Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2026/0522

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.С нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн 

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэсэн: шүүгч Л.Одбаатар

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Н.С-ын өмгөөлөгч Ө.Э, нэхэмжлэгч "А х, м б э х" ГҮТББ-ын төлөөлөгч П.Г нар,

Нэхэмжлэгч: Н.С, Ш.Е, “А х, м б э х" ГҮТББ нар,

Хариуцагч: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0620 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.С, Ш.Е, “А х, м б э х” ГҮТББ-ын төлөөлөгч П.Г,

Нэхэмжлэгч Н.С-ын өмгөөлөгч Ш.А, Ө.Э,

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н,

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Д.М, Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2024/0934/3

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 0620 дугаар шийдвэрээр: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.11, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллын орон сууцжуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1.3, Авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.5, 171.7-д тус тус заасныг баримтлан иргэн Н.С, Ш.Е, "А х, м б э х" ГҮТББ нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.С-ын өмгөөлөгч Ө.Э-оос дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. “...Нэхэмжлэгч нь хэм хэмжээний акт нь Монгол Улсын үндсэн хуулийн 16-р зүйл Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ" гэж заасан баталгаатай эдлэх үндсэн эрх болох өмчлөх эрх түүний дотор өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, эрхийг мөн хуулийн 19.2-д "Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно" гэж заасан нөхцөл бий болоогүй байхад тус хэм хэмжээний актаар хязгаарласан байгаа нь Үндсэн хуулийн тус заалтуудыг зөрчсөн, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1-д заасан 60.1.1 "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх" гэж заасныг зөрчсөн байна гэж маргасан.

2.2. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн "1.2-1.3-д тус хэм хэмжээний акт батлан гарсан процессыг бичиж, 1.4-"Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий захиргааны акт нь процессын хувьд зөрчилгүй, Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэж, дугаарын хязгаарлалт тогтоох эрхийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуулиар олгосон байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна. Учир нь нэхэмжлэгч иргэдийн тухайд бусад сонголт буюу дугаартай автомашин худалдан авах, нийтийн тээврээр зорчих боломжтой.... 1.5-д "Өөрөөр хэлбэл дээрх тогтоол нь иргэн, хуулийн этгээдээс илүүтэйгээр нийтийн эрх, ашигт чиглэсэн, нийслэлийн авто замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх зорилготой байх тул тухайлсан иргэн, хуулийн этгээдийн эрх, хөндөгдсөн гэж үзэх боломжгүй" гэжээ. Тус дүгнэлт бүхэлдээ нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүйгээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-д "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасан хууль ёсны байх үндсэн шаардлагыг биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрх Үндсэн хуулийн зөвшөөрснөөс бусад хэлбэрээр хязгаарлагдсан эсэх талаар огт дүгнэлт өгөөгүй байна.

2.3. Нэхэмжлэгч Н.С нь Монгол улсад ашиглаж байгаагүй шинэвтэр 2016 онд үйлдвэрлэгдсэн, 2024 онд Монгол Улсад импортолсон өмнө нь Монгол улсад ашиглаж байгаагүй Toyota Pruis-Alpha маркын автомашин худалдан авсан бөгөөд түүнийгээ өөрийн нэр дээр шилжүүлэн авч өөрийн амьдарч, ажиллаж буй Улаанбаатар хотын дугаар авч тус эд хөрөнгийг зориулалтынх нь дагуу ашиглахад саад хязгаарлалт учруулж эрх зөрчсөн гэж маргаж байгаа юм. Гэтэл шүүхийн шийдвэрт "дугаартай автомашин худалдан авах, нийтийн тээврээр зорчих боломжтой" гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэгч тус сонголт байгаа тухайд бус өөрийн худалдах, худалдан авсан тул тээврийн хэрэгслийг өмчлөх, түүнийгээ ашиглах эрхийг хязгаарласан гэж маргаж байгаа тус эрх, ашиг сонирхол зөрчигдсөн хөндөгдсөн эсэх тухайд бус нэхэмжлэлд хамааралгүй, нийтлэг агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг зөрчжээ.

2.4. Мөн шүүх "тогтоол нь иргэн, хуулийн этгээдээс илүүтэйгээр нийтийн эрх, ашигт чиглэсэн, нийслэлийн авто замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх зорилготой байх тул тухайлсан иргэн, хуулийн этгээдийн эрх, хөндөгдсөн гэж үзэх боломжгүй" гэсэн дүгнэлт өгсөн нь огтоос ойлгомжгүй хууль зүйн үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно" гэж зааснаар захиргааны байгууллага угаас нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн үйл ажиллагаа явуулдаг үндсэн шинж чанартай. Тиймээс бух захиргааны шүүхийн маргаан захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн үйл ажиллагаа явуулахдаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар л маргаан байдаг.

2.5. Гэтэл дээрх дүгнэлтийн логикоор нийтийн ашиг сонирхолд чиглэгдсэн үйл ажиллагаанд хувийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй бол захиргааны маргаан, захиргааны хэргийн шүүх гэж байх боломжгүй юм. Дашрамд дурдахад "нийтийн ашиг сонирхол" гэж байж болохоос "нийтийн эрх" гэх ойлголт байхгүй. Энэ нь иргэний Монгол Улсын үндсэн хуулийн 16-ын 14-д "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах шударга шүүхээр шүүлгэх" гэж заасан үндсэн эрхийг давхар хөсөрдүүлж, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж заасан өөрийн үндсэн үүргийг зөрчжээ

2.6. Захиргааны үйл ажиллагааны зорилгоор түүний хууль зүйн болон эрхийн зөрчлийг зөвтгөсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.5-д "нийслэлийн авто замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх зорилготой байх тул тухайлсан иргэн, хуулийн этгээдийн эрх, хөндөгдсөн гэж үзэх боломжгүй, 2.5-д "Одоогоор Нийслэлд 801 920 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас оргил цагийн хурд 5-9 км/ц-ийн хурдтай байгаа нь О зогсолт гэж үзэхээр байна", 2.6-д "Дээрх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж дугаарын дээд хязгаарыг тогтоосон, оноогоор эрэмбэлж тухайн хязгаарт багтаан дугаар олгох болсон Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна" гэх зэргээр маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт, захиргааны актуудын зорилгод чиглэгдсэн агуулгаар дүгнэлт хийжээ. Гэвч нийслэлийн авто замын хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлэх болон 0 зогсолтоос урьдчилан сэргийлэх зорилгод чиглэгдсэн арга хэмжээ гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүй бөгөөд дээрх зорилгод иргэний үндсэн эрхийг хязгаарлах байдлаар хүрэхээр зорьж буй нь хүний эрхийн болон хууль зүйн ноцтой зөрчил гэж маргаж байгаа юм.

2.7. Гэтэл шүүх маргаж буй хууль зүйн зөрчилд бус үүсээд буй асуудалд шууд тулгуурлан шийдвэрээ гаргасан нь "зорилго нь зөв тул арга нь хамаагүй" гэх харгис үзэл санааг дэмжсэн агуулгатай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 19-р зүйлийн 1-д "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэж заасан. Гэтэл тус үүргийн эсрэг аливаа ямар ч хууль, хэм хэмжээний акт, захиргааны актыг батлан гаргахыг зөвшөөрөх ёсгүй. Өөрөөр хэлбэл төр тухайн тохиолдолд хариуцагч нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг дарга нар нь "Улаанбаатар хотын авто замын түгжрэл" гэх асуудал, хүндрэлийг шийдвэрлэхийн тулд хүний үндсэн эрхийг зөрчих, хязгаарлах эрх байхгүй юм.

2.8. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8-д нэхэмжлэгч иргэд нь дээр дурдсан сонголтуудаас хийх бүрэн боломжтой бөгөөд тээврийн хэрэгсэлтэй болж, автомашины дугаар авснаар мөн л замын хөдөлгөөнд оролцож дээрх хүндрэлүүдтэй тулгарах бөгөөд ингэснээр тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй гэжээ. Нэхэмжлэгч Н.С-ын хувьд дээрх "Улаанбаатар хотын дугаартай хүний хэрэглэж байсан хуучин автомашин хэрэглэх, эсвэл нийтийн тээврийн хэрэгслээр зорчих" гэх боломж байгаа эсэх талаар огт маргаагүй буюу тухайн сонголтуудыг хийхийг хүсэхгүй байгаа учраас шинэ эвсэл шинэвтэр авто машин өмчлөх эрхийг нь захиргааны байгууллага хэм хэмжээний акт батлах байдлаар зөрчсөн тул тус эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2.9. Мөн нэхэмжлэгч нь шинээр тээврийн хэрэгсэл худалдан авснаар замын хөдөлгөөний түгжрэлтэй тулгарахаа ухаарч, тус хүндрэлтэй өөрийн шинэ автомашинтайгаар даван туулахыг хүсэж байна. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн хүсэл зорилгыг үл хэрэгсэн өөрийнхөөрөө буцааж хүсээгүй зүйлийг нь тайлбарлаж буй нь утгагүй юм. Ингэхдээ маргаж буй хууль зүйн үндэслэлийн талаар ямар ч хууль хэрэглэж тайлбар хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1-д "Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ" гэж заасныг зөрчсөн байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.09.10-ны 0620 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3. Нэхэмжлэгч “А х, м б э х” ГҮТББ-ын төлөөлөгч П.Г-оос дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөв тодорхойлоогүй.
Нэхэмжлэгчдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа "Өмчлөх эрхэд өмчийн зүйлээ захиран зарцуулах, эзэмшиж, ашиглах эрх хамаарна. Төр иргэний өмчлөх эрх тухайн тохиолдолд автомашин өмчлөх түүнийгээ өмчлөлийн зүйлээ ашиглах, эзэмших эрхийг баталгаажуулахтай холбогдуулан нийгэм, эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүрэгтэй. Улаанбаатар хотод иргэн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ ашиглахад шаардлагатай зам гүүр, дэд бүтцийн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг бөгөөд түүний төлөө иргэдээс татвар авч санхүүжин үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл Улаанбаатар хотын хот байгуулалт, төлөвлөлт, хэрэгжүүлэлтэд алдаа, зөрчил гаргаж хотын зам харилцаа, дэд бүтцийг ачаалал даахуйц бий болгож бүрдүүлж чадаагүй тус алдаагаа эргээд хамгаалах ёстой үндсэн эрхийг хязгаарлах байдлаар шийдвэрлэхээр оролдож буй нь төр өөрийн зорилгын эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж дүгнэхээр байна. Улаанбаатар хотын авто замын ачаалал нэмэгдэж түгжрэл бий болсон гэх хүндрэл, асуудал байгаа боловч тус асуудал хүндрэлийг шийдвэрлэхийн тулд миний үндсэн эрх болох өмчлөх эрхэд халдах эрх хэмжээ НИТХ-д байхгүй" гэж өмчлөх эрх зөрчигдлөө гэсэн агуулгаар маргасан.

3.2. Өөрөөр хэлбэл, Монгол улсад орж ирсэн дугаар аваагүй автомашиныг өөрийн санхүүгийн боломждоо худалдан авах, эсхүл тэр санхүүгийн боломжтой хүмүүст тохирсон тодорхой гүйлттэй, хоёрдогч зах зээлийн, доголдолгүй зөрчилгүй автомашинуудыг оруулж ирж худалдан борлуулах харилцаа нь эдийн засгийн харилцаа бөгөөд өмчлөх эрх, өмчийн зүйлийг сайн дураар гэрээний үндсэн дээр арилжаалахад тухайн хөрөнгийг бүртгэлийг хийхгүй буюу улсын дугаар шинээр олгохгүй байгаа нь Монгол улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Авто тээврийн тухай хууль, Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалуудыг тус тус зөрчсөн гэж үзэж маргасан байдаг.

3.3. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.4-т "...дугаартай автомашин худалдан авах, нийтийн тээврээр зорчих боломжтой, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд автомашин экспортлох эрхийг хязгаарлаагүй, борлуулалтын тухайд шүүд үр дагавар үүсгэж байгаа талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй" хэмээн дүгнэсэн байдаг. Гэтэл холбооны нэхэмжлэлийн хувьд Монгол улсад авто машин импортлохыг хязгаарласан, эсхүл орлого буурлаа гэдэг агуулгаар нэхэмжлэлээ гаргаагүй, харин гадаад улсаас оруулж ирсэн хөрөнгийг бусдад чөлөөтэй шилжүүлэх, өмчлөлийн зүйлээ чөлөөтэйгөөр хэрэгжүүлэхэд буюу бүртгэгдэж дугаар олгодог хөрөнгийг Улаанбаатар хотод бүртгэхгүй, дугаар олгохгүй, мөн бусад байдлаар хязгаарлалт тогтоож борлуулах зориулалттай оруулж ирсэн хөрөнгүүдийг худалдан борлуулах эрхийг хязгаарласан гэсэн агуулгыг анхан шатны шүүх ойлгосонгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч иргэн Сын хувьд байгаа эдийн засгийн боломжийнхоо хэмжээнд өмчтэй болох эрхийг шууд хязгаарлалаа гэсэн байхад шүүхийн зүгээс УБ дугаартай хуучин автомашин, эсхүл автобусаар явах сонголт байна буюу зөвхөн Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөн хийх эрхийн хүрээнд ойлгож, түүндээ үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д "Үндэслэх хэсэгт хэрэг байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана" гэж заасан байх ба энэ нь тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангах чухал шаардлага юм. Харамсалтай нь анхан шатны шүүхийн шийдвэр 20 нүүр байх ба үндэслэх хэсэг нь 2 нүүр буюу 18-19-р талд маш товчхон дүгнэлт хийгээд, улмаар үлдсэн бүхий л хэсэг нь талуудын тайлбаруудыг жагсааж бичсэн байна. Уг талуудын маргасан асуудлууд мөн хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын хууль хэрэглээний аль ч асуудлаар дүгнэлт хийгээгүйгээс гадна үндэслэх хэсгийн 1.3, 1.4 дэх дүгнэлтүүд нь 2.8, 2.9 дэх хэсэгт давхардуулан дүгнэхдээ нэхэмжлэгч нараас гаргасан хоёр маргаан бүхий актуудыг зөвтгөх үндэслэл болгон хэрэглэж буй нь талуудын байр суурьд дүгнэлт өгч, хууль зүйн үүднээс маргаан бүхий актуудын эрх зүйн үндэслэлийг тайлбарлах хуулиар хүлээсэн үндсэн ажлаа огтоос хийгээгүй байгааг харуулж байна.

3.5. Маргаан бүхий актуудын талаар нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, болон бусад хуульд нийцсэн байх", мөн зүйлийн 60.1.4-д "шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх" гэж заасныг тус тус зөрчсөн байна. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Авто тээврийн тухай хуулийн 171.2-д "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж буюу Зам тээврийн Сайдын хуулиар хүлээсэн онцгой бүрэн эрх байна. Зам, тээврийн хөгжлийн Сайдын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн А/222 дугаар тушаалын 1-р заалтаар "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ыг баталсан байна. Уг "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1-д "бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн болон ашиглалттай холбоотой бүртгэлийг холбогдох хууль тогтоомж, энэхүү журамд нийцүүлэн хөтөлнө" гээд 3.1-д "импортоор оруулж ирсэн болон Монгол улсад үйлдвэрлэсэн автотээврийн хэрэгслийг мэдээллийн санд шинээр бүртгэнэ" гэж тус тус заасан ба аливаа хэмжээ хязгаарын дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх тухай агуулга байхгүй учир Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйлийг зөрчсөн талаар үндэслэл бүхий нэхэмжлэл гаргасан ч уг шаардлага үндэслэлийг дүгнэлгүй маргааны үйл баримтыг нэхэмжлэгчид иргэн талаасаа нийтийн тээврээр зорчин явах эрх нээлттэй, худалдаа эрхлэгч талаасаа импортоор оруулж ирэхэд саад байхгүй талаар л дүгнэсэнд гомдолтой байна.

Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.09.10-ний өдрийн 128/ШШ2025/0620 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            1. Нэхэмжлэгч Н.С-аас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

            2. Нэхэмжлэгч Ш.Е-оос нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            3. Нэхэмжлэгч "А х, м б э х" ГҮТББ-аас нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.  Анхан шатны шүүх шийдвэртээ “... тогтоолын зорилго нь нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн чиглэсэн байх бөгөөд хариуцагчаас дээрх хэм хэмжээний актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т заасан нөлөөллийн шинжилгээ хийж, 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар саналыг авч, 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн байна ... маргаан бүхий захиргааны акт нь процессын хувьд зөрчилгүй, Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэж, дугаарын хязгаарлалт тогтоох эрхийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуулиар олгосон байх бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна ... Одоогоор нийслэлд 801,920 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас оргил цагийн хурд 5-9 км/цаг-н хурдтай байгаа нь 0 зогсолт гэж үзэхээр байна, ...Дээрх нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж дугаарын дээд хязгаарыг тогтоосон, оноогоор эрэмбэлж тухайн хязгаарт багтаан дугаар олгох болсон нь нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна, ... Учир нь улирал ямар байхаас шалтгаалж замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн ачаалал хэт нэмэгдсэн, оргил цаг болон баяр ёслолтой холбоотойгоор 0 зогсолтын давтамж нэмэгдэж буй нь нийтэд илэрхий баримт бөгөөд дээрх шалгуур үзүүлэлт батлагдсанаараа нэхэмжлэгч нарын эрхийг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, ...нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд мөн л автомашин экспортлох эрхийг хязгаарлаагүй, ...дээрх шалгуур үзүүлэлт нь автомашин худалдан авсан иргэн, хуулийн этгээдүүдийн дугаар авахтай холбоотой зохицуулалт болохоос бус автомашин нийлүүлэгчид хамааралтай зохицуулалт биш байна...” гэх дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлтэй байна.

            4.1  Харин шүүхийн шийдвэрт “... нэхэмжлэгч иргэдийн тухайд бусад сонголт буюу дугаартай автомашин худалдан авах, нийтийн тээврээр зорчих боломжтой, ...өөрөөр хэлбэл нэхэмжлэгч иргэд нь дээр дурдсан сонголтуудаас хийх бүрэн боломжтой бөгөөд тээврийн хэрэгсэлтэй болж, автомашины дугаар авснаар мөн л замын хөдөлгөөнд оролцож дээрх хүндрэлүүд тулгарах бөгөөд ингэснээр тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй...” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-оос гаргасан давж заалдах гомдолдоо “... хэм хэмжээний акт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гэж заасан баталгаатай эдлэх үндсэн эрх болох өмчлөх эрх түүний дотор өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах эрхийг мөн хуулийн 19.2-т “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасан нөхцөл бий болоогүй байхад тус хэм хэмжээний актаар хязгаарласан байгаа нь Үндсэн хуулийн тус заалтуудыг зөрчсөн, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1-д заасан “Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” гэж заасныг зөрчсөн байна гэж маргасан, ...тус дүгнэлт бүхэлдээ нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүйгээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-д “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан хууль ёсны байх шаардлагыг биелүүлээгүй байна, ...өөрөөр хэлбэл өмчлөх эрх Үндсэн хуулийн зөвшөөрснөөс бусад хэлбэрээр хязгаарлагдсан талаар огт дүгнэлт өгөөгүй байна, ...нэхэмжлэгч тус сонголт байгаа тухайд бус өөрийн худалдах, худалдан авсан тул тээврийн хэрэгслийг өмчлөх, түүнийгээ ашиглах эрхийг хязгаарласан гэж маргаж байгаа, ...нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчжээ...” гэх агуулгыг дурдсан байх бөгөөд гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            6. Учир нь хэрэгт авагдсан баримтаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол батлагдан гарахаас өмнө хариуцагч байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаж нөлөөллийн шинжилгээ хийж, иргэдийн саналыг авч, /3 иргэн санал өгсөн үндэслэлээр хариуцагчийн санал авах үйл ажиллагааг буруутгах боломжгүй. Санал нь иргэдийн сайн дурын үндсэн дээр явагдах үйл ажиллагаа/  шаардлага хангасан үндэслэлээр Хууль зүй, дотоод яам хянаж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 6655 дугаарт бүртгэсэн байна.

            6.1.  Дээрх хууль зүйн шаардлагыг хангасан үндэслэлээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох тухай” тогтоолоор Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730,000 байхаар тогтоосон байна. Үүний дараа нийслэлийн Засаг дарга 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжаар нийслэл хотод авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох шалгуур үзүүлэлтийг баталсан байна.

            7. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

            7.1 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах талаар болон нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтоох бүрэн эрхийг дараах хуулийн холбогдох заалтуудаар олгосон байна.

            7.2 Тухайлбал Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Нийслэл хот нь дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 8.3.11-д “авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад арга хэмжээ”, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Замын хөдөлгөөний түгжрэл, түүний нөлөөллийг бууруулах талаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 17.1.3-т “нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн тогтоох”, Авто тээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.5-д “Нийслэлд олгох авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг Нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах бөгөөд тус хязгаарт багтаан авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг энэ хуулийн 171.2-т заасан журмын дагуу олгоно” заалтуудаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд маргаан бүхий 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоолыг батлан гаргах бүрэн эрхийг хуульчилсан байна.  

7.3  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.11-т зааснаар авто замын түгжрэлийг бууруулах чиг үүрэгтэй, тус чиг үүргийг хэрэгжүүлэх үүднээс Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 17.1, 17.1.3, Авто тээврийн тухай хуулийн 171.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор маргаан бүхий 2024 оны 18 дугаар тогтоолыг гаргасан нь Үндсэн хуульд заасан нэхэмжлэгч нарын автомашин эзэмших ашиглах эрхийг зөрчөөгүй, зөвхөн дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилготой гарсан захиргааны хэм хэмжээний акт гэж дүгнэхээр байна.

7.4 Өөрөөр хэлбэл маргаан бүхий 18 дугаартай тогтоолоор хариуцагчийн зүгээс дээрх хуулиудад заасан бүрэн эрхийн хүрээнд тээврийн хэрэгслийн улсын дугаар олгохын тулд тодорхой хязгаарлалт тогтоосон. Энэ нь нэхэмжлэгч нарт улсын дугаар олгохгүй гэсэн ойлголт биш зөвхөн нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1348 дугаар захирамжаар баталсан нийслэл хотод авто тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох шалгуур үзүүлэлтийн дагуу тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохоор заасан тул нэхэмжлэгч Н.С, Ш.Е нарын автомашин эзэмших, ашиглах эрхийг шууд зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.

8. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 18 дугаартай тогтоол Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн тухайд уг маргаан бүхий тогтоол гарах хууль зүйн үндэслэл болсон Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, Авто тээврийн тухай хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс ямар нэг дүгнэлт гаргаагүй, хэлэлцээгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан боловч хүлээж аваагүй гэх тайлбарыг гаргасан зэргээс дүгнэхэд маргаан бүхий актыг гаргахтай холбоотой нарийвчилсан зохицуулсан холбогдох хууль, /дээр дурдсан/ дээрх хуульд үндэслэж гарсан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дугаарын хязгаарлалт тогтоосон 2024 оны 18 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1348 дугаар захирамжаар баталсан нийслэл хотод авто тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох шалгуур үзүүлэлт нь нэхэмжлэгч Н.С, Ш.Е нарын Үндсэн хуульд заасан авто машин өмчлөх, ашиглах эрхийг зөрчөөгүй, нийслэл хотод авто замын түгжрэлийг бууруулах, жил бүр өсөн нэмэгдэж байгаа авто машины дугаар олголтод шалгуур үзүүлэлтийн дагуу шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд улсын дугаарыг олгох, оргил ачааллын үед давтамжтай үүсэж байгаа 0 зогсолтоос урьдчилан сэргийлэх зорилготой гарсан гэж дүгнэхээр байна.

9.  Мөн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хийх бүрэн эрхийн тухайд  Авто тээврийн тухай хуулийн 171.6-д “Энэ хуулийн 171.1-д заасан авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг нийслэлийн Засаг даргад шилжүүлж болно”, 171.7-д “Энэ хуулийн 171.5-д заасан хязгаарт багтаан авто тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг нийслэлийн Засаг дарга батална” гэж хуульд зохицуулснаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Зам тээврийн хөгжлийн яамны хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлээгүй дээрх хуулиудад заасан бүрэн эрхийн хүрээнд маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан байх бөгөөд Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргасан журам нь нийслэл Улаанбаатар хотоос бусад Монгол Улсын бүх засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хэрэгжих агуулгатай, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 18 дугаар тогтоол болон нийслэлийн Засаг даргын А/1348 дугаар баталсан шалгуур үзүүлэлт зэрэг нь зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжихээр ойлгогдож байх тул захиргааны байгууллагуудын /ЗТХЯ, НИТХ, НЗД/  гаргасан улсын дугаар олгох, хязгаарлахтай холбоотой гаргасан захиргааны актуудыг хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан гарах үндэслэлгүй байна.

10. Шүүхээс нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 18 дугаар тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй, Үндсэн хууль болон нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн энэ тохиолдолд уг маргаан бүхий 18 дугаартай тогтоолыг үндэслэж гарсан нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1348 дугаар “нийслэл хотод авто тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох шалгуур үзүүлэлт батлах” тухай захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

11. Нэхэмжлэгч “А х, м б э х” ГҮТББ-аас Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 18 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/1348 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Учир нь маргаан бүхий захиргааны актууд уг холбооны үйл ажиллагаанд чиглээгүй, өөрөөр хэлбэл автомашин импортлох эрхийг нь хязгаарлаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг маргаан бүхий захиргааны актууд зөрчсөн гэж үзэхгүй.

12. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2025/0620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 948 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ЛХАГВАСҮРЭН

                   ШҮҮГЧ                                Б.АДЪЯАСҮРЭН

              ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР