Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2020/03197

 

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2020/03197

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүү хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн .. дугаар хороо, ..дугаар хороолол, ....тоот хаягт байрлах Б ББСБ ХХК /регистрийн дугаар:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ..дугаар хороо, ... тоот хаягт оршин суух, эрэгтэй, Ө овогт М.Д /регистрийн дугаар: ../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 91.600.194 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь иргэн М.Д-ын хүсэлтээр 2018 оны 11 сарын 19-ний өдөр 50.000.000 төгрөгийг 30 хоногийн 3.7 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Зээлийн хүүд 1.885.479 төгрөгийг төлсөн ба үндсэн зээлээс нэг ч төлбөр төлөөгүй. Улмаар 2019 оны 1 сарын 24-ний өдөр М.Д-ын хүсэлтээр 3 сарын хугацаагаар гэрээг сунгасан. Өнөөдрийг хүртэл зээлдэгч М.Д нь зээл, хүүгийн төлбөр төлөөгүй тул үндсэн зээл 49.998.219 төгрөг, 19 сарын хүүгийн төлбөр 36.057.226 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5.544.748 төгрөг, нийт 91.600.194 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилж байгаа 91.600.194 төгрөгийг 10 сарын хугацаанд төлж, эсвэл тухайн нийт 4 хүний зээлийн үлдэгдэл төлбөрт бүрэн хаагдах нөхцөлтэйгөөр Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгөөр зээлийг хаах нөхцөлөөр эвлэрэх боломжтой байна. Мөн нэхэмжилж байгаа 91.600.194 төгрөгийг иргэн А., Г.У, М.Б нарын төлбөрт миний өөрийн өмчлөлийн Ү-22030...дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, ... тоот хаягт байрлах 179 м.кв хувийн сууцыг газрын хамтаар нийт 4 зээлдэгчийн төлбөрт бүрэн тооцуулж хааж, өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, .. тоот хаягт байрлах 480 м.кв талбайтай хувийн сууц болон гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх нөхцөлөөр эвлэрэх боломжтой байна гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь зээлийн төлбөр 49.998.219 төгрөг, 19 сарын хүүгийн төлбөр 36.057.226 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5.544.748 төгрөг, нийт 91.600.194 төгрөгийг хариуцагч М.Дас шаарджээ.

Хариуцагч М.Д нэхэмжлэлд дурдсан зээл болон хүүгийн төлбөрийг үгүйсгээгүй боловч эвлэрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж хариу тайлбар гаргасан байна.

 

Шүүх талуудад эвлэрэх хугацаа олгосон бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд талууд эвлэрээгүй тул хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Хариуцагч М.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч байгууллагаас 50.000.000 төгрөгийг 30 хоногийн 3.7%-ийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлэхээр бичгээр гэрээ байгуулсан, гэрээний дагуу нэхэмжлэгч Б ББСБ ХХК зээлийн төлбөрийг шилжүүлсэн байна. Улмаар талууд 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Нэмэлт зээлийн гэрээ-г байгуулж зээлийн хугацааг 3 сараар сунгажээ. /хх 13-16, 21-24, 26-28 дугаар тал/

 

Хариуцагч М.Д нь зээл болон хүүгийн төлбөрийг төлсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т зааснаар зээлдэгч зээлийг буцаан төлөх хүртэл зээлийн хүүг шаардах эрхтэй юм. Зээл олгосон 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 21 сарын хугацаа өнгөрсөн, үүнээс 1 сарын хүүгийн төлбөрийг зээлдэгч төлсөн гэх боловч нэхэмжлэгч нь 19 сарын хүүгийн төлбөрийг нэхэмжилсэн. Иймд нэхэмжилсэн 19 сарын хүүгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээ, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Нэмэлт зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Дээрх гэрээнүүдийн 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Нэмэгдсэн хүү Зээлийн хүүгийн 20 орчим хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно. гэж заасан нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарладаг. Иймд талууд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тодорхой байдлаар тохиролцож чадаагүй гэж үзэж, энэ төлбөрийг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзсэн болно.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр зээлийн төлбөр 49.998.219 төгрөг, 19 сарын хүүгийн төлбөр 35.150.000 төгрөг /50.000.000х3.7%х19сар/, нийт 85.148.219 төгрөгийг хариуцагч М.Дас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хариуцагч М.Дд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан М.Дас 85.148.219 төгрөгийг гаргуулан Б ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6.451.975 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 616.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Дас 583.691 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР