Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2020/03259

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020                    10                   26                                                                      184/ШШ2020/03259                                                               

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК /Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо,  Өнөр хороолол, 27 дугаар байрны 81 тоотод оршин байх, РД 5788439/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах/-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батням /РД ИЗ99102211/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганцэцэг /ҮД 0791/, М.Үүлэнсолонго /ҮД 4266/, гэрч С.Цэвээнролом /РД ЙЛ72061502/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал нар оролцов. 

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М ХХК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4-132/31226 дугаартай мэдэгдлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болох төлбөр авагч Үндэсний хөрөнгө оруулалтын банк, төлбөр төлөгч “М ХХК” ХХК нарт хөрөнгө үнэлгээний тайлантай танилцах тухай мэдэгдэл ирүүлсэний дагуу төлбөр төлөгч “М ХХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, Б.Батням бид 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хөрөнгө үнэлгээний тайлантай танилцсан. Тус тайлангаар “М ХХК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б, Ш.Дондов, Ч.Сувдаа нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр 81 тоотод байрлах, 48 м.кв талбай бүхий 4 өрөө байрыг 120 523 500 төгрөгөөр үнэлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан эрхээ хэрэгжүүлэн доор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Үүнд: Хөрөнгө үнэлгээний хууль зөрчсөн талаар

Үнэлгээчин нь тухайн хөрөнгөнд үнэлгээ хийхдээ үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл, үйлчлүүлэгчийн нэр, хаяг, регистрийн дугаар болон шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл, хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт, хөрөнгийн үнэлгээ хийсэн хугацаа болон тайлангийн он, сар өдөр, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний зүйлийн өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаарх мэдээлэл, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хамрах хүрээ, хязгаарлах нөхцөл, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ. Хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн талаарх үнэлгээчний мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зурч, тэмдэг даран баталгаажуулсан байх ёстой.

Гэвч шинжээчийн дүгнэлтээс харахад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.3.8-д заасныг хангасан буюу хөрөнгө үнэлгээний тайланд ямар баримт, мэдээлэл үндэслэж хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар олж авсан эсэх нь нотлогдоогүй байна.

Тодруулбал тайлангийн 7 дугаар хуудсанд захиалагчийн хөрөнгийн байдалтай танилцсан, хөрөнгийн талаар хөрөнгийн өмчлөгчөөс мэдээлэл авч, зах зээлийн мэдээлэл цуглуулан, үнэлгээний аргачлал, тайлан боловсруулах үйл ажиллагааг гүйцэтгэгч хийсэн, тооцоонд хэрэглэсэн анхдагч материалыг үнэлгээ хийлгэж буй захиалагч ирүүлсэн бөгөөд тэдгээр материалын үнэн зөвийг магадлан шалгаагүй гэжээ.

Хэрэв захиалагчаар ирсэн баримт материалыг нягталж шалгаагүй бол бусдын эд хөрөнгийг хэрхэн үнэн бодитоор үнэлсэн, тус баримт материалын үнэн бодитой эсэх, өөр бусад этгээдийх эсэхийг хэрхэн мэдэх билээ.

Түүнчлэн зах зээлийн мэдээлэл цуглуулан үнэлгээ хийсэн гэж тэмдэглэсэн байвч хаанаас ямар арга замаар үнэн бодит зах зээлийн мэдээлэл цуглуулсан эсэх нь тодорхойгүй, үүнийг заавал нотлох ёстой байсан ч нотлоогүй байна.

Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1-т зааснаар шинжээч нар үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ тус орон сууцны хамгийн том давуу талыг нь орхигдуулан үнэлсэн байдаг. Тодруулбал тус орон сууц автобусны буудалд ойрхон, түрээслүүлэх боломжтой гэх мэт олон зүйл бичсэн. Гэтэл үнэлгээчин талбайн хэмжээний зөрүүг тооцоолоогүй байна. Тус орон сууцны 48 м.кв гэх талбайн хэмжээ нь үүдэн хэсгийн коридор, ариун цэврийн өрөө, гадаа тагтны хэмжээ ороогүй. Гэтэл үнэлгээчин энэхүү талбайн зөрүүг бодож гаргасан эсэх нь эргэлзээтэй, гаргасан бол түүнийг нотлох баримтыг тус тайланд хавсаргаагүй нь хуулийн 9.2.3-т заасныг зөрчсөн байна.

Дээр дурдсан зүйлсийг нарийн тодорхойлоогүй, зарим хэсгийг тодорхойлсон ч түүнийгээ нотлох баримтыг тайланд хавсаргаагүй атлаа зах зээлийн ханшаар үнэлгээгээр Э.Б нарын өмчлөлийн байрыг үнэлсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Иймээс бид тухайн хөрөнгийг хэт бага үнээр үнэлсэн гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүд нь тухайн үнэлгээ хийсэн этгээдүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугар зүйлийн 55.1-т заасныг зөрчиж, үндэслэлгүй үнэлгээ хийсэн болохыг харуулж байна.

Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006061 дугаарт бүртгэгдсэн  Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр 81 тоотод байрлах, 48 м.кв талбай бүхий 4 өрөө иргэн Э.Б, Ш.Дондов, Ч.Сувдаа нарын өмчлөлийн орон сууцыг үнэлсэн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ОС20/11 дугаарт үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр 81 тоотод байрлах, 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 120 523 500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнээс бага үнэлсэн, үнэлгээ хийх эрхгүй этгээд үнэлсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 48 м.кв хэмжээнд гал тогоо, үүдний, тагт, коридорийн хэмжээ ороогүй байдаг. Энэ хэмжээг хэрхэн хэмжсэн нь тодорхойгүй. Мөн “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон байхад Ч.Чинбат биш С.Цэвээнролом гэж гарын үсэг зурж, орон сууцыг үнэлсэн нь уг компаниас эрх олгоогүй хүн үнэлгээг хийсэн байгаа нь Шүүхийн шинжилгээний хуулийг зөрчсөн байна гэжээ.    

 

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2016/01556 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 656 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/00772 дугаар тогтоолоор “М ХХК” ХХК-аас 68 917 305 төгрөг гаргуулж, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд олгох, хариуцагч үүргийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006061 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 27 дугаар байрны 81 тоотод байрлах, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг албадан худалдан борлуулж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Гүйцэтгэх баримт бичгийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, төлбөр төлөгч “М ХХК” ХХК-ийн захирал Э.Бэд төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гардуулсан боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн  Ү-2201006061 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 27 дугаар байрны 81 тоотод байрлах, 48 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17271201/03 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 17271201/8 дугаар хураах тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгоход 120 523 500 төгрөгөөр үнэлсэн.

Дээрх үнэлгээний тайланг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1-д зааснаар үнэлгээний тайлан мэдэгдлийг төлбөр төлөгч “М ХХК” ХХК-ийн захирал Э.Б, хамтран өмчлөгч Ш.Дондов, Ч.Сувдаа нарын оршин суугаа хаягаар очиж, өмчлөгч Ш.Дондовт гардуулж, төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нарт дамжуулан мэдэгдэхээр хүлээн авсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч нь 3 жил төлбөрийг төлөөгүй учир барьцааны хөрөнгөөр хангуулах ажиллагаа хийхээр эд хөрөнгийг битүүмжилж, хураах тогтоол гаргаж, үнийн санал авсан. Үнийн санал ирээгүй,төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 8/380 тогтоолоор шинжээчээр “Баян модот” ХХК-ийг томилж, шинжээч С.Цэвээнроломд хууль сануулж, дүгнэлтээ 8 дугаар сарын 31-ний дотор ирүүлэхийг даалгасан.

Үнэлгээний тайланг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, хөрөнгийг 120 523 500 төгрөгөөр үнэлсэн. Уг барилга 1988 онд ашиглалтад орсон, угсармал, 32 жил ашиглаж байгаа, сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээнд ойрхон зэрэг орчины шинжилгээ хийсэн байдаг. Зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэдгээ өөрсдөө нотлох ёстой. Ийм баримтыг авчирч өгөөгүй. С.Цэвээнролом “Баян модот” ХХК-ийн ажилтан биш бол юу гэж итгэмжлэл олгох юм. Уг итгэмжлэлд Ч.Чинбат захирал өөрөө гарын үсэг зураад тоотоор хүргүүлсэн байгаа. Төлбөр төлөгчид нь санаатай төлбөр төлөхөөс зайлсхийж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М ХХК” ХХК нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж маргажээ.

 

Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдов.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2016/01556 дугаартай шийдвэрээр ... хариуцагч “М ХХК” ХХК-аас 68 502 468.51 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д олгох, хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006061 дугаарт бүртгэгдсэн  Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр 81 тоотод байрлах, 48 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

/хх-ийн 27-31 дүгээр тал/

 

Дээрх шийдвэрийг зохигчийн давж заалдах гомдлын дагуу хянаад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 656 дугаартай магадлалаар хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсныг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/00772 дугаартай тогтоолоор хянаад магадлалыг хэвээр үлдээсэн байна.

/хх-ийн 32-36, 37-39 дүгээр тал/

 

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШЗ2017/07808 дугаартай захирамж гарч, мөн өдөр 854 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба уг гүйцэтгэх хуудсанд төлбөр төлөгч  ...”М ХХК” ХХК-аас 68 502 468 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 414 837 төгрөгийг гаргуулан төлбөр авагч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-д олгох, хэрэв төлбөрөө сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг  маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр 81 тоотод байрлах, 48 м.кв талбай бүхий, 000323545 дугаар гэрчилгээтэй, Ү-2201006061 улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахаар заажээ.  

/хх-ийн 25, 26 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогчдод мэдэгдэн тэмдэглэл хөтөлж, мөн хуулийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг битүүмжлэх,  хураах ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч нараас санал авч, уг үнэлгээг төлбөр авагчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шинжээч томилж, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргуулж, уг үнэлгээний 70 хувиар анхны дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагааг хийх”-ээр тус тус заажээ.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж, шинжээч нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана гэжээ.

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлд дурдсан төлбөр төлөгч “М ХХК” ХХК-ийн захирал Э.Бэд төлбөр төлөх тухай мэдэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гардуулж, тэрээр шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул түүний болон Ш.Дондов, Ч.Сувдаа нарын гурван иргэний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр битүүмжлэн, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авах талаар мэдэгдэхэд өмчлөгч нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 300 000 000 000 төгрөгөөр үнэлж байгаа тухай хүсэлтийг 2020 оны 8 дүгээр сарын 20-ны өдөр гаргасныг төлбөр авагч “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК нь зөвшөөрөхгүй гэж, шинжээч томилуулах хүсэлтийг мөн өдөр гаргасан байна.

/хх-ийн 56-58, 59, 61 дугаар тал/

 

Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 8/380 дугаартай ‘Шинжээч томилох тухай” тогтоолоор “Баян-Модот” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлтээ 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж ирүүлэхийг даалгаж, С.Цэвээнроломд хууль сануулж, гарын үсэг зуруулжээ.

/хх-ийн 62 дугаар тал/

 

“Баян-Модот” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Чинбатын гарын үсэг бүхий 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ОС20/11 дугаартай хөрөнгийн үнэлгээний тухай гэх албан бичиг болон хавтас хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлан гэх баримтаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 120 523 500 төгрөгөөр үнэлсэн байна.

/хх-ийн 65, 67-72 дугаар тал/

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байр 81 тоотод байрлах, 48 м.кв талбай хэмжээнд гал тогоо, үүдний, тагт, коридорийн хэмжээ ороогүй байхад энэ хэмжээг хэрхэн хэмжсэн нь тодорхойгүй, мөн “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон байхад Ч.Чинбат биш С.Цэвээнролом гэж хүн гарын үсэг зурж, орон сууцыг үнэлсэн нь уг компаниас эрх олгоогүй хүн үнэлгээг хийсэн” гэжээ.

 

Шинжээч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журам, заалтыг мөрдлөгө болгох үүрэгтэй байх ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд” гэж мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхийг болон хуульд заасан төрийн эрх бүхий байгууллагыг, 6.1.2-т “шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг ойлгоно гэжээ.

 

Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн 8/380 дугаартай шинжээч томилох тогтоолоор ...төлбөр төлөгч Э.Б болон хамтран өмчлөгч нарын эрхийн улсын бүртгэлийн Ү-2201006061 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 81 тоотод байрлах, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоохоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон байхад С.Цэвээнролом уг үнэлгээг гаргасан байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан журмын дагуу томилогдсон этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна. Тодруулбал маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргасан С.Цэвээнролом нь шийдвэр гүйцэтгэгчээс томилогдсон “Баян-Модот” ХХК-ийн ажилтан мөн эсэх, уг компаниас түүнийг уг хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор томилсон эсэх нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “С.Цэвээнролом “Баян модот” ХХК-ийн ажилтан биш бол юу гэж итгэмжлэл олгох юм” гэж маргаж байх боловч хавтас хэрэгт авагдсан “Баян модот” хөрөнгийн үнэлгээний компанийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 85 дугаартай албан бичигт “Итгэмжлэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 8/380 тоот тогтоолын дагуу, Иргэний тухай хуулийн 177 дахь заалтад заасан дуудлага худалдаанд хөндлөнгийн шинжээч буюу хөрөнгийн үнэлгээний компанийг тогтоол болон бусад баримт бичиг, хөрөнгийн үнэлгээний тайланд төлөөлж гарын үсэг зурах, ИХШХШ-лэх тухай хуулийн 29, 35-р зүйлийг үндэслэн шүүхэд гэрчээр оролцох бүрэн эрхийг хөрөнгийн үнэлгээчин С.Цэвээнролом /РД ЙЛ72061502/-д энэхүү итгэмжлэлийг олгож байна. Тус итгэмжлэл нь олгосон өдрөөс хойш  1 /нэг/ жилийн хугацаатай болно. Итгэмжлэл гаргасан гүйцэтгэх захирал Ч.Чинбат” гэжээ.

/хх-ийн 125 дугаар тал/

 

Дээрх итгэмжлэл гэх баримтаар тус “Баян модот” ХХК-ийг төлөөлөн дуудлага худалдаанд хөндлөнгийн шинжээч буюу компанийг төлөөлөн тогтоол, бусад бичиг баримт, хөрөнгийн үнэлгээний тайланд  гарын үсэг зурах, гэрчээр оролцох зэрэг эрхийг С.Цэвээнроломд 1 жилийн хугацаатай олгосон байгаа нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор томилогдсон гэж үзэх боломжгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-т “шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш шийдвэр гүйцэтгэгч нь ажлын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэн, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасны дагуу шинжээчийн үнэлгээний тайланг тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч “М ХХК” ХХК-ийн захирал Э.Б болон хамтран өмчлөгч Ч.Сувдаа, Ш.Дондов нарт 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 4-132/31226 тоот  мэдэгдлээр 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэн, шинжээчийн үнэлсэн үнэ болох 120 523 500 төгрөгийн үнэлгээг, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй тохиолдолд шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж, энэ талаар хариуг бичгээр ирүүлэхийг тус тус мэдэгдсэн, уг мэдэгдлийг хамтран өмчлөгч Ш.Дондов мөн өдөр хүлээн авсан болох нь хавтас хэрэгт авагдсан 4-132/31226 дугаартай мэдэгдэл, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн тухай баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчөөгүй байна.

/хх-ийн 78, 79, 80 дугаар тал/

 

Төлбөр төлөгч “М ХХК” ХХК /захирал Э.Б/ нь үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн дотор шүүхэд гаргасан байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 184/ШШ2016/01556 дугаартай шийдвэрийн  дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад Ү-2201006061 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 81 тоотод байрлах, 48 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцанд үнэлгээ хийлгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч “М ХХК” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М ХХК” ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэхэмжлэгч “М ХХК” ХХК-ийн захирал Э.Б болон хамтран өмчлөгч Ч.Сувдаа, Ш.Дондов нарын өмчлөлийн Ү-2201006061 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 81 тоотод байрлах, 48 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцанд үнэлгээ хийлгэсэн ажиллагааг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М ХХК” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЧИМЭГ