Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/83

 

 

 

 

 

 

 

 

 

   2024         01         16                                  2024/ШЦТ/83

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,                           

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Өсвөр насны шүүгдэгч Э.И, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Хишигсүрэн, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.И-д холбогдох эрүүгийн 2306 02525 3248 дугаартай хэргийг 2024 оны 01 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.И, 2006 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 12ё ангийн сурагч, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 27 дугаар байр 58 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй/РД: /.

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Бэсүд овгийн Энхмандалын И нь 2023 оны 04 дүгээр сарын 22-ны орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 75д байрны 2 дугаар орцны үүднээс иргэн Э.Батбаярын эзэмшлийн “Кюб” үйлдвэрийн унадаг дугуйг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 1.790.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж оролцлоо.

Өсвөр насны шүүгдэгч Э.И нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хишигсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би ээж нь байгаа юм. Манай хүүхэд авъяаслаг, дуу цөөнтэй, хичээлдээ сайн хүүхэд. Манай хүүхэд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Энэ хэргийн тухайд би тодорхой сайн мэдэхгүй байна. Манай орцонд нэг дугуй 3 сар гаруй байсан. Тэгсэн уг дугуйг манай хүүхэд байрны гадаа байхад нь сонирхоод нэг удаа авч унасан байсан...” гэв.

Хохирогч Э.Батбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн үед өөрийнхөө эзэмшлийн Герман улсад үйлдвэрлэсэн “Кюб” брендийн хар саарал өнгийн дугуйгаа Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо 756 байрны 2 дугаар орцны үүдэнд шатны хажуу хашлаганд холбоод цоожилж үлдээчхээд гэртэй орсон. Би 2023 оны 04 дүгээр сарын 23-ны шөнийн 04 цагийн үед тус байрны 2 дугаар орцны 210 тоот хаягтай гэрээсээ тамхи татах гээд орцныхоо үүдэнд гараад ирсэн чинь миний орой гэртэй орохдоо хашлаганд цоожлоод үлдээсэн унадаг дугуй алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч Д.Хишигсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хаан банкны 5664413803 дугаартай дансыг эзэмшдэг. Би өөрийн хүү болох Э.Идээ насанд хүрээгүй болохоор 2023 оны 04 дүгээр сард банканд очиж нээлгэж өгч байсан, би энэ дансыг ашигладаггүй хааяадаа өөрийн хүү болох Э.Идээ хэрэглээний мөнгийг нь шилжүүлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

“Хаан банк”-ны 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 29/7268 дугаартай албан бичиг /хх-ийн 39/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 08/,

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Гэм буруугийн дүгнэлт:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Э.И нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.” гэх дүгнэлт,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй. Иймд улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн зөвшөөрч байна...” гэх санал,

Өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос өсвөр насны шүүгдэгч Э.Ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Э.И нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Улсын яллагч:  “...Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Э.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу өсвөр насны шүүгдэгч учраас 120 цаг болгон багасгах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй” гэх дүгнэлт,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэгт анх удаагаа холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрөө барагдуулсан. Манай үйлчлүүлэгчийн хувийн байдлын тухайд их сайн сурлагатай , авьяастай хүүхэд юм. Гэмт хэрэгт холбогдох болсон учир шалтгаан нь гэвэл “гоё дугуй байхаар нь унаж үзсэн. Тэгээд хэрхэн буцааж өгөх аргаа олохгүй байсан болохоор орцондоо байлгаж байсан. Түүнээс ямар нэгэн байдлаар зарж үрэгдүүлэх санаа байгаагүй” болохоо илэрхийлдэг. Эрүүгийн хариуцлагын тухайд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэх санал,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: “...Миний хүүхэд Солонгос явж сурах гэж байгаа тул манай хүүхдийг харж үзээсэй гэж хүсч байна.” гэх санал,

Өсвөрийн насны шүүгдэгч: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэгт холбогдохгүй тул миний ирээдүйд хор хөнөөл багатай шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна.” гэх санал,

Өсвөр насны шүүгдэгч Э.И нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Э.Ид хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, насанд хүрээгүй зэргийг тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэж заасныг үндэслэн хорих ялыг хойшлуулж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Э.Иийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ид 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ид оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, мөн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргах болохыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.БАТМАНДАХ