Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2020/03103

 

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2020/03103

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

2020 10 13

184/ШШ2020/03103

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, . дүгээр байрны .. тоот хаягт оршин суух, эмэгтэй, М овогт Б.Б /регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, .. байрны . тоот хаягт оршин суух, эмэгтэй, Б овогт С.Х /регистрийн дугаар: ../-д холбогдох,

 

Орон сууц хөлслөх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1.083.709 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие багын найз С.Хд Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, .. тоот хаягт байрлах 40.25 м.кв талбайтай орон сууцыг хөлслүүлэхээр болсон. Хариуцагч С.Х нь орон сууцны хөлсний оронд тухайн орон сууцны гэрчилгээг гаргуулж өгөх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүйгээс 2.000.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн 100.000 төгрөгөөр маск худалдан борлуулахаар тохирсон боловч 400.000 төгрөгийн маскны төлбөрийг төлөөгүй. С.Х нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 15-ыг хүртэл 5 сарын хугацаанд суухдаа ашиглалтын зардал болох 783.709 төгрөгийг төлөөгүй. Бид найз нөхөд учир өөрт учирсан хохирол 2.000.000 төгрөг, мөн маскны үнэ болох 400.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Харин 2 сарын орон сууцны хөлс 200.000 төгрөг, маск худалдан борлуулах ажлын хөлсөнд төлсөн 100.000 төгрөг, мөн ашиглалтын зардал 783.709 төгрөг, нийт 1.083.709 төгрөгийг хариуцагч С.Хаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал 5 сарын хугацаанд Б.Бийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн .. дугаар хороо ... дүгээр байрны ... тоот хаягт байрлах 40.25 м.кв талбай бүхий орон сууцыг сарын 100.000 төгрөгөөр хөлсөлж суусан нь үнэн. Нэхэмжилж байгаа 2 сарын хөлс болох 200.000 төгрөг, маск худалдан борлуулах ажлын хөлс гэх 100.000 төгрөг, нийт 300.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин ашиглалтын зардал 783.709 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь миний суугаагүй үеийн ашиглалтын зардал нэхэмжилсэн, мөн зардлыг өндөр үнээр тооцож нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн би нэхэмжлэгч Б.Бт 120.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн өгсөн тул энэ дүнг нэхэмжлэлээс хасуулах хүсэлтэй байна гэв.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Хд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 2.000.000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 783.709 төгрөг, хөлсөөр ажиллах гэрээний дагуу төлсөн хөлс, учирсан хохиролд 500.000 төгрөг, нийт 3.283.709 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, орон сууцны 2 сарын хөлс 200.000 төгрөг, ашиглалтын зардал 783.709 төгрөг, ажлын хөлс 100.000 төгрөг, нийт 1.083.709 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

 

Хариуцагч С.Х ажлын хөлс 100.000 төгрөг, орон сууцны 2 сарын хөлс 200.000 төгрөг, нийт 300.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин орон сууцны хэрэглээний зардлыг хэт өндрөөр тооцсон, ашиглаагүй хугацааны төлбөрийг нэхэмжилсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр байрны . тоот хаягт байрлах 40.25 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд хариуцагч С.Хд хөлслүүлэхээр харилцан тохиролцсон талаар маргаагүй. Энэ тохиолдолд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар уг үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.

Түүнчлэн, хариуцагч С.Х нь нэхэмжлэгчийн шаардсан орон сууцны 2 сарын хөлс 200.000 төгрөг болон ажлын хөлсөнд төлсөн 100.000 төгрөг, нийт 300.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг зөвшөөрсөн тул эдгээр шаардлагуудтай холбоотой нотлох баримт үнэлэх ажиллагаа хийгдэхгүй.

Харин талууд орон сууцны ашиглалтын зардлын хэмжээний талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь Юнивишн ХХК-ийн үйлчилгээний төлбөрт нийт 232.402 төгрөг, цахилгааны төлбөрт 105.454 төгрөг, ус, дулааны төлбөрт 239.288 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 205.965 төгрөг, нийт 783.709 төгрөгийг шаардсан болно.

 

Хариуцагч С.Хы хувьд, орон сууцыг хөлслөн суух 5 сарын хугацаанд ашиглалтын төлбөр төлөөгүй талаараа, мөн уг төлбөрийг төлөх үндэслэлтэй эсэх талаар маргаагүй боловч ашигласан хугацаанд хамаарахгүй хөлс нэхсэн, хэт өндөр үнээр тооцсон гэж маргасан нь үндэслэлтэй байна.

 

1. Нэхэмжлэгч тал 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 31-нийг дуустал 6 сарын хугацаанд хамаарах Юнивишн ХХК-ийн төлбөр нэхэмжилсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагч С.Х орон сууцыг 5 сар ашигласан байх тул эхний 5 сарын төлбөрийн баримтад бичигдсэн дүн болох 167.346 төгрөгийг гаргуулна.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн цахилгааны төлбөрийн баримт нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хамаарч байна. Гэтэл хариуцагч С.Х нь орон сууцанд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орсон тул мөн өдөр эрх бүхий этгээдээс нэхэмжилсэн 11.680 төгрөгийг төлөх учиргүй. Түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 6.470 төгрөгийн алданги нэхсэн байгаа нь өмнөх тооцоонд хамаарахаар байх тул уг алдангийг мөн хариуцагч С.Х хариуцахгүй юм. Иймд хариуцагч С.Хаас 5 сарын цахилгааны төлбөрт нийт 87.303 төгрөгийг гаргуулна.

 

3. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн сууц өмчлөгчдийн холбооны төлбөр нэхэмжилсэн баримтаас үзвэл, 2019 оны 10 дугаар сараас мөн оны 12 дугаар сарыг дуустал сар бүр 22.262 төгрөгөөр, 2020 оны 1 болон 2 дугаар саруудад тус бүр 16.262 төгрөгөөр хураамжийг тооцон нэхэмжилжээ. Иймд 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 2 дугаар сарыг дуустал 5 сарын хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт хариуцагч С.Хаас нийт 99.310 төгрөгийг гаргуулна.

 

4. Нэхэмжлэгч нь ус, дулааны төлбөрт нийт 239.888 төгрөг нэхэмжилсэн боловч энэ төлбөрийг нотолсон баримтын зарим бичвэр эргэлзээтэй байна. Тухайлбал, хавтаст хэргийн 18 дугаар талд авагдсан Батбаян-Дулаан ХХК-ийн Төлбөрийн нэхэмжлэх 2020/3 баримтад, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 03 сарын 20-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд хамаарах төлбөрийг нэхэмжилсэн талаар бичигджээ. Энэ баримтад бичигдсэнээр цэвэр усны 1 сарын төлбөр 88.040 төгрөг, бохир усны 1 сарын төлбөр 71.920 төгрөг, халуун ус халаасан дулааны 1 сарын төлбөр 99.552 төгрөг гарсан хэмээн нэхэмжилсэн нь эргэлзээтэй байна.

 

Учир нь, нэхэмжлэгч 5 сарын хугацааны ус, дулааны төлбөрт нийт 239.888 төгрөгийг нэхэмжилсэн. Гэтэл Батбаян-Дулаан ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх баримтад 1 сарын ус, дулааны төлбөрийг 314.946 гэж илтэд зөрүүтэй бичсэн байна. Ийнхүү нэхэмжлэгчийн тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтууд зөрүүтэй, эргэлзээ төрүүлэхүйц байх тул уг баримтын холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

Харин дээрх баримтад дулааны төлбөрийн нэгжийн үнийг 506 төгрөгөөр тооцож бичсэн нь тогтмол тоо гэж үзэхээр байна. Хариуцагчийн хөлсөлсөн орон сууц нь 40.25 м.кв талбайтай тул эдгээр тогтмол тоонд үндэслэсэн дүн болох 20.366 төгрөгийн ус дулааны төлбөрийг үнэн зөв гэж үзэх боломжтой. Баримтад бичигдсэнээр, 1 сарын дулааны төлбөр 20.366 төгрөг байх ба орон сууцыг хөлслөн суусан 5 сарын хугацаа нь өвлийн улиралд хамаарах тул 101.830 төгрөгийг, дулааны суурь хураамж 3.300 төгрөг, мөн нэмэгдсэн өртгийн албан татварын хамтаар нийт 115.643 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар талууд өөрийн тайлбар татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь дээр дурдсанаар цэвэр, бохир ус ашигласны төлбөр, мөн ус халаасны төлбөрийг эргэлзээгүй баримтаар нотолж чадаагүй тул цэвэр, бохир ус ашигласны төлбөр болон ус халаасны төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч С.Х нь 120.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид өгсөн гэх үндэслэлээр, энэ дүнг суутган тооцох ёстой гэх боловч тэрээр 120.000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул уг үнийн дүнг нэхэмжилсэн үнийн дүнгээс суутган тооцох боломжгүй.

 

Талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг бүрэн гүйцэд тайлбарлаж өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаа дууссан тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд маргааныг шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагчийн төлөх ёстой орон сууцны хөлс, ашиглалтын зардал нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт, маск худалдан борлуулах ажлын хөлсөнд төлсөн 100.000 төгрөгийг буцаан гаргуулах эрх нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг буцаан шаардах эрхэд тус тус хамаарах ба талуудын хооронд хийгдсэн эдгээр тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

Иймд хариуцагч Х-аас нийт 769.602 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэсэн тул хангасан хэсэгт ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг тус тус баримтлан С.Хаас 769.602 төгрөгийг гаргуулан Б.Бт олгож, нэхэмжлэлээс 314.107 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67.489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Хаас 23.020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР