Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/0940

 

“ **** **** **** ****” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01785 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1620 дугаар магадлалтай, 

“ **** **** **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ ****” ХХК-д холбогдох, 

Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийн үнэ 402,800,000 төгрөг, газрын төлбөрт төлсөн 16,778,666 төгрөг, шинжээчийн хөлс 5,385,600 төгрөг, нийт 424,964,266 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

Хамтран ажиллах гэрээнээс учирсан хохиролд 675,074,381 төгрөг, шинжээчийн хөлсөнд урьдчилан төлсөн 10,000,000 төгрөг, нийт 685,074,381 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Л.Алтанхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах, Г.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрайнар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч “ **** **** **** ****” ХХК нь хариуцагч “ ****” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийн үнэ 402,800,000 төгрөг, газрын төлбөрт төлсөн 16,778,666 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 5,385,600 төгрөг, нийт 424,964,266 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хамтран ажиллах гэрээнээс учирсан хохиролд 675,074,381 төгрөг, шинжээчийн хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгийн хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ. 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01785 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.1-д заасныг баримтлан “ ****” ХХК-аас 424,964,266 төгрөг гаргуулан “ **** **** **** ****” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т зааснаар хамтран ажиллах гэрээнээс учирсан хохиролд 685,074,381 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,242,150 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2,242,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 3,533,371 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1620 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01785 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “479.1” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.2” гэж нэмж, ““ ****” ХХК-аас 424,964,266 төгрөг гаргуулан “ **** **** **** ****” ХХК-д олгосугай” гэснийг ““ ****” ХХК-аас 404,295,773 төгрөгийг гаргуулж, “ **** **** **** ****” ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 20,668,493 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “ ****” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “2,242,150 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2,242,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 3,533,371 төгрөгийг орлогоос гаргуулж, буцаан олгосугай” гэснийг “нэхэмжлэгчээс төлсөн 2,242,150 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 3,533,371 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 2,179,428 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,243,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн төлөөлөгч Л.Алтанхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хариуцагч талаас доорх үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байна.

4.1. Магадлалд дурдсанаар “Нэхэмжлэгч **** **** коллежийн эзэмшил газарт нэгэнт барилга баригдсан, хариуцагч нь орон сууцыг бусдад борлуулж, барилга бүхэлдээ сууц өмчлөгчдийнх болсон тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн ч хариуцагч компани 5 орон сууцыг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр нэхэмжлэгч “ **** **** **** ****” ХХК-д олгох үүргээ биелүүлсэн талаар баримтыг шүүхэд гаргаагүй байна. Хариуцагч нь хөнгөлөлт эдлэх ажилтны нэрсийн жагсаалтаа “ **** **** коллеж гаргаж өгөөгүй гэх татгалзал нь үндэслэлгүй байна. Хэрэгт “ ****” ХХК-ийн барьж буй барилгад орон сууцны захиалга өгсөн, хөнгөлөлт эдлэх талаар мэдэгдэж байсан боловч өдийг хүртэл олгоогүй тул хөнгөлөлттэй үнээр нь сууц олгуулах агуулга бүхий багш ажилтан 5 хүн 2012 оны 03 дугаар сард бичгээр хүсэлт гаргаж байсан нь баримтаар авагджээ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. “ **** **** **** ****” ХХК-ийн 5 багш, ажилчид болох Д.Энхтуяа нь 2012.03.14-ний өдөр, А.Энхтөр 2012.03.13-ны өдөр, 2012.03.15-ны өдөр Г.Дэлгэрсайхан нар нь “ ****” ХХК-д өргөдөл гаргасан гэх боловч тухайн өргөдлийг хариуцагчийн зүгээс хүлээн аваагүй мөн дээрх иргэд өргөдлөө “ ****” ХХК-д хүлээлгэн өгсөн талаар нотолж чадаагүй, хэрэгт албан бичгийг хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримт авагдаагүй мөн А.Амарсанаа Ж.Цэнгэлмаа нар нь өргөдөл гаргасан гэх боловч хэзээ гаргасан эсэх нь тодорхойгүй байна. Барилгын ажил гүйцэтгэх 2003.07.03-ны өдөр №023/03 дугаар гэрээний 3 дугаар зүйлийн 4-т “Гүйцэтгэгч нь **** **** коллежоос олгосон зөвшөөрлийг үндэслэн байр худалдан авах хүмүүсийн жагсаалтад бичигдсэн тодорхой тооны иргэдэд дээрх орон сууцнаас одоогийн зах зээлийн үнээс 10 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр олгоно” гэж заасны дагуу хариуцагч “ ****” ХХК-ийн зүгээс 2003.09.22-ны өдөр “ **** **** коллеж” ХХК-ийн ажилтан П.Нарантуяатай “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж тус байранд 3 өрөө 94 м2 талбайтай орон сууцыг худалдан авсан үйл баримтаас үзэхэд дээрх нэр бүхий **** **** коллежийн ажилтнууд нь өргөдлөө 2003-2005 оны хооронд буюу тухайн орон сууцыг барьж эхлэхээс өмнө хариуцагчид бус **** **** коллежоос олгосон зөвшөөрлийг үндэслэж орон сууц хөнгөлөлттэй үнээр худалдан авах захиалгаа өгөх ёстой байсан орон сууц ашиглалтад орох цаг хугацаанд буюу 2012 онд өгсөн гэх нэр бүхий иргэдийн өргөдлийг давж заалдах шатны шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн буруу болжээ.

4.2. ГХГЗЗГ-ын 2014 оны шинжээчийн дүгнэлтээр “ ****” ХХК-ийн барьсан орон сууцны барилга нь 1563 м2 талбайд баригдсан, барилгажсан талбай буюу орчны газар нь 484.99 м2 ба хариуцагчийн барилгад хамааралтай нийт газрын хэмжээ нь 2047.99 м2 талбайтай байхад шат шатны шүүхүүд нэхэмжлэлд дурдсан хэмжээгээр буюу 4000 м2 газрын зах зээлийн үнэ цэнийг шинжээчийн тодорхойлсноор 402,800,000 төгрөгийг хариуцагчаас бүрэн гаргуулахаар шийдвэрлэсэн шударга ёсонд нийцэхгүй ба 2047.99 м2 талбайтай газрын зах зээлийн үнэ шинжээчийн тодорхойлсноор 206,232,593 төгрөгийн хэмжээтэй байна. 4000 м2 газрын эзэмших эрх өнөөдрийг хүртэл “ **** **** **** ****” ХХК-ийн нэр улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа бөгөөд 4000 м2 газрыг “ ****” ХХК-ийн эзэмшилд шилжүүлж өгөөгүй, хариуцагч уг газрыг эзэмшдэггүй байхад **** шатны шүүхээс “Гэрээнээс хуульд заасан үндэслэлээр татгалзаж байгаа тохиолдолд гэрээгээр шилжүүлсэн зүйлсийг харилцан буцаах үүрэг талуудад үүсэх боловч газрыг бодитоор буцаан авах боломжгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт зааснаар 4000 м.кв газрын зах зээлийн үнэ цэнийг шинжээчийн тодорхойлсноор 402,800,000 төгрөг гэж шаардсан нь үндэслэлтэй болно” гэж дүгнэсэн нь эргэлзээтэй болжээ. Талуудын хооронд байгуулагдсан 2003.07.03-ны өдрийн №023/03 дугаар гэрээгээр нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр хариуцагч “ ****” ХХК 108 айлын орон сууцны барилга барих, хариуцагч нь нэхэмжлэгчийн заасан тодорхой тооны ажилтанд гэрээ байгуулах үеийн зах зээлийн үнээс 10 хүртэл хувийн хөнгөлттэй үнээр орон сууц худалдах үүргийг хүлээсэн байна. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнд заасан энэ үүргээ биелүүлээгүй, тухайн цаг хугацаанд орон сууц хөнгөлөлттэй үнээр авах багш, ажилтнуудын нэрс болон зөвшөөрлийг хариуцагч талд бүрэн ирүүлээгүй тул хариуцагч тал арга буюу бусдаас хөрөнгө босгож орон сууцны барилгыг барьсан, орон сууцыг худалдан борлуулсны үндсэн дээр банкнаас авсан зээлийг төлж барагдуулсан юм. Баянгол дүүргийн шүүхийн 2008.06.09-ний өдрийн 719 дүгээр шийдвэрээр “ **** **** коллежийн гэрээнээс татгалзаж, маргаан бүхий газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг хөрөнгө оруулалт хийгдсэнээр барилга баригдаж байгаа, газар эзэмших эрх зөрчигдөөгүй, гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй” үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон төдийгүй гэрээнд заасны дагуу ашиг хүртэх нөхцөлд “ **** **** коллеж” ХХК нь орон сууц захиалах ажилтнуудын нэрсийг зөвшөөрлийн хамт ирүүлээгүйн улмаас талуудын хооронд үндсэн маргаан үүссэнийг шүүх анхаарч үзээгүй байна. Гэрээний үндсэн зорилго нь ашиг олох бус нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт баригдсан барилгаас өөрийн ажилтнуудад хөнгөлөлттэй үнээр орон сууц захиалгын гэрээ байгуулах, зах зээлийн үнээс 10 хувь хямд орон сууц авах боломжийг нэхэмжлэгч байгууллагын ажилтнуудад олгосон, нэхэмжлэгч талаас 5 багш, ажилтны хөнгөлөлт эдлэх нэрс, зөвшөөрлийг бүрэн ирүүлээгүй, харин “ **** **** коллеж” ХХК-ийн ажилтан П.Нарантуяа нь 2003.09.22-ны өдөр №02/03 дугаар “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж байрнаас 3 өрөө 94 м2 байрыг хөнгөлттэй үнээр худалдаж авсан ба Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 408.1.4-т зааснаар гэрээнээс татгалзах эрхгүй, хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Учир нь тухайн газар дээр барилга баригдсанаар хамтран ажиллах гэрээний зорилго биелэгдсэн харин орон сууцыг биет байдлаар авах боломжгүй болсныг гэрээний зорилго биелэгдэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй ба нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр буюу газрын үнэ шаардах эрхгүй, харин 2003.07.03-ны өдрийн №023/03 дугаар “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу гэрээгээр талууд тохиролцсон ашгаа шаардах боломжтой юм.

4.3. Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “ **** **** **** ****” ХХК-ийн буруутай ажиллагааны улмаас буюу барилгын ажилд саад учруулсан, газрыг чөлөөлөөгүйгээс барилгын ажил удааширсан, ашиглалтад орох хугацаа хойшилсон, энэ нь “ ****” ХХК-д орон сууц захиалагчийн гэрээ цуцлах үндэслэл болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн үндэслэлгүй дүгнэлт болсон төдийгүй нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хууль бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдүүд болон “ ****” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол шаардсан нь хууль ёсны ба 2007 онд БНХАУ-ын иргэн Лиу Жун болон “ ****” ХХК нь Хөрөнгө оруулах ба хамтран барилга барих үйл ажиллагааны гэрээ байгуулж 5 давхар хүртэл барилга угсралтын ажлыг хийсэн боловч “ **** **** коллеж 30 гаруй хамгаалалтын албаны хүмүүсийг хүчээр оруулж барилга угсралтын ажлыг бүрэн зогсоож, барилгын машин техник орох, гарах хаалгыг бетон хавтангаар таглан хааж ямар ч барилгын машин техник орох гарах боломжгүй болгосон. Үүний улмаас хариуцагчийн зүгээс “Капитал банк” ХХК-аас орон сууцаа үргэлжлүүлэн барих үүднээс зээл авч барилгын ажил удааширснаар нэр бүхий 25 иргэн орон сууц захиалгаа буцааж хохирол төлж байраа хямдруулж авснаас шалтгаалж хохирол 675,074,381 төгрөгийн хохирол хариуцагчид үүссэн.

4.4. Хариуцагчийн зүгээс давж заалдах гомдолдоо Улсын **** шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013.09.19-ний өдрийн 448 дугаар тогтоолоор “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай” гэж дүгнэсэн талаар тодорхой дурдсан боловч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн талаар огт хянаагүй нь давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.

4.5. Анхан шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хүсэлт болон давж заалдах гомдол гаргасныг **** шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэлд гарын үсэг зурсан Б.Ганбатыг тус сургуулийг төлөөлөх эрхгүй этгээд гэж хуулийн этгээд өөрөө үгүйсгээгүй, түүнийг гүйцэтгэх захирал болох талаарх тэмдэглэлийг улсын бүртгэлийн гэрчилгээнд 2017.04.16-ны өдөр хийсэн зэргээс үзвэл “ **** **** **** ****” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн нь илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд анх шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх энэ байдлыг хяналгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн, процессын ажиллагааг явуулсан, Б.Ганбатаас Э.Энэбиш, Б.Хурцбаатар нарт олгосон итгэмжлэлийг үндэслэн Э.Энэбиш нь 2013.02.22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд өөрчилж, өөрчлөгдсөн шаардлагын хүрээнд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нь хууль бус төдийгүй шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн ба нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан хяналтын гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хуульд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч “ **** **** **** ****” ХХК нь хариуцагч “ ****” ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийн үнэ 402,800,000 төгрөг, газрын төлбөрт төлсөн 16,778,666 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 5,385,600 төгрөг, нийт 424,964,266 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг ...хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, учирсан хохиролд газрын ашигт байдлын үнийг, мөн газрын төлбөр болон шинжээчийн ажлын хөлсийн хамт гаргуулна гэсэн тайлбарыг гаргажээ. 

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч байр худалдан авах хүмүүсийн жагсаалтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч хуульд заасны дагуу газар эзэмшиж байгаа ч эзэмшлийн газар нь төрийн өмч, нэхэмжлэлд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, компанид 675,074,381 төгрөгийн хохирол учирсан гэж марган, хамтран ажиллах гэрээнээс учирсан хохиролд 675,074,381 төгрөг, шинжээчийн хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөгийн хамт гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.1-д заасныг баримтлан хариуцагчаас 424,964,266 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т зааснаар хамтран ажиллах гэрээнээс учирсан хохиролд 685,074,381 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт ”...хариуцагчаас 404,295,773 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгон, нэхэмжлэлийн үлдэх 20,668,493 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон” өөрчлөлтийг оруулжээ. 

9. Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

10. Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2003.07.03-ны өдөр №023/03 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр “ ****” ХХК /гүйцэтгэгч/ нь “ **** **** **** ****” ХХК /захиалагч/-аас олгосон зөвшөөрлийг үндэслэн байр худалдан авах хүмүүсийн жагсаалтад бичигдсэн тодорхой тооны иргэдэд барьсан орон сууцнаас одоогийн зах зээлийн үнээс 10 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр олгох, “ **** **** **** ****” ХХК нь барилга бариулах зорилгоор газраа шилжүүлэх үүргийг харилцан тохиролцжээ. 

11. Нэхэмжлэгч нь ...хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс **** **** коллежийн 5 ажилтанд орон сууц олгогдоогүй, хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж, хариуцагч нь ...хөнгөлөлттэй үнээр орон сууц авах ажилтны нэрсийг **** **** коллеж гаргаж өгөөгүй гэж тус тус маргасан. Давж заалдах шатны шүүх ...хариуцагчийн “хөнгөлөлт эдлэх ажилтны нэрсийн жагсаалтаа **** **** коллеж гаргаж өгөөгүй” гэх татгалзал үндэслэлгүй, хэрэгт ...багш ажилтан 5 хүн 2012 оны 3 дугаар сард бичгээр хүсэлт гаргаж байсан нь баримтаар авагдсан” гэж дүгнэсэн. 

12. Гэвч зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзэхэд **** **** коллежийн багш, ажилтан болох Д.Энхтуяа, А.Амарсанаа, А.Баатар, Ж.Цэнгэлмаа, Г.Дэлгэрсайхан нарын гаргасан гэх өргөдлийг зохигчийн хэн нь шүүхэд нотлох баримтаар гаргасан нь тодорхойгүй, маргаантай байхад шүүх тодруулаагүй, эргэлзээтэй баримтыг үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

13. Нэхэмжлэгч “ **** **** **** ****” ХХК нь гэрээнээс татгалзаж, газар эзэмших эрхийн үнэ 402,800,000 төгрөг, газрын төлбөрт төлсөн 16,778,666 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхдээ нэгэнт үнийг шаардаж байгаа бол газар эзэмших эрхийг хэрхэх талаар тайлбар гаргаагүй, шүүх энэ талаар тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус гэж үзнэ. 

14. Хариуцагчаас ...108 айлын орон сууцны барилга барихаар хариуцагчтай гэрээ байгуулж, барилга угсралтын ажил эхэлсэн ч нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг шилжүүлж өгөөгүй, барилга угсралтын ажилд зориуд саад учруулж барилгын ажлыг саатуулснаас хятадын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа зогсоож, барилгын ажил бүрэн зогссон. Үүнээс шалтгаалж орон сууц захиалсан нэр бүхий 25 иргэн захиалгаа буцааж хохирол төлсөн, захиалсан байраа хямдруулж авснаас компанид 674,074,381 төгрөгийн хохирол учирсан, энэ байдлууд нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон... гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлжээ. 

15. Баянгол дүүргийн шүүхийн 2008.06.09-ний өдрийн 719 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг үндэслэн **** технологи коллежийн, гэрээнээс татгалзаж, маргаан бүхий газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг ...хөрөнгө оруулалт хийгдсэнээр барилга баригдаж байгаа, газар эзэмших эрх зөрчигдөөгүй, гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар “Шинэ дэлхий” ХХК-ийн барилга угсралтын ажилд саад хийхгүй байхыг **** **** коллежид даалгаж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэйг, 73.2-т үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдох сөрөг нэхэмжлэлийг хамт шийдвэрлэхээр заасан. 

17. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар мэтгэлцсэн зохигчийн тайлбар, татгалзалд үндэслэлтэй дүгнэлт хийлгүй, хариуцагчийн, хамтран ажиллах гэрээнээс учирсан хохирол, шинжээчийн зардал нийт 685,074,381 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй, хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн, хүлээн авахаас татгалзсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ. 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 25 дугаар зүйлийн 25.1.3-т ...гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах, ...хүсэлт гаргах эрхтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, ...өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасан. 

19. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагчийн шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн, ...хамтран ажиллах гэрээний улмаас “ ****” ХХК-д учирсан гэх хохирлыг тооцож дүгнэлт гаргуулахаар шүүгчийн 2015.07.24-ний өдрийн 102/ШЗ2015/19518 дугаар захирамжаар “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байх ба тус шинжээчийн 2015.08.20-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайланд “...зохигчийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний улмаас хариуцагчид учирсан гэх хохирлыг санхүүгийн бичиг баримтад үндэслэн гаргаж, 1,296,130,700 төгрөгөөр тогтоож байна” гэж дүгнэжээ. Гэвч нэхэмжлэгч талаас гомдол гаргаснаар шүүгч 2015.10.29-ний өдөр 102/ШЗ2015/29255 дугаар шүүгчийн захирамж гарган, ...шинжээч томилсон захирамж нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт нийцээгүй, ...илтэд алдаатай, үндэслэл муутай болсон гэх үндэслэлээр шинжээч томилсон дээрх, 102/ШЗ2015/19518 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ. 

20. Улмаар шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг дахин хангаж, 2017.01.18-ны өдрийн 102/ШЗ2017/01224 дүгээр шүүгчийн захирамжаар, ...“ ****” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн 108 айлын орон сууцнаас захиалга хийсэн нэр бүхий 25 иргэн гэрээ цуцалснаас “ ****” ХХК-д учирсан хохирлын хэмжээг тооцож, дүгнэлт гаргах шинжээчээр “Есөнхангай” ХХК-ийг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх бөгөөд тус шинжээчийн 2017.10.26-ны өдрийн Шинжээчийн тайланд “...” ****” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн 108 айлын орон сууцнаас захиалга хийсэн нэр бүхий 25 иргэн гэрээ цуцалснаас “ ****” ХХК-д хохирол учраагүй байна” гэж дүгнэсэн байна. 

21. Дээрх шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй, эрс зөрүүтэй гарсан байхад шүүх өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-д заасантай нийцээгүй байна. 

22. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийг тодруулж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2020/01785 дугаар шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1620 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас 2020.08.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,180,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.БАНЗРАГЧ 

                           ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА 

     П.ЗОЛЗАЯА 

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН