| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Одбаатар |
| Хэргийн индекс | 128/2024/0610/З |
| Дугаар | 221/МА2026/0521 |
| Огноо | 2026-07-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0521
Д.Д, Н.У нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч М.Цэцэгмаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Б.Адъяасүрэн
Илтгэгч: шүүгч Л.Одбаатар
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н
Нэхэмжлэгч: Д.Д, Н.У
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 467 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Уын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Ү
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2024/0610/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д, Н.У нараас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/298, А/307 дугаар тушаалуудын иргэн Д.Д, Н.У нарт холбогдох хэсгийн заалтыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д, Н.У нараас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/298, А/307 дугаар тушаалуудын иргэн Д.Д, Н.У нарт холбогдох хэсгийн заалтыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Миний бие энэ хуралд иргэн Д.Д ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон оролцсон боловч техникийн нөхцөл боломжоос шалтгаалан оролцож чадаагүйдээ маш их харамсаж байна. Яагаад техникийн саатал болсон талаар надад дахин хэлж яриагүй учраас би мэдээгүй. Нэхэмжлэгч, хэргийн оролцогч хуралдаандаа оролцож тайлбараа хэлэх, нотлох баримтаа үнэлүүлэх зэрэг олон эрхтэй атал тэрхүү эрхийг минь эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж оролцогчийн эрхийг хангах үүднээс хэргийг дахин авч хэлэлцэх, сайтар нягтлан шалгах шаардлагатай байна. "Газрын тухай" хуулийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй." гэж заажээ. "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" хуульд “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно." гэжээ. Монгол Улсын Дээд шүүхээс тайлбар гаргадаг. Энэ нь хуулийн тодорхой бус ойлголтыг нэг мөр ойлгох зорилгоор тогтоол гаргадаг. Гэтэл яг үүнтэй ижил хэргийг өөрөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.2. Тухайлбал 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж хийсэн хуралдаанаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч “Ф” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны А/309 дүгээр тушаалын “Ф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай." гэж шийдвэрлэсэн байна. Гэтэл иргэн Д.Д, Н.У нарын бидний хэрэг нь үүнтэй яг ижил хэрэг байтал өөрөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.3. "Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 181 дугаартай албан бичигт 2020-2024 онуудад хэрэгжүүлсэн үйл ажиллагаа болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежмент төлөвлөгөөгөөр байгаль хамгаалах нөхөн сэргээх ямар төрлийн ажил арга хэмжээг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөгийн зардал гаргасан болон бусад ажлын тайлангаа хамгаалалтын захиргаанд ирүүлж, газар ашиглах гэрээг дүгнүүлэн акт үйлдүүлж газар ашиглах гэрээгээ байгуулах боломжтойг дурдъя. Хамгаалалтын захиргааны зүгээс болон хамгаалалтын захиргааны албан хаагчдын зүгээс уг иргэний ашиглаж буй газарт газар ашиглах гэрээ хийхгүй гэх "эс үйлдэхүй" гаргаагүй болно" гэж албан бичиг ирүүлсэн. Иймд захиргааны байгууллага тэр дундаа төрийн захиргааны төв байгууллага нь аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг нь зөрчигдөж буй этгээдийн эрх ашгийг хангасан эсэхийг тодруулаагүй. Монгол улсын Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зөрчиж хуулийн этгээд хувийн тодорхой хөрөнгийг гаргаж эхлүүлж байгаа ажлыг зогсоож байгаа нь иргэд бидний хуулиар хамгаалагдсан буюу хууль ёсоор олж авсан ашиглах эрхийг хууль зөрчиж цуцалсан үйлдэл гэж үзэж байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлал /хуучин нэрээр/-ын сайд Б.Б-ийн гаргасан 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/298, А/307 дугаар тушаалын иргэн Д.Д, Н.Унарт холбогдох хэсгийн заалтыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/298, А/307 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн Хөвсгөл аймгийн Рэнченлхүмбэ сум, Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын Урандөш орчмын хязгаарлалтын бүсэд байршилтай иргэн Д.Д-ийн ашиглах эрхтэй 3.0 га, иргэн Н.У-ын ашиглах эрхтэй 3.0 га газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэх үндэслэлээр тус тус хүчингүй болгожээ.
3. Нэхэмжлэгч нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/298, А/307 дугаар тушаалуудын иргэн Д.Д, Н.У нарт холбогдох хэсгийн заалтыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
4. Анхан шатны шүүх шийдвэрт “... маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлд “Маргаан бүхий газар болох Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр баг, Хорхойтын ам гэх нэртэй 3 га газарт ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, ямар нэгэн байдлаар ашигласан нөхцөл байдал харагдахгүй байна” гэжээ. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй болох нь үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан фото зургаар тогтоогдож байна ... Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газар дээрээ тодорхой төрлийн ажлууд хийж гүйцэтгэж, мөн газрыг зориулалтын дагуу ашиглахаар бүтээн байгуулалтыг хийгээгүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзлээ ... Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 131 дүгээр албан бичгээр ... Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар Хорхойтын ам, Урандөшийн хязгаарлалтын бүсэд газар ашиглагч иргэн Д.Д, Н.У нарын ашиглахаар авсан газарт өнөөдрийг хүртэл ямар нэгэн бүтээн байгуулалт, газар ашиглалтын үйл ажиллагаа хийгдээгүй байна гэжээ” гэх үндэслэлийг дурдаж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нарт маргаан бүхий газрыг ашиглах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дүгээр тушаалаар олгосон байх бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр газар ашиглах тухай гэрээ байгуулж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/574 дүгээр тушаалаар маргаан бүхий газруудын ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж, 2021 оны 03 дугаар сарын 18 болон 04 дүгээр сарын 13-ны өдрүүдэд газар ашиглах тухай гэрээг байгуулсан үйл баримтууд тогтоогдож байна.
6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно”, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр,” Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй “ бол хүчингүй болохоор хуульд зохицуулжээ.
7. Дээрх хуулиудад зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа этгээдийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн тохиолдолд хүчингүй болгохоор байна.
8. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/298, А/307 дугаар тушаалуудын 1 дэх заалтад нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон байна.
9. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалтын тухайд газар эзэмшигч, ашиглагч этгээд 1/ хүндэтгэн үзэх шалтгаангүй, 2/ гэрээнд заасан зориулалтын дагуу 3/ тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх урьдач нөхцөл бүрдсэн тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор заасан байна.
10. Маргаан бүхий захиргааны акт болох А/298, А/307 дугаар тушаалд “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх агуулгаар ойлгогдохгүй байх бөгөөд харин “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй” гэх агуулгаар ойлгогдож байх бөгөөд хуульд заасан гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх агуулгагүй, харин агуулгын хувьд 2-оос дээш жил ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгосон гэж ойлгохоор байна.
11. Өөрөөр хэлбэл хариуцагчаас нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо хуульд заасан 2 жил дараалан ашигласан, ашиглаагүй асуудалд ач холбогдол өгөөгүй харин нэхэмжлэгч нарыг тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй гэж үзэж хүчингүй болгосон байх бөгөөд 2015 онд ашиглах зөвшөөрөл олгож, гэрчилгээ олгон, гэрээ байгуулснаас хойш 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүчингүй болгох хүртэлх аль хугацаанд 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй талаар тушаалдаа тодорхой дурдаагүй байна.
12. Анхан шатны шүүхээс мөн нэхэмжлэгч нарт 2015 оны А/321 дүгээр тушаалаар газар ашиглах зөвшөөрөл олгож, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгон, гэрээ байгуулснаас хойш 2024 онд хүчингүй болгох хүртэлх аль хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй болохыг тодорхой дүгнээгүй байна.
13. Тухайлбал Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх/ашиглуулах/ тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй/ барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй / байхыг ойлгоно” тайлбарласан байх тул анхан шатны шүүхээс 2 жил дараалан ашиглаагүй хугацааг тодорхой болгох шаардлагатай.
14. Тодруулбал нэхэмжлэгч нарт ашиглах эрх үүссэн 2015 оноос хойш 2020 онд газар ашиглах эрхийн хугацааг сунгах хүртэлх хугацаанд тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн, аль эсвэл 2020 онд газар ашиглах хугацааг сунгаснаас хойш 2024 онд газар ашиглах эрхийг хүчингүй болгох хүртэлх хугацаанд газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн эсэхийг хариуцагчаас тайлбар авах замаар тодруулсны эцэст маргааныг шийдвэрлэснээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дэх заалт болон Монгол Улсын Дээд шүүхийн дээрх тайлбарыг зөв тайлбарлаж хэрэглэх боломжтой юм.
15. Учир нь хариуцагчаас нэхэмжлэгч нарын газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо дээрх хугацааг нарийвчлан тодорхойлоогүй бөгөөд 2015 онд газар ашиглах эрх олгоод 2020 онд газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан нь нэхэмжлэгч нарыг газраа зориулалтын дагуу ашиглаж байна гэж үзсэн учраас сунгасан байх боломжтой. Хэрвээ хариуцагчаас тухайн үед газар ашиглах гэрээг сунгахдаа тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байна гэж үзсэн тохиолдолд газар ашиглах эрхийг 5 жилээр сунгах бус хүчингүй болгох асуудал яригдах учиртай. Харин 2020 онд нэхэмжлэгч нарын газрыг 5 жилийн хугацаагаар сунгаснаас хойш 2024 онд хүчингүй болгох хүртэл хугацаанд ашиглаагүй гэж үзсэн тохиолдолд 2020 оноос 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжилсэн Монгол улсад дэгдсэн КОВИД-19 цар тахал нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдох тул энэ хугацааг ашиглаагүй гэж үзсэн хугацаанд оруулсан эсэхэд анхан шатны шүүхээс зайлшгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
16. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 714 дүгээр магадлалын ҮНДЭСЛЭХ хэсгийн 5.2-т “... хариуцагчаас 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн хугацааг хэдэн оноос эхэлж тооцсон нь тодорхойгүй ... бодит нөхцөл байдлыг л бүрэн дүүрэн тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв...” гэх үндэслэл зааж дээрх маргаан бүхий хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байхад анхан шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлэхдээ магадлалд дурдсан үйл баримтыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2026/0467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ Л.ОДБААТАР