Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сеймуратын Еркеш |
Хэргийн индекс | 110/2019/0000/З |
Дугаар | 110/ШШ2019/0044 |
Огноо | 2019-06-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 110/ШШ2019/0044
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Толбо сумын 5 дугаар багийн оршин суугч Хн Мын нэхэмжлэлтэй;
Хариуцагч: Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд холбогдох;
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолын К.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус Салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ербол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1. Үйл баримтын тухай
Нэхэмжлэгч Х.М би Төрийн албаны зөвлөлөөс 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож, 2 дугаар байр эзэлж, 63 оноотойгоор нөөцөд бүртгэгдсэн. 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэнээс авсан мэдээллийн дагуу Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байгаа К.Ты дээрх сонгон шалгаруулалтад оролцохдоо гаргаж өгч байсан дээд боловсролын баримт бичиг буюу диплом хүчин төгөлдөр эсэхийг тогтоолгохоор Төрийн албаны салбар зөвлөлд хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтаар К.Ты сонгон шалгаруулалтад бүртгүүлэхдээ гаргаж өгч байсан Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн нягтлан бодогчийн мэргэжлийн диплом хуурамч болохыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Санхүү, эдийн засгийн их сургуулиас холбогдох мэдээллийг авсны үндсэн дээр шалгаж тогтоож, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга А.Серикболатад 2018 оны 03/65 тоот албан бичгээр мэдэгдсэн байна. Уг албан бичгийг үндэслэн миний гаргасан хүсэлтийн хариуг Төрийн албаны салбар зөвлөлийн дарга 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 51 тоот албан бичгээр мэдэгдсэн ба уг албан бичгийн дараа К.Т нь мэргэжлийн дипломгүй, хуурамч баримт бичиг ашиглаж төрийн жинхэнэ албанд томилогдсон тул түүний нэрийг дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгож, миний нэрийг дэвшүүлж өгөхийг хүсэж 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Төрийн албаны салбар зөвлөлд хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн хариу болох 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 63 тоот албан бичгийг 2018 оны 03 дугаар сарын 20-нд гардуулж өгсөн. Салбар зөвлөлийн дарга А.Серикболат нь амаар нөөцөд байх 2 жилийн хугацаа өнгөрсөн нэр дэвшүүлэх боломжгүй гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлд Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд К.Тыг томилуулахаар нэр дэвшүүлсэн Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэрийг хүчингүй болгож, миний нэрийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн шийдвэр гаргахыг салбар зөвлөлд даалгах гомдол гаргасан ба уг гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 328 тоот албан бичгээр хуулийн дагуу арга хэмжээ авч, хууль зөрчсөн асуудлыг эрх бүхий байгууллагаар шалган шийдвэрлүүлэхийг үүрэг болгож, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг даалгасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 328 тоот албан бичгийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гардаж авч, танилцсан. Уг хугацаанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа тоологдож эхэлсэн.Төрийн албаны салбар зөвлөлийн дарга А.Серикболатаас 2018 оны 36 тоот албан бичгээр хуулийн байгууллагаар шалгаж байгаа тул эцсийн шийдвэр гарах хүртэл салбар зөвлөлөөс дүгнэлт гаргах боломжгүй гэж Төрийн албаны салбар зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн талаар хариуг өгсний дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин Төрийн албаны зөвлөлд хандсан боловч хариу өгөөгүй байна. Салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 328 тоот албан бичгийг огт биелүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар шүүхэд нэхэмжлэл эрх үүссэн.
2. Нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн талаар:
К.Т ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагатай холбоотой чухал бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж, шаардлагыг хангаагүй мөртлөө сонгон шалгаруулалтад оролцож, улмаар Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдоогүй байсан бол миний бие тухайн үед уг албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6-д заасны дагуу томилогдон ажиллах боломжтой байсан.
Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын журам-ын 39-д Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна гэж заасан боловч надаас шалтгаалаагүй буюу К.Ты хууль бус үйл ажиллагааны улмаас миний удирдах албан тушаалтны нөөцөд байх хугацаа өнгөрсөн байдаг.Мөн журмын 40-д Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй гэж заасны дагуу бусдын хууль бус үйл ажиллагааны улмаас миний нэр дэвших эрх хязгаарлагдаж, дуусгавар болсон байх тул миний нэрийг Баян- Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилуулахаар дэвшүүлэх нь шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэх юм. Энэ талаарх үндэслэлээ тайлбарлаж Төрийн албаны салбар зөвлөлд хандаж Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, намайг томилуулахаар нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, 48.2.4-т захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх. айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн гэж тус тус заасан үүргээ санаатайгаар биелүүлээгүй гэж үзэж байна. 2015 онд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа бөгөөд К.Ты хууль бус үйлдлийн улмаас 2015 онд миний эрх зөрчигдсөн тул Төрийн албаны салбар зөвлөл миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгөөгүй нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг зөрчиж байна.
Төрийн албаны салбар зөвлөл нь эс үйлдэхүйгээрээ миний төрийн алба хаах эрхийг зөрчиж, цалин хөлс авах боломжгүй болгож хохирол учруулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 102 дугаар зүйлийн 102.1-т Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно, 103 дугаар зүйлийн 103.1-т Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж тус тус заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх өдөр хүртэлх Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын Санхүүгийн албаны даргын албан тушаалын цалин хөлсийг Төрийн албаны салбар зөвлөлөөс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 9 дүгээр тогтоолын К.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагыг хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Учир нь, Төрийн албаны салбар зөвлөл 2015 оны 09 тоот тогтоолын К.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хүчингүй болгосон тогтоолыг шүүхэд ирүүлсэн байгаа.
Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлэх тогтоол гаргахыг даалгах шаардлагын хувьд нэхэмжлэгч энэ шаардлагын үндэслэлийн талаар нэхэмжлэлдээ хангалттай дурдсан. Нэхэмжлэгчийн өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар буюу бусдын гэмт хэрэг үйлдсэний улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн. 2 жилийн нөөцөд байх хугацаа өнгөрсөн нь энэ гэмт хэргийн улмаас мөн Төрийн албаны салбар зөвлөлийн тухайн үед нэр дэвшигчийн бичиг баримтыг нягтлах, холбогдох газраас лавлагааг авах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс болж нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байна. Маргаан бүхий албан тушаалд томилогдон ажиллаж байсан К.Ты гэм буруугийн талаар болон хууль тогтоомж зөрчсөн асуудлаар прокурорын байгууллага,Төрийн албаны зөвлөлөөс холбогдох шийдвэр гарсан ба энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй гэж үзэж байна. Нөхцөл байдал ийм байдлаар тогтоогдсон байхад Төрийн албаны салбар зөвлөлөөс ямар хууль зүйн үндэслэлээр нэр дэвшүүлэхээс татгалзаж байгаа нь тодорхой бус байна. Нэхэмжлэгчийн нөөцөд байх 2 жил хугацаа өнгөрсөн, өнгөрсөн асуудал нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй, бусдын гэм буруутай үйлдлийн улмаас болж өнгөрсөн болох нь тогтоогдсон. Энэ тохиолдолд яах ёстой вэ гэсэн хууль, журмын нарийвчилсан зохицуулалт байхгүй, гэхдээ энэ үндэслэлээр тухайн асуудлыг шийдвэрлэхээс татгалзах үндэслэл байхгүй. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 39,40 дүгээр зүйлд заасан хүрээнд нэр дэвшүүлэх шийдвэр гаргах үүргээ хуульд заагаагүй үндэслэлээр хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ, 11.6-д Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй гэж тус тус заасан.
Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам нь маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалт зохион байгуулагдах, нэр дэвшүүлэх ажиллагаа явагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Уг журмын 2.2-д Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна гэж заасан, 2.2.1-д Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон, гурван сараас дээш хугацааны сургалтаар бэлтгэгдэх болсон, цэргийн жинхэнэ алба хаах болсон зэрэг мөн зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц, 2.2.2-т Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон зэрэг мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц, 2.2.3-д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авч, төрийн жинхэнэ албаны ямар нэгэн албан тушаалд ажиллахгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөгдөж байгаа ажилтны нөөцийн талаар ингэж зохицуулсан.
Мөн журмын 4.2-т Энэхүү журмын 2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон 2.2.1, 2.2.2. 2.2.3, 2.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч төрийн жинхэнэ албанд эргэж томилогдох хүртэл нөөцөд байхаар зохицуулсан. Удирдах албан тушаалтны нөөцөд байх хугацаа бусдын гэм буруутай үйлдлийн улмаас дууссан, эсхүл тухайн албан тушаалд томилогдож чадаагүй бол эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг нарийвчилсан хууль, журмын зохицуулалт байхгүй. Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц болон сонгон шалгаруулалттай холбоотой бүрэн эрхийг хэрэгжүүлдэг Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон журамд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөгдөж байгаа албан тушаалтныг нөөцөд байхаар, түүний нөөцөд байх хугацааг хязгаарлахгүй байхаар зохицуулсан. Тэгэхээр энэ маргаанд төсөөтэй харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчмын дагуу шийдэх ёстой гэж үзэж байна.
Дээрээс нь нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүсэлт гаргахдаа миний бие 2015 оны 02 дугаар сард төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн ба тухайн үед миний эрх ашиг хөндөгдсөн байна, миний зөрчигдсөн эрхийг сэргээж, К.Ты нэрийг дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгож, миний нэрийг тухайн албан тушаалд дэвшүүлэх тогтоол гаргаж өгнө үү гэж хандсан байдаг. Үүнээс К.Т нь 2018 онд гэмт хэрэг үйлдээд албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа тухайн оронд миний нэрийг дэвшүүлэх ёстой гэсэн байдлаар маргаагүй. Нэхэмжлэгчийн хувьд 2015 онд зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Анх нэхэмжлэгчид 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 63 тоот албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлөөс хариу өгсөн. Уг хариу албан бичигт энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа тул эрх бүхий байгууллагаас эцсийн шийдвэр гарах хүртэл дүгнэлт гаргах боломжгүй гэж дурджээ. Төрийн албаны салбар зөвлөлөөс К.Ты гэм буруугийн асуудал тогтоогдоогүй байна,гэм буруу нь тогтоогдсоны дараа уг асуудлыг шийдэх юм байна гэсэн итгэл төрүүлсэн хариуг өгсөн. Тухайн хүний асуудал бүрэн тогтоогдсон, К.Т гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөд мэдүүлэг өгсөн, мөн шүүхэд хүсэлт гаргаж гуравдагч этгээдээр энэ хэрэгт оролцохоос татгалзсан. Гэтэл Төрийн албаны салбар зөвлөлөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн нөөцөд байх хугацаа нь дууссан тул түүний нэрийг дэвшүүлэх боломжгүй гэж албан бичгээр шүүхэд тайлбар хүргүүлсэн. Ийм байдлаар 2 өөр тайлбар өгсөн. Сүүлд шүүхэд гаргасан тайлбарыг тус аймаг дахь салбар зөвлөлийн дарга өгсөн болохоос салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд нэхэмжлэгчийн нөөцөд байх хугацаа нь дууссан тул түүний нэрийг дэвшүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан зүйл байхгүй гэж үзэж байна. Салбар зөвлөлийн дарга нь зөвлөлийн хуралдааныг даргалах эрхтэй болохоос биш төлөөлөөд шийдвэр гаргах эрхгүй. Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн нэхэмжлэгчийн нэрийг дэвшүүлэх тогтоол гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6-д заасан зохицуулалт болон Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах журмын 39 дүгээр зүйлийг тус тус зөрчиж байна. Мөн нэхэмжлэгчийн төрийн алба хаах, албан тушаал эрхлэх эрхийг давхар зөрчиж байгаа, Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа тул хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бусад тооцож, нэр дэвшүүлэхийг даалгах шаардлагыг хангах шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. К.Тыг томилсон тогтоолыг Төрийн албаны салбар зөвлөл өөрөө хүчингүй болгож, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул дараагийн шаардлагуудыг зөвшөөрсөн гэх үндэслэлээр хангагдаад явах боломжтой байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Төрийн албаны салбар зөвлөлөөс Х.Мын нэрийг дэвшүүлсэн тогтоол гаргасан бол Х.М нь ажилд томилогдож, хөдөлмөр эрхлээд цалин хөлс авах эрх нь үүсэх байсан. Гэтэл уг үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч ажилдаа томилогдоогүй, цалин хөлс авч чадаагүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 102 дугаар зүйлийн 102.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар учирсан хохирол буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Төрийн албаны салбар зөвлөлөөс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Цалин хөлсийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тооцож байгаа шалтгаан нь К.Т хуурамч диплом ашиглаж төрийн албаны сонгон шалгаруулалтад орсныг Төрийн албаны салбар зөвлөл мэдсэн, энэ талаар нотлох баримт ирсэн тул нэхэмжлэгчээс энэ асуудлыг шийдэж өгнө үү гэдэг хүсэлтээ салбар зөвлөлд гаргасан. Гэтэл салбар зөвлөл нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй хугацаа алдагдуулсан учраас тэр өдрөөс эхлэн тоолсон. Үүнээс өмнөх хугацааны тухайд Төрийн албаны салбар зөвлөл энэ асуудлыг хангалттай нотлох баримтаар мэдээгүй учраас тухайн хугацааны цалин хөлсийг нэхэмжлээгүй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийг төлөөлж дарга Х.Тилеген шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Нэгдүгээр шаардлагын хүрээнд: Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолын К.Тд холбогдох хэсгийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар тогтоолоор хүчингүй болгосон юм.
Хоёрдугаар шаардлагын хүрээнд: Х.Мын нэрийг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нөөцөөс нэр дэвшүүлэх боломжгүй байна. Учир нь Х.М нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд шалгалт өгсөн боловч одоо нөөцөд байгаа хоёр жилийн хугацаа дууссан байна. Тиймээс Толбо сумын Засаг дарга буюу захиалагч байгууллага нь хууль тогтоомжийн хүрээнд захиалгаа ирүүлсэн үед нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулах болно.
Гуравдугаар шаардлагын хүрээнд: Х.Мын нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалинг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хариуцах боломжгүй юм.Учир нь Х.Мын нэрийг тухайн албан тушаалд дэвшүүлсэн тогтоол гараагүй, ажил албан тушаал эрхлээгүй тул цалин хөлс авах эрх үүсэхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Х.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ербол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч тус шүүхэд 3 төрлийн шаардлага гаргасан байна. Маргаан бүхий орон тоонд томилогдсон албан тушаалтны нэрийг дэвшүүлсэн тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байсан учраас Төрийн албаны салбар зөвлөл эрх хэмжээний хүрээнд урьд нь гаргасан тогтоолыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд 103 тоот тогтоолоор хүчингүй болгож, нэхэмжлэгчийн тогтоол хүчингүй болгуулах тухай шаардлагыг биелүүлсэн. Тухайн сул орон тооны талаар орон нутгаас захиалга ирээгүй байгаа учраас шууд нөөцөөс нөхөх зар тавьж сонгон шалгаруулалт зарлах ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй юм. Нэхэмжлэгчийг эрх бүхий байгууллагаас тогтоол гаргаж, томилсон зүйл байхгүй, мөн нэхэмжлэгчийн төрийн албаны нөөцөд байх хугацаа нь дууссан тул нэхэмжлэгчийн цалин хөлс нэхэмжилсэн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна. Дээрээс нь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь ямар нэгэн албан тушаалтны цалин хөлсийг шийддэг байгууллага биш юм. Төрийн албаны салбар зөвлөл нь томилох эрх бүхий этгээдээс ирүүлсэн сул орон тооны захиалгыг хүлээн авч тухайн сул орон тоонд холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулалт зарлаж, нэр дэвшүүлэх ажиллагаа явуулдаг болохоос аливаа албан тушаалтын цалин хөлсний асуудлыг шийдэхгүй гэдгийг хэлье. Тийм учраас нэхэмжлэгчийн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч Х.Мын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.М нь тус шүүхэд Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолын К.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан[1] ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах гэж тодруулсан[2] болно.
Маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай тогтоолын К.Тд холбогдох хэсгийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 103 дугаар тогтоолоор хүчингүй болгосон[3] байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Салбар зөвлөлөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тус аймагт зохион байгуулагдсан Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад орж, нэхэмжлэгч Х.М 63,8 оноо /2 дугаар байр, иргэн К.Т 67,5 оноо /1 дүгээр байр/ тус тус авснаар уг иргэдийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн /цаашид Салбар зөвлөл гэх/ 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, хамгийн өндөр оноо авсан К.Тыг тухайн албан тушаалд томилуулахаар томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлснээр Толбо сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар уг албан тушаалд томилсон байна.
2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Х.Маас Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа К.Т нь дээрх сонгон шалгаруулалтад Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн гэх хуурамч диплом ашиглаж бүртгүүлснийг шалгах тухай өргөдөл Салбар зөвлөлд гаргаж, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар албан бичгээр тухайн асуудлыг шалгуулахаар Салбар зөвлөлөөс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ханджээ. Уг асуудлыг шалгаад тус газрын дарга 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03/65 дугаар албан бичгээр Шалгалтаар К.Т нь Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2005 онд Банкны удирдлага ба нягтлан бодогч мэргэжлээр төгсөөгүй, D200505441 дугаарын бакалаврын диплом олгогдоогүй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын болон тус сургуулийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогдов гэсэн хариу өгч, улмаар тус газрын боловсролын хяналтын улсын ахлах байцаагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналыг тус аймгийн Прокурорын газарт гаргасан байна. Аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 181300080 дугаар тогтоолоор К.Ты бакалаврын диплом хуурамч гэх үйлдэлд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 5/10 дугаар тогтоолоор ... К.Т нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан Толбо сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож, тухайн албан тушаалд томилогдохын тулд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2015 онд Банкны удирдлага ба нягтлан бодогч мэргэжлээр төгссөн гэх D200505441 дугаартай хуурамч бакалаврын дипломыг ашиглан бүртгүүлж, төрийн албаны шалгалт өгч ажилд орсон нь, хуурамч диплом ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн тогтоогдож байна. Гэвч К.Ты үйлдсэн хэрэг нь Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа гэдэг үндэслэлээр яллагдагч К.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээрх үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдож байгаа ба хэргийн оролцогчид энэ талаар маргахгүй байна.
Нэхэмжлэгч Х.Маас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Уг орон тоонд ажиллаж байгаа К.Т дипломыг хуурамчаар бүрдүүлж, шаардлагыг хангаагүй мөртлөө сонгон шалгаруулалтад оролцож, улмаар Санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдоогүй байсан бол миний бие тухайн үед уг албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3,17.6-д заасны дагуу томилогдон ажиллах боломжтой байсан. К.Ты хууль бус үйл ажиллагааны улмаас миний удирдах албан тушаалтны нөөцөд байх хугацаа өнгөрсөн. Бусдын хууль бус үйл ажиллагааны улмаас миний нэр дэвших эрх хязгаарлагдаж, дуусгавар болсон байх тул уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх нь шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцнэ. Салбар зөвлөл эс үйлдэхүйгээрээ миний төрийн алба хаах эрхийг зөрчиж, цалин хөлс авах боломжгүй болгож, хохирол учруулсан тул 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх өдөр хүртэлх хугацааны дээрх албан тушаалын цалин хөлсийг салбар зөвлөлөөс гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.
Харин хариуцагч талаас Х.М нь 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд шалгалт өгсөн боловч одоо нөөцөд байх хоёр жилийн хугацаа дууссан байна. Тиймээс Толбо сумын Засаг дарга буюу захиалагч байгууллага нь хууль тогтоомжийн хүрээнд захиалгаа ирүүлсэн үед нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулах болно гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно, 106 дугаар зүйлийн 106.3-д Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана, 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, 106.3.7-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох гэж тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Салбар зөвлөлөөс гаргуулах тухай шаардлага гаргасан ба тухайн тохиолдолд захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хохирол учирсан нөхцөлд шаардагдах захиргааны актыг гаргахыг захиргааны байгууллагад даалгах, хохирол гаргуулах зэргээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үндэслэл бий болдог.
Нэхэмжлэгч талаас Нэхэмжлэгчийн өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар буюу бусдын гэмт хэрэг үйлдсэний улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн. 2 жилийн нөөцөд байх хугацаа өнгөрсөн нь энэ гэмт хэргийн улмаас мөн Төрийн албаны салбар зөвлөлийн тухайн үед нэр дэвшигчийн бичиг баримтыг нягтлах, холбогдох газраас лавлагааг авах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс болж нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэсэн тайлбар гаргасан.
Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамын Арав-ын 39-д Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулах тухай Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэр 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна, 40-д Удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгэлтэй иргэн өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд энэ журмын 39-д заасан хугацааны дотор шууд нэр дэвших эрхтэй. Харин өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно гэж тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч Х.Мын хувьд Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр Салбар зөвлөлөөс 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулсан, нөөцийн жагсаалтад оруулсан шийдвэр хүчин төгөлдөр байх 2 жилийн хугацаа 2017 оны 03 дугаар сард дууссан байна.
Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамын Дөрөв-ийн 17, 18, Тав-ын 19, 22, Зургаа-ийн 24, 25 дугаар зүйлд тус тус зааснаар Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөл сонгон шалгаруулалт явуулахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө тухайн албан тушаалын талаар болон бусад холбогдох мэдээллийг хэвлэл,мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ, мэдээлэлд нэр дэвшигчид тавих болзол, шаардлага, бүрдүүлэх материал зэргийг заана, удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссыг Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн шийдвэрээр байгуулах бөгөөд уг Комисс нь сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдээс холбогдох материалыг хүлээн авч бүртгэнэ, материалыг дутуу бүрдүүлсэн бол бүртгэхгүй гэж тус тус зохицуулсан байна.
Дээрх зохицуулалтуудаас үзэхэд сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэнээс журамд заасан материалыг бүрдүүлж ирсэн тохиолдолд Салбар зөвлөлөөс байгуулсан Комисс хүлээн авч бүртгэхээр зохицуулсан, өөрөөр хэлбэл хэн нэгнээс гомдол гаргаагүй, ямар нэг тодорхой үндэслэл байхгүй бол Салбар зөвлөл болон Комисст уг материалуудыг шалгах, лавлах үүрэг хүлээлгээгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[5] Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн сул орон тооны талаар нийтэд мэдээлсэн мэдээлэлд 8 төрлийн бичиг баримт бүрдүүлэхээр заасан ба нэхэмжлэгч Х.М болон иргэн К.Т нь уг материалуудыг бүрдүүлж өгснөөр сонгон шалгаруулалтад оролцсон болох нь тогтоогдож байх тул Салбар зөвлөлийг 2015 онд дээрх сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэний буюу К.Ты бүрдүүлж өгсөн материалыг шалгах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.
Мөн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Салбар зөвлөлөөс 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн иргэн К.Ты дээд боловсролын диплом нь хуурамч гэх асуудлын талаар нэхэмжлэгч Х.М нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Салбар зөвлөлд өргөдөл гаргаснаар[6] уг асуудал нь шалгагдсан ба 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас К.Т нь Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2005 онд Банкны удирдлага ба нягтлан бодогч мэргэжлээр төгсөөгүй, D200505441 дугаарын бакалаврын диплом олгогдоогүй болох нь тогтоогдсон гэсэн албан бичиг Салбар зөвлөлд ирүүлсэн[7] боловч Толбо сумын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохдоо уг хуурамч бакалаврын дипломыг ашиглан бүртгүүлсэн буюу К.Т хуурамч диплом ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэх асуудал нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн[8] байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд иргэн К.Ты бакалаврын диплом хуурамч гэх талаар хэн нэгэн гомдол гаргаагүй, уг асуудал шалгагдаагүй, тогтоогдоогүй тул 2015 оны 02 дугаар сард сонгон шалгаруулалт явагдаж, К.Тыг тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн үед нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүй, харин эрх нь зөрчигдсөн байж болзошгүйг мэдэж Салбар зөвлөлд өргөдөл гаргасан буюу нэхэмжлэгчид гомдол гаргах эрх үүссэн үе болох 2018 оны 01 дүгээр сард түүний удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэл хүчинтэй байх хугацаа өнгөрсөн байжээ. Энэхүү хугацаа өнгөрсөн асуудалд Салбар зөвлөлийн буруутай үйл ажилагаа байхгүй, өөрөөр хэлбэл Салбар зөвлөлөөс 2015 онд уг сул орон тоонд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулахдаа сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэний бүрдүүлж өгсөн материалыг шалгах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлгүй болох нь тогтоогдсон тул хариуцагч захиргааны байгууллага болох Салбар зөвлөлийн үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4 дэх хэсэгт тус тус зааснаар шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим байхаар, төрийн тухайн албан тушаалд тавигдах шаардлага, болзлыг хангасны үндсэн дээр мэргэшлийн шалгаруулалтын журмаар төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохоор тус тус зохицуулсан, мөн Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журамын Нэг-ийн 3-т Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах ажлын зорилго нь Төрийн албаны тухай хуулийн 10.1,10.3,10.4, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3-т заасан болон тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх удирдах ажилтныг шилж сонгоход оршино гэж заасан.
