Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 136/ШШ2020/00100

 

2020 оны 02 сарын 21 өдөр                         136/ШШ2020/00100                              Дорноговь аймаг

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Айраг сум, 4 дүгээр баг, Уурхайчдын гудамжны 3-03 тоотод оршин суух Хондого овогт Хүрэлбаатарын Цацрал /РД:ЕА90031308/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Хөвсгөл сум, 4-р багт оршин суух Вангын хүрээ овогт Оросоогийн Ганзориг /РД:ЕЙ90041612/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Цацрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Х.Цацрал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Цацрал миний бие 2011 оноос 2013 оны хооронд О.Ганзориг гэдэг залуутай танилцан хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Энгүн гэх охинтой болсон. Одоо охин Энгүн 7 нас 4 сартай эрүүл саруул бойжиж байна. Ганзориг нь намайг жирэмсэн байх хугацаанд өөр хүмүүстэй удаа дараа явалдаж тэд нараас нь миний утсанд доромжилсон мессэж ирдэг байсан. Энэ байдлаас болж хэрүүл маргаан гардаг байсан. О.Ганзориг нь 2013 оны 10 дугаар сард хот орж ажил хийнэ гэж яваад сураггүй болсон. Сураг сонсоход Сэлэнгэ аймгийн Зүүнхараад эхнэр хүүхэдтэй болж амьдарч байгаа сурагтай. Иймд О.Ганзоригоос охин Энгүнд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа: Би Х.Цацралын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Х.Цацрал нь надад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ийм учраас өөрийн охин болох Энгүнд хүүхдийн тэтгэлэг төлөх болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хасэгт зааснаар “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч Х.Цацрал нь хариуцагч О.Ганзоригт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах  үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х.Цацрал, хариуцагч О.Ганзориг нар нь 2011 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр охин Энгүн төрсөн нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчид 2013 оноос тус тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар эцэг эх нь үр хүүхдээ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т хүүхдийн тэтгэлэгийг нэг удаа олгож болохоор заасан.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөх тэтгэлэгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 70200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                             ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Энгүнийг эцэг О.Ганзоригоор тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоосугай.

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Ганзоригоос сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Энгүнд хүүхдийн тэтгэлэг гаргуулан сар бүр эцэг О.Ганзоригоор тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар хариуцагч О.Ганзоригоос нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож,  53 023 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

                        

                                                  

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.НАРАНЦЭЦЭГ