| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2020/03431/И |
| Дугаар | 184/ШШ2020/03229 |
| Огноо | 2020-10-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2020/03229
2020 10 22 184/ШШ2020/03229
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин суух, эмэгтэй, О-ны О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан 0 тоотод оршин суух, эмэгтэй, А-гийн А-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25 970 733 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Төмөрбаатар /ҮД 1800/, шүүх хуралдааны нарийн бичгийн Д.Галмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Адъяагийн А нь иргэн Отгоны О ээс “Чи эгчдээ туслаач, мөнгө хүүтэй нь зээлдүүлээч, өөрийнхөө өмчлөлийн орон сууцаа барьцаанд тавиад мөнгө зээлдүүлээч , ямар ч хүүтэй байсан хамаагүй зээлийг хугацаанд нь хүүтэй нь хамт төлнө, манай хүргэний бие муу, Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчлүүлж байгаа. Яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, худлаа хэлэхгүй, надад итгээч” гэх мэт удаа дараа хэлж, гэр орноор ирж гуйгаад байсан. Иргэн А.А “Төгөл инвест” банк бус санхүүгийн байгууллага ХХК-руу намайг дагуулж очиж “Чи энэ банк бус санхүүгийн байгууллага ХХК-д өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанд тавиад мөнгө аваад өгчих” гэж удаа дараа хэлсэн. Иргэн О.О би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 7 дугаар байрны 22 тоот орон сууцыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний ө;өр “Төгөл Инвест” ББСБ ХХК-тай 91 тоот зээл болон, 91/1 тоот барьцааны гэрээ байгуулан 12 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сар буюу нэг жилийн хугацаатай 48 хувийн хүүтэй зээл авсан. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн А.А д 12 000 000 төгрөг өгсөн. Энэ талаар А.А надад бичиг хийж өгсөн байгаа. Би “Төгөл Инвест” ББСБ ХХК-аас зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг хувьдаа хэрэглээгүй. Тэгээд хугацаандаа мөнгөө өгөхгүй болохоор нь иргэн А.А гаас мөнгөө өгөөч гэж удаа дараа нэхэж хэлэхэд удахгүй мөнгөтэй болно. Мөнгийг чинь хүүтэй нь төлнө гэж өдий хүртэл мөнгөө өгөхгүй байгаа болно. Иргэн О.О би 2019 оны 6 дугаар сарын байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11 209 205 төгрөг, хүүний үлдэгдэл 12 978 843 төгрөг, нэмэгдэл хүүгийн үлдэгдэл 1 782 679 төгрөг нийт 25 970 733 төгрөгийг хариуцагч А.А гаас гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь 2017 оны 02 дугаар сард 12 000 000 төгрөг авсан нь үнэн болно. Тухайн үед манай хүргэн Солонгос улсад хүүхдээ эргэх гэж очоод гэнэт хүндээр өвдөж яаралтай хагалгаанд орсон учир бидэнд мөнгөний хэрэг гарсан. Тэгээд О.О ээс мөнгө зээлсэн. Тэр үед ямар нэг гэрээ хийж хүү тооцоогүй. Ингээд 25 970 733 төгрөг гэж нэхэмжилснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 онд 1 700 000 төгрөг, 2020 онд 3 760 000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 8 240 000 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 17 732 733 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч О.О нь нийт 25 970 733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа 8 970 733 төгрөгийг төлүүлэхээс татгалзаж, үлдэгдэл 17 000 000 төгрөгийг хариуцагч А.А нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн 01-ний өдрийн дотор тус тус 500 000 төгрөгөөр, 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн 01-ний өдрийн дотор 2 000 000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч О.О т төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Зөвшөөрсөн нэхэмжлэгч О.О , хариуцагч А.А гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.О нь хариуцагч А.А д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 970 733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад нэхэмжлэгч О.О зээлийн гэрээний үүрэгт 25 970 733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 8 970 733 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17 000 000 төгрөгийг хариуцагч А.А нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн 01-ний өдрийн дотор 500 000 төгрөгөөр, 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн 01-ний өдрийн дотор 2 000 000 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь зохигчийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна” гэжээ.
Нэхэмжлэгч О.О , хариуцагч А.А нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тусгаагүй тул шүүх хуульд заасны дагуу шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч О.О зээлийн гэрээний үүрэгт 25 970 733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 8 970 733 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17 000 000 төгрөгийг хариуцагч А.А нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн 01-ний өдрийн дотор 500 000 төгрөгөөр, 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сар бүрийн 01-ний өдрийн дотор 2 000 000 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.О ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 44 855 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас, хариуцагч А.А гаас улсын тэмдэгтийн хураамжид 121 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