Нэхэмжлэгч Х.Мын хувьд түүнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад оруулсан шийдвэр хүчин төгөлдөр байх 2 жилийн хугацаа өнгөрсний дараа 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий албан тушаалд нэр дэвшүүлэх тухай гомдлоо салбар зөвлөлд гаргасан[9] байх ба нөөцийн бүртгэл хүчинтэй байх хугацаа өнгөрсөн асуудалд захиргааны байгууллагын хууль бус, буруутай үйл ажиллагаа байгаагүй нь тогтоогдсон. Тухайн ажлын байр нь сул орон тоо болохын хувьд хуульд зааснаар ажлын байранд тавигдах шаардлагыг хангасны үндсэн дээр иргэд сонгон шалгаруулалтын журмаар томилогдохоор зохицуулсан тул нэхэмжлэгчийг уг орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 17.2,17.3,17.4-д заасантай тус тус нийцсэн байна гэж дүгнэлээ.
Мөн нэхэмжлэгч Х.М нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд К.Тыг томилуулахаар нэр дэвшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож, уг албан тушаалд нэр дэвшүүлэх тухай шийдвэр гаргуулахаар 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасан ба Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн тогтоол гаргасан бол ажилд томилогдож, хөдөлмөр эрхлээд цалин хөлс авах эрх үүсэх байсан гэсэн үндэслэлээр 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу хохирол гаргуулахаар нэхэмжилсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасан бөгөөд дээр дурдсанаар хариуцагч захиргааны байгууллага болох Салбар зөвлөлийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Салбар зөвлөлөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам сонгон шалгаруулалт явагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан. Уг журмын 2.2, 4.2-т өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар төрийн албанаас чөлөөлөгдөж байгаа албан тушаалтны нөөцөд байх хугацааг хязгаарлахгүй байхаар зохицуулсан. Нэхэмжлэгч өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар төрийн албанд томилогдож чадаагүй, бусдын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн улмаас нөөцөд байх хугацаа нь дууссан. Тэгэхээр энэ маргаанд төсөөтэй харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг хэрэглэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчмын дагуу энэ асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байна гэсэн тайлбар гаргасан.
Уг журмын 4.2-т Энэхүү журмын 2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй гэж заасан байх ба 2.2.1-2.2.4 дэх заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцтэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 11 дүгээр зүйлийн 11.2-т Энэ хуулийн 5.1.2/төрийн захиргааны/, 5.1.3/төрийн тусгай/-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ гэж зааснаар төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх шаардлага, болзлыг хангаж төрийн албаны мэргэшлийн шалгаруулалтын журмаар томилогдсон төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, эсхүл чөлөөлөгдсөн тохиолдолд нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг хязгаарлахгүй байхаар зохицуулсан. Төрийн жинхэнэ албан тушаалд томилогдоогүй болон төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон ажиллаж байгаад уг албанаас чөлөөлөгдсөн иргэний эрх зүйн байдлыг адилтган үзэх боломжгүй, нэхэмжлэгч Х.Мын хувьд төрийн жинхэнэ албан хаагч биш тул төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, баталгаа түүнд хамааралгүй бөгөөд журмын уг заалтуудыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тогтоолын К.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.1, 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3,17.4, 35 дугаар зүйлийн 35.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЕРКЕШ
[1] Хэргийн 1-5-р хуудас
[2] Хэргийн 199-р хуудас
[3] Хэргийн 182-р хуудас
[4] Хэргийн 29,34,35,36,48-61,74-75,96,177-р хуудас
[5] Хэргийн 49-51, 52-55,102-р хуудас
[6] Хэргийн 34-р хуудас
[7] Хэргийн 36-р хуудас
[8] Хэргийн 177-р хуудас
[9] Хэргийн 85-86-р хуудас