сум дахь Р мешитийн үүсгэн байгуулах тухай 2006 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн 12/04 тоот шийдвэрийн 2 дахь заалтаар удирдах зөвлөл буюу үүсгэн байгуулагч X.Б, Р.Ж, С.Х гэх хүмүүс, Р мешитийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхийг X.Бт олгосон байгаа болно. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг; 1. Гүйцэтгэх удирдлага, 2. Үүсгэн байгуулагч, 3. Итгэмжлэлгүй төлөөлөх этгээд, 4. Татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга, эрх хүлээн авагч гаргана гэж заасан байдаг юм. Гэтэл нэхэмжлэгч Ш.К нь уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 -д заасан этгээд биш тул Р мешитийг бүртгүүлэх, түүний үйл ажиллагааны талаар гомдол хүсэлт, нэхэмжлэл гаргах эрх бүхий хүн биш байна.

 

Нэхэмжлэгч Ш.К нь Р" мешитийг өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх гэвэл Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар анхны үүсгэн байгуулагчдын шийдвэрээр нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д заасан өөрчлөн байгуулах тухай шийдвэр, өмнөх улсын бүртгэлтэй Р мешитийн үйл ажиллагааг дуусвар болгосон шийдвэр, улсын бүртгэлээс хасуулсан бичиг баримт, мэдээллийн санд орсон өөрчлөлт, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн оноосон нэрийн баталгаажуулалт, баталгаажсан санхүүгийн тайлан тэнцэл, зэрэг хуулийн шаардлагыг хангасан бичиг баримтуудыг бүрдүүлсэн байвал зохино.

 

Булган сум дахь Р мешит нь Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Дин ислам холбооны харьяанд байсан болохыг Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 40 тоот тогтоолын 2 дахь заалт, тогтоолын хавсралтын 11-р хэсэгт (Булган сум Р мешит) -ийн тусгагдсан байдал, уг Рмешит-ийг 2006 онд Х.Сайран хажы, Т.Б хажы нар Араб, Турк улсын хөрөнгөөр барьсан болохыг баталсан нэхэмжлэгч Ш.Кн 2018 оны 09 дүгээр сарын 15-нд Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан өргөдөл болон Монстрой -Эра ХХК -ны Р мешитийг барьсан тухай тодорхойлолтууд, Ш.Кг томилж, чөлөөлж, байсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, Ш.Кн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, ажилд эргүүлэн тогтоож, цалин хөлс нэхэмжилсэн тухай 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гомдол, зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэв Ш.К нь Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Дин ислам холбоонд хамаарагдахгүй бол Р мешит нь Ш.Кн үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн байгууллага байгаа бол Ш.К яагаад Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн Дин ислам холбооноос ажилд томилогдож, түүнээс ажлаас чөлөөлөгдөж, Монголын Мусульманы Нийгэмлэгүүдийн холбооны тэргүүн М.Хуанганаас цалин хөлс нэхэмжилж, ажилд эргүүлэн тогтоохыг хүсэж шүүхэд гомдол гаргадаг билээ.

 

Иймд шүүхээс хүсэх нь, Ш.К нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст үндэсгүй өргөдөл гаргасан тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-д заасан үндэслэл болон мөн хуулийн 15.1-д заасан этгээд Ш. К биш, Р мешит нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдаагүй тул Ш.Кн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Стханаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Монголын Мусульман Нийгэмлэгүүдийн Холбоо анх 1990 онд байгуулагдсан. 1991, 1992 онуудад бүх сумуудад тус холбооны салбарыг нээж, үйл ажиллагаа явуулсан. Ер нь ислам шашны сүсэгтнүүд байдаг бүх газруудад Монголын Мусульман Нийгэмлэгүүдийн Холбооны салбар мешитүүд үйл ажиллагаа явуулдаг. Музбай, Матей гэдэг хүмүүс 1991-1992 онуудад тус холбоог төлөөлж, Булган сумын мешитийн имамаар ажиллаж байсан бөгөөд 1993 онд Ш.К, 1996-200 он хүртэл Есенберди, 2000-2009 хүртэл Р.Ж, 2009-2015 он хүртэл К.Ермек нар тус тус ажилласан байна.

 

Монголын Мусульман Нийгэмлэгүүдийн Холбооны харьяа Булган сумд дахь Р мешитийг 2006 онд тус холбооны хөрөнгөөр орчин үеийн стандартад нийцүүлэн шинээр барьж өгсөн. 1991-2007 он хүртэл тус мешит нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй явж ирсэн бөгөөд 2007 оны үед улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тухайн үед Хууль зүйн яамнаас бүртгэж гэрчилгээ олгодог байсан. Монголын Мусульман Нийгэмлэгүүдийн Холбооны харьяа мешитүүдийг тус холбооны хөрөнгөөр барьсан учраас тухайн мешитүүд холбооны эзэмшил болсон тул бүх сумуудын мешитийн үүсгэн байгуулагчдын дотор Монголын Мусульман Нийгэмлэгүүдийн Холбооны тэргүүн Х.Бийн нэрийг оруулж бүртгэсэн. 2006-2007 онуудад Хууль зүйн яаманд бүртгүүлж гэрчилгээ авсан үед Р.Ж гэдэг хүн Р мешитийн имамаар ажиллаж байсан. Ш.К нь Р мешитэд орж, гарч ажиллаж байсан болохоос тус мешиттэй ямар нэгэн холбоо байхгүй учраас түүний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

 

 

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны гүйцэтгэх захирлын хүсэлтээр энэ хэрэгт гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Р мешит нь 1991 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үйл ажиллагааг явуулж ирсэн нь албан бичгээр нотлогдож байгаа. Үүнийг 1994 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэж засварласан асуудал байгаа. Нэхэмжлэгч тухайн мешитийг үүсгэн байгуулсан өдрөөс эхлэн тухайн мешитэд ажилласан мэт ойлголт төрүүлэх зорилгоор уг засварыг хийсэн гэж үзэж байгаа. Р мешитийн шинэ барилгыг Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны хөрөнгө оруулалтаар Монстрай-Эра ХХК барьсан мешитийн шинэ барилгыг 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээж авсан. Уг мешитийн шинэ барилгыг Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны хөрөнгө оруулалтаар барьсан гэдгийг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг.

 

Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлийг Р.Ж, С.Х, Ш.К бид гурав үйлдсэн гэх боловч Х.Б өөрийн нэрийг үндэслэлгүй үүсгэн байгуулагчаар нэмсэн гэж тайлбарлаж байна. Энэ тогтоолыг бид нотлох баримтаар судлуулсан бөгөөд үүнд үүсгэн байгуулагч гэж байхгүй, удирдах зөвлөлөөр Р.Ж, З.Асидолда зөвлөх Ш.К туслах имам, С.Х санхүү, аж ахуй, З.Хатпа зөвлөх гээд 5 хүний нэр байгаа.

 

Хэрвээ Х.Б үндэслэлгүй нэрээ оруулаад улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэж байгаа бол эдгээр 5 хүний нэр давхар явагдах ёстой. Р.Ж нас барсан ба бусад хүмүүсээс ямар нэгэн нэхэмжлэл гаргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийн дотор туслах имам байсан Ш.К гэдэг хүн энэ мешитийн үүсгэн байгуулагч би байсан тул уг мешитийг миний нэр дээр бүтгэх ёстой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Ш.К гэдэг хүнийг тухай үед үүсгэн байгуулагчаар шууд томилсон эсхүл итгэмжлэлгүйгээр тухайн мешитийг төлөөлөхөөр эрх бүхий албан тушаалтнаас томилсон шийдвэр байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Х.Б нь 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хууль зүйн дотоод хэргийн яамд холбогдох материалыг бүрдүүлж өгөөд Р мешитийг бүртгүүлсэн. Үүсгэн байгуулагчийн тогтоол, хурлын тэмдэглэлд Р.Ж, С.Х, Х.Б нарын гарын үсэг байгаа. Р.Ж нас барсан, С.Хг гэрчээр асуухад энэ байгаа гарын үсэг, миний гарын үсэг биш гэдгийг батлаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хуурамчаар гарын үсэг зурсан гэдэг байдлаар тайлбарлаж байгаа.

 

Хэрэв хуурамчаар гарын үсэг зурсан гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлтээ гаргаад С.Хн гарын үсэг мөн эсэхийг нотлуулах бүрэн боломжтой байсан. Хууль зүйн яамд бүртгүүлсэн гэрчилгээний хавсралтад бүх сумдын мешитийн үүсгэн байгуулагчийн жагсаалтад Х.Бийн нэр явж байгаа.

 

Учир нь, бүх сумд байгаа мешитүүд Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны харьяа, хөрөнгө оруулалтыг тус холбооноос шийдвэрлээд өгч байгаа учраас холбооны гүйцэтгэх захирал Х.Бийн нэр нь давхар яваад байгаа гэдгийг тайлбарлаж хэлье. Газрын асуудлыг хөндөж, газрын төлбөрийг би төлсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан байх бөгөөд тухайн бүс нутаг дахь газрын суурь үнийг төлсөн болохоос Ш.К хувиасаа төлсөн зүйл байхгүй. Харьяалал дээр Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбоо гэж, газар эзэмших аж ахуйн нэгж, байгууллагын улсын дугаар гэдэгт өөрийнхөө регистрийн дугаар, нэрийг сүүлд нэмж бичсэн байна. Нэхэмжлэгч хуурамчаар бичиг баримт үйлдсэн нь дээрх байдлаар нотлогдож байна.

 

Ш.К тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2006 онд 200,000 төгрөгийг би төлсөн гэж тусгасан байх ба 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх гэж гаргасан болохоос тухайн үед нэхэмжлэгч 200,000 төгрөг төлсөн асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд сүм хийдийг анх заавал холбоо, нийгэмлэгийн дэргэд байгуулах талаар зохицуулсан байсан ба сүүлд өөрчлөлт оруулж, хувь хүнд сүм хийд байгуулах эрх олгосон гэж үндэслэлгүй тайлбар хэлж байгаа.

 

Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан бөгөөд тухайн үед ч гэсэн сүм хийд байгуулахад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зөвшөөрөл авах зохицуулалт хэвээр байсан. Харин бүртгэл хийх эрх бүхий байгууллага нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байсан. 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хийнэ гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулсан. Түүнээс биш энэ хууль анх батлагдахдаа сүм хийд заавал холбоо, нийгэмлэгийн дэргэд байх ёстой гэсэн зохицуулалт байхгүй байсан ба нэхэмжлэгч Ш.К нь Р мешитийг тухайн үед өөрөө хувь хөрөнгөөр үүсгэн байгуулсан бол тухайн үедээ улсын бүртгэл бүртгүүлэх боломжтой байсан.

 

Дараагийн асуудал бол нэхэмжлэлийн шаардлага зөв үү гэдэг талаас нь хандах ёстой. Тухайн үед Хууль зүйн яамд хандаад албан ёсоор бүртгүүлж, гэрчилгээ аваад бүх асуудал шийдэгдээд явсан. Гэтэл Р мешитийн үүсгэн байгуулагчдын дотроос Х.Бийн нэрийг хасах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Х.Бийн нэрийг ямар үндэслэлээр хасах юм бэ, Х.Бийг нэрийг оруулсан нь үнэхээр буруу гэж үзэж байгаа бол бүхэлдээ хүчингүй болгож, дараа нь бүртгэлд оруулах асуудлыг ярьдаг болохоос Ш.Кг оруулаад, Х.Бийг хасах хуулийн үндэслэл байхгүй байна. Мешитийн үүсгэн байгуулагч дотор Ш.Кн нэр бүртгэлтэй хэвээр байгаа бөгөөд үүнээс болоод нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдсөн нь тодорхой бус, үүсгэн байгуулагчдын дотор нэхэмжлэгч ямар байдлаар хохирсон, эрх ашиг нь хэрхэн зөрчигдсөн бэ гэдгийг анхаарч үзэх ёстой.

 

Дээрээс нь нэхэмжлэгчээс миний бие Р мешитийг 1994 оноос хойш байгуулаад үйл ажиллагааг явуулж ирсэн гэж байна. Хэрэв уг мешитийг 1993 онд байгуулсан бол 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр батлагдаад хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн дагуу мешитийг улсын бүртгэлд бүртгүүлэх бүрэн боломжтой байсан. Р мешитээс 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 03 тоот албан тоотоор нэхэмжлэгчийн яриад байгаа маргаан бүхий дүрмийг батлуулахаар өгсөн гэдгийг батлах баталгаа байхгүй байна.

 

Уг албан бичигт ...шинээр бүртгэж, гэрчилгээ олгохыг хүсье... гэж дурдсан болохоос Ш.К нарыг үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлд сонгосон тогтоол, шийдвэр гаргасан нь харагдахгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.К нь тус шүүхэд Булган сумд байршилтай Р шашны байгууллагын үүсгэн байгуулагчаар Х.Бийг бүртгэсэн улсын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгож, уг шашны байгууллагыг Ш.Кн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, зохих өөрчлөлт хийхийг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгчээс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Шн Кд олгогдсон Сахаба Хгийн итгэмжлэлийг нэхэмжлэлд хавсарган шүүхэд ирүүлсэн, С.Хг удаа дараа шүүхэд дуудсан боловч газар хол, ажилтай гэсэн шалтгаанаар ирээгүй тул утсаар холбогдон шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэхийг тодруулан асуухад энэхүү маргаантай холбоогүй, энэ асуудлаар маргаан гаргахгүй гэсэн утгаар итгэмжлэл олгосон гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр[1] тогтоогдож байх тул С.Хг нэхэмжлэл гаргаагүй гэж үзлээ.

 

Мөн Р шашны байгууллагыг анх 2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яам улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байх ба нэхэмжлэгч нь бүртгэл хийгдэх үед үүсгэн байгуулагчаар Х.Бийг бүртгэсэн нь буруу гэж бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдуулан маргаж байгаа боловч Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан, 2018 оны 11 дүгээр сарын 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Улсын бүртгэлийн байгууллага дараах хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэнэ, 7.1.6 дах хэсэгт шашны байгууллага гэж тус тус заасан тул нэхэмжлэгч нь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар тодорхойлсон нь хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь хуулийн этгээдийн мэдээлэлд оруулах өөрчлөлтийг бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах агуулгатай бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой гаргасан гомдол, маргааныг шийдвэрлэх талаар нарийвчлан зохицуулаагүй, харин Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ гэж заасан, маргааны энэ төрөл нь хуулийн этгээдийн бүртгэлийн төрлийг хуульчилсан 7 дугаар зүйлд хамааралтай тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн болно.

 

Ш.К нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Анх Булган сумын иргэд Ш.К, Р.Ж, С.Х бид Булган сумын Засаг даргын 1997 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар захирамжийн дагуу Р шашны байгууллагын барилгыг барих зорилгоор 1344 м2 газрыг 11 дүгээр газар эзэмших гэрчилгээгээр миний нэр дээр эзэмшсэн, барилгын балк, тоосго, блок зэрэг материалыг хувиасаа гаргасан, оноосон Р нэрийг өвөг дээдсийн нэрээр нэрлэсэн, улсын бүртгэлд бүртгүүлэх бүртгэлийн хураамж 200,000 төгрөгийг мөн хувиасаа төлсөн, 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр барилгыг ашиглалтад өгч, 2 дугаар хуралдаанаар дүрмээ баталж, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгосон, үүнээс хойш үүсгэн байгуулагч болон гишүүдийн зүгээс дүрэмд өөрчлөлт оруулах, гишүүдийг гаргах, шинээр гишүүн элсүүлэх талаар хуралдаагүй байхад Х.Б нь хуурамч бичиг баримт үйлдэн, Р -ийн үүсгэн байгуулагчаар бүртгүүлж, гэрчилгээ авсан, улсын бүртгэлээс 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгосон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудсанд үүсгэн байгуулагчаар Х Ш К гэсэн байх ба Р шашны байгууллагын үүсгэн байгуулагчийн хувьд улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, миний хууль ёсны эрх маань зөрчигдөж байна гэж тодорхойлжээ.

 

Хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь харьцуулан судалж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 2 дугаар зүйлд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, 6 дугаар зүйлд Сүсэгтэн олны шашин-номын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдаж, шашны зан үйл, хурал ном, боловсролын ажлыг эрхлэн гүйцэтгэж буй албан ёсны зөвшөөрөл бүхий хийд, сүм, дацан, төв болон тэдгээрийн удирдах байгууллагыг /цаашид энэ хуульд "сүм хийд гэх / шашны байгууллага гэнэ, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ. Олгосон зөвшөөрлийг үндэслэн сүм хийдийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэнэ гэж тус тус заажээ.

 

Р шашны байгууллагыг анх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2007 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаар тогтоолын хавсралтын[2] 5-т зааснаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосны дагуу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 114 дүгээр тушаалын хавсралтаар[3] улсын бүртгэлд бүртгэж, РД1045156, №397 дугаартай гэрчилгээ[4] олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба энэ нь хуулийн дээрх заалтуудтай нийцсэн байна.

 

Шашны байгууллагыг хуулийн этгээдээр бүртгэх ажиллагаа нь Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулиар зохицуулагдах ба анх бүртгүүлэх үед тухайн үед үйлчилж байсан 2003 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардагдах баримт бичгийг бүрдүүлсэн болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлд бүртгэж, үйл ажиллагааг явуулах эрх олгохыг хүсэх тухай өргөдөл[5], хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл[6], үүсгэн байгуулагчдын 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хурлын шийдвэр[7], дүрэм зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд Х.Б нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн үүсгэн байгуулагчаар өөрийгөө бүртгүүлсэн нь холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдоогүй тул Р шашны байгууллагыг анх хууль бусаар бүртгүүлж, гэрчилгээ авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөлд үүсгэн байгуулагчаар Х.Б, Р.Ж, С.Х, Ш.К гэж бүртгүүлсэн, нэхэмжлэгч нь улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаас хойш хугацаанд уг байгууллагад шашны тэргүүн, туслах тэргүүнээр ажиллаж, цалин, урамшуулал авч байсан, тухайн шашны байгууллага нь өнөөдрийг хүртэл албан ёсны зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа зэрэг нь хэрэгт авагдсан гэрч М.Хуанган, З.Асидолда, Ф.Советхан, Х.Айдос, С.Х нарын мэдүүлгээр[8] тус тус тогтоогдож байгаа ба нэхэмжлэгчийн Р шашны байгууллага нь улсын бүртгэлд бүртгүүлээгүйгээс хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, миний хууль ёсны эрх маань зөрчигдөж байна гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

 

2. Нэхэмжлэгчээс шашны байгууллагыг байгуулах зорилгоор анх газар эзэмших гэрчилгээг өөрийн нэр дээр авсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан 1997 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгогдсон 11 дугаартай газар эзэмших гэрчилгээнд[9] шашны тэргүүн Ш.Кн нэр дээр буулгав гэж тэмдэглэгдсэн боловч харьяалал[10] хэсэгт Булган сум, Аймгийн шашны байгууллага, мусульман нийгэмлэг гэж тэмдэглэснээс үзэхэд нэхэмжлэгч нь уг газрыг иргэний хувьд эзэмшилдээ авсан гэж үзэх боломжгүй, уг газрыг Булган сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/12 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар[11] Монголын мусульманы нийгэмлэгүүдийн холбооны Р мешитэд эзэмшүүлэх шийдвэрийг дахин гаргаж, газар эзэмших эрхийн 000313714 дугаартай гэрчилгээ[12] олгосон, газар эзэмших гэрээнд[13] Р шашны байгууллагыг төлөөлж Ш.К гарын үсэг зурсан болох нь тус тус хэрэгт авагдсан Булган сумын Засаг даргын 2018 оны А/12 дугаартай захирамж, гэрчилгээ, гэрээний холбогдох хэсэг, гэрч Булган сумын газрын даамал М.Ханатын мэдүүлгээр[14] тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчээс газрын төлбөрийг жил болгон хувиасаа төлж байсан гэж тайлбарлан нотлох баримтаар 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2016, 2018, 2019 оны газрын төлбөрийг төлсөн[15] мөнгөн шилжүүлгийн хувийг шүүхэд ирүүлсэн, эдгээр баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийг газар эзэмшигчийн хувьд газар эзэмших эрх үүссэнээс хойш төлбөрийг тухай бүрд төлж байсан гэж үзэх боломжгүй, харин Р шашны байгууллагыг улсын бүртгэлд шинээр бүртгүүлэх зорилгоор нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

3. Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах асуудлыг хуулийн 13 дугаар зүйлд зохицуулсан ба 13 дугаар зүйлийн 13.1.1-т Шинээр, эсхүл өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах, эсхүл хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд нэр авах хүсэлтийг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд улсын бүртгэлийн байгууллагад нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй гаргана гэж заасан, нэхэмжлэгч нь Р шашны байгууллагыг шинээр бүртгүүлэх хүсэлт гаргаснаар түүнд үүсгэн байгуулагчийн хувьд нэр баталгаажуулах хуудсыг бүртгэлийн байгууллагаас олгосон нь Р шашны байгууллагын үүсгэн байгуулагчаар Х.Бийг бүртгэсэн хэсгийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтуудыг хуульчилсан ба 22.1.3 дэх хэсэгт үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл, 22.1.4 дэх хэсэгт үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, 22.1.5 дах хэсэгт шаардлагатай тохиолдолд итгэмжлэл, 22.1.6 дах хэсэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана, 18.1.1 дэх хэсэгт улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу гэж тус тус заажээ.

 

Хуульд заасан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулахаар Р шашны байгууллагын үүсгэн байгуулагчид хуралдсан нь, эрх бүхий байгууллагаас шийдвэр гарсан нь тус тус тогтоогдоогүй ба үүсгэн байгуулагчдын бичиг баримтад өөрчлөлт орсон гэж үзэх боломжгүй тул баримт бичгийн бүрдэл дутуу гэх үндэслэлээрР шашны байгууллагын мэдээлэлд орсон гэх өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн эс үйлдэхүй нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 2 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6, 18 дугаар зүйлийн 18.1.1, 22 дүгээр зүйлийн 22.1.2, 22.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Кгаас гаргасан Р шашны байгууллагын үүсгэн байгуулагчаар Х.Бийг бүртгэсэн улсын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгож, уг шашны байгууллагыг Ш.Кн нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, зохих өөрчлөлт хийхийг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 139 дүгээр хуудас

 

[2] Хэргийн 26, 25 дугаар хуудасны ар тал

 

[3] Хэргийн 131, 132 дугаар хуудас

 

[4] Хэргийн 187 дугаар хуудас

 

[5] Хэргийн 90 дүгээр хуудас

 

[6] Хэргийн 113 дугаар хуудас

 

[7] Хэргийн 114 дүгээр хуудас

 

[8] Хэргийн 148-149, 154-155, 181-182, 185-186, 136-137 дугаар хуудас

 

[9] Хэргийн 12 дугаар хуудас

 

[10] Хэргийн 12 дугаар хуудас

 

[11] Хэргийн 32-33 дугаар хуудас

 

[12] Хэргийн 54 дүгээр хуудас

 

[13] Хэргийн 33 дугаар хуудас

 

[14] Хэргийн 134 дүгээр хуудас

 

[15]Хэргийн хэргийн 38, 41, 43 дугаар хуудас